Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   11 сарын 15, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Forge-ийг үүсгэн байгуулагч, "2 Billion Under 20" номын зохиогч Стэйси Феррейра

Өнөөдөр бид саяхан Монголд ирээд буцсан энтрепренер бүсгүйтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэр бол бизнесүүдэд ажилтан авах, ажилтнуудынхаа цагийг зохицуулж илүү бүтээмжтэй байлгахад тусалдаг програм хөгжүүлэгч Forge-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стэйси юм. Түүний үүсгэн байгуулсан өөр нэг компани болох MySocialCloud.com Ричард Брэнсон зэрэг алдартнуудаас хөрөнгө оруулалт татаж байв. Стэйси 2015 онд нэрт энтрепренер, тэрбумтан Питер Тиэлийн санаачилсан, шилдэг залуу энтрепренерүүдийг хамруулдаг The Thiel Fellowship, 2016 онд Форбес сэтгүүлийн нэр хүндтэй “30 хүртэлх 30” жагсаалтад тус тус шалгарч байв. Мөн түүний бичсэн, миллениалууд дэлхийг хэрхэн өөрчилж байгаа тухай өгүүлэх “2 Billion Under 20” ном 2015 онд Амазоны бизнес манлайллын төрлийн шилдэг номын жагсаалтыг тэргүүлж байжээ. Зочин маань өнгөрсөн сард "Улаанбаатар" олон улсын кино наадмын дэлгэцнээ гарсан, өөрийн оролцон тоглосон "She Started It" баримтат киноныхоо нээлт бол АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан Girls STEM/Entrepreneurship Camp 2017-д оролцохоор ирсэн билээ. 

Байршил: Сан Франсиско
Албан тушаал: Forge-ийн хамтран байгуулагч, гүйцэтгэх захирал
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 15’
Сошиал хуудсууд: @StaceyFerreira (твиттер), Stacey Ferreira (Medium)

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Өдөр бүр өөр. Компани эхлүүлж, авч явна гэдэг тийм л байдаг шүү дээ. Ихэнхдээ даваа гарагийн өглөө 7.30-8 цагийн үед оффис дээрээ ирээд имэйлээ шалгана. Үйлчилгээтэй холбоотой, харилцагчдаас ирсэн, манай багийнхнаас ирсэн имэйлүүдэд хариу өгнө. 9 цагийн үед багийнхантайгаа босоо уулзалт хийдэг. Өнгөрсөн 7 хоногт юу хийв, одоо юун дээр ажиллаж байна, зарим зүйлс яагаад болсонгүй вэ, үүнийг яаж ирээдүйд засах вэ гэх мэтийг ярилцана. Тэгээд 9-12 цаг хүртэл харилцагчид руугаа залгана даа. Борлуулалтад би их цагийг зарцуулдаг. Үдээс хойших цагийг харин багийнхнаа дасгалжуулах, чадавхжуулахад зориулдаг.

Амжилт гэдэг багаас л шалтгаалдаг. Хүмүүст хийж байгаа зүйлээ маш сайн хийж чадна гэж зоригжуулж хурцалж чадвал тэд компанид илүү их үнэ цэнийг авчирдаг гэдэгт би итгэдэг. Тэгэхээр багийнхнаа хөгжүүлэх, дасгалжуулахад онцгой анхаардаг хэрэг. Юунд зорьж байгаагаа мэдэж, урт болон богино хугацааны зорилтууд тавих нь чухал.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ хуваалцана уу?

Манайх борлуулалт дээр Salesforce аппийг ашиглана. Хэн бидний имэйлийг уншиж байна гэдгийг харж эргээд тэдэнд борлуулалт хийхэд Salesforce Inbox хэрэг болдог. Мөн бид харилцаа холбоогоо Slack-аар явуулдаг.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Өөрөөсөө илүү ухаантай нэгнийг ажилд авах. Ингэвэл бизнесийн олон асуудал шийдэгддэг шүү. Би хүмүүст өөрийгөө харуулж, гялалзах боломжийг олгохыг эрмэлздэг юм.

