Хайх зүйлээ бичээд enter дарна уу

#Random   12 сарын 29, 2017

2017 оны онцлох кинонууд

Шинэ жилийн тусгай цувралаа "Онцлох кинонууд"-аар үргэлжлүүлж байна. Сайн кино үзэх дуртай, мөн кинотой ойр ажилладаг зочдыг бид урьж, 2017 онд ямар кино онцгой санагдсаныг асуулаа. Хэдийгээр бүтэн жилийн хугацаанд гарсан өч төчнөөн киноноос хэдхэнийг нэрлэхэд хэцүү боловч сайн киног үнэлдэг манай зочдын сонголтод итгэж болно гэдгийг дурдъя. Он ч дууслаа, Оскар ч дөхөж байна, киногоо үзээд байж дээ!

DUNKIRK + НЕЛЮБОВЬ

Бичсэн: П.Номинбилэг (Гэрэг сэтгүүлийн нийтлэлч)

Ямар ч киног театрт үзэхэд илүү сайхан байдаг нь мэдээж. Гэхдээ зарим кино хийц, масштаб, өгүүлэмжээрээ театрт л үзэхэд зориулагдсан, тэр хэрээрээ хүчтэй, мартагдашгүй байдаг. “Dunkirk” тэдгээрийн нэг. Дэлхийн II дайны эхэнд Францын Дюнкерк хотод хашигдсан, гурван улсын 300 мянга гаруй цэргийн амийг аварсан түүхэн үйл явдлыг харуулсан энэ кино бол найруулагч Кристофер Нолан, зураглаач Хойте ван Хойтема, хөгжмийн зохиолч Ханс Зиммер гурвын сэтгэмжээр бүтсэн гайхамшиг. Кристофер Нолан дайны бараг кино бүрт байдаг зэвсэгт тэмцэл, хайртай хүмүүсээ үдэж буй дүр зураг, байлдааны төлөвлөгөө зэрэг элементийг оруулахгүйгээр, цус урсгахгүйгээр 106-хан минутад дайны аймшиг, эр зориг, харууслыг харуулсан. “Dunkirk”-ийг IMAX дэлгэцээр үзэх энэ жилийн мартагдашгүй мөч байлаа.

Дурдахгүй өнгөрч болохгүй бас нэг бүтээл бол “Нелюбовь”. Оросын шинэ цаг үеийн шилдэг найруулагч Андрей Звягинцевийн бүтээл кино сонирхогчдын хүлээлтийг хөсөрдүүлээгүй. Бие биеэ тэсгэлгүй үзэн ядавч ганц хүүгээсээ үүдэн хамтын амьдралынхаа уяаг тасдаж чадахгүй адгах Женя, Борис хоёрын хожимдсон харуусал үнэхээр хүчтэй байлаа. Каннын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртсэн “Нелюбовь” буюу “Хайр үгүй” бүтээлийг өргөн дэлгэцээр үзэх боломж Монголын үзэгчдэд өнгөрсөн аравдугаар сард тохиосон. “Хайр үгүй”-г Улаанбаатар олон улсын кино наадмаар толилуулахад олон үзэгч танхимаас нулимстай гарсан юм.

WIND RIVER + BLADE RUNNER 2049 + Call me by your name

Бичсэн: Төмөрбаатар (Гэрэл зурагчин)

Холливудын шилдэг зохиолчдын нэг Тайлор Шериданы "Wind River" киног онцолъё. Тэрээр зохиолоос гадна найруулагчаар нь ажилласан юм. Америкийн уугуул оршин суугчид болох индианчуудын амьдрал ямар байдгийг бодитоор харуулсан кино. Мөн "Dunkirk"-ийг онцлохгүй байхын аргагүй. Бусад дайны кинонуудаас ялгаатай нь дайнд хэрхэн ялсан бэ гэдгийг биш, дайнаас хэрхэн амьд гарах тухай харуулсан. Цэргүүдийн, нисгэгчдийн, жирийн иргэдийн харах өнцгөөс зураг авалтуудаа хийсэн нь үзэгчдэд бодит мэдрэмжийг төрүүлэм. Зураг авалт үнэхээр гайхалтай.

Мөн "Blade Runner 2049"-ийг нэрлэе. Энэ кино 1982 оны "Blade Runner"-ийн үргэлжлэл бөгөөд өмнө ангиасаа хавьгүй илүү болсон юм шиг санагдсан. Энэ нь найруулагч Денис Вилленюветэй холбоотой. Зураг авалт нь бас л шүтмээр байсан. Мөн киноны дуу, чимээг нь чих тавин үзээрэй гэж санал болгоё.

"Call Me By Your Name" бол энэ жил үзсэн хамгийн романтик кино. Хойд Италийн жижиг хот дахь тайван амьдралыг маш гоёор харуулсан байна лээ. Энэ киноноос залуу нас, хайр мэдрэгдэнэ.

WOLYN (HATRED)

Бичсэн: О.Анхбаяр (Smok брэндийг хамтран байгуулагч)

2016 онд гарсан ч энэ жил олж үзсэн Польшийн "Wolyn" хэмээх киног онцолъё. Хоёрдугаар дайн эхэлмэгц польшууд, украйнчуудын харилцаа хурцадмал байдалд хүрч, улмаар үзэн ядалтаар дүүрэн алан хядлага болдог. Украйн хүнтэй гэрлээд удалгүй нөхрөө алдсан бүсгүйн амьд гарах гэсэн тэмцлийг харуулсан кино. Үзэн ядалт, харгис хүчирхийлэл, аллага, амьд гарах тэмцэл, жинхэн зовлон гэдэг зүйлийг дэндүү хурц, бодитоор харуулж яс хавталзуулсан кино. Ер нь сэтгэл зүйн бэлтгэлгүй, зүрх муутай бол үзээд дэмий юм шиг санагдсан.

ДЭЛГЭЦНЭЭ ЭРГЭН ИРСЭН БҮТЭЭЛҮҮД + The other side of the hope, Good time, loveless

Бичсэн: Н.Энхбат ("Алтан Хальс" холбооны үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал)

2017 он кино ертөнцийн хувьд дэлгэцнээ эргэн ирсэн бүтээлүүдээр дүүрэн жил байлаа. Ридли Скотын “Blade Runner”-ийг Дени Вельнөв чадварлаг найруулж “Blade Runner 2049”, Дэвид Линч “Твин Пикс” цувралынхаа III бүлгийг Каннаар нээж, Дэнни Бойл “Trainspotting 2”-оо Берлиналаар дэлгэсэн бол Кристофер Ноланы удаан хүлээлгэсэн “Данкерк” энэ жил үзэгчдийн хүртээл болж дээрх найруулагчид өөрсдийгөө хэчнээн чадварлаг, авъяастай болохыг дахин дахин үзэгч бидэнд нотоллоо.

Энэ жилийн хувьд намайг хамгийн их уйлуулсан кино гэвэл Аки Каурисмякигийн “The Other Side of the Hope’’. Хелсинкт ирсэн Сирийн дүрвэгч Халед ба аялагч, наймаачин Викстром нарын нөхөрлөлийн түүх. Энэ кино 67 дахь удаагийн Берлиний кино наадмаас "Мөнгөн баавгай" шагнал хүртсэн бөгөөд Финландын их найруулагчийн сүүлийн бүтээл болсон билээ. Хүнлэг сэтгэл, шоглолоор дүүрэн кино.

Хамгийн их цус хөөргөсөн кино гэвэл ах дүү Сэфди найруулагчдийн “Good Time”. Энэ жилийн Улаанбаатар кино наадмаар гарсан уг киног би өөрөө орчуулсан болоод ч тэр үү киноны турш догдолж, алмайрсаар байгаад л дуусгасан. Зогсолтгүй үргэлжлэх адал явдал, хурц үйлдлүүдээр дүүрэн кино. Хамгийн их тавгүйтүүлж, "эморуулсан" кино гэвэл Андрей Звягинцевийн “Loveless”. Гэр бүл салалтаас болж хүүхэд хэрхэн хохирч үлдэж буйг харуулсан түүх. Хамгийн их гайхашруулсан кино бол Грекийн залуу мастер Иоргос Лантимосын “The Killing of a Sacred Deer”. Кубрикийн “Shining” шиг зураг авалтуудтай, Ханеке шиг өнгө аястай уг бүтээл Science VS Supernatural Аcts гэсэн мөнхийн маргаан. Бурхан, чөтгөр гэсэн зүйлсийн тухай хүссэн хүсээгүй бодоход хүргэнэ. Өмнө нь манай холбоо “The Lobster”, “Dogtooth” зэрэг кинонуудыг нь орчуулж Dreamers’ Day-ээр гаргаж байсан. За тэгээд өөр энэ жил үзсэн сайхан кинонууд гэвэл Унгарын эмэгтэй найруулагч Илдико Эньедигийн “On Body and Soul”, Юбер Шаруэлийн “Bloody Milk” байлаа.

ЧИНГИСИЙН ХҮҮХДҮҮД + SINGLE LADIES 3

Бичсэн: Г.Мандах (Talent Media-г хамтран байгуулагч)

Хоёр киног онцолмоор байна. Эхнийх нь 1.2 тэрбум төгрөгөөр бүтэж, постпродакшн нь АНУ-ын EFilm компанид (Холливудад J) хийгдсэн, Оскарын шагналын эхний давааг давж гадаад хэл дээрх кинонд нэр дэвших эрхээ авсан, найруулагч Д.Золбаярын “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино. "Улаанбаатар" олон улсын кино наадмын "Шилдэг кино" болж, наадмын хүрээнд Монголдоо долоо хоног гарсан бөгөөд гадаадын улсуудад фестивальд оролцож, Сочигийн наадмаас шилдэг хөгжмийн зохиолч зэрэг шагналууд хүртээд амжсан. Монголчуудын ёс заншил, адууны соёл, хурдан морь унаач эрэлхэг охид хөвгүүдийн тухай өгүүлэх кино.

Дараагийн кино бол “Single Ladies 3” романтик инээдмийн уран сайхны кино. Ер нь цуврал кинонуудын дараа дараагийн анги төдийлөн эхнийхийгээ гүйцдэггүй бол Single Ladies цуврал улам чангарсаар байдаг. 2013, 2015, 2017 онд тухайн жилийнхээ хамгийн их ашиг орлоготой киногоор байнга шалгардаг нь уг киног онцлох шалтгаан юм. Ганц бие эмэгтэйчүүд, салалт зэрэг эмзэг сэдвүүдийг хөнгөн, хөгжилтэй байдлаар хөндөж, инээдний цаана ухаарал дагуулж байдаг Single Ladies-ийн гурав дахь энэ цуврал Монгол орны үзэсгэлэнт сайхан газруудыг, ёс уламжлалыг давхар харуулсан нь үзэгчдийн таашаалд тун нийцэж байсан шүү.

DOWNSIZING

Бичсэн: Д. Цэнгэл (Тэнгис кино театрын Маркетингийн албаны дарга)

68 сая долларын төсөвтэй, Александер Пэйнийн зохиолоор инээдэм, драм, фантастик төрлөөр хийгдсэн 2 цаг 15 миниутын "Downsizing" хэмээх энэ кино таныг уйдаахгүй инээлгэх хэрнээ таашгүй өрнөлийг үзүүлнэ. Энэ кино нь хүний бие 4 инчийн хэмжээтэй болоход ямар их зовлон бэрхшээлүүдтэй тулгарч болохыг харуулна. Бид бүгд л аз жаргалтай амьдралын төлөө эд хөрөнгө цуглуулж, насаараа түүнийхээ төлөө хөдөлмөрлөдөг. Тэр чинээгээрээ байгаль орчинд хор нөлөө үзүүлж дэлхийн дулаарлыг хүртэл бий болгож байна. Хэрвээ хүмүүс тийм жижигхэн хэмжээтэй, бий болгохыг хүсдэг бүх зүйлс нь амархан бол үүнээс цааш хүний амьдралыг юу утга учиртай болгох вэ гэдгийг хайсан нь энэ киноны хамгийн чухал хэсэг. Америк маягийн хошигнол шигтгэж, мөн ази жүжигчин оролцуулан борлуулах зах зээлээ ч сайн тооцоолсон. Олон улсын хамтын бүтээлүүдэд амжилттай ажилласан туршлагатай Мэт Даймон гол дүрд тоглох бөгөөд насаараа хөдөлмөрлөөд авч чадахгүй байгаа байрны лизингээс болж тэд жижиг хүмүүсийн хотод эхнэрийн хамт амьдрахаар шийднэ. Гэвч эмнэлэгт эхнэр нь орхиж явснаар ганцаардаж амьдрал нь сонирхолгүй болно. Эд баялаг хураах гэж хичээхээ больж, амьдралын зорилгоо олох гэсэн тэмүүлэл нь түүнийг олон шинэ зүйлд хөтөлнө. Газрын гүн рүү хүртэл орж, омгийн нэг хэсэг болох хүсэл байсан боловч эцэстээ хажуудаа байсан аз жаргалаа олж, амьдрал нь утга учиртай болдог. Яг л чихэр давс нь таарсан, арилжааны болон арилжааны бус чиглэлийн яг голыг олж хийсэн кино байна гэх бодол төрсөн. АНУ-д 12-р сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд бусад улсуудад 2018 оны нэгдүгээр сараас эхлэн гарна. Харамсалтай нь Монголын кино театруудаар нээлтээ хийхгүй юм байна. Учир нь хангалттай арилжааны төрлийнх байж чадаагүй учраас тэр гэнэ.

GET OUT  + BIG SICK

Бичсэн: Э.Ганбаатар (EMS - Newmeta-г хамтран байгуулагч)

Энэ жил онцлохгүй байхын аргагүй бүтээл нь Жордан Пийлэгийн "Get out" байлаа. Найруулагчийн хувиар дебют нь байсан хэдий ч дараагийн 50 жил кино сонирхогчдын заавал үзэх кинонуудын нэг байх болно хэмээн мэргэжилтнүүд үнэлж буй. Кино үнэлгээний хамгийн бодитой шүүмжийг гаргадаг Rotten Tomatoes дээр 99 хувьтай үнэлэгдсэн бөгөөд чанараараа тус сайтын бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтанд дээрээсээ гуравт бичигдэж байна. Тус жагсаалтанд 1940, 1930-аад онц сонгодог бүтээлүүдтэй 21-р зууны ийнхүү зэрэгцэн бичигдэж байгаа нь Get out-ийг ямар мундаг бүтээл болсныг батална. Адал явдал, аймшиг, нууцлаг байдал, инээдэм гээд маш олон төрлийг багтаасан өвөрмөц энэ бүтээл сүүлийн жилүүдийн кинонууд дундаас тун шинэлэг сэдэв, агуулгыг гаргаснаараа бусдаас ялгарч буй. Үзэхэд тийм ч урт биш, уйдаахгүй, сэтгэл түгшээм, олон асуултыг дагуулсан маш сонирхолтой кино.

Мөн Пакистан гаралтай Америкийн стэндап хошигногч Кумайл Нанжианиөөрийн бодит амьдралаас сэдэвлэн, зохиолыг нь эхнэртэйгээ хамтран бичсэн "Big Sick" киног онцолъё. Гол дүрд нь тэр өөрөө тоглосон. Пакистанчууд шашнаа дагаж урьдаас төлөвлөсөн гэрлэлтийг дагах ёстой байдаг бөгөөд хэрвээ гэр бүлийн аль нэг гишүүн тус дүрмийг зөрчиж өөр хүнтэй гэрлэвэл гэр бүл нь шууд харилцаагаа тасалдаг уламжлалтай. Кумайл өөрийн хайр дурлал, эрх чөлөөг сонгох уу, эсвэл гэр бүл болон үндэстнийхээ итгэл үнэмшлийг сонгох уу гэсэн хүндхэн хариултын өмнө тулгарснаар киноны гол үйл явдал өрнөнө. Үзэхэд гэгээлэг, хөнгөн, “дулаахан” мэдрэмжийг төрүүлнэ.

Thor: Ragnarok + Cars 3

Бичсэн: Б.Тэмүүлэн /Vol+, Digital Ink-ийн үүсгэн байгуулагч/

Киноны хорхойтон миний хувьд анхаарал татаж буй бүтээлүүдээ байж болох хамгийн чанартайгаар нь олж үзэхийг хичээдэг. Энэ жилийн хувьд Thor: Ragnarok-ийг онцлох ёстой байх. Марвелийн бүтээлүүд хэт комиклог бус харин ч илүү орчин үеийн хэв шинжтэй, баригдмал бус болж байгаад их баяртай байгаа. Супер баатруудын яриа хэллэг, хээгүй байдлаас л энэ бүхнийг анзаарч болох байх. Pixar-ийн Cars 3 мөн их таалагдсан. Өмнөх ангиудаасаа давсан, бусад үргэлжлэлүүдээс илүү утга учиртай болж чадсан учир "шилдэг" гэж тодорхолж болох байх.

The handmaid's tale болон бусад тв цувралууд

Бичсэн: А.Ундрал /Unread-ийг хамтран байгуулагч/

The Handmaid's Tale-ийг Эммигээс шилдэг цуврал шагналыг хүртэж, Hulu Netflix-ээс түрүүлж топ шагналыг хүртсэн стриминг платформ болоход ихэд гайхаж бас эргэлзэж байснаа одоо бодохоор ичмээр ч юм шиг. Гэхдээ энэ бүх бодол минь эхний ангийг үзсэний дараа л үгүй болсон гэдгийг баттай хэлье. Үйл явдал бүр нь, өрнөл болгон нь, дүр бүр нь асуулт дагуулан хариулт нэхсэн, эргэлзүүлж бас гайхшируулсан байсныг онцолъё. Өнөө цагийн хамгийн цуут зохиолчдын нэг Маргарет Атвүүдийн 1985 онд бичсэн бүтээлээс сэдэвлэсэн энэ зохиол танд цоо шинэ ертөнцийг нээж, өгт өөр амьдралыг танилцуулах болно. Хэрвээ гэсэн асуулт толгой дотор тань эргэлдэж, гэхдээ гэж мэтгэх мөчүүдийг танд өгнө. Ямар ч эргэлзээгүйгээр хамгийн их хүлээлт дагуулж буй цуврал! Заавал үзэх триллер.

Game of Thrones-ийг ахиад л бишрэн шүтэцгээе. Энэ жил номыг нь уншиж эхлэсэн болохоор ч тэр үү, хэдий богинохон, бас хааяа хэт хурдтай өрнөсөн ч гэсэн анги бүрийн зураглал бүрийг алдалгүй үзэхийг ихэд хичээв. Хүлээлтээс үргэлж давдаг, үргэлж сэтгэл хөдөлгөдөг хайртай цувралд маань өвөл арайхийж ирсэн ч их л удаан завсарлах болох нь.

А.Хичкокийн домогт "Psycho"-ийн алуурчин Норман Бэйтсийн өсвөр насны түүхийг харуулсан "Bates Motel" 4 улирал, 50 эпизодын дараагаар дууслаа. Энэ жил бүгдийг нь эхнээс нь үзсэн миний хувьд Forever нэртэй анги нь телевизээр үзсэн "хамгийн харанхуй, хамгийн түгшүүртэй мөч" байлаа.

Stranger Things-ийн 2-р улирал урам хугалаагүйг мөн онцлохгүй байхын аргагүй. Шинэ цуврал эхлүүлэхээр зэхэж байгаа бол Dark, Big Little Lies-ийг санал болгоё.


2017 оны онцлохуудыг нэрлэх Unread Special цуврал контент танд дараах хуваарийн дагуу хүрнэ:

12.25: Оны онцлох гарааны бизнесүүд
12.26: Оны онцлох аппликэйшнүүд
12.27: "Би хэрхэн ажилладаг вэ?" - Шинэ оны тусгай дугаар
12.28: Атаархлын жагсаалт - Оны онцлох нийтлэлүүд
12.29: Оны онцлох кинонууд
12.30: Оны онцлох номууд
12.31: Оны онцлох үйл явдлууд

Хэрвээ уншигч та бүхэн энэхүү жагсаалтуудад өөрийн зүгээс саналаа илэрхийлэхийг хүсвэл бидэнтэй editor@unread.today хаягаар холбогдоорой.

26335   3


НИЙТЭЛСЭН:

Unread Today




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.