Би хэрхэн ажилладаг вэ?

Би хэрхэн ажилладаг вэ? - Канадын Конкордиа их сургуулийн ассошиэт профессор, эдийн засагч Д.Лхагвасүрэн

08 сарын 09, 2017


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


50817   6




Доктор Д.Лхагвасүрэнгийн эдийн засгийн талаарх судалгаа дүгнэлтүүд, түүнчлэн цаг үеийн асуудлуудаарх санаа бодлыг нь сонсоход сонирхолтой бөгөөд бодууштай байдаг. Ховдод 10 жилээ, 1994 онд МУИС-ийг онолын физикээр, 1998 онд Хан-Уул дээд сургуулийг эдийн засгийн чиглэлээр төгссөн тэрээр Монголдоо хэд хэдэн газар ажиллаж байгаад АНУ-г зорьжээ. Ингээд 2001 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд эдийн засгийн магистр, 2007 онд Рочестерийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэргийг макро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр хамгаалж, түүнээс хойш өнөөг хүртэл Канадын Конкордиа их сургуульд дэд, ассошиэт профессороор ажиллаж байгаа бөгөөд макро эдийн засаг, хөдөлмөрийн эдийн засаг, эконометрикийн чиглэлээр дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд бүтээлээ хэвлүүлж, олон улсын нэр
хүндтэй хурлуудад олон арван илтгэл тавьж байжээ. Энэ хооронд мөн МУИС-д дэд профессор, 2015-2016 онд УИХ-ын даргын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байв. Д.Лхагвасүрэн докторыг бид ирэх долоо хоногт Канад руу дахин мордохоос нь өмнө амжиж ярилцлаа.

Байршил: Канад, Монтриал - Монгол, Улаанбаатар
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Конкордиа их сургуулийн ассошиэт профессор, Францын Статистикийн шинжилгээний их сургуулийн зочин профессор, Journal of Labor Research сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, Хараат бус судалгааны хүрээлэнгийн (IRIM)-ийн зөвлөх, Канадын тоон судалгааны СIREQ төвийн гишүүн
Хэрэглэдэг гар утас: Samsung S4 Mini
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13, Macbook Pro Retina 17
Сошиал хуудсууд: Pava Damba Lkhagvasuren (фэйсбүүк), Судлаачийн вэб хуудас

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хийж буй ажил, судалгаа маань надад өөрт л таалагдахгүй бол бусдад таалагдахгүй гэж бат итгэдэг. Тиймээс хийж буй ажил, бичсэн зүйлсээ дахин дахин эргүүлж, байнга сайжруулж явдаг. Яруу найрагч Ц.Гайтав нэг шүлгээ 100-150 удаа давтан бичиж сайжруулдаг байсан гэдэг. Яг л тийм арга барилаар бичиж байгаа зүйлээ сайжруулахыг хичээдэг.

Мөн судалгаа, ажлаа бусдад яаж амархан ойлгуулах вэ гэж их боддог. Ер нь Хойд Америкт how to present буюу ажлаа бусдад хялбархан ойлгуулахад их анхаардаг л даа. Анх Монголоос очиход энэ нь жаахан ядаргаатай санагддаг байсан ч сүүлдээ дадсан.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМ, АЖЛЫН ХЭРЭГСЛЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Маш их датан дээр ажилладаг учраас интернэт байнга ашиглана. Статистикийн Stata, Fortran, Matlab, LateX зэрэг софтвэйрүүд хэрэглэнэ. Microsoft Excel байна. Гар утсан дээр бол нэг их апп ашигладаггүй дээ. Фэйсбүүкд харин нэлээд идэвхтэй шүү. 2014 онд МУИС-д хичээл зааж байх үед оюутнуудтайгаа холбогдох гэж идэвхтэй ашиглаж эхэлсэн.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Миний хувьд хүмүүсийн сонирхохгүй судалгааны ажил руу орохгүй байхыг хичээдэг. Өөрөө хиймээр байвч, өөрийн сонирхдог сэдэв байлаа ч хүмүүс л сонирхохгүй бол үр ашиггүй шүү дээ. Хүмүүст хэрэгтэй, сонирхлыг нь татах сэдэв барьж авах нь цагаа хэмнэх хамгийн гол зүйл юм даа.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Хийж буй судалгааны ажлууд маань миний вэб дээр байдаг. Вэб рүүгээ ороод энэ ажил яаж байгаа билээ, тэр яагаад зогсчихсон билээ гэж бүртгэж явдаг. Ойр зуурын, өдөр тутмын ажлуудыг бол цаасан дээр юм уу утасныхаа Memo дээр тэмдэглэдэг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Хамт ажилладаг улс маань намайг дата дээр ажиллахдаа, модель бичихдээ эксперт гэдэг. Математик чадвар, шинжлэх харьцуулах чадварыг маань үнэлдэг хэрэг.

Харин би өөрийгөө хар ажил хийхдээ сайн гэж боддог. Хөдөө өсөж хөгшчүүлээс сургааль нэлээд сонссон болоод ч тэр үү, гурил зуурах, аяга угаах, түлээ бэлдэх гэх мэт амьдралын хар бор ажлуудыг түүртэхгүйгээр чанартай сайн хийдэг. Зугаатай ч байдаг, амралт ч болдог.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хойд Америкийн их сургуулиуд профессорын системтэй. Миний хувьд 2007-2014 онд дэд профессороор ажиллаж байгаад ассошиэт профессор болсон. Би судалгааны ажилд дийлэнх цагаа зарцуулдаг. Хичээл заахад 7 хоногт 8-9 цаг л зарцуулдаг байх.

Судалгааны ажил нь мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэж байж баталгааждаг. Судалгааны ажил хийнэ гэдэг нь тухайн чиглэлээр бусад хүмүүс, судлаачид юу хийснийг олж мэдээд, түүнийг нь улам хөгжүүлнэ гэсэн үг. Ажлаа мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх нь тэнд бол Rule of thumb буюу заавал хийх зүйл. Сургуулиас биднийг сайн сэтгүүлд л судалгаагаа хэвлүүлэхийг хүснэ. Сэтгүүлд хэвлүүлнэ гэдэг харин амаргүй. Нэг сэтгүүлд ажлаа явуулаад 6-18 сар хүртэл хүлээх нь бий. Шалгуур шүүлтүүр нь удаан явцтай. Удаан хүлээгээд хэвлэх боломжгүй гэсэн хариу сонсох нь олон. Тийм болохоор залуу профессорууд стресстэнэ. Ялангуяа ассошиэт профессор болохын тулд шаргуу хөдөлмөрлөх ёстой.

Миний хувьд эхний жилүүдэд тун ч амаргүй байсан. Маш их ажилласан. Унаган англи хэлтэй хүмүүстэй өрсөлдөж буй болохоор судалгааны ажлаас гадна англи хэлэндээ их цаг зарцуулах болдог. Бүтэн долоо хоног бичсэн 2, 3 параграф ямар ч хэрэггүй болох тохиолдлууд гардаг байлаа.

Миний мэргэшсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаа бол applied буюу хэрэглээ талын судалгаа. Онол ба датаг хослуулж, дата ажиллах загвар моделийг боловсруулна. Онол, дата хоёрын балансыг нь нарийн тааруулах ёстой байдаг. Тэгэхээр заримдаа зориг, мэдрэмж шаарддаг. Эдийн засгийн ухаан гэдэг нь өөрөө, судлаачид тал талд өөр өөр зүйл, онол ярьж явдаг болохоор шинэ дата, баримтад үндэслэсэн, аргумент сайтай судалгаанууд хийх ёстой болдог. Өрсөлдөөн ихтэй.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Одоо хоёр судалгаан дээр ажиллаж байна. Хүмүүсийн ажилласан жил нь ихсэх тусам цалин нь өсдөг. Тэр өсөлт чухам юунаас үүдэж байна вэ гэдгийг судалж байна. Ажиллах тусам хүн капитал нь улам нэмэгдэж байгаа болохоор цалин өсдөг гэсэн онол бий. Харин миний хувьд, ижилхэн ажил хийдэг хүмүүс байлаа гэхэд муу бүтээмжтэй нь ажлаас гарч, сайн бүтээмжтэй нь үлдээд байвал цалин өсдөг зүй тогтлыг судалж, энэ хамаарал хэдэн хувьтай байдгийг тогтоохыг хичээж байгаа юм.

Хоёр дахь судалгааны хувьд, улс орнуудын ажилгүйдлийн зөрүүг тайлбарлахыг хичээж байгаа. Ажлын байрны хөдөлгөөнүүд үүнд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судална. Одоо тоо баримтаа цуглуулаад явж байна.

Мөн нэг тооцооны арга буюу тэгшитгэл бодох арга зохиохоор ажиллаж байна даа. Үүнээс гадна докторын оюутнуудынхаа судалгаанд зааварчилгаа өгнө. Би докторын гурван оюутантай. Тэндхийн нэг ялгаа бол доктор болох эсэхийг судалгааны ажлын удирдагч нь голлон шийддэг. Манайд бол яамнаас томилсон комисс шийддэг шүү дээ.

ТАНЫХААР, МОНГОЛЫН АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫН ТҮВШИН ЯМАР БАЙГАА ВЭ?

Хоёр зүйл хэлж болно.

1. Ядуурал гэдэг бол харьцангуй ойлголт. Гэхдээ олон улсын стандартаар авч үзвэл, монголчууд баян оронд амьдарч буй ядуус хүмүүстэй ижил түвшинд байгаа. АНУ, Европ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд хөдөлмөрийн орлого нь ДНБ-ийхээ 60-70 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл Япон улс 100 иений бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүний 70 нь хөдөлмөрийн орлого болж өрхүүддээ хүрдэг. Миний тооцоолсноор, 2014 оны байдлаар манай үндэсний нийт бүтээгдэхүүний дөнгөж 22 хувь нь цалин хөлс байна. Хэрвээ өрхийн үйлдвэр үйлчилгээнээс олох орлогыг хөдөлмөрийн орлогод оруулаад хүчээр тооцвол энэ тоо дөнгөн данган 33 хувь хүрнэ. Монгол бол уг нь баян орон. Гэтэл Монголын нийт өрхүүд эх орондоо ядуу амьдарч байгаа нь хэр ойлгомжтой хэрэг вэ?

2. Social Mobility буюу нийгмийн шатаар дээш өгсөх боломж манайд тун тааруу болсон. Ухаан нь ядуу айлын хүүхэд өөрөө хичээгээд, сайн сураад ч дунд түвшинд, цаашлаад өндөр орлогод хүрэх боломж хаагдмал болоод байна. Урьд нь бол малчин айлын хүүхэд төрийн тэргүүн болох үзэгдэл манайд их байсан бол энэ боломж цаашдаа улам л багасах хандлага харагдаж байна. Нийгмийн шатаар дээш өгсөх боломж бололцоо хаагдмал байгаа ийм нөхцөлд ядуу хүмүүсийг хичээсэнгүй, эсвэл залхуу гэж хэлэх нь шударга бус. Саяхан би ядуурал, ажилгүйдлийг хүмүүсийн тэр бүр хараад байдаггүй өөр өнцгөөс харуулсан "Ажилд хүрэх зам" баримтат киноны багт зөвлөж ажилласан. Энэ киног гарахаар нь залуус үзээрэй гэж уриалъя.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Ажиллаж байх үедээ хуучны монгол кино тавьчихдаг юм. Дээр үеийн кинонууд чинь гоё хөгжимтэй. "Улаанбаатарт байгаа миний аав" гэхэд л хөгжим нь бараг тасардаггүй. "Гарьд магнай" гэхэд үг нь их хурц. Мөн Адарсүрэнгийн дуунууд, сүүл үеийнхнээс шинэхэн гавьяат С.Ганзоригийн дуунуудад дуртай. Уртын дуу бас сайхан.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Мэргэжлийн өгүүллүүдийг бол байнга л уншиж байдаг. Сүүлд Is China Buying the World гэх номыг уншсан юм байна. Саяхан Интерномоос Ц.Дамдинсүрэнгийн түүвэр, О.Дашбалбарын хүүгийн шинээр хэвлүүлсэн "Амьддаа бие биеэ хайрла" гэсэн хоёр ном авлаа. Миний ширээний номууд гэвэл, Д.Нацагдоржийн түүвэр, С.Эрдэнэ гуайн өгүүллэгүүд, гадаадаас Эрнест Хемингвэй. Мөн ширээн дээр "Яаж сайн бичих вэ?" гэсэн сэдэвтэй номууд нэлээд бий.

Д.Лхагвасүрэн докторын "Ажил" номын онцлох эшлэлүүдийг бид өмнө нь танилцуулж байсан билээ.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй талдаа хүн шүү. Гэхдээ дотроо бухимдаж явдаг зүйлс бол бий. Ялангуяа, учир мэдэх, боловсролтой, хариуцлагатай байх ёстой хүмүүс хариуцлагагүй байхад нэлээд бухимддаг. Би өөрөө ч хааяа хариуцлага алддаг байх.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Арай залуу байхад шөнө их сууж ажилладаг байлаа. Сүүлийн үед арай эрт сэрдэг болсон. Гэхдээ одоо ч нойроо хасах тохиолдол олон бий. Ажлын ачааллаас хамаарна. УИХ-д ажиллаж байх үедээ дарга орой нь утасдаад, маргаашийн үг бэлтгэх тохиолдолд шөнөжингөө суудаг байсан. Мэргэжлээсээ тэс хөндлөн сэдвээр ч гэсэн шөнөжин сууж бэлдээд, өглөө нь танилцуулах өдрүүд цөөнгүй байлаа.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Кино үзэх дуртай. Хуучны монгол, орос кинонууд, бас холливудын кинонууд. Киноны script буюу зохиолыг нь уншдаг. Монгол хүмүүстэй түүх ярих, Монголын урлаг соёлын талаар буу халах дуртай. Том зохиолчид, жүжигчдийн намтрыг гайгүй сайн мэднэ шүү. Ер нь хуучны юманд дуртай, консерватив талдаа хүн шиг байгаа юм.

Мэргэжлийнхээ сэдвээр мэргэжлийн хүмүүстэй ярилцах дуртай. Залуус юм асуувал тэдэнд цаг харамгүй зарцуулдаг. Ер нь Хойд Америкт том профессорууд оюутнуудтайгаа ярилцах дуртай байдаг. Эргээд оюутнуудаасаа ихийг сурдаг гэдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Эхнэр, хүүхэдтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацаанаас их эрч хүч авдаг юм шиг байна лээ. Тэднээсээ холдоод, ажлаар ийш тийшээ явахаараа, тэднийгээ санаад миний бүтээмж мууддаг. Мөн аав ээжийн минь туулсан зам, эмээгийн минь үг намайг харьцангуй хатуу, хуучинсаг хүн болгосон байх. Аав ээж хоёр минь хоёулаа өнчин өссөн улс. Тэдний хүүхэд нас, миний хүүхдүүдийн амьдрал газар тэнгэр шиг зөрүүтэй. Үүнийг би мартахгүй байхыг хичээдэг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

МУИС-д дөнгөж ороод байх үед Ч.Баярхүү гэж багш минь "Монгол жижиг, МУИС жижиг, багш нар чинь жижиг. Тэгэхээр чи энэ хүрээнд л эргэлдвэл бүр л жижиг болно. Тиймээс гадаад хэл дээр ном уншиж бай" гэж хэлсэн нь том цочроо өгч билээ. Улмаар англи хэлийг махран судалж, мэргэжлийн номуудаа ч сайн уншсан. 1994 онд төгсөхдөө дипломоо англиар бичсэн анхны оюутнуудын нэг гэгдэж байлаа. Тухайн үед, юм үзэж нүд тайлсан, бизнес нь амжилттай явж байсан Буянгийн Жаргалсайханы дуу хоолой залууст хүчтэй хүрдэг байлаа. "Залуу хүний зорилго тодорхой байх ёстой" гэсэн үгийг нь санаж, англи хэл сурахыг гол зорилгоо болгосон доо.

Монголд оюутнууд 1-2 курстээ хичээлээ сайн хийж, багш нартаа шахуулж байгаад 3-4 курстээ хичээл ном нь ч багасаад, тун хялбар болоод ирдэг. Тэгэхээр 3-4 курстээ өөрөө сайн бие дааж, мэргэжлийн номуудаа унших хэрэгтэй. Оюутан хүний гол ажил чинь бие даан суралцах л шүү дээ. Зөв ном олж уншихын тулд зөв хүмүүсээс чиглэл авах ёстой. Тэгэхгүй бол нийгмийн ухааны хичээлүүд Монголд сайн хөгжөөгүй байгаа тул буруу ном уншаад давхичихвал "будаа тээх" аюултай. Сайн багш нар бол оюутнуудыг чиглүүлэх л үүрэгтэй байдаг.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Сүүлийн үед хэрхэн амжилтанд хүрэх вэ гэсэн номууд их зарагдах болж. Гэхдээ тэр номуудад бичсэн бусад хүмүүсийн туршлагаас илүү чиний өөрийн туршлага илүү шүү гэдгийг захимаар байдаг. Өөрийн туршлага алдаанаас үүддэг. Алдаа нь хичээл зүтгэл, нөр хөдөлмөрөөс бий болдог. Хүний алдаанаас суралцах нь өгөөж багатай. Гэхдээ өөрийн алдаа ч бас үнэ цэнтэй олддогийг санууштай. Франк Синатрагийн My Way гээд дуу байдаг даа. Тэр дууны үгийг залуус мэдэх байх.

Монголын өнөөгийн нийгмийн хамгийн том асуудал бол авлига. Залуу хүмүүс ийм авлигажсан орчинд ямар хариуцлагатай байх вэ, үүнийг яаж шийдэх вэ гэдгийг нь өөрсдөө л ухаарч, өөрсдөө л учрыг нь олох ёстой болоод байна. Эргэн тойрны, дотны хүмүүс чинь хүртэл авлигад ямар нэг байдлаар оролцож байгаа. Ийм нөхцөлд яах вэ? 13-р зуунд, эсвэл одоо хөдөөний айлаас 100 хониных нь 20-ийг хулгайлаад явчихвал юу болохыг төсөөлж байна уу? Зодоон цохион байтугай юм болно. Гэтэл бидний татварын мөнгөнөөс тэр байтугайгаар нь хулгайлж байхад чимээгүй байгаад байна гэдэг дэндүү харалган хэрэг. Намайг залуу байхад бол эдийн засаг ядуу байсан, бидний асуудал өөр байлаа. Авлига бол өнөөгийн залуусын өмнө тавигдаж буй том асуулт. Бусдаар бол монгол залуус ямар ч ажлыг бариад авбал хийчих чадвартай гэж боддог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦАХЫГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ? 

ХҮН намын дарга асан С.Боргилыг санал болгож байна. Олон сэдвээр ярьж чадах, товч тодорхой үгтэй хүн болохоор залууст сонирхолтой байх болов уу.

Гэрэл зургийг Д.Ганзул

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.