Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   05 сарын 08, 2019

Технологийн шинэ үеийг гэрэлтүүлсэн DevSummit 2019-ийг дэлгэрэнгүй тоймлох нь

Дэлхий дахины хөгжлийг хүрдийг эргүүлж, бүх салбарын ирээдүйг хурдасгаж буй мэдээллийн технологийн салбарынхны Монгол дахь хамгийн анхны, хамгийн том цугларалт “DevSummit 2019” нэрээр өнгөрөгч 5-р сарын 5-нд маш амжилттай зохион байгуулагдлаа. Тайзан дээр гадаад дотоодын нэр хүндтэй компаниудын шилдэг инженер, удирдах ажилтнууд, танхимд 600 гаруй мэргэжилтэн, хөгжүүлэгч цуглаж, бүтэн өдрийн турш сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм. Тиймдээ ч энэхүү арга хэмжээг тус салбарынхны нэгдэн нягтрах том платформ болох нь хэмээн оролцогчид талархан хүлээж авав. Ингээд онцлох зүйлс "дэндүү" олонтой байсан DevSummit-ийн агуулга, уур амьсгалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү тоймоороо хүргэе.

DEVSUMMIT-ИЙг САНААчиЛСНЫ УЧИР

Дэлхийд мэдээллийн технологийн салбарын WebSummit, QCon, AWS:reinvent зэрэг нэр хүндтэй олон арга хэмжээ бий. Технологийнхон, технологи сонирхогчид эдгээр арга хэмжээн дээр юу юу шинээр зарлагдахыг, ямар агуулга хэлэлцэгдэхийг хүсэн хүлээдэг. Монголд харин тэдгээр арга хэмжээнд дөхөх биш юм аа гэхэд хөгжүүлэгчдийг нэгтгэн цуглуулдаг арга хэмжээ хараахан бий болоогүй байсан нь сонин. "Gitlab” компанид Senior Site Reliability Engineer-ээр ажилладаг А.Амарбаяр өнгөрсөн жил хөгжүүлэгчдийн дунд жижиг уулзалт зарлахад 200 гаруй хүн ирснийг харахад тек салбарынханд нэг дор цуглах хэрэгцээ ямар их байгааг олж харжээ. Тэрээр олон улсын эвентүүдийн жишгээр хөгжүүлэгчдийн томоохон цугларалт хийх санаа гаргасныг манай Unread-ийн багийнхан, ЛэндМН-ийнхэн дэмжиж, улмаар хамтран хийхээр зориг шулуудсан юм.

Хэдийгээр бусад олон салбарын адилаар тоглогчид нь төдийлөн сайн нэгдэж нийтийн ашиг сонирхлын төлөө явж чадахгүй байгаа хандлага ажиглагддаг ч Монголын мэдээллийн технологийн салбарынханд зайлшгүй нэг дор чуулж, мэддэг чаддагаа, хийсэн бүтээснээ бусадтай хуваалцах, дэлхийн трендтэй танилцах, алдаа оноогоо ярилцах, тулгамдсан асуудлын шийдлийг хэлэлцэх шаардлага байгаа. Мэдээллийн технологийн эрин цаг шүү дээ. Тийм ч учраас зохион байгуулагчдын зүгээс арга хэмжээг "Хөгжүүлэгчдээс Хөгжүүлэгчдэд" хэмээн тодорхойлж, шинэ цаг үеийг эхлүүлье хэмээн уриалахаар #TheFutureBegins хаштагийг хавсаргасан нь учиртай.

DEVSUMMIT-ИЙН АГУУЛГА

DevSummit 2019 бүтэн сайны өглөө 8 цагт бясалгалаар "албан бусаар" эхэлсэн. Гайхалтай нь амралтын өдрийн өглөө ийм эрт 300 орчим хөгжүүлэгч Lotus Yoga төвийн багштай хамт бясалгаж, гүнзгий амьсгаа аван өдрийг эхлүүлсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс оролцогч бүрд стресс тайлах бөмбөлөг бэлэглэж, бясалгалтай танилцуулсан нь тохиолдлын хэрэг биш, нарийн мэдээлэл, мэдлэг өгөхийн сацуу амьдралын бусад хэсэгтээ ч анхаарал тавихыг уриалсан хэрэг байв.

Ингээд арга хэмжээ албан ёсоор, ердөө өчигдөр нь TEDxUlaanbaatar-ийн тайзнаа орчин цагийн цахим нүүдэлчин болох боломжийн тухай илтгэсэн А.Амарбаярын үгээр 10 цагт хөшгөө нээв. Мэдээж DevSummit-ийг хэн хөтлөх вэ гэдэг асуулт оролцогчдын сонирхлыг татаж байв. Тэр нь iKon.mn-ий хөгжүүлсэн хиймэл оюунт ухаалаг туслагч Сара байсан нь ёстой л агуулгатайгаа нийцсэн сонирхолтой шийдэл байлаа. Сара арга хэмжээг бүтэн өдрийн турш хөтөлж, хөтөлбөрийн хэсгүүдийг холбох гүүр болж ажилласан юм. Түүнчлэн оролцогчид апп-аар дамжуулан арга хэмжээний бүх мэдээллийг авч, хоорондоо танилцаж, санал хүсэлт, сэтгэгдлээ Live Chat-аар хуваалцаж байв.