Мөн Compartmentalize буюу яг одоо өөрийн удирдаж чадахгүй зүйлд санаа зовохгүй байх. Хагас сайны орой найзуудтайгаа сууж байхдаа энэ улиралд ч борлуулалтын зорилтдоо хүрэхгүй нь дээ гэж санаа зовох нь үнэхээр зөв гэж үү? Тухайн үед бид энэ талаар ямар нэг юм хийж чадахгүй шүү дээ. Би ганцаараа ч энэ зорилтод хүрч чадахгүй. Тиймээс иймэрхүү үед ажлаа зүгээр л хажуудаа тавих хэрэгтэй.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Ихэвчлэн Мак-ийнхаа Notes дээр тэмдэглэдэг. Бас цаас үзэг ч ашиглана. Мөн нэг дэвтэр дээр хүмүүстэй хийсэн дуудлагуудынхаа тэмдэглэлийг хийдэг. Гараар бичих нь юм хоногшуулдаг сайн талтай.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би том зорилго тавьж, тэр зорилгын дор хүмүүсийг нэгтгэхдээ сайн. Чадварлаг хүмүүсийг таньж, тэдэнд юу хийх гэж байгаагаа итгэн үнэмшүүлж багтаа элсүүлэхдээ сайн гэж хэлж болох юм. Би дэргэд нь байхыг хүсэж буй хүмүүстэйгээ нэг баг болсон. Тийм ч учраас оффис дээр их цаг өнгөрүүлэх дуртай байдаг байх.

Харин гэрт бол найз залуу маань намайг ямар ч чадваргүй гэдэг (инээв). Би бүх л энергиэ ажилдаа зарцуулчихдаг байх. Өглөө босоод шүршүүрт орчихоод л оффис руугаа явна. Орой ирээд хоол хийж иднэ гээд гэртээ 3-4 цаг л байдаг юм байна.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Би ахтайгаа компани байгуулсан, бас ном бичсэн туршлагаасаа хүмүүсийн ажлын талбар дээрх зан төлөв эрс өөрчлөгдөж буйг анзаарсан. Ингээд би 9-18 цаг хүртэл ажлын цагийг тогтоохын эсрэг бодолтой болсон. Ингээд жижиглэнгийн салбарт ажиллаж буй хүмүүс яаж ажилладаг юм бол гэж сонирхож, нэг найзтайгаа ярилцаж суутал “Надад ажлын ямар ч уян хатан нөхцөл байдаггүй. Менежер маань хуваарь өгөөд л би түүний дагуу ажиллах ёстой байдаг” гэсэн юм. Гэсэн ч тэр UBER-ийн жолоочоос бага мөнгө олдог. Эндээс л жижиглэн худалдааны салбарт ажилладаг хүмүүст хэзээ ажиллахаа сонгож болдог софтвер бүтээх санаа төрсөн хэрэг.

Өөрчлөлт амархан хийгддэггүй хөшүүн салбаруудад борлуулалт хийнэ гэдэг амаргүй. Жижиг дунд бизнесийн эзэд маш завгүй байдаг. Хүмүүс гараад явчих үед тэд өөрсдөө бас ажиллана. Борлуулалт хийхийн тулд бид тэдний үнэт цагаас хумслах нөхцөл байдал үүсдэг.

Мөн бид стартапын хувьд авсан хөрөнгө оруулалтаараа тийм ч удаан үйл ажиллагаа явуулж чадахгүй. Жижиг багтай орлогоо нэмэгдүүлнэ гэдэг байнга л амаргүй байдаг. Маш ихийг хийх ёстой болно. Багийн гишүүдээ цагаа зөв ашиглаж байгаа эсэхэд анхаарна. Хүмүүс сайт дээр маань сэтгэл ханамжтай үйлчлүүлж буй эсэхэд анхаарна. Бид компаниудаас орлого олох тул тэдэнд таалагдахын тулд их цаг, энерги зарцуулах шаардлагатай.
Гэхдээ бид энэ бизнесийг уян хатан бус нөхцөлд ажиллаж буй хувь хүмүүст зориулж гаргасан. Өөрөөр хэлбэл орлого олохгүй хүмүүстээ зориулж гаргасан гэсэн үг. Тэгэхээр компани болон тэдний ажилчдад аль алинд ашигтай байх балансыг олж явах ёстой нь нэг сорилт байдаг.

