Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 28, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Apple-ийн ахлах инженер Б.Хасан

Алдарт Стив Жобсын үүсгэн байгуулсан, технологийн салбарыг үүрд өөрчилсөн, дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй Apple компанид 3 монгол хүн ажилладаг. Тэдний нэг бол таны өнөөдөр танилцах Б.Хасан юм. Програмчлалын улсын болон олон улсын олимпиадуудаас медаль хүртэж байсан тэрээр 2010 онд МУИС-ийн Математик, компьютерийн сургуулийг програм хангамжийн инженер мэргэжлээр төгсөн 2 жил ажиллаад, АНУ-ын Айова мужийн Махараши их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Үүний дараа Цахиурын хөндийд RocketFuel хэмээх инженерүүдээрээ алдартай компанид тэнцэн орж 2 жил туршлагажаад, "өөрөөр сэтгэгч” Apple компаниас ажлын ярилцлагад орох хүсэлт хүлээн авч, хэд хэдэн шатыг давж тэнд ажилд орж чадсан байна. Цахиурын хөндийн технологийн том компаниудад ажиллах нь тийм ч холын мөрөөдөл биш болохыг харуулсан “дотоодын бүтээгдэхүүн” Б.Хасантай бид амралтаараа Монголдоо ирээд байхад нь ярилцлаа.

Байршил: Сан Франциско, Цахиурын Хөндий,
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Apple-ийн програм хангамжийн ахлах инженер
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Төлөвлөх, том зургаар харах
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: Apple Macbook Pro 15'
Сошиал хуудсууд: Khasan Bold (линкедин), Khasan Bold (фэйсбүүк)

Таны ажлын онцлох арга барил?

Би аливаа ажлыг хийхдээ хамгийн түрүүнд үүнийг хийснээрээ юу сурч болох вэ гэдгийг нь хардаг. Өөрийгөө сайжруулж, өөрийнхөө түвшинг дээшлүүлэхүйц чухал ажлыг хийхийг үргэлж эрмэлздэг. Үүний дараа хийж буй зүйл маань ямар ач холбогдолтой, ямар хэрэгтэй вэ гэдгийг том зургаар нь харж, ойлгохыг хүсдэг. Хийсэн зүйл маань хаана очиж, юутай нийлж, юуны нэг хэсэг болж байгааг мэдэж байж, хийж байгаа зүйлийнхээ мөн чанарыг ойлгож, түүнд таарсан шийдэл олох боломжтой болно.

Менежерүүдийн өгсөн даалгаврууд дээр яг л энэ зарчмаа баримталдаг. Илүү хэцүү, сорилт болохуйц ажлуудыг сонгож хийхийг илүүд үздэг. Менежерүүд маань инженерүүдийн ийм сонголтыг хүндэтгэж, хүн хүнд нь таарсан даалгаврууд өгдөг нь Apple-ийн нэг давуу тал байж магадгүй. Энийг л хийнэ, үгүй бол хийхгүй гэхэд хэсэг ятгах гэж үзээд л өнгөрдөг юм.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай аппликэйшн, програм, ажлын хэрэгслээсээ нэрлэнэ үү?

Багийнхан маань HipChat ашиглаж хоорондоо харилцана. Өөрсдөө хөгжүүлж байгаа учир мэдээж iMessage их хэрэглэнэ. Slack-ийн хэд хэдэн групптэй. Найзуудтайгаа бол Фэйсбүүк мессенжерээр голцуу харилцдаг. Quora-г нэлээн уншина шүү.

