Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   02 сарын 16, 2016

Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх 4 апп

Эрүүл амьдралын хэв маяг бол өнөөгийн "завгүй", "стресстэй" нийгэмд хөндөгдөж буй хамгийн чухал сэдвүүдийн нэг. Технологийн хөгжлийн ачаар бидэнд эрүүл мэндээ хянаж, зөв дадлыг хэвшүүлэх боломж өргөнөөр нээгдэж байна. Unread та бүхэнд өдөр тутам сэргэлэн цовоо, эрүүл саруул байхад туслах апп-уудыг танилцуулж байна.  

1 Gallon A Day

Өдөр бүр хангалттай хэмжээний ус уух нь бидний зайлшгүй хэвшүүлэх ёстой дадал ч байнга хэрэгжүүлж чаддаггүй даалгавар гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэж чадах 1 Gallon A Day апп-ийг санал болгож байна. Та өөрийн ууж буй усны хэмжээг урьдчилан тодорхойлсон хэмжээнд дүйцүүлэн энэхүү апп-д оруулснаар хүний өдөр тутам зайлшгүй уувал зохих усны хэрэглээг ямар түвшинд, хэр сайн авч байгаагаа хянах боломжтой юм. Өөртөө зорилго тавин, ус уух явцаа хянаснаар та энэ дадлыг богино хугацаанд өөртөө хэвшүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Хэрэглэхэд нэн хялбар, дээр нь дизайн, үзэмж сайтай бөгөөд нэмж 0.99 доллар төлснөөр нарийн тохиргоонуудыг хүссэнээрээ өөрчлөх боломжтой болох юм.

Хэрвээ арай өөрийг сонирхож байвал Waterlogged-ийг хэрэглээд үзээрэй.

Mover

Биеэ байнгын хөдөлгөөнд оруулж, тогтмол алхаж хэвших нь эрүүл байхын нэгэн үндэс мөн. Тэгвэл алхалтаа тогтмол хэмжиж, хөдөлгөөнөө хянах боломжийг Moves танд олгоно. Moves таны хэдэн удаа алхсаныг тооцохоос гадна явсан зай, шатаасан калорийн хэмжээг ч хэлээд өгнө. Хэрвээ та өдөр бүр гүйдэг бол хөдөлгөөний хурдыг тань тооцон таны гүйх, дугуй унах, машинаар явж буй статистикийг тусад нь ялгаж бас харуулах болно. Хамгийн гоё нь энэ аппаас та өдөр тутмын үйл хөдлөлийнхөө дүр зургийг харж харьцуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, гэрээсээ ажил руугаа, ажлаасаа заал руу, заалаас гэр лүүгээ явахдаа хэр их алхаж, хэр их цаг зарцуулж, хэр их калори шатааж байгаагаа мэдэж болно. Ташрамд дурдахад, энэ апп-ийг 2014 онд Фэйсбүүк худалдаж авсан билээ.

Хэрвээ та арай өөрийг сонирхож байвал Human-ийг туршиж үзээрэй.

Elevate

Тархины фитнесс хиймээр байна уу? Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, шийдвэр гаргалт зэрэг чадваруудыг хөгжүүлэхүйц байдлаар хийгдсэн тоглоомуудыг өдөр бүр тоглон оноо цуглуулж, өөрийгөө багахан ч гэсэн "зугаацуулчихаад" байхад болохгүй зүйл юу байх билээ? Өөрийгөө сорьж, хөгжүүлэхийг хүссэн чадварууддаа төвлөрөх боломжийг Elevate олгоно. Elevate-ийн зугаатай, өнгөлөг тоглоомууд таны унших, бичих, сонсох, ярих чадварууд дээр илүү төвлөрөх бөгөөд бусадтай харьцуулахад ямар түвшинд байгааг тань мөн харуулдаг ажээ. Тийм ч учир англи хэл сурч буй залууст их тохиромжтой байж мэднэ. Elevate 2014 оны Apple-ийн оны шилдэг апп-аар нэрлэгдэж байв.

Арай өөрийг гэж үү? Бидний өмнө санал болгож байсан Lumosity-г хэрэглээрэй.

Nudge

Nudge бол таны хэрэглэж буй хүнс, хийж буй дасгалуудын үзүүлэлтийг нэг цэгт төвлөрүүлдэг апп юм. Идэж буй хоол, ууж буй ундаанаас эхлээд бүх төрлийн хоолтой холбоотой мэдээллээ оруулснаар энэ апп танд зохимжтой калори ба тоо хэмжээг хэмжиж, хянаж, тохируулж өгөх болно. Гүйлт, алхалт, хийсэн дасгалын тоо, бүр өдөр тутам авч буй нойрны хэмжээгээ тогтмол оруулаад байвал энэ апп таны амьдралын хэв маяг ямар түвшинд байгааг, юуг илүү хийж, юуг сайжруулбал зохих талаар мэдээлэл өгөх болно. Дээр дурдсан Moves болон их хэрэглэгддэг Runkeeper зэрэг апп-уудтай шууд холбогддог давуу талтай. Хэрвээ найзуудаа урьж оруулж чадвал бие биенийхээ үзүүлэлтийг хянаж, хамтдаа өрсөлдөнгөө хөгжих боломжийг олгох болно.

Арай өөрийг гэж үү? Argus-ийг сонгож бас болно.

Танд эдгээрээс өөр санал болгох ямар апп-ууд байна вэ? Хэрэглэж үзээд ямар сэтгэгдэл төрсөн, яагаад хэрэглэх болсон тухайгаа бидэнтэй хуваалцаж, бусад уншигчидтай хэлэлцүүлэг үүсгээрэй.

37597   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.