Гэхдээ хүндрэл бэрхшээл гэхээсээ сайн сайхан тал нь мэдээж илүү. Би маш олон гайхалтай компанитай ажиллах боломжтой байдаг. Эдгээр дунд нэр хүндтэй том брэндүүд ч бий. Үйлчлүүлэгч нартайгаа харилцаж, тэдэнд хүний нөөц дээр нь тусалж байгаадаа баяртай байдаг юм. Өглөө харилцагчидтайгаа уулзах гэж л үнэхээр тэсэж ядан босдог шүү. Өнөөг хүртэл энэ компанийг босголцсон, хөрөнгө оруулсан бүх хүмүүстээ талархаж явдаг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо Forge-ийнхоо борлуулалт дээр л төвлөрөн ажиллаж байна. Орлого олохгүй байгаа бол чамайг бизнес хийж байна гэж хэлэхгүй. Яг үүнтэй адил чамайг ашигтай ажиллаж, өргөжин тэлж чадахгүй байгаа бол сайн бизнестэй гэхгүй. Хамгийн чухал зүйл бол орлогоо нэмэгдүүлж, тасралтгүй өргөжих. Бид жил хагасын турш бүтээгдэхүүнээ хөгжүүлж, брэндээ сурталчилж, маркетинг идэвхжүүлэлтийн олон ажил хийсээр байна. Харин одоо бол бидний өргөжих ёстой маш чухал үе. Тиймээс миний хувьд энэ ажил дээрээ л гол анхаарлаа хандуулаад явж байна даа.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрчтэй болгодог вэ?

Сүүлийн үед The Chainsmokers-ийг их сонсдог болсон. Бас Жон Беллион хэмээх дуучинд үнэхээр дуртай. Бараг хэн ч мэддэггүй, инстаграм дээр дөнгөж 2000 орчим дагагчтай байхад нь манай найз надад дууг нь санал болгож байсан юм. Тэрнээс хойш Жон ч од болж, дуу нь Billboard-ийн топ 20-д хүртэл орсон санагдаж байна. Одоо байгаа түвшиндээ иртэл түүнийг хэрхэн хөгжиж сайжирч байсныг дэргэдээс нь харж байсан болоод тэр үү цаанаа л нэг дотно санагддаг. Энэ дуучны “Human Condition” хэмээх цомгийг санал болгоё. Бүх дуу нь гоё учраас хамгийн гоё гэж нэгийг сонгоход ч хэцүү байна.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Саяхан “Sales Development Playbook” гэх номыг уншиж дуусгасан. Ер нь ном унших явцдаа таалагдсан юм уу хэрэгтэй зүйлсээ тодруулаад явчихдаг. Хажуугаар нь бас өөрийн санаа, сэтгэгдлийг тэмдэглэдэг. Мөн “Competitive Strategy” гэх Майкл Портерийн гаргасан, бизнесийн орчинд нэлээн алдартай, гарын авлага болсон номыг эхлүүлээд явж байна.

Уран зохиолын ном тийм ч их уншаад байдаггүй. Магадгүй юу ч хийсэн, байнга л алдагдсан боломжийн өртгөө бодоод, янз бүрийн дүгнэлт, шинжилгээ хийж байдагтай холбоотой болов уу. Жишээ нь, уран зохиолын ном уншихын оронд бизнес, санхүүгийн талаар шинэ юм сурч болох шүү дээ гэх мэтээр бодогдох нь бий.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд хэрхэн нөлөөлдөг вэ?