Ажил дээр бол шүүгээ дүүрэн iPad, iPhone-ууд байдаг юм. Туршилт, тест хийх зориулалтаар л даа. Apple-ийн хувьд шинээр гаргаж буй үйлдлийн систем, програмуудаа эхлээд инженерүүдээрээ туршуулж, алдааг нь илрүүлж засаж байгаад WWDC гэх мэт эвентүүдээр олон нийтэд зарлаж, хөгжүүлэгчдэдээ нээлттэй болгодог. Дэлхий даяарх 2.3 сая хөгжүүлэгчид тодорхой хугацаанд ашиглаж, туршсаны дараагаар энгийн хэрэглэгчдэд зориулсан хувилбараа гаргадаг юм. Хамгийн сүүлд iOS 11-ийг яг л энэ зарчмын дагуу хөгжүүлж байна.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Б.Хасангийн баг Apple-ийн төв оффис байрлах, Стив Жобсын сүүлийн бүтээл -Apple Park-д удахгүй нүүж орох ба одоогоор Microsoft-ийн байрыг түр түрээслэн ажиллаж байгаа гэнэ.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Хийх зүйлсээ тодорхой болгоод эмх цэгцтэй, зохион байгуулалттай ажиллах нь цаг хэмнэдэг гэж боддог. Миний хувьд бэлтгэлээ сайн хангаад 2-3 цаг яг таг төвлөрч суухад гол ажлуудаа нугалж чаддаг. Өдөр 1-4 цагийн хооронд, эсвэл орой хүмүүс явсны дараа жаахан суухад гол ажлуудаа гараас гаргачихдаг юм.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ? 

Гар утасныхаа Reminders дээр хувийн ажлуудаа жагсаана. Мартахгүйн тулд тун энгийн байдлаар жагсаагаад л биччихнэ. Ажил дээрээ бол энгийн шар стикерүүдийг дэлгэцээ тойруулаад наачихдаг юм. Хийж дууссан ажлуудтай цаасаа хуулж аваад явчихдаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Сүүлийн 10-аад жил матемактик, алгоритм, програмчлалын бодлого бодож байна. Цэвэрхэн, цэгцтэй, үр ашигтай код бичихэд их ач холбогдол өгдөг. Codechef-ээс сар бүр зохиодог тэмцээнд хоббигоороо бэлтгэл хийж, тогтмол оролцдог. 10 хоногийн 10 бодлоготой той тун сонирхолтой тэмцээн байдаг юм. Анх их сургуульд нэг мөр ч код бичиж үзээгүй орж байсан ч төгсөхдөө үндэсний програмчлалын олимпиадаас алт, мөнгөн медальтай, олон улсын олимпиадаас багаараа медальтай болсон байсан. Сүүлд Америкт ирээд одоо Фэйсбүүкт ажиллаж буй Э.Хонгортойгоо хамт нэг олимпиадад байр эзлээд, Цахиурын Хөндийгөөр үнэгүй аялж байлаа. АНУ-д сайн ажилд ороход ч миний энэ чадвар тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх гэж боддог.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Миний хувьд Apple-д APNS баг буюу App Push Notification Systems-ийн багт инженерээр ажилладаг. 10 хүрэхгүй хүнтэй манай баг төхөөрөмж хоорондын харилцаа холбоог зохицуулах үүрэгтэй. Apple-ийн бүх бүтээгдэхүүн хоорондын харилцааг хамгийн үр ашигтай, найдвартай, алдаагүй ажиллуулах нь манай эрхэм зорилго. iMessage, Facetime зэрэг бол манай системийн нэг хэсгийг ашиглаж бүтээсэн бүтээгдэхүүнүүд. Үүнээс гадна Apple Watch-аас iPhone-ийнхоо түгжээг тайлах гэх мэт олон үйлдэл багтдаг. Дэлхий даяарх Apple-ийн хэдэн тэрбум төхөөрөмж хоорондын мессеж, харилцааг зохицуулж буй апп, програмуудыг хөгжүүлж байгаа гэдгээрээ тун хариуцлагатай ажил. Сүүлийн 5 жилийн турш яг энэ distributed systems-ээр нэлээн мэргэшиж байна.

Apple бол бусдын хийсэн юмыг ашигладаг газар биш. "Бид ирээдүйг бүтээдэг" гэсэн сэтгэлзүйгээр ажилладаг. Тухайