Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   02 сарын 15, 2018

Цагаан сарыг орчиндоо ээлтэйгээр тэмдэглэх зөвлөмжүүд

Ах дүү, амраг садан уулзалдаж, айл хотлоор цуглаж, бэлгэтэй үгсийг хэлэлцэн урин цагийг угтдаг, монгол түмний хүсэн хүлээдэг Цагаан сар энэ 7 хоногт тохиох билээ. Сар шинийн баяраар монголчууд бид идээ будаатай элбэгтэй байхыг хичээж, эдийн сайныг өмсөж эдлэн, хөл хөөрцөг болон тэмдэглэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд энэ уламжлалт баяраа ихэд хүндрүүлэн тэмдэглэдэг айлууд олширч, түүнээс болж зарим хүмүүс халширдаг болсон нь нууц биш. Миний хувьд зөв зохистой, хэмнэлттэй, орчиндоо ээлтэйгээр тэмдэглэж л чадвал хамгийн сайхан баяр гэж боддог юм. Ингэж тэмдэглэх боломжууд ч өчнөөн бий. Өнөөдөр үүнтэй холбоотой зөвлөгөө нийтлэлийг хүргэж байна.

ХООЛ ХҮНСНИЙ ХАЯГДАЛ БАГА ГАРГАХ

Цаг цагаар нэг цадна
Цагаан сараар нэг цадна гэх үг бий. Ялангуяа нарийн нандин хоол хүнс ховор байсан урьдын цагт үнэхээр үнэн үг байсан нь эргэлзээгүй. Бүх л айл цагаан сарын идээ зоогоо гараа гарган бэлтгэж, аль болох л элбэг дэлбэг байхыг зорьдог. Гэхдээ, элбэг дэлбэг байхад энэ баярын утга учир нь оршдог байж мэдэх ч , үлдэгдэл хоол "үйлдвэрлэх" учиртай гэсэн үг биш билээ. Хөдөө газар бол муудсан хоол нохой шувуу баярлуулж мэдэх юм. Харин хот газар гялгар уутанд удсан хоол хүнс, чихэр жимс чихэгдэж, асар олон өрх гэрээс гарч буй хаягдлууд нийлээд орчны бохирдол болоод л дуусах болно.

Жил бүр дэлхий дээр 1.3 тэрбум тонн буюу нийт үйлдвэрлэсэн хүнсний гуравны нэг нь хаягдал болдог дүн бий. Хэрвээ эдгээр хүнсийг хаягдал болголгүйгээр хадгалж чадвал өлсгөлөнд нэрвэгдсэн 870 сая хүнийг тэжээх бололцоотой аж. Газарт булагдсан хаягдал хүнс нь мөн асар их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж дэлхий дахиныг заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд нөлөөлдөг гэдэг. Тиймээс юу худалдан авахаа сайтар тооцоолж, илүү хүнс авахгүй байхыг, хоолоо хэтрүүлж хийхгүй байхыг хичээгээрэй. Үүнээс сэргийлэх хамгийн ойрын жишээ хэлье дээ. Айлууд цагаан сарын үеэр төрөл бүрийн салат их хийдэг ч төд удалгүй хуучирч, хаягдах нь нийтлэг байдаг. Тэгэхээр салатаа нэг дор ихээр хийх бус, тухай тухайн үед нь хольж хутгах маягаар бэлтгээд явбал хоол хаяхгүй байх боломжтой.

Айл хэсэж буй хүмүүсийн хувьд гэрийн эзэнд идэх хэмжээгээ хэлж, ходоодныхоо хэр хэмжээгээр тавгандаа авах нь нэг соёлтой алхам. Өөрөө хэлэхгүй бол гэрийн эзэд аль болох л их идүүлэх гээд байдгийг юу эс андах.

Мөн саяхан баярын үеэр уул овоонд гарахдаа сүсэлж бишрэх нэрээр асар их хог тарьдаг тухай iKon дээр нийтлэл гарсныг энд дахин сануулах нь зөв гэж саналаа.

ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ УС БАГА УРСГАХ, НЭГ УДААГИЙН ХЭРЭГЛЭЛҮҮДЭЭС ТАТГАЛЗАХ

Цагаан сарын бэлтгэл ажлын нэг гол хэсэг бол цэвэрлэгээ байдаг. Баярын өмнө айл болгон их цэвэрлэгээ хийж, эд хогшил, машин уналгаа арчилж цэвэрлэдэг. Мэдээж хэрэг машинаа угаах нь зөв. Гэхдээ бас яаж хүрээлэн буй орчиндоо ээлтэй иргэн байх вэ гэж бодож явбал илүүдэхгүй биз ээ. Автомашин угаалгын газрууд нь дунджаар 35-56 литр ус зарлагаддаг бөгөөд Улаанбаатар хотод усаар бус, уураар машин угаадаг газрууд байдаг тул аль болох тийм газруудыг үйлчлүүлэхийг зорих хэрэгтэй.

За тэгээд бусад угаалга цэвэрлэгээндээ ч аль болох ус бага зарах нь тийм хүнд ажил ч биш. Яг баярын өдрүүдээр бол аяга таваг угаах том ажил байна. Гараар аяга тавгаа угаахаас илүү аяга таваг угаагч ашиглах нь усанд хэмнэлттэй байдаг. Гэхдээ аяга таваг угаагч хийгээд угаалгын машиныг зөвхөн дүүрсний дараа ажиллуулах нь зүйтэй. Усаа байнга гоожуулаад байлгүй, сав суулган дотроо угаагаад, зайлахдаа усаа гоожуулж сурвал бид бүгдээрээ маш их цэвэр усыг хэмнэж чадна. Мөн ус хэмнэгч цорго болон суултуур ашиглах нь усыг 30-50 хувь хэмнэх боломжийг олгодог тул эдгээрийг хэрэглээ болгохыг эрмэлзэх хэрэгтэй. Улаанбаатар хотод тулгамдаж буй дараагийн том асуудал бол цэвэр усны нөөц гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар буй.

Түүнчлэн аяга таваг угаах ажлаас түвэгшээн нэг удаагийн аяга таваг хэрэглэдэг явдал бий. Энэ нь эргээд байгальд хортой хаягдал болдог учраас аль болох хуванцраас татгалзаж шил шаазан аяга таваг, сав хэрэглэхийг уриалъя.

ОЛУУЛАА ЦУГЛАН ЗОЛГОХ

Цагаан сарын нэг сайхан нь удаан уулзаагүй төрөл садангууд нэгэн дор цуглаж хөөрөлдөх, холын хамаатнууд учирч нэг нэгнээ мэдэлцэх явдал байдаг. Бага байхад битүүний орой өвөөгийн л ээжийн талынхан бүгд цуглаж бөхөө үзэн битүүлдэг байсан нь миний хувьд цагаан сарын хамгийн сайхан дурсамж байдаг юм. Үүн шиг ижий ахай, ах дүүсээрээ олуулаа нэг дор уулзаж бужигнах нь тал талын ач холбогдолтой. Айл болгоноор хэсэх шаардлага багасна. Унаа тэрэг, тог цахилгаан, цаг заванд ч хэмнэлттэй юм.

Ийн золгохдоо нэгийнхээ гэрт биш, арай том зайтай ресторанд цугладаг айлууд ч байдаг юм билээ. Айл бүрээс тодорхой хэмжээний мөнгө нийлүүлэн, нэгдсэн золголт зохион байгуулж, хаана ямар ажил эрхэлж байгаа, амьдралд нь ямар шинэ юм тохиолдсон тухай микрофон дамжуулан ээлжилж ярьдаг тухай нэг танил маань ярьж байв. Үүнийг зөв буруу гэж шүүх нь утгагүй бөгөөд тэр айл өөрсдийн зорилгоо биелүүлж, өөрсдөө л сэтгэл хангалуун байвал баяр тэмдэглэж буй хэмнэлттэй, үр ашигтай арга хэмээн хэлж болох байх.

Гэхдээ энд цагаан сарыг гэрээсээ өөр газар хийвэл зүгээр гэх гэсэнгүй, өөрсдөд түвэг дараа болдог, баярлах гээд баярлаж чаддаггүй арга барил, зуршлуудаасаа зоригтой салж болдог жишээг өгүүлсэн болно.

БЭЛЭГ - АВСАН ӨГСӨНДӨӨ ӨЛЗИЙТЭЙ БАЙх

Цагаан сараар гаргадаг зардлын багагүй хэсгийг бэлэг эзэлнэ. Бэлгийн тухайд хүмүүс янз бүрийн л бодол санаатай байдаг. Дээхнэ үед бол бэлэг гэж сүжирдэггүй, идээ будаанаасаа хувь хүртээдэг байсан гэдэг.

Зөвхөн хүүхдэд бэлэг өгөх, эсвэл мөнгө өгөх зэрэг нь аль аль талдаа ашигтай байх жишээ мөн. Миний хувьд санаанд нь таарах таарахгүй юм өгч байхаар мөнгө барьчих нь л зүгээр санагдаад байдаг юм. Бэлэг дээр ямар бодлого барьж байгаагаа эртхэн зочдодоо хэлэх, үнэхээр өгөх ёстой ойрын хамаатнууд, зочин гийчнээсээ ямар бэлэг авахыг нь урьдчилж асуух зэрэг нь зөв зүйтэй л санаа. Ямартай ч цаад хүн хэрэглэх, таашаах зүйлийг л бэлгэнд өгвөл илүү зардал болохгүй. Утасны нэгж, оймс зэрэг бол хаягдахгүй хэрэглэдэг л зүйлс.

Тэрчлэн аль болох гадагшаа валют урсгахгүйн тулд нийтээрээ үндэсний үйлдвэрийн, дотоодын бүтээгдэхүүнийг бэлгэнд өгвөл хаа хаанаа хэрэгтэй. Бид өнгөрөгч даваа гарагт цагаан сараар бэлгэнд өгч болох үндэсний зарим бүтээгдэхүүнүүдийг санал болгосон байгаа. Ер нь баярын үеэр ч гэлгүй үндэсний болон эко бүтээгдэхүүнүүдийг дэмжиж авдаг байх нь иргэн хүний үүрэг болов уу.

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРХЭМЛЭХ

Цагаан сарын өдрүүдээр эрүүл мэндээ хичээгүүштэй. Олон хүнтэй уулзаж, золгоход ханиад дагшуураас эхлээд хоол ихдүүлснээс үүдэх гэдэсний хямрал гэх мэт сэрэмжилж явах зүйлс бий. Настан буурлууд өөр дээр нь ирж золгоход дуртай байдаг ч энэ хэд хоногт жигтэйхэн алжааж ядардаг тул тэднийг аль болох амрааж, ажиглаж байх нь зөв юм.

Энэ хэдэн өдөр идээ ундаагаа тохируулан хүртэж, биеэ зөв боловсон авч явбал баярлаж байгаагийн утга учир биелнэ гэж боддог. Ташрамд, айл хэсэж явахдаа хамартаа гавар түрхэж, гар ариутгагчтай явах хэрэгтэй гэсэн зөвлөгөө саяхан уншсанаа энд давтаж хэлье.

23848   0


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.