Тухайн өдрөөсөө л шалтгаална даа. Гэхдээ ерөнхийдөө бол илүү нээлттэй хүн гэж бодож байна. Хүмүүстэй ярилцах, тэднийг таньж мэдэх нь миний хувьд их сонирхолтой байдаг. Ажлын шаардлагаар заримдаа хэрэглэгчидтэйгээ утсаар яриад 10 гаруй цаг болчихсон байх ч үе бий. Ийм тохиолдолд гэртээ хариад хэнтэй ч юу ч ярихгүй хэвтмээр санагддаг шүү.

Миний энэ зан чанар ажилд маань эергээр нөлөөлдөг. Учир нь компани удирдан авч явахад зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь бусадтай харилцах чадвар шүү дээ. Аливаа зүйлсээс зугтааж, халгалгүйгээр асуудлыг дор дор нь шийдвэрлэж явах нь чухал.

Гэхдээ энэ нь өөрт бодогдсон, санагдсан зүйлсээ нууж хаалгүйгээр хамаагүй ярина гэсэн үг биш юм. Карьерынхаа эхэн үед би яг энэ алдааг гаргаж явсан ч удалгүй өөрийнхөө хэлэх зүйлсэд шүүлтүүртэй хандах хэрэгтэйг ойлгож авсан. Учир нь зарим хүмүүс таны яриаг сонсоод сандарч түгшиж байхад зарим нь эрч хүч, урам зориг олж авч болно. Тиймээс хэнд юу хэлэхээ сайн бодож, шүүлтүүртэй ярьж сурах хэрэгтэй.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Би ер нь бол өглөөний хүн. Өчигдөр л гэхэд 11:30 гэж унтаад үүрээр 4:30 гэж сэрсэн. Ихэвчлэн энэ цагуудад унтаж сэрдэг. Заримдаа ажилдаа явахын өмнө фитнесст явах нь бий. Гэхдээ үүнийгээ ч аль болох эрт хийж, эрт ажилдаа очихыг эрмэлздэг. Ингэснээр хүмүүс ирэхээс өмнө өөрийгөө ажлын өдөрт бэлдэж чаддаг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Фитнесс клубээс байж магадгүй. Хааяа нэг дуртай зүйлээ захиалж аваад ном уншин өдрийг барах дуртай. Инээдмийн шоу бас их үздэг. Америкийн ток шоу хөтөлдөг Жимми Киммел, Жон Оливерийн фен. Аа бас, пүрэв гараг бүр янз бүрийн ресторан, хоолны газруудыг хайж, өмнө нь идэж үзэж байгаагүй хоолоо захиалж, шинэ газар туршиж үздэг юм байна.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Иймэрхүү асуултад хүмүүс Элон Маск, Ричард Брэнсон гэх мэт хүмүүсээс урам зориг авдаг гэж хариулах нь олон. Харин миний хувьд тэдгээр хүмүүсийн хийж буй зүйлс минийхээс хэмжээний хувьд ч тэр, салбарын хувьд ч тэс ондоо тул мундаг юм аа гэж бодохоос биш яг тэднээс суралцаад, газарт буулгаад хэрэгжүүлэх зүйлс олж хардаггүй. Тэдний оронд надаас нэг алхмаар илүү яваа, бизнесээ тодорхой хэмжээнд амжилттай авч яваа залуусаас илүү их урам зоригийг олж авдаг. 10-50 сая долларын үнэлгээтэй компаниудын үүсгэн байгуулагчид бол ийм хүмүүст тооцогдоно.

