Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   04 сарын 27, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Cover Mongolia компанийг үүсгэн байгуулагч Б.Мөнхдөл

Cover Mongolia-гийн Мөнхдөлийг интернэт орчинд хэдэн жилийн өмнөөс эчнээ мэддэг байлаа. Өнгөрсөн жил Forbes Mongolia сэтгүүлийн "40 хүртэлх 40" жагсаалтад багтсанаас нь үүдээд арай илүү мэддэг болсон. Монголд болж буй үйл явдал, Монголтой холбоотой мэдээнүүдээс эдийн засаг, улс төрийн чухал мэдээллүүдийг хураангуйлан өдөр бүр newsletter хэлбэрээр гадаадын голдуу харилцагч байгууллагууддаа түгээдэг Cover Mongolia компаниа тэр 2013 онд үүсгэн байгуулжээ. Анх брокероор ажлын гараагаа эхэлж, дараа нь Австралийн компанид ажиллаж байхдаа ажлынхандаа байнга илгээдэг байсан мэдээллийн тоймоо ийн бизнес болгосон гэдэг. Б.Мөнхдөл ялангуяа хөрөнгө оруулалтын орчны талаар голлон судалж, энд тэнд болж буй хөрөнгө оруулалтын чуулганд идэвхтэй оролцож, энэ сэдвээр гадаад дотоодын медиад тогтмол яриа өгдөг. Үүний зэрэгцээ олон холбоо, төрийн бус байгууллагад удирдах ажил хийдэг, нийгмийн өндөр идэвхтэй нэгэн юм.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Cover Mongolia зах зээлийн мэдээллийн үйлчилгээний компанийг үүсгэн байгуулагч, захирал
Сонгуульт: Нийслэлийн 11-р Сургууль Төгсөгчдийн Холбооны тэргүүн, Хилийн Чанад Дахь Монголчуудын Зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Impact салбарын 2016 оны дэд ерөнхийлөгч, Цахим Өртөө холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: Blackberry Passport
Хэрэглэдэг компьютер: Ажил дээр 2 дэлгэцтэй Dell, гэртээ Toshiba Portégé 13.3”
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Асар их мэдээлэл дундаас хэрэгтэйг нь авах
Сошиал хуудсууд: @MBBontoi (твиттер), @MogiBontoi (твиттер, англи хэлээр) Бонтой Бадралын Мөнхдөл (фэйсбүүк хуудас), Mogi (фэйсбүүк хуудас, англи хэлээр), @mbbontoi (инстаграм), /mbbontoi (LinkedIn)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Манай компани Монголтой холбоотой бүхий л мэдээллийг интернэт орчноос цуглуулж, хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаж, харилцагчдадаа уншихад хялбар байдлаар өглөө бүр хүргэдэг. Цөөн чанартай мэдээллийг олж авахын тулд асар их мэдээллээс шүүх хэрэгтэй. Аль ч эх сурвалжийн мэдээнд 100 хувь итгэж үл болно. Олон эх сурвалжийг харьцуулж, давхар давхар нягталдаг. Ерөнхийдөө цаг үргэлж л онлайн байдаг гэсэн үг. Өглөөнөөс эхлээд л орой нь хүртэл маргааш өглөө нь явуулах мэдээллийнхээ ноорог дээр ажилладаг. Өглөөнөөс орой унтах хүртлээ л ажлаа хийж байдаг. Чөлөөт цаг зав гарах нь ховор. Байнга ажиллаж таардаг учраас гэр бүлдээ цаг гаргах үүднээс гэрээсээ бас нэлээд ажилладаг. Онлайнаар хийдэг ажил учраас оффисоос хамаарах хамаарал бага л даа.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Имэйлийг их ашиглана. Олон арван сайтаас мэдээлэл авахаар бүртгүүлсэн байдаг тул асар их имэйл ирдэг. Компьютер дээр имэйл хэрэгцээндээ Outlook-ийг ашигладаг. Сошиал медиа дээр идэвхтэй. Twitter highlights-ийг өглөө, өдөр, оройдоо гүйлгэж харчихаад байдаг. Компанийнхаа сошиал медиаг хувийг хаягаасаа ч идэвхтэй хөтөлдөг. Твиттер дээр 36,000 дагагч, фэйсбүүк дээр 6000 лайктай. Мөн Linkedin, Google +, Instagram зэргийг ашигладаг.

Google Alerts-аар мэдээлэл авна. UB Info-гоор өдөртөө Монголд байгаа гол үйл явдлуудыг хардаг. Blackberry барьдаг учраас янз янзын апп хэрэглээд байж чаддаггүй. 2009 оноос хойш Blackberry-г үнэнчээр ашиглаж байна. Хэрэглэхэд эвтэйхэн, кийбордтой, имэйл функц нь сайн болохоор дуртай байдаг. Android Blackberry гарсан байна лээ, худалдаж авахаар төлөвлөж байгаа. Ер нь гар утас бол яах аргагүй ажлын хамгийн гол хэрэгсэл. Байнга интернэтэд холбоотой байх шаардлагатай байдаг, дата их үрнэ. Утсаар их ярина. Тиймээс саяхан Юнителийн 4GB дата, 800 минутын ярианы эрхтэй дараа төлбөрт шинэ багцыг хэрэглэж үзэж байна.

Сүүлийн үед онлайн мониторингийн програмуудыг бас ашиглаж байгаа. Google Alerts-д баригддаггүй мэдээнүүдийг ухаж олох зорилготой. Мөн ажлаа хийж байхдаа цаана нь Bloomberg, Eagle зэрэг сувгуудын мэдээг тавьчихдаг юм.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Миний хувьд мэдээллийн араас хөөцөлдөх биш өөртөө ирүүлэх нь их цаг хэмнэдэг. Өөрөөр хэлбэл сонирхсон мэдээллүүдээ newsletter хэлбэрээр авахаар сайтуудад бүртгүүлэх, мэдээллүүдийг утсан дээр push notification-ээр авахаар тохируулах гэх мэт.

Мэдээлэл авах арга хэрэгсэл, сувгуудыг зөв зүйтэй ашиглах гэж хэлж болно. Жишээ нь сүүлийн үед фэйсбүүкийн групп, групп чатыг их ашигладаг болсон. Олон байгууллагад удирдах, зохион байгуулах ажил хийдэг болохоор олон хүнд мэдээлэл хүргэх шаардлагатай байдаг. Энэ үүргийг фэйсбүүк сайн гүйцэтгэж байна. Багийнхантайгаа ажиллахад амар. Энэ ажилд имэйл жаахан түвэгтэй.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлдөг вэ?

Ажил дээрээ тэмдэглэлийн дэвтэртэй. Тэр өдөр амжуулах гол ажлуудаа тэмдэглэж, өдөрт нь заавал урагшлуулахыг хичээдэг. Гар утсан дээрээ календарийг 7 хоногоор нь хөтөлдөг. Заримдаа өдөрт хэд хэдэн уулзалт, арга хэмжээнд орох болдог. Сайн тэмдэглэхгүй бол мартах аюултай. Сануулах хугацааг нь бодож байгаад янз янзаар тохируулдаг даа.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Хүнтэй харилцахдаа дажгүй юм шиг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ажил зохион байгуулахдаа муугүй байх. Хүнтэй амархан танил болдог, найз болдог. Танилцсан хүмүүсээ мартахгүйг, ялгаж харилцахгүйг хичээдэг. Танилцсан хүн болгоныхоо утсыг гар утсандаа хадгалдаг. Одоо гар утсанд маань 7700 гаруй хүний нэр, утас байна. Хүнтэй танилцаад контактыг нь авч үлдэхгүй бол ер нь танилцахын хэрэг юун. Бас холбогдох шаардлага гараагүй ч байсан, танилцсан хүмүүстэйгээ холбоотой байхыг хичээдэг юм. Энэ нь бас нэг төрлийн соёл гэж боддог. Ер нь хүнтэй танилцах, байнгын харилцаатай байх нь миний ажлын шаардлага ч байдаг, эргээд ажилд маань их нэмэр болдог.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Эерэг тал гэвэл манай үйлчилгээг харилцагчдын маань хэрэгцээг хангаж чаддаг. Өдөр болгон Монголд болсон үйл явдлуудыг түүвэрлэж бичдэг газар одоогоор манайхаас өөр байхгүй. Бусад медиа сувгийн англи хэл дээрх мэдээг түүвэрлэж оруулахдаа ч өөрийн тайлбар, өнцгийг нэмж ньюанстай, үнэ цэнтэй болгохыг хичээдэг. Ер нь манайд гарч буй англи хэл дээр мэдээллүүд тооны хувьд боломжийн ч одоо илүү аналитик тал руугаа, судалгаатай, олон өнцгөөс хардаг болох хэрэгтэй байна.

Хэцүү бэрхшээлтэй тал нь үндсэндээ чанартай мэдээний олдоц тааруу байдал юм даа. Бид Монголоо танилулмаар байгаа сэдвүүдээрээ сайн нийтлэл, контентыг гаргаж чадахгүй байна. Эдийн засаг, улс төрийн сэдвээр бичиж байгаа нь цөөхөн байна. Монголын хөдөө нутаг, байгалийн талаар бол гадаадууд сайн дураараа л бичээд байдаг. Мэдээллийн энэ цоорхой байдал хөрөнгө оруулагчдад нөлөөлж байгаа. Англи хэлээр бичдэг сэтгүүлчид Монголд байгаа гадаадуудад болон монголчууддаа зориулж бичихээсээ илүү гадаад ертөнцөд зориулж бичдэг болоосой гэж хүсдэг.

Нийгмийн ажлын тухайд би өөрөө нийгмийн идэвхтэй байх дуртай, үүнээсээ эрч хүч авдаг. Тэрнээс энэ бол мөнгөний ажил биш. Үүнээс гадна хамгийн гол нь эдгээр ажлыг хийхгүй бол алдагдсан боломжийн өртөг дэндүү их байх шиг санагддаг юм. Жишээ нь Хилийн Чанад Дахь Монголчуудын Зөвлөл маань дэлхийн улс, хотууд дахь монголчуудын холбоодыг нэгтгэсэн толгой байгууллага. Энэ байгууллагаар дамжин гадаадад ажиллаж амьдарч буй иргэд Монголдоо ямар нэг байдлаар хувь нэмэр оруулах боломж бүрдэж байгаа. Тус тусдаа байгаад байвал хүчтэй байж чадахгүй. Манайх World Jewish Congress хэмээх дэлхийгээр тархан суурьшсан еврейчүүдийг нэгтгэж байдаг байгууллагаас үлгэр жишээ авдаг. Хэзээ ч Израйльд очоогүй хэрнээ энэ байгууллагын гишүүн гэдгээрээ еврейчүүд бахархаж, үүгээр дамжин нэгдмэл байж чаддаг. 1990 оноос хойш гадагшаа олноор гарсан монголчууд маань амьдрал нь тогтворжоод одоо Монголоо гэх нь илт нэмэгдэж байгаа. Заавал Монголдоо ирж хөгжилд нь хувь нэмэр оруулна гэдэг хоцрогдсон ойлголт. Би энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, төрийн байгууллага, холбогдох газруудтай харилцаж ажилладаг. 2016 оны 1-р сард засгийн газраас "Дэлхийн монголчууд" хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг батлахаас эхлээд хэрэгжүүлэхэд манай зөвлөл оролцож ажилладаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

Cover Mongolia-гийн хувьд шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гээд хөгжүүлэлтийн шатандаа явж байна. WireMongolia буюу албан байгууллагууд албан ёсны мэдэгдлээ тавьдаг сайт юм. Одоо бол байгууллагуудын сонинуудад мөнгө төлж, дөрвөлжин нүд аваад төрөл бүрийн мэдэгдэл, зар гаргадаг. Үүнийг илүү мэргэжлийн болгох, зорилтот уншигчдад нь сайн хүргэх зорилгоор энэ сайтыг нээх гэж байгаа. Компаниуд текст дээрээ л ажиллана, бид түгээлтийг нь хариуцна. Зунаас өмнө анхны хувилбар нь гарчих байх.

Сүүлийн үед мөн ихээхэн цаг зарцуулж буй ажил бол 11-р сургуулийг төгсөгчдийн холбоо. Сургууль маань хуучны тааруу барилгаа 3 жилийн өмнө нураалгаад сая шинэ байртай боллоо. Эдийн засаг хүнд байснаас улбаалан төсөвт арайхийн мөнгө суулгуулсан ч тэр нь тохижилт хийхэд хүрэлцэхгүй байсан. Тиймээс 1994-2015 оны төгсөгчдөө уриалан өнгөрсөн 3 сарын хугацаанд 22 сая төгрөг амжилттай босгож, урлагийн заалыг нь бүрэн тохижуулж өгсөн. Энэ ажлаараа их бахархаж, урамшиж байгаа. Цаашдаа төгсөгчдийн холбоогоо идэвхтэй байгууллага болгож, төгсөгчдөө сайн нэтвөрк болгож, хуримтлалын сан үүсгэх зорилготой байгаа. Гадны том сургуулиудыг харж байхад төгсөгчдөөсөө үүсгэсэн хуримтлалын сан нь сургуулийн төсвийн 50-аас илүү хувь байх нь ч бий. Үүнийг Endowment fund гэдэг. Тэрхүү хуримтлалаа санхүүгийн арга механизмаар улам арвижуулж, хүүг нь үйл ажиллагаандаа зарцуулаад явж болдог.

JCI Impact салбарын хувьд шинэ салбар. Бид шинжлэх ухаан, инженерчлэлийн музей байгуулах 5 жилийн хугацаатай нэгэн том төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоо төсөл боловсруулах шатандаа явж байгаа. Энэ нь хүүхдүүдийг багаас нь шинжлэх ухаанд дуртай болгох, төрөл бүрийн туршлага хийлгэж улам хорхойсуулах зорилготой. Одоо салбарын яамтай санамж бичиг байгуулж, дэмжигч байгууллага холбоодтой хамтран ажиллаж эхэлж байна.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Ажиллаж байх үедээ сонсоно. Альтернатив рок хөгжимд дуртай. Оюутан байхдаа нэг дуу таалагдвал тэр хамтлаг дуучны бүх л хөгжмийг сонсож, CD их цуглуулдаг байлаа. Нэгхэн гоё дуу гаргасан байх учиргүй дээ гэж боддог байсан хэрэг. Pink Floyd, The Doors, Bob Dylan, Led Zeppelin нараас таалагддаггүй дуу ховор шүү. Онлайн радионуудаас альтернатив төрөл дээр нь тааруулж сонсдог.

Таны сүүлд уншиж дуусгасан болон одоо уншиж буй ном?

Онлайнаар их юм уншдаг ч ном унших нь ховор болоод байна. Хенри Киссенжерийн On China номын монгол орчуулгын эхлүүлсэн нэлээд удаж байна. Сүүлд эхнэрт маань хүн Lean In (Өөдөө тэмүүл) номыг бэлэглэхэд сонирхоод уншсан. Хэрэгтэй санаанууд олон байна лээ. Уншаад бараг дуусаж байгаа.

De Facto Жаргалсайхан ахын нийтлэлүүдийг унших, ярилцлагыг үзэх дуртай. Монголыг гадаадад таниулахад мундаг хувь нэмэр оруулж яваа хүн. Жаргалсайхан ах шиг үзэл санааны манлайлагчид (opinion leader) олон болоосой гэж хүсдэг. Өөрөө ч тэдний нэг болохоор зорьж байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?


Маш нээлттэй хүн. Ер нь ажил дээрээ нээлттэй байгаад бусад үед хаалттай байна гэдэг ч юм уу, 2-3 төрлийн зан характертай байх нь түвэгтэй санагддаг. Байдаг нэг л төрхөөрөө байвал зүгээр. Ажилд маань мэдээж сайнаар нөлөөлдөг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Нэлээн орой унтдаг. Шөнийн 2-3 цаг хавьцаа. Тэгээд ажлын өдрүүдэд 7-8 цагийн хооронд босдог. Хагас бүтэн сайнд нойроо нөхөж сайн унтдаг. Ерөнхийдөө ажлын 6 өдөртэй. Хагас сайнд амарч, бүтэн сайнд даваа гарагийн мэдээллээ бэлтгэдэг.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?


Гэртээ байх дуртай. Эхнэртэйгээ салхинд гарна, хүнсээ цуглуулна, аав ээжийндээ очно. Гэсэн ч амралтын өдрүүдэд утас маань нээлттэй, мэдээ мэдээллээ харж л байдаг. Сүүлийн үед харин спортоор хичээллэж чадахгүй байна. Багадаа каратегаар хичээллэдэг, саксафон хөгжим тоглодог байсан.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Аав ээжээсээ. Тэд маань намайг өдий зэрэгтэй явахад хамгийн ихээр нөлөөлсөн. Аав маань Монголын нэр хүндтэй дипломатчдын нэг, Монголын анх вэб сайтыг бүтээсэн хүн байдаг. Аав ээжийгээ дагаж олон орноор явж, амьдарч, цөөнгүй гадаад хэл сурсан болохоор өдгөө гадаадуудтай хамтран ажиллахад их дөхөмтэй, соёлын ялгаа гараад байдаггүй. Багадаа Лаост 4 жил амьдарч, Хавайд дунд сургуульд 3 жил сурч, Швейцарьт 1 жил амьдарсан. Тэгээд бакалавраа Японд хамгаалж байлаа. Англи, япон хэлнээс гадна франц, орос хэл гадарлана. Тэднийхээ ачаар юм үзэж нүд тайлсан болохоор одоо гадаад явах нэг их дуртай биш. Монгол л хамгийн сонирхолтой, амьдрал буцалдаг газар шиг санагддаг. Хөгжиж буй болоод ч тэр үү амьдралын хэмнэл түргэн, боломж ихтэй.

Харин Монгол орноороо аялах гэдэг шинэ хоббитой болоод байгаа шүү. Хөдөө хээр явах дуртай. Бага байхад эмээ өвөө маань тэтгэвэртээ гараад мал дээр гарахад зундаа байнга очдог байлаа. Хөдөөгийн амьдрал уйтгартай санагддаггүй. Түлээ хагалах, хон малд явах дуртай байсан. Сүүлийн хэдэн жил зундаа найзуудтайгаа Монголынхоо очиж үзээгүй нэг газраа очдог уламжлалтай болоод байгаа.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Сул талаа засах гэж хамаг цагаа барахын оронд нь сайн талаа хөгжүүл, тэгвэл сул тал чинь хүртэл давуу тал ч болж мэднэ гэж багын найз маань Монголд ирсэн хойно зөвлөсөн нь “НЭЭРЭЭ!” гэж бодогдуулсан шүү. Байнга толгойд орж ирдэг.

Залуу мэргэжилтнүүдэд ганцхан зөвлөгөө хэлээч гэвэл юу гэх вэ?


Урдах зүйлээ сайн хий. Дуртай зүйл чинь мөн бол сайн хэрэг, дургүй зүйл чинь байвал дуртай зүйлээ олоход чинь тусална. Байгаа орчиндоо идэвхтэй санаачилгатай байж байж хүн дуртай юмаа олж нээдэг гэж боддог. Мөрөөдөл, хүсэл зорилго чинь өөрчлөгдөж болно. Миний хувьд багадаа MIT-д орж, сайн компьютерийн мэргэжилтэн болохыг мөрөөддөг байсан. Тэгээд олон зүйлийг хийж туршиж яваад одоогийн ажлаа олсон.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?


МУИС-ийн МКС-ийн тэнхимийн эрхлэгч Ч.Лодойравсалыг санал болгоё. Манай 11-р сургуулийн анхны шилдэг төгсөгчдийн нэг, өдгөө боловсролийн салбарт амжилттай ажиллаж яваа залуу. Бас Лодой маань Цахим Өртөө холбооны тэргүүнээр ажилладаг.

44287   10


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.