Апп Тойм   10 сарын 24, 2017

Ажил төлөвлөлтийн хамгийн сайн 5 апп-ийг харьцуулах нь

2006 онд LifeHacker вэбсайтын үүсгэн байгуулагч Жина Трапани хийх зүйлсийн жагсаалт гаргахад зориулагдсан, төлөвлөлтийн 17 сая гаруй апп байдаг хэмээн бичиж байжээ. Тэгвэл үүнээс 11 жилийн дараа тэр тоо улам нэмэгдсэн нь гарцаагүй. Энэ дундаас өөртөө таарсныг олох нь хүмүүсийн хэлдгээр "өвсөн дундаас зүү хайх"-тай адил байх. Тиймээс энэ удаагийн дугаараар бид хувийн төлөвлөлтийн хамгийн алдартай 5 апп-ийг сонгон авч харьцууллаа.

Энэхүү харьцуулалтанд Wunderlist-ийг багтаагаагүй нь зарим хүмүүсийг гайхашруулж магадгүй. Гэвч олон хүмүүсийн хувьд ашиглагддаг энэ апп-ийг Microsoft худалдан авснаас хойш хөгжүүлэлтийг нь зогсоосон билээ. Тиймээс ирээдүйд хэрэглэгчид нь өөр апп руу шилжих болов уу. Харин түүний оронд Wunderlist-ийн байр суурийг эзлэхээр зэхэж буй Microsoft To-Do апп-ийг танилцууллаа.

Хувийн төлөвлөлт, цагийн менежмэнтийн аппууд дундаа "архагт" тооцогдох Todoist нь дизайн, бүтэц, функц, хүртээмж гэх мэт олон талаараа давуу.

  • Улаан, цагаан өнгийг хослуулсан цэгцтэй дизайнтай. Ер нь ийм аппуудын хувьд хамгийн наад зах нь дизайн нь хүнд ойлгомжтой байх хэрэгтэй. Учир нь харж байгаа юмандаа дургүй бол яаж тэр дотор байгаа зүйлсийг хийх билээ? Өөр бусад өнгөний сонголттой ч тэр нь зөвхөн үнэтэй хувилбарын хэрэглэгчдэд нээлттэй.
  • Android, iOS, Windows, Mac, Web гэсэн 5 платформыг дэмжиж ажилладаг. Апп гэхээр зөвхөн утсан дээр ашиглана гэж бодох нь хязгаарлагдмал. Учир нь бид өдөр тутамдаа компьютер, утас, таблет гэх мэт олон зүйлсийг хэрэглэдэг тул хаана ч, хэзээ ч явж байсан тухайн өдрийн ажил, төлөвлөгөөгөө харж явах боломжтой байх нь нэн чухал.
  • Хийх ажлын жагсаалтанд зориулсан функцуудад нь ажлаа бүлэглэх, бүлэг бүрээ өнгөөр ялгах, ажил бүрийн дуусгах хугацааг оруулах, хэр чухлаар нь тэмдэглэх гэх мэт багтана. Хэрвээ үнэтэй хувилбар уруу нь шилжвэл жагсаалтаа бусад хүмүүстэй хуваалцах, сануулах цаг тохируулах, таг буюу хамааралтай үгсээр тэмдэглэх, файл оруулах зэрэг хэрэгцээт функцуудыг нээх боломжтой.
  • Мөн хэр их ажлыг хийж дуусгаж байгаа дээр тулгуурлан оноо өгч, графикаар таны бүтээмжийг харуулдаг. Өнгөрсөн 7 хоног, сарын ажлын бүтээмжээ харах, түүнээсээ суралцахад туслах бас нэг чухал функц юм.

Дээр дурдсанчлан зарим функцууд нь зөвхөн үнэтэй хувилбар дээр байдаг нь жаахан тиймэрхүү. Жилийн 28.99 $ бөгөөд хэрвээ үнэхээр тултал нь ашиглая гэж бодож байвал худалдаж авсан нь дээр болов уу.

Татах: iOS, Android, Windows, Mac

Ерөнхий загвар, мэдрэмжийн хувьд Wunderlist-тэй адилхан бөгөөд харьцангуй шинэ апп тул сайжруулах зүйлс олон бий. Мөн Microsoft-ийн апп тул Office програмуудтай хоршин ажиллахаас гадна үнэгүй болно.

  • Хийх зүйлсийн жагсаалт гаргадаг аппуудад байдаг жагсаалт үүсгэх, бүлэглэх, дуусах хугацааг заах зэрэг функцууд бий боловч Wunderlist-д байдаг жагсаалт дотор жагсаалт үүсгэх, файл оруулах, өөр хүнтэй хуваалцах, хийх ажлаа давтамжтай оруулах зэрэг функцууд одоо хүртэл байхгүй. Гэхдээ одоо хүртэл туршилтын хувилбар дээрээ яваа тул удалгүй шинэ нэмэлтүүд оруулах биз ээ.
  • "Чийдэн"-гийн дүрстэй функц нь таны хэвшил, хийсэн ажил зэрэг дээр үндэслэн дараагийн хийвэл зохих ажлуудыг харуулахаас гадна зарим ажлуудын цагийг өөрчлөхийг санал болгодог.

Харьцуулалтанд орсон бусад аппуудыг бодвол "түүхий" бөгөөд үнэхээр Wunderlist-г орлож чадах уу хэмээн олон хүний эргэлзээг төрүүлээд байгаа юм. Гагцхүү ирээдүйн нэмэлтүүд нь бусдын сайшаалыг хүртэх байх гэсэн таамаглал байна.

Татах: iOS, Android,

11 сая гаруй хэрэглэгчтэй Any.do апп Apple болон Play Store-оос санал болгодог аппуудын нэг юм. Олон хүмүүсийн хэлж байгаагаар хийх ажлын жагсаалт гаргах, төлөвлөхийн сацуу дадал хэвшүүлэхэд үр дүнтэй.

  • Дизайны хувьд Todoist-ээс илүү таалагдсан бөгөөд календарь, жагсаалт гэсэн хоёр хувилбараар хийх ёстой зүйлсээ харж болдог нь онцлууштай. Цэнхэр, цагаан өнгийн хослолтой бөгөөд өөр өнгөөр солихыг хүсвэл мөнгө төлөх шаардлагатай.
  • Бусад аппуудаас ялгарах зүйл нь "Moment" хэмээх өдөрт таны жагсаалтыг эхнээс нь харуулан дүгнэх, хянах боломжийг олгодог функц юм. Ямарваа нэг байдлаар хийх ажлын жагсаалтаа гаргасан ч түүнийгээ мөрдөлгүй зүгээр гаргаад л мартдаг хүмүүс цөөнгүй. Тийм учраас "Moment" нь үүнээс сэргийлээд зогсохгүй тухайн өдрөө дүгнэх бололцоог танд бүрэлдүүлж байгаа юм. Ингэж харуулахдаа Өнөөдөр, Дараа, Хийсэн, Устгах гэсэн 4 сонголтыг санал болгодог бөгөөд хувийн төлөвлөгөөгөө улам цэгцтэй болгоход бүр илүү тусалдаг. Гэхдээ харамсалтай нь үнэгүй хувилбарын хэрэглэгчид сард энэ функцыг таван удаа л ашиглаж болно. Бусад хүмүүстэй жагсаалтаа хуваалцах боломжтой ч энэ нь бас хязгаарлагдмал.
  • Ажлын жагсаалтандаа зураг, бичлэг зэргийг хавсаргах, дуу хураах боломжтойгоос гадна Dropbox-оос шууд файл оруулах сонголттой. Мөн чухал ажлаа "од"-оор тэмдэглэх, сануулах хугацаа тохируулах, сэрүүлэг шиг давтамжтай болгох, жагсаалт дотроо ахин жагсаалт үүсгэх зэрэг функцуудтай. Харин хязгааргүй хэмжээний файл оруулах, байршилд суурилан сануулга авах гэх мэтийг мөнгө төлж хэрэглэнэ.
  • Бусадтай мөн жагсаалтаа хуваалцах боломжтой. Магадгүй багаар цуг ажиллаж байгаа хүнтэйгээ хамт Any.do-г ашигладаг бол хамтдаа ажлын жагсаалтаа хараад явах нь.

Todoist-тэй адил үнэгүй хувилбар нь хязгаарлагдмал. Сарын 2.99 $ хэдий ч бараг байнгын хямдрал зарладаг тул үүнээс хямд үнээр ашиглах боломжтой.

Татах: iOS, Android, Desktop

Google-ээс гаргасан олон гайхалтай бөгөөд үнэгүй апп-уудын нэг Google Keep нь тэмдэглэл хөтлөх, жагсаалт гаргадаг хүмүүсийн дунд нэлээн эрэлттэй. Ялангуяа Google-ийн бусад Docs, Sheets, Goggles зэргийг хэрэглэдэг бол хамгийн тохиромжтой апп юм.

  • Зурагнаас харж байгаачлан энгийн дизайнтай, энгийн апп юм. Хэтэрхий олон үйлдэлд дургүй, тэднийг тэр болгон ашигладаггүй хүмүүс бол хамгийн түрүүнд туршиж үзэх хэрэгтэй. Илүү дутуу юм цөөхөн учраас маш хурдан.
  • Мэдээж бидний бодолцох ёстой том давуу тол "үнэгүй" гэдэгт оршино. Ердөө Google аккаунттай байхад л хангалттай. Тийм ч учраас багтаамжийн хувьд таны Google Drive-аас хамааралтай гэдгийг санаарай (цаанаасаа 15 GB багтаамжтай байдаг)
  • Зөвхөн хийх ажлын жагсаалт гэхээс илүү тэмдэглэл хийж болно. Evernote, Bear гэх мэт аппуудын хүчтэй өрсөлдөгч юм. Мөн зурган доторх текстийг бичвэр текст болгон хөрвүүлэх чадвартай.

Жагсаалтын хувьд зөвхөн "хаяг" буюу ерөнхий бүлгээр нь л ангилах боломжтой. Хайлтын систем, ангиллын систем тал дээр ер нь тааруу. Хэт их тэмдэглэгээ, жагсаалт гаргадаг хүнд түвэгтэй байх магадлал өндөр. Android, iOS, Вэб гэсэн зөвхөн гурван платформ дээр ажилладаг. Windows юм уу Mac-д суурилсан апп байхгүй нь оффлайн орчинд ажиллах нөхцөлийг хязгаарлаж байгаа юм. Гэхдээ вэб хувилбар нь вэб хуудсыг тэмдэглэж авч болдог давуу талтай.

Татах: iOS, Android, Chrome, Web

Todoist, Any.do-г бодвол арай энгийн, гэхдээ Google Keep-ийг бодвол арай олон функцтай "алтан дундаж" апп юм.

  • 2016 онд дизайнаа шинэчилснээс хойш харьцангуй хэрэглэхэд ойлгомжтой болсон.
  • Linux, Blackberry-г хүртэл дэмжиж ажилладаг тул ямар ч платформоос санаа зовохгүй ашиглаж болно.
  • "Remember the Milk" хэмээх "Сүү авахаа мартуузай" гэсэн нэртэй энэхүү апп-ийг гэр бүлийн гишүүд хоорондоо ашиглах нь элбэг. Ялангуяа цуглуулах хүнсний жагсаалт гэх мэт дээр. Ийм төрлийн аппууд дундаа нэлээн өндөр үнэлгээтэй.

Үнэгүй хувилбар нь бусад ажлын жагсаалт гаргадаг аппууд дээр ихэвчлэн байдаг "notifications" авах боломжгүй. Жишээлбэл, хийх ажлаа дуусгах хугацаа болсон бол мэдэгдэхгүй, эсвэл сануулах цаг тохируулах боломжгүй гэсэн үг юм. Үнэтэй хувилбар нь жилийн 39 $ буюу багагүй үнэтэй. Ерөнхийдөө жагсаалт гаргадаг аппуудад байх нийтлэг функцууд байгаа ч бусдаас ялгарах гойд функцгүй энгийн апп юм.

Татах: iOS, Android, Windows, Mac

Миний хувьд эдгээр аппууд одоохондоо Wunderlist-ийг давах хэмжээнд очоогүй байна гэж үзэж байна. Гэхдээ цаашид сайжирсаар байх биз ээ. Мөн өөр шинэ шинэ өрсөлдөгчид ч гарч ирэх нь дамжиггүй. Өмнө нь тоймлож байсан Wunderlist-ийн талаар унших:

Апп тойм: Wunderlist - Хийх зүйлсээ хэзээ ч мартахгүй

48429   5


НИЙТЭЛСЭН:

Бүтэд Оюунбилэг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.