Ийнхүү DevSummit-ийн гол тайзнаа Монголын топ технологийн компаниудын хөгжүүлэгчид, инженерүүд, Airbnb, Uber зэрэг алдарт компаниудын монгол, гадаад мэргэжилтнүүд ээлжлэн гарч, технологийн чухал сэдвүүдээр хэрэгцээт мэдээллийг хүргэж, тренд болж буй чиг хандлага, ирээдүйн өөрчлөлтийн талаар санал бодлоо хуваалцсан юм. Тэд технологийн хурдтай зэрэгцэн өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлж байх, зөвхөн дотооддоо гэлтгүй гаднын зах зээл рүү тэмүүлж том зорилго тавих тухай залууст урам зориг, сэдэл өгөх санаануудыг хүргэж байлаа. Өөртөө итгэх, эергээр сэтгэх сэтгэл зүй болоод хувь хүний харилцааны ур чадвар зэргийг чухалчилж байсан нь арга хэмжээ зөвхөн технологийн сэдвээр хязгаарлагдаагүйг илтгэн харуулсан.

Яг л гаднын томоохон эвентүүдийн адилаар цоо шинэ, сэтгэл хөдөлгөм бүтээгдэхүүн/үйлчилгээний танилцуулга ч DevSummit дээр хийгдсэн. 540 мянга гаруй хэрэглэгчтэй “ЛэндМН” компани өөрсдийн зохион бүтээсэн Open Platform-оо танилцуулж, аппликейшн хөгжүүлэх хүсэлтэй залууст “ЛэндМН” аппликейшнээр дамжуулан өөрсдийн бүтээлийг олон нийтэд хүргэх боломжийг олгож буйгаа зарласан юм. Мөн олон компани шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээгээ үзэсгэлэнгийн хэсэгт дэлгэснийг дурдах ёстой.

Үндсэн танхимаас гадна 3-р давхарт илтгэгчидтэй тулж уулзан сонирхсон зүйлээ асуух "Ask Me Anything” тайз оролцогчдын хувьд хамгийн эрэлтэй хэсгүүдийн нэг болсон юм. Мөн энэ давхарт зассан талбайд "Women In Tech" сэдвээр хоёр удаагийн хэлэлцүүлэг болсон нь дэлхийн чиг хандлагатай нийцсэн, эрчүүд давамгайлсан салбарт ажиллаж буй эмэгтэй хөгжүүлэгчдэд урам зориг өгсөн явдал болов.

DEVSUMMIT-ИЙН ОРЧИН, УУР АМЬСГАЛ

Аливаа эвентийн агуулга нь хэчнээн сайн байлаа ч таатай орчин, тохирох уур амьсгалыг бүрдүүлээгүй байвал оролцогчдыг бүтэн өдөр тогтоон барих хэцүү байдаг. Харин DevSummit-д ийм бэрхшээл байсангүй. Арга хэмжээний өнгө төрх, имижийг бүрдүүлэхдээ Back To The Future-ээс сэдэвлэсэн нь, бүх л хөтөлбөр, идэвхжүүлэлтээ кодын форматаар хүргэж байсан нь олон оролцогчийн таашаалд нийцжээ. Үндсэн танхим руу орох корридор нь үнэхээр ирээдүй рүү орж яваа мэт сэтгэгдэл төрүүлж байсан бөгөөд үнэхээр ч энэ хэсэг хүмүүсийн хамгийн их зураг авхуулсан газар болсон болов уу.

Гуравдугаар давхрын зураг авахуулах хана, амарч тухлах хэлбэрждэг буйдангууд, нэтвөркинг хийх талбай зэрэг өөрийгөө сэргээх "газрууд", тавиурууд дээрх үнэгүй алим, иогурт, жигнэмэг, ус, ундаанууд оролцогчдод үнэхээр "алжаах" боломж олгоогүй гэхэд болно. Оролцогчид өдрийн хоолоо зүгээр ч нэг идсэнгүй, ЛэндМН апп-аар ердөө 300 төгрөгөөр хоолоо, 200 төгрөгөөр ундаа худалдан авч, "Ид шидийн орон" төсөлд өгөх хандивт хувь нэмрээ оруулсныг заавал дурдах ёстой.

Жийнсэн өмд, юүдэнтэй цамц, кээт өмссөн залуус бужигнасан, ер бусын чөлөөт уур амьсгалын бүрдүүлсэн DevSummit арга хэмжээ ийнхүү 17:30 цагт өндөрлөсөн юм. Технологийн анхны том цугларалтын агуулга нь хэлбэрээ хөтөлж, хэлбэр нь агуулгаа чимж, хөгжүүлэгчид, инженерүүдэд шинэ санаа сэдэл, урам зоригийг харамгүй хүртээж чадав.

DevSummit жил ирэх бүр чанаржин мэдээллийн технологийн салбарын гол индэр болж, дараагийн үеийн олон шилдэг хөгжүүлэгч, инженерийг төрүүлэхэд томоохон тус хүргэнэ гэдэгт үл эргэлзэнэ.

Бүгдээрээ нэгдэн мэдээллийн технологийн салбарын шинэ үеийг, шинэ ирээдүйг эхлүүлцгээе! #TheFutureBegins

Үргэлжлэлийг унших: Технологийнхны хамгийн том цугларалт DevSummit 2019-ийн тайзнаа хэн юу хэлэв?

16841   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today

Нийтлэлд оролцсон:

Ш.Цогзолмаа




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.