Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   03 сарын 04, 2017

Доктор Д.Лхагвасүрэнгийн "Ажил" номын онцлох эшлэлүүд

Д.Лхагвасүрэн доктор бол дэлхийн макро эдийн засгийн "номер 1" сэтгүүл Journal of Monetary Economics-д бүтээлээ хэвлүүлсэн Монголын анхны эдийн засагч юм. Тэрээр АНУ-д докторын зэргээ хамгаалсныхаа дараа нэр хүндтэй Норвестерний их сургуулийн Санхүүгийн тэнхимд ахлах судлаач, үргэлжлүүлэн Канадын Конкордиа их сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшилж ассошэт профессор цол хүртжээ. Др. Лхагвасүрэн энэхүү номондоо, өөрийнх нь бичсэнчлэн, улс орнуудын засгийн газрын төдийгүй төв банкны хамгийн гол зорилт байх учиртай ажил эрхлэлтийн асуудлыг хөндөн, Монголын эдийн засгийн хаана нь түлхүү анхаарвал бусад олон асуудал дагаад цэгцрэх боломжтойг өгүүлжээ. Эдийн засгийн ойлголтуудыг сонирхолтой судалгаа, жишээнүүдээр дунд сургуулийн хүүхэд ч уншсан ойлгогдохоор тайлбарласан, нэг суугаад л уншчих хэмжээтэй энэ номоос бид дараах эшлэлүүдийг онцолсон юм.

1. Улс нь баян хэрнээ, дийлэнх иргэд нь ядуу улсыг хөгжилтэй гэхгүй. Түүнтэй адил, цөөн хэдхэн өрх нь маш өндөр орлоготой, бусад өрх нь ядуу улсыг хөгжилтэй гэж хэлэхгүй. Ямар нэгэн улс орны хэмжээнд хөдөлмөрийн бус орлого их байж болох ч дийлэнх өрхүүдийн орлого нь ажил эрхлэлтээс л хамаарна. Тиймээс, айл өрхүүдийн амьдрал бол тухай улсын хөгжлийн толь юм.

2. Нэг чинээлэг өрхийн орлого 1 сая төгрөгөөр өсөх, эсвэл дундаж орлоготой 10 өрх тус бүрийн орлого 100 мянган төгрөгөөр өсөх нь нягтлан бодох бүртгэлийн талаасаа адилхан боловч, эдийн засгийн хувьд ихээхэн ялгаатай үзэгдэл юм. Нэг чинээлэг айлын нэмэлт орлого нь гадаадын тансаг барааны эрэлтийг нэмэгдүүлж байхад, дундаж орлоготой арван өрхийн нэмэлт орлого нь дотоодын эдийн засагт илүү эерэг нөлөөтэй.

3. АНУ, Европ, Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд хөдөлмөрийн орлого нь ДНБ-ийхээ 60-70 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл Япон улс 100 иений бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүний 70 нь хөдөлмөрийн орлого болж өрхүүддээ хүрдэг. Миний тооцоолсноор, 2014 оны байдлаар манай үндэсний нийт бүтээгдэхүүний дөнгөж 22 хувь нь цалин хөлс байна. Хэрвээ өрхийн үйлдвэр үйлчилгээнээс олох орлогыг хөдөлмөрийн орлогод оруулаад хүчээр тооцвол энэ тоо дөнгөн данган 33 хувь хүрнэ.

4. Хүүхдүүдэд 0-5 настайд нь хөрөнгө оруулах нь хамгийн их эдийн засгийн үр өгөөжтэй болохыг эдийн засагч Хэкман тогтоожээ. Тиймээс залуу эцэг эхчүүдийн хөдөлмөрийн орлогод бид онцгой анхаарах ёстой.

5. 2013 оны Ажиллах хүчний судалгаа ашиглан хийсэн миний тооцоогоор Монголд нэгээр илүү хүүхэдтэй өрх нь дунджаар 12.3 хувь бага цалинтай байна. Өрх толгойлсон эхчүүдийн цалин хүүхдийн тооноос бүр илүү хүчтэй хамаарч байна. Жишээлбэл, хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эх нь нэг хүүхэдтэй өрх толгойлсон эхээс дунджаар 17 хувь бага цалин авч байна. Эдгээрээс үзэхэд манай улсын олон хүүхэдтэй өрхүүд үнэхээр бага орлоготой байна. Тиймээс, хүүхэд бүрд жигд мөнгө өгөх бус, харин олон хүүхэдтэй өрхүүдэд илүү мөнгө өгөх нь илүү үр ашигтай хөрөнгө оруулалт болно.

6. Сүүлийн үед дэлхий нийтийг зовоож буй нэг асуудал бол залуучуудын ажилгүйдэл юм. Манай ажилгүй иргэдийн 61 хувь нь 15-34 насны залуус, 82 хувь нь 45-аас доош насныхан байна.

7. Бид амин хувийн явцуу эрх ашигтаа хэт хөтлөгдөн монголчуудын нүүдэл суудалд сөргөөр хандах тал их байна. Зарим судлаачид хүртэл ийм үзэлд автаад хөдөлмөрийн зах зээлийн нөлөөг үл тооцон хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг сөрөг гэсэн яаруу дүгнэлт хийж байгаа нь буруу юм. Хүн амын шилжилт хөдөлгөөн нь хөдөлмөрийн бүтээмж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх сонгодог арга зам болох нь олон орны тоо баримтаар нотлогддог.

8. Ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа нь заримдаа хөдөлмөрийн зах зээлийн шинж төрхийг ажилгүйдлээс илүү илэрхийлдэг. Хоёр хотын ажилгүйдэл адилхан 7 хувь, харин ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа А хотод 4 сар, Б хотод 8 сар байвал ажилгүй хүн А хотыг сонгох нь лавтай. Монгол улсын ажилгүйдлийн үргэлжлэх хугацаа 14 сар буюу жил гаруй байна.

9. Ажилтай байсан хүмүүс ажилгүй болчихвол хуримтлуулсан туршлагынхаа ихэнх хэсгийг алдах болно. Хүн ажилгүй удах тусам тэр хэмжээгээр өмнө сурснаа алдана. Тиймээс ажилгүйдэл их байх тусам нийт ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмж буурч, ажилгүйдлийг цаашид улам ихээр өсгөнө.

10. Багш нарынхаа цагийг үнэлэхгүйгээр боловсролын салбараа олигтой өөд татах боломжгүй гэж би хувьдаа үздэг. Одоо ажиллаж байгаа багш нарын цагийг ариг гамтай ашиглах, мөн шинээр орж ирэх багш нарын эгнээг илүү чадварлаг хүмүүсээс бүрдүүлэхийн тулд багш нарын цалинг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой.

42547   3


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.