Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 09, 2019

Технологийнхны хамгийн том цугларалт DevSummit 2019-ийн тайзнаа хэн юу хэлэв?

"Хөгжүүлэгчдээс Хөгжүүлэгчдэд" хэмээн тодорхойлж, шинэ цаг үеийг эхлүүлье хэмээн уриалсан мэдээллийн технологийн салбарынхны Монгол дахь хамгийн анхны томоохон цугларалт “DevSummit 2019” арга хэмжээ өнгөрөгч 5-р сарын 5-нд маш амжилттай болсон билээ. Бид өмнөх нийтлэлээрээ 600 гаруй хөгжүүлэгч чуулсан уг арга хэмжээг ерөнхийд нь тоймлон хүргэсэн бол энэ удаа тайзнаа гарч илтгэл тавьсан, хэлэлцүүлэг өрнүүлсэн гадаад дотоодын нэр хүндтэй компаниудын зарим инженер, удирдах ажилтны онцлууштай эшлэлүүдийг хүргэе.

Өмнөх нийтлэлийг унших: Технологийн шинэ үеийг гэрэлтүүлсэн DevSummit 2019-ийг дэлгэрэнгүй тоймлох нь

Erxec Inc компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших

Монголын IT салбарын зах зээл жижигхэн учраас сайн инженерүүд дунджаар 400-500 хүн ашиглах жижигхэн бүтээгдэхүүн хийж байна. Үүнээс болж сайн инженерүүд нь аль хэдийн гадагш явж, дэлхийн шилдэг технологийн компаниудад ажилладаг болсон. Тиймээс аливаа IT компани анхнаасаа л гадаад зах зээлд гарна гэсэн зорилготой ажиллах хэрэгтэй. Бид хатуу үнэнтэйгээ нүүр тулж, өөрсдийгөө болон баг хамт олноо хуурахгүй байх хэрэгтэй. Инженер, хөгжүүлэгчдэд олон улсад бизнесээ тэлэх төлөвлөгөөгүй компанид ажилд ороод хэрэггүй гэж зөвлөе. Дээр нь инженерүүд хэзээ ч улс төрчдийг хүлээх хэрэггүй. Өөрсдөө дор бүрнээ хичээж, хямд өртгөөр чанаргүй бүтээгдэхүүн гаргахаас зайлсхийн, хийж буй зүйлсээ олон улсад гаргах хэмжээнд чанартай гүйцэтгэдэг болъё.

Rally Health-ийн софтвер инженер, Humans of MITPU подкастын хөтлөгч А.Билгүүн

Миний анзаарснаар монгол инженерүүд олон улсад гараад өөрсдийнхөө үнэлэмжийг дардаг. Би Монголд таван жил ажиллаад гадаадад очиход миний туршлага тэндхийн таван жилтэй яг адилханд тооцогдсон. Тиймээс туршлага, технологийн хувьд өөрийгөө голох хэрэггүй. Гэхдээ мэдээж тухайн орны ажиллах соёл, арга барил өөр байж болно гэдгийг санах хэрэгтэй.

Хүн бүр гарааны бизнес эхлүүлэх шаардлагагүй гэж боддог. Гарааны бизнес эрхлэхэд олон малгай өмсөх шаардлагатай болдог. Тиймээс ачаалал даах чадвартай, түүнээсээ кайф авдаг байж л гарааны бизнесийг амжилттай явуулж чадна.

Asterisk Technologies-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Өнөржаргал

Технологийн компаниудад эмэгтэй хүн цөөн ажилладаг. Цөөн хэдий ч "чанартай" ажилладаг болохоор илүү хүндлэл хүлээдэг юм шиг санагддаг. Тиймээс эмэгтэйчүүдийг технологийн салбарт ажиллахыг уриалмаар байна. Залуус нэг хэсэг нийгмийн шинжлэх ухааны салбар руу шуурсан бол одоо мэдээллийн технологийн салбар руу шуурах цаг болсон. Сайн мэргэжилтнүүд нь гадаад яваад байвал Монголд байгаа ажлуудыг хэн хийх вэ. Бидэнд хийх ажил маш их байна.

And Global-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан

Бизнес эрхлэгчид зах зээлд оршин тогтнохын тулд өөрсдийн хөгжүүлэгч, инженерүүдээс гадна шинээр гарч ирж буй технологийн шийдлүүдэд хөрөнгө оруулалт хийн дэмжиж, хойноо технологийн хүчтэй багийг ажиллуулж байна. Энэ хэрээр цаашид Монголд технологийн салбарын мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ, үнэ цэн улам бүр нэмэгдэх болно. Гэвч тэднийг хангалттай хэмжээнд сорих зах зээл одоогоор бүрдээгүй байна. Ихэнх бизнесийн байгууллагууд технологийн хэлтсээ бизнесээ тогтвортой авч явах туслах үүрэгтэйгээр ажиллуулж ирсэн. Уг нь тухайн компанийн стратегийн хамгийн гол чухал элемент нь технологи байх ёстой. Тэгж байж бизнес нь бусдаас ялгарч чадна.

Gitlab-ийн сайтын найдвартай байдал хариуцсан ахлах инженер А.Амарбаяр

Монголын технологийн салбарын залуус мэдлэгийн хувьд дэлхийн шилдэг компаниудтай харьцуулахад ойролцоо түвшинд байгаа гэж хэлж болох ч туршлагын хувьд сурах зүйлс их байна. Монголд хэрэгжиж буй төслүүдийн цар хүрээ үсрээд л гурван сая хэрэглэгчид хүрдэг бол олон улсын компаниуд бүтээгдэхүүнээ хэд зуун сая битгий хэл хэдэн тэрбум хүнтэй зах зээлд зориулж гаргадаг. Энэ хэрээр асуудал, шийдэл нь дагаад томорч илүү сайн бодож сэтгэхийг шаарддаг.

Өнөөдөр АНУ-ын Цахиурын хөндийд байрлах Facebook, Google, Airbnb зэрэг дэлхийн топ компаниудад Монголын 300 гаруй залуу ажиллаж байна. Гэхдээ дэлхийн шилдэг компаниудад ажиллахын тулд заавал Монголын хилийг давах албагүй болсон. Орон зай, цаг хугацаанаас үл хамааран аль ч компанид ажиллаж болох эрин үе эхэлж байна. Бид интернеттэй л бол гэрээсээ юм уу хөдөө хээр талаас ажлаа хийх боломж бүрдсэн.

Uber-ийн софтвер инженер Г.Болдтулга

Монголд сүүлийн үед програм хангамжийн чиглэлийг сонирхон судлах залуусын тоо нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Аль болох олон залуус энэ салбарыг сонирхвол Монголын бусад салбар, бусад бизнесийг хөгжүүлэн суурь баазыг нь бий болгох боломжтой. Програм хангамжийн компаниуд зөвхөн нэг улсын хэрэглэгчдэд зориулан бүтээгдэхүүн гаргах нь тун ховор. Илүү олон улсад чиглэсэн, том зах зээл рүү тэмүүлж байж бизнес нь амжилтад хүрдэг. Монгол компаниудын хувьд том зах зээл рүү гарахад хангалттай хэмжээний мэргэшсэн ажиллах хүч дутмаг байна. Түүнээс гадна мэдээллийн аюулгүй байдлын асуудал зөвхөн Монголд гэлтгүй олон улсад тулгамдаж буй асуудлын нэг болсон. Технологийн томоохон уулзалт, арга хэмжээ болгон дээр энэ асуудлыг хөндөн ярилцаж байна.

iTools JSC-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир

Дэлхийн ертөнц хавтгай болсон учраас англи хэлтэй л бол хэнтэй ч, хэзээ ч бизнес хийх боломж нээлттэй болсон. Гэхдээ хэт технологижсон өнөөгийн эрин үед хүн төрөлхтөн зүрх сэтгэлээрээ л бусдаас ялгарч амьд харилцааг үүсгэж чадна. Бүх зүйл харилцаанаас эхэлдэг учраас хэрвээ бизнес эхлүүлмээр байвал хамгийн түрүүнд харилцааны ур чадвараа сайжруулах хэрэгтэй болов уу. Манай салбарт ажлаа сайн хийдэг олон залуус байгаа ч бусдад өөрийгөө ойлгуулах тал дээр дутмаг байна.

НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа

Хандалт / Сэтгэгдэл:

11056   1

Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.