Миний Ричард Брэнсоноос хөрөнгө оруулалт авсан түүх твиттерийн нэг жиргээнээс л эхэлж байсан юм. Түүний “Миамид ирж 2000 долларыг буяны үйлсэд хандивлан, надтай цуг коктейл уунгаа уулзаж болно шүү” гэсэн утгатай жиргээг хараад шууд холбогдох хаяг руу имэйл бичиж байлаа. Тухайн үед би дөнгөж 18 настай байсан болохоор коктейл уунгаа ярилцаж чадахгүй ч тантай уулзахыг хүсэж байна гэдгээ илэрхийлсэн имэйл явуулсан. Хариу ч удалгүй ирж, 2000-4000 долларыг хандивлаж чадахуйц, мөн Миамид ирэх бололцоотой бол хүрэлцэн ирэхэд нээлттэй шүү хэмээсэн. Гэвч компаниа дөнгөж эхлүүлэд байсан ах бид хоёрт нөгөө хандивлах мөнгө нь байтугай Сан Францискогоос Миами руу нисэх тасалбарын мөнгө ч байхгүй байлаа. Хамгийн түрүүнд аав руугаа залган тусламж асууж, учраа тайлбарлаж хэлтэл намайг зээлийг эргэн төлөх төлөвлөгөөг тусгасан бизнесийн санал шиг зүйл бичиж ир гэдэг байгаа (инээв). Тэгээд шөнөжингөө сууж түүнийг нь бичиж дуусгаад эцэст нь 3 сарын дотор эргэж төлөх нөхцөлтэйгөөр ааваасаа 2000 доллар зээлсэн. Миамид очсон гол зорилго бол Ричардын имэйл хаягийг л авах байлаа. Санаагаа танилцуулах хэрэгтэй ч чамд зөвлөж, чиглүүлж явах хүнтэй урт хугацааны харилцаа үүсгэх нь илүү чухал гэж бид бодсон. Буцаж ирээд шууд л имэйлээр компанийнхаа танилцуулгыг явуулж маркетинг стратегийн хувьд зөвлөгөө авмаар байна гэсэн утгатай имэйл явуулж орхисон. Ричард биднийг Жерри Мюрдок гэдэг АНУ-д венчур капитал пүүс ажиллуулдаг найзтайгаа уулзахыг зөвлөсөн юм. Энэ бүхний эцэст Жерри, Ричард болон тэдний найз Алекс манай компанид 1.2 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн дээ. Түүнээс л миний бизнесийн гараа эхэлсэн гэж хэлж болно.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Өмнө хэлсэн дээ, өөрөөсөө ухаантай хүмүүсээр багаа бүрдүүл. Энэ бол ялангуяа жижиг багт нэн чухал. Компаниа томруулахын тулд энгийн зүйлсийг шинэ хүмүүст заагаад байвал их л хэцүү байна байх. Компаниа хөгжүүлэхдээ чадварлаг хүмүүсээр багаа бүрдүүлж, тэднийг хөгжих, урагшлах боломжоор хангах хэрэгтэйг карьерынхаа эхэн үед ойлгосон.

Брэнсон зүгээр л "хөгжилтэй бай" л гэж зөвлөдөг юм. Брэнсоны "сонгодог" зөвлөгөө. Гэхдээ үнэн байх. Толгойгоо гудайлгаад, хийж байгаагаа орхиод, бүгдийг мартаад зугтаах шиг амархан зүйл байхгүй. Хийж байгаа зүйлээсээ "кайф" авахгүй бол яах гэж хийж байгаа вэ гэдгээ ахиад нэг санах хэрэгтэй байх.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Өөрийн сонирхлыг үнэхээр татаж буй, сэтгэлийг үнэхээр бадрааж буй тэр зүйлийг ол. Учир нь өөрийнхөө сонирхохгүй байгаа, дургүй ажлаа хийвэл тэр чинь чиний амьдралдаа хийх хамгийн хэцүү зүйл байх болно. Үнэт цагаа дурласан зүйлдээ зарцуулж чадвал цаг мөч бүртээ шинийг сурч, түүнийгээ дагаад хөгжих болно.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Мэдээж Ричард Брэнсон! Түүний галзуу өвөрмөц ажлын арга барилаас дэлхий дахин суралцаж байна шүү дээ.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

39905   5


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.