Би хэрхэн ажилладаг вэ?

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Эдийн засагч, нийтлэлч, телевизийн хөтлөгч Д.Жаргалсайхан

04 сарын 13, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


85115   7




Өнөөдрийн зочин маань та бидний хэзээний танил “Дефакто". Монголын хэвлэл мэдээллийн салбарын нэг томоохон төлөөлөгч, хүчтэй дуу хоолой болсон энэ эрхэм манай нийгмийн амьдралд ямар үйл явдлууд өрнөж байгааг хамгийн гярхай ажиглаж, зоригтой шүүмжилж, шийдэл санал болгож байдаг. Сүүлийн 7 жилийн хугацаанд тэр нэр хүндтэй сонин, сайтуудад голдуу эдийн засаг, улс төрийн сэдэвтэй 330 гаруй нийтлэл бичжээ. Хэд хэдэн телевизийн сувгаар улс төрчид, бизнесийн лидерүүд, урлаг соёлын одод, гадаадын хүндтэй зочид, чадварлаг мэргэжилтнүүдтэй сонирхолтой, өгөөжтэй яриа өрнүүлсэн нь мөн л 300 давжээ. Ингээд олон олон уншигчийнхаа хүсэлтээр дөрвөлжин үс, эрвээхэй зангиа, “жентелмэн” төрхтэй Жаргалсайхан гуайтай ажлынх нь арга барилын талаар ярилцсанаа толилуулж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Эдийн засагч, нийтлэлч, телевизийн хөтлөгч
Сонгуульт: Торгоны Зам Сангийн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар Эдийн Засгийн Клубийн ерөнхийлөгч, Москвагийн Их Сургуулийг Төгсөгчдийн Холбооны тэргүүн
Хэрэглэдэг гар утас: iPhone 6, Samsung Galaxy Edge S6+ (Гар утасны хамгийн сүүлийн хувилбарыг хэрэглэдэг)
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 11, гэртээ iMac
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төлөвлөгөөтэйгээр, тасралтгүй, тогтмол
Сошиал медиа хаягууд: www.jargaldefacto.com, @jargal_defacto (Твиттер), Jargal Dambadarjaa (фэйсбүүк), Jargal Dambadarjaa (youtube)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Төлөвлөгөөтэй л ажиллахыг хичээдэг. Ажлаа долоо хоногоор нь төлөвлөж, тодорхой зүйлийг тогтсон цагт нь байнга хийдэг. Долоо хоног төлөвлөх хамгийн оптимал хугацаа. Миний төлөвлөгөөг гэрийнхэн, найз нөхөд, хамтран ажиллагсад бүгд мэддэг болохоор их амар, утсаар ярих цагийг хэмнэнэ. Жишээ нь нэвтрүүлгийнхээ зочидтой хэзээ уулзах, бичлэг хийх, хэзээ нийтлэлээ бичих зэрэг маань тогтсон цагаасаа гажихгүй.

Гол ажил маань улс төр, эдийн засгийн цаг үеийн асуудал, үйл явдлын тухай нийтлэл бичих гэдгийг хүмүүс мэддэг болсон. Сэдвээ сонгоод 2-3 хоног бодож, сэдвийнхээ талаар хүмүүстэй уулзаж, уншиж, онлайнаар судалдаг. Өдөр болгон Монголын гол сонинуудыг гүйлгэн харж, гол үйл явдлуудыг хэн ямар өнцгөөс харж бичсэн байна вэ гэдгийг эргэцүүлдэг. Тэгээд нийтлэлээ өөрийнхөө өнцгөөс бичнэ. Тухайн асуудал, үйл явдал яагаад гарав гэсэн шалтгааныг хөндөж, тэгээд яах юм бэ гэсэн шийдлийг гаргаж тавихыг зорьдог.

Хамгийн гол нь нийтлэл, нэвтрүүлгээ тууштай, тасралтгүй үргэлжлүүлэхийг эрмэлздэг. Байнгын тодорхой хэмнэлтэй ажиллах нь бүтээмжид ч эергээр нөлөөлдөг юм. Нийтлэл болон телевизийн ярилцлагаа долоо хоног бүр хийдэг. Өнгөрсөн 6-7 жилд ганц ч долоо хоног өнжөөгүй.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Бүх ажлаа Google Drive-аар явуулдаг. Dropbox давхар ашиглана. Ажилтай холбоотой гэвэл мэдээллийн апп-ууд байна. Өглөө CNN, BBC–г хардаг. Машиндаа BBC сонсоно. BBC-гийн радио хөтөлбөр нь маш сайн. Identity гээд програмыг нь сонсох дуртай. Тэндээс нийтлэлийнхээ санааг олох үе ч байдаг. Науригийн түүх гэдэг нийтлэлээ тэндээс үүдэн бичиж байлаа. Гадаадад болж буй үйл явдлуудыг сонсож, Монголтойгоо харьцуулж явдаг. Мөн IMF-ийн, Economist сэтгүүлийн, Mail Online зэрэг апп-уудаас push notification-ээр цаг алдалгүй мэдээлэл авдаг.

Сошиал медиа сувгуудыг идэвхтэй ашиглана. Line, Wechat, Whatsapp, Skype зэрэг чат аппликэйшнууд бас байна. Энд тэнд хурал чуулган, уулзалтад оролцоход танилцсан хүмүүс маань эдгээр дээр групп үүсгээд явчихдаг юм.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Нэгдүгээрт зөв төлөвлөх, хоёрдугаарт хамгийн бүтээлч цагтаа хамгийн гол ажлаа буюу бодох, судалгаа хийх, бичих ажлаа хийх гэж хэлж болох юм. Хүнтэй уулзах гэх мэтийг сууж ажиллахад бүтээмж тааруу үедээ амжуулбал зүгээр байдаг. Миний хувьд өглөөнөөс үд хүртэл хамгийн бүтээмжтэй цаг маань өнгөрдөг. Бас нэг цагт нэг л зүйл хийхийг хичээдэг. Давхар үйлдэл хийдэггүй.

Тэрбээр 1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр оюутны хөдөлгөөнийг удирдалцаж явжээ.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлдөг вэ?

Google Calendar дээр. Туслах бид нэг календариа хоёр талаас нь хөтөлдөг. Гар утас, компьютер дээр хийх ажил, уулзалтууд бүгд гарч ирдэг, сануулдаг болохоор амар байдаг. Ер нь багийн бүх гишүүдийг ажлын нэг горимд оруулах, хийдэг зүйлсийг нь тогтмолжуулах сонирхолтой. Компани удирдаж байхдаа ч, агентлаг удирдаж байхдаа ч тийм байсан. Жишээ нь Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын дарга байхдаа баасан гараг бүрт ажлынхаа талаар, ямар компани бүртгүүлсэн, хэнтэй уулзсан, ямар хуралд оролцсон зэргээ мэдээлсэн хуудсыг англи хэлээр гаргадаг байлаа.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Хүмүүсийг ажиллуулж, зохион байгуулж чаддаг байх. Хийе бүтээе гэсэн хүсэл зоригийг нь бий болгож, олон хүнийг нэгэн зорилгын зүг хөдөлгөж чаддаг гэж боддог. Тэгж хөдөлгөхийн тулд хүн бүрт яагаад гэдгийг нь бүрэн ойлгуулсан байх ёстой. Хийж байгаа зүйлдээ итгэсэн хүн бусдаасаа эрс ялгаатай, илүү бүтээмжтэй байдаг. Хийж байгаа зүйлдээ итгэхгүй бол, ажлаа сэтгэлээсээ хийхгүй бол хайран цаг, хөрөнгө, сэтгэл. Тэгж ажил хийснээс хийгээгүй нь хямд байдаг. Муу хийсэн ажлыг дахин хийх нь гарзтай.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Би opinion making буюу нийгмийн санаа бодол төлөвшихөд оролцогч. Чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх зэрэг үнэт зүйлсийг бид хэзээ ч алдаж болохгүй. Энэ бол нийгмийн хөгжил дэвшлийн амин сүнс гэдгийг монголчууддаа ойлгуулж, хувь хүний хувьд хүн бүр өсөн дэвшихэд хувь нэмрээ оруулах, нийгмийн сэтгэлгээг урагш ахиулахад туслах нь миний зорилго. Ялангуяа би товч, тодорхой, бодитой, глобал мэдлэгийг залуучуудад өгөхийг хичээдэг. Тиймдээ ч залуусын өргөнөөр хэрэглэдэг сошиал медиаг идэвхтэй ашиглаж байна. Нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх нь сэхээтэн хүн бүрийн үүрэг, барагдашгүй их ажил. Хэмжихэд ч хэцүү. Дээр нь мэдээж өндөр хариуцлагатай ажил.

Нийтлэлийн маань англи хувилбарыг гадныхан, гадны их сургуулиуд, байгууллагууд уншдаг. Гадаад, дотоодын олон арга хэмжээ, хурал чуулганд их урина. Ингэж явахдаа би тэр орон манай Монголоос юугаараа өөр байна, юугаараа адил байна гэдгийг судалж, Монголд хэрэгжүүлж болох зүйлсийг олж харахыг хичээдэг юм. Очсон газрынхаа сонинг өдөр бүр уншдаг. Индонезид 7 хоноход л тэдний авлигатай тэмцдэг хэлбэр манайхтай адилхан байгааг анзаарч, “Ерөнхийлөгч маань хаана байна аа?” нэртэй нийтлэл саяхан бичсэн.

Өнөөдөр би энэ ажлыг хийхэд цаг үеэ олсон, зөв байр суурин дээр байгаа мэт санагддаг. Улс төрөөс хараат бус нэг дуу хоолой болж байна. Төр, хувийн хэвшилд ажилласан туршлагатай, хоёр гурван оронд боловсрол эзэмшсэн, нас тогтсон болохоор бусдад итгэл төрүүлдэг байх. Хүнийг уйдаахгүй, товч тодорхой, чанартай нийтлэл бичихийг л зорьж байна.

Нөгөө талаас хийж буй ажил, бичиж буй нийтлэл маань хүн болгонд мэдээж таалагдахгүй. Нийгмийн дэвшилд саад бологчид, ашиг сонирхол нь хөндөгдөж буй хүмүүс намайг доромжлох, урам зоригийг минь хугалах гэсэн янз бүрийн оролдого гаргаж л байдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

4 сарын 15-нд JCI-ийн чуулган дээр “Орон нутгийн хөгжил ба залуусын оролцоо” сэдвээр илтгэл тавих юм. Эхлээд энэ сэдвээр нийтлэл бичих санаатай байна. Хувь хүн оршин суугаа газрынхаа хөгжилд хувь нэмэр оруулах тухай одоогийн концепцод өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа. Үүн дээр Солонгос болон Латин Америкийн 1-2 улсын сонирхолтой жишээ бий. Эдгээрийг харьцуулж үзнэ. Америкт бол community development гэсэн ойлголт бий. Үүнийг би айл хотлын хөгжил гэж орчуулсан. Техник технологи өндөр хөгжсөн энэ үед бид үр ашгийг нь гаргах хэрэгтэй. Жишээ хэлье л дээ. Монголын нийгмийн хамгийн ашиглагддаггүй хэсэг болох тэтгэврийн насныхныг интернэттэй ажиллуулж сургая, ухаалаг утас ашиглуулъя. Хороо бүрт хувь хүний хөгжлийн төв гэж байгуулаад залуучууд нь ахмад настнуудад интернэт, компьютер сайн дураараа зааж өгч болно шүү дээ. Ахмад гээд хөгжил, өөрчлөлтөөс хоцрох ёсгүй. Насан туршийн боловсролын эрин цаг ирчихээд байна. Интернэтээр дамжуулан маш олон үйлчилгээг онлайн хийх боломжтой. Digital ID, digital гарын үсэг гэсэн ойлголтыг хурдан нэвтрүүлэх ёстой. Тэгж чадсан Эстони улс хэрхэн хөгжиж байгааг би нүдээр үзээд, нийтлэл бичиж байсан. Төр засгийн бүх үйлчилгээ онлайн болчихвол замын түгжрэл, хөдөлмөрийн бүтээмж гэх мэт олон асуудал шийдэгдэх боломжтой.

Ер нь бид нэг нэгнийхээ зовлон жаргалыг мэдэрч, бие биедээ тусалдаг байх хэрэгтэй. Өөрөөс хамаарахгүйгээр ажиллаж чадахаа больсон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ халамжилж, эрүүл саруул хүмүүсээ сайн шахаж ажиллуулдаг байх хэрэгтэй. Халамжийг улс төрчид хавтгайруулж байна.

Мөн сүүлийн үед хот хөдөөгийн залуучууд, оюутнуудад цагийн менежмент, хувь хүний идэвх санаачилга, эдийн засгийн талаар лекц уншиж байгаа.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Дандаа сонсдог. Шопен, Мозартыг сонсох дуртай. Ер нь байдлаасаа хамаараад, намуухан ая тавьж ажиллахад илүү төвлөрдөг.

Та одоо ямар ном уншиж байгаа вэ?

Гэрт эдийн засаг, бизнесийн менежмент, хөрөнгийн зах зээлийн тухай, хөрөнгө оруулалтын тухай ном голчилсон том номын сан бий. Би бизнесийн удирдлагын магистраар АНУ-д сурч төгсөхдөө хөрөнгийн зах зээлээр мэргэшиж байлаа. Яг одоо уншиж байгаа ном гэвэл The Next Decade, Art of Start 2.0, Дракерийн The Five Most Important Questions You Will Ever Ask About Your Organization зэрэг байна. Мөн компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тухай М.Портерийн ном байна. Ер нь явж явж аль ч орны материаллаг үнэт зүйлсийг хувийн хэвшлийнхэн бүтээдэг. Төр засаг нь бүтээсэн баялгийг хуваарилдаг. Хааяа би бүтээмж, чадварын чиглэлээр компаниудад зөвлөгөө өгдөг юм. Ер нь хүн мэргэжлийн салбартаа хамгийн сүүлийн үеийн хандлагыг мэдэрч байхгүй бол өдгөө 3 жил тутамд мэдлэг хуучирч байна.

Залуучуудад С.Ковэйгийн “Үр бүтээмжтэй хүний 7 дадал”, К.Инаморигийн “Амжилтын төлөөх гал эрмэлзэл” (Passion for success) номуудыг заавал уншсан байхыг зөвлөж байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Маш нээлттэй хүн. Юу бодож байгаагаа хэлчихдэг. Хүмүүсийг ч тийм байгаасай гэж хүсдэг. Ажилд маань эерэг нөлөөтэй байдаг. Юу хийж байгаа, юу хийх гэж байгаагаа чөлөөтэй ярьж явдаг.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Шөнө 12-оос 6 цаг хүртэл. Даваа, лхагва, баасан гарагт 6 цагт босоод фитнест явдаг. Бусад өглөө нь юм уншдаг. Сайн унтъя гэвэл орой 11-ээс өмнө унтдаг даа.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Гольфийн талбай. Өвөлдөө заалны буюу screen гольф тоглодог. Гольфийн сайхан нь эрүүл мэндэд дэм болдогт, өөртэйгээ ч тоглож амжилтаа хэмжиж болдогт байдаг. Өвөлдөө бас уулын цанаар гулгана. Хориод жил уулын цанаар хичээллэж байна. Залуу байхад фитнест эрчимтэй явж булчингаа томруулах гэж үздэг байлаа. Булчин томрохоор нойр, хоол нь барагдахаа больчихдог учир дасгалаа багасгасан.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Сайн номноос их урам зориг авдаг. Линколн, Теодор Рузвельт, Роналд Рэйган зэрэг тухайн цаг үедээ түүхэн өөрчлөлт хийж, нийгмээ шинэ шатанд гаргасан хүмүүсийн тухай уншихад их сайхан байдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Теодор Рузвельтийн “Та хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадахаа, бүх хүчээрээ хий” гэсэн үгийг анх орос хувилбараар нь олж үзсэнээс хойш байнга санаж явдаг болсон. Чиний хаана төрсөн бэ гэдэг бол хоёрдугаар асуудал. Хамгийн чухал нь чи хаа байгаа газраа, юу байгаагаараа, юу чадахаа бүх чадлаараа хийж байгаа юу үгүй юу гэдэгт л гол асуудал бий. Чамд тэгж ажиллах хүсэл, зориг, чин эрмэлзэл байна уу гэдэг нь чухал. Байхгүй бол бий болго.

Миний хувьд гэр хороололд өссөн. Аав ээж маань ажилчин хүмүүс. Аав ээж чинь чамайг эрүүл саруул, шулуун шударга өсгөсөн л бол бусад нь, ажил амьдралдаа амжилт гаргах нь зөвхөн чамаас шалтгаална.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?

Cover Mongolia-гийн Б.Мөнхдөлийг санал болгоё. Чадварлаг, ухаалаг, шударга залуу гэж боддог.


Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.