Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   12 сарын 20, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл

Unplug 2017 арга хэмжээний тайзнаа бид Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг, Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга хатагтай Ж.Оюунгэрэлийг урьж ярилцсан билээ. ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцан төгссөн тэрээр 1979 оноос мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллаж байгаад,1990-1992 онд Нефть импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал, 1992-1996 онд НИК ХХК-д ерөнхий захирлын албыг хашиж, 1996 оноос одоог хүртэл “Петровис” ХХК-ний ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа юм. Нийгмийн өндөр идэвхтэй Ж.Оюунгэрэл захирал технологи, боловсролын салбарт олон арван төсөл санаачилж, хөрөнгө оруулж ирснийг Улаанбаатар дахь Бритиш Сургууль, LendMN финтек апп гэх мэт олон жишээнээс харж болно. Хүндэт зочин маань Unplug 2017-ийн тайзнаас элдэв хачиргүй илэн далангүй яриа, залуу сэтгэлгээгээрээ хуран цугласан 800 орчим залуусын урам зоригийг бадрааж, эрч хүчээр сэлбэснийг өнөөдөр толилуулж байна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Албан тушаал: Петровис ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч, Улаанбаатар дахь Бритиш Сургуулийн ТУЗ-ийн дарга, Петроматад ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн гишүүн, Mongolian Mining Corporation-ий ТУЗ-ийн гишүүн
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тааваараа, чөлөөтэй
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Macbook
Сошиал хуудас: Oyungerel Janchiv

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?

Залуу байхдаа их сууж ажилладаг, ажлаа сайн төлөвлөдөг байлаа. Одоо гүйцэтгэх ажил хийхээ больсон тул харьцангуй цагийн эрх чөлөөтэй болсон. Өглөө ажилдаа эрт ирэх, имэйлээ хурдан шалгах гэх мэт даалгавруудаас чөлөөлөгдсөн болохоор илүү тааваараа ажиллахыг эрмэлзэх болжээ. Харьяалагддаг, санаа тавьдаг олон байгууллага бий. Тухайн үед аль нь илүү чухал, анхаарлаа хандуулах шаардлагатай байна, тэр ажлууддаа хариуцлагатай хандахыг хичээдэг дээ.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?

Технологийн хөгжлөөс аль болох хоцрохгүйг л хичээнэ. Хоёр гар утастай, нэгийг нь ажилдаа, нөгөөг нь бусад хэрэгцээндээ ашигладаг. Мэдээж имэйл маш чухал. Гэхдээ залуучууд шиг ажилдаа ашигладаг олон янзын апп байхгүй. Сүүлийн үед гарч ирсэн монгол аппуудаас манай компанийн RedPoint, гар утсаар зээл олгох LendMN аппууд байна.

Танай өнөөдрийн арга хэмжээний "Шилдэг апп"-аар тодорсон LendMN-ий анхны хөрөнгө оруулагчдын нэг нь миний бие болон манай хүү юм. Үүсгэн байгуулагчдын санаа зорилго таалагдсан тул, гадаад зах зээлд хүч үзэх нөөц боломж байгаа харагдсан тул анх итгэж хөрөнгө оруулж байлаа. Хэдийгээр би энд тэнд яриад яваад байдаггүй боловч технологийн салбарт олон гарааны компаниудыг дэмжиж ирсэн.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Би бизнесийн салбарт 30 жил тууштай зүтгэж хөдөлмөрлөсөн. Одоо аль болох тааваараа, өнөөдрөөрөө амьдрахыг эрмэлзэж байгаа. Миний цаг хэмнэж буй нэг гол арга бол оролцмооргүй, хиймээргүй байгаа ажлуудаас зугтаах (инээв).

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ихэнхдээ гар утсандаа дээрээ хийх зүйлсээ биччихдэг. Зарим өдөр бичихгүй байх нь ч бий. Танай ярилцлагын зарим зочид бол үнэхээр мундаг ажлаа төлөвлөдөг юм билээ, тэдний дэргэд бол нэг их нарийн арга байхгүй (инээв).

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Энэ асуултыг бид нэлээд бодсон шүү. Бодоод байхад, хүн баярлуулах л миний хамгийн сайн хийж чаддаг зүйл юм шиг. Би гоё хоол хийгээд найзуудаа болон хүүхдүүдийнхээ найзуудыг урьж дайлах дуртай.

Гэхдээ бизнест бол өөр хэрэг л дээ. Хүн баярлуулна гээд гүйгээд байхаас илүү бизнес бол бизнес гэдэг зарчмаар хандана.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Шатахууны салбарын ууган хувийн компанийн хувьд бид бүх л зүйл дээр анхдагч, түүчээлэгч байхыг эрмэлзэж ажилладаг. Петровис ХХК салбартаа анх ISO 9001:2008 олон улсын стандартыг нэвтрүүлсэн, компанийн үйл ажиллагаанд санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, санхүү бүртгэлийн “Майкрософт Навишн” системийг ашигласан гээд олон жишээ бий. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Петровисийн хэрэглэгчдийн оноонд суурилсан урамшууллын RedPoint хөтөлбөр байна.

Хийж байгаа ажлууд маань бүхэлдээ л сайн сайхны төлөө, хөгжлийг хурдан авчрахын төлөө байдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сүүлийн үед интернэтээр ёстой есөн шидээр л хэлүүлж байх шиг байна.

Энэ оффшор гэдэг ойлголтыг бид нийтээрээ зөв ойлгох учиртай. 12 жилийн өмнө би Панама Пэйпирс-д дурдагдсан "Бату Майнинг" ХХК-ийг гадаадад хөрөнгийн бирж дээр гарах, амжилттай ажиллах ирээдүйтэй юм байна гээд 10 мянган доллараар хувьцааг нь авч байлаа. Гэвч хоёр жилийн дараа удирдах хүмүүсийн үйл ажиллагаа ил тод биш байсан учраас хувьцаагаа зараад гарсан.

Мөн газрын тосны хайгуулын Петроматад ХХК маань Лондонгийн Хөрөнгийн Бирж дээр гарахад Английн хуульд нийцсэн компани байгуулах ёстой тул тэр ёсоор англи саксони хуультай оффшор бүсэд компани бүртгүүлсэн юм. Ингээд гадаадын хөрөнгө оруулагчдаас 85 орчим сая доллар босгон, түүгээрээ Монголд 60 мянга та талбайд 10 орчим жил газрын тосны хайгуул хийж байна. Монголоос газрын тос олборлодог болбол бидэнд олон талын ашигтай. Энэ хооронд тус компанийн хувьцаа өсөж манай компани ашигтай ажилласан. Хайгуулын зардал маш өндөр тул эргээд ч мөнгө босгох шаардлагатай байгаа. Үүнд улсаас мөнгө авсан, засгийн мөнгө байршуулсан асуудал нэг ч байхгүй. Бид хувийн хөрөнгөө гаргаж, өөрсдөө гадаадаас хөрөнгө оруулалт татаж ийм том хэмжээний ажлыг хийж байгаа юм. Ийм л нөхцөл байдлыг тайлбарлахын оронд хулгайч, луйварчнаар дуудаад эхэлнэ гэдэг бол мэдээлэл маш дутуу, хөнгөн хуумгай байгаагийн илрэл. Оффшор гэдэг үгээр бизнес эрхлэгчдээ дарамтлахаас илүүтэй төрийн мөнгөөр хөлжсөн, авлига, хээл хахуулиа нуудаг хүмүүсийг шалгаж тогтоох ёстой байх. Энэ бол харин жинхэнэ гэмт хэрэг шүү дээ.

Энэ явдлаас үүдэн ер нь Монголын бизнесийн орчны талаар сайн мэдээлж байх хэрэгтэй юм байна, эерэг ололттой зүйлсийг нь буруу хуудуу зүйлсээс ялгаж салгаж тайлбарлаж байх хэрэгтэйг ойлгож байна. Энэ чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байгууллагууд холбогдож болно шүү гэдгийг энэ далимд дурдъя.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Байгууллагуудынхаа ТУЗ-ийн хурлуудад сууна, санал бодлоо хэлнэ, шийдвэр гаргахад оролцоно. Энэ хурлуудад бэлдэх нь бас багагүй цаг авдаг.

Мөн хамтарч ажиллах хүсэлтэй, хөрөнгө оруулалт хүсэж буй хүмүүстэй байнга л уулзаж байдаг. Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, зөв хандлагатай хүмүүстэй бололцоо байвал хамтарч ажилладаг, чадлаараа дэмжихийг хичээдэг.

Сүүлийн үеийн нэг жишээ дурдвал, залуучуудтай хамтран гарааны компаниудыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах нэг төсөл явж байгаа.

Мөн би саяхан "Ариун ном" ТББ-ын тэргүүнээр сонгогдсон юм. Энэ бол Бурхан багш гэгээрэлд хүрэхдээ хийж байсан випашяна бясалгалыг дэлгэрүүлэх зорилготой байгууллага. Хүн гэдэг өөрийн дотоод сэтгэл рүү тэр болгон гүн өнгийж хардаггүй юм байна л даа. Тэгвэл энэ бясалгал нь сэтгэл доторхоо ариусгах маш сайн арга юм байна гэдгийг өөрийн биеэр туршиж ойлгосон. Би Мьянмарт энэ бясалгалд 10 хоног сууж байлаа. Эхний 3 хоног ч үнэхээр хэцүү, болдог бол зугтчихмаар л байлаа. Харин тэр үеэ тэвчээд л 10 хоногоо гүйцээхэд үнэхээр сэтгэлээсээ асар хүнд ачааг аваад хаячих шиг болсон шүү. Одоо Монголд випашяна бясалгалыг хийдэг хүний тоо 10 мянгад хүрсэн байна. Энэ бясалгалын ач тусыг нь сайн түгээвэл энэ тоо олон дахин өсөж, нийгмийн бухимдал, хэрүүл маргаан, эрх мэдлийн төлөөх эрээ цээргүй тэмцлийг бага ч гэсэн эергээр өөрчилнө гэж найдаж байгаа учраас өвлийн бясалгалын төв барьж босгох ажилд анхаарлаа хандуулж байна.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Оросын романсуудыг сонсох дуртай. Үнэхээр гоё үгтэй. Мөн Bee Gees, Edith Piaf-ийн фэн. Италийн Андреа Вочели, Оросын Хворотовский нар байна. Монголоос бол Сарантуяа, Наран хоёрын дуунуудад дуртай. Наран миний хуурай дүү шиг л байдаг юм.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Сүүлийн үед нүдээ хайрлаад номыг аудио хэлбэрээр нь сонсох сонирхолтой болчихоод байна. Сүүлд жүжигчин Камерон Диазын The Body Book хэмээх номыг сонсож байна. Биеэ хэрхэн арчилж тордох, хэрхэн зөв хооллох, сэтгэлзүй ба бие махбодын харилцаа хамаарлын талаар өгүүлсэн ном байгаа юм.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би ихэнх хүнтэй нээлттэй байж чадна. Бодож байгаа зүйлээ ил шулуухан хэлчихдэг зантай хүн. Харин дүр эсгэсэн хүмүүстэй огт харьцахгүйг хичээдэг. Зарим хүмүүс надтай танилцаад та их дажгүй хүн байна гэдэг. Миний тухай юу гэж төсөөлж байсан юм бэ гэхэд их зантай, яравгар хүн байх гэж бодсон гэдэг юм.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Голдуу орой 23-24 цагийн үед унтаад өглөө 8-9 цагийн хооронд сэрдэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Олон байгууллагын ТУЗ-д байдаг учраас олон янзын ажлын байранд хуралддаг. Ажлын бус цагаар голдуу гэртээ байна. Чөлөөт цагаараа хоол хийж хүн урихаас гадна Netflix-ээр кино үзэх дуртай. The Good Wife, Suits, The Crown, Outlander, House of Cards зэрэг цувралуудыг үзэж байлаа. Мөн Game of Thrones-ийг бол алдахгүй үзнэ (Зааланд залуучууд уулга алдан алга ташив). Хүүхдүүдтэйгээ ямар кино зүгээр вэ гэж зөвлөлддөг болохоор тэдний маань нөлөө бий бий.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Сайхан хүмүүстэй уулзах, тэдний үйл хэргээс харж суралцах л урам зориг, эрч хүч авдаг хамгийн гол сурвалж юм даа. Би хийж бүтээхийн хүслэн болдог, том зорилготой, том мөрөөдөлтэй, дайчин хүмүүстэй уулзах дуртай. Өнөөдөр ч гэсэн би залуучууд та нараас урам зориг авах гэж ирлээ. Залуустай уулзахаар улс орныхоо ирээдүйд итгэх итгэл нэмэгддэг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Олон жилийн өмнө манай байгууллагын хоёр залуу хүн ойрхон дараалж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Тэр үед хүмүүс намайг байгууллагаа төлөөлөн ламтай уулзаж, ном уншуулах хэрэгтэй гэж зөвлөж байлаа. Улмаар би хүнээр дамжуулан Бакула Ренбүүчи багш дээр ороод учир байдлаа хэлтэл “Ном уншихгүй, бас уншуул гэж зөвлөхгүй, харин та бүхэн хамгийн сайн сайхан үйлийг хийхийг хичээж, бодолдоо ч муу муухайг халдаахгүй явах хэрэгтэй" гэж зөвлөсөн юм. Түүнээс хойш энэ үгийг сэтгэлдээ санаж явдаг болсон.

Тэр гэгээнтэн бас "Монголчууд над дээр хийсэн нүглээ цагаатгах гэж их орж ирэх юм. Нэг л хийсэн бол нүгэл гэдэг ном унших төдийгөөр арилна гэж үгүй шүү дээ” гэж ярьсныг санаж байна.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Хүн өөрөөрөө байх л хамгийн нандин чанар гэж боддог юм. Манай нийгэмд дүр эсгэгчид, байгаагаасаа өөрөөр харагдагсад олон болжээ. Миний хувьд ийм хоёр нүүртнүүдэд нэлээд харшилтай. Тэднийг танихдаа ч муугүй гэж боддог.

Өөрөөрөө байх тийм амархан биш л дээ. Гэхдээ мэдэхгүйгээ мэддэг юм шиг, чадахгүйгээ чаддаг юм шиг явахаас хавьгүй илүү шүү гэж захья даа.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

MCS-ийн Ж.Оджаргал захирлыг санал болгоё. Монголд хамгийн том бүтээн байгуулалтуудыг дэлхийн стандартаар босгож сүндэрлүүлдэг энэ эрхмээс сурах зүйл залууст асар их бий.

Гэрэл зургийг Х.Хантүшиг, Д.Ганзул

99507   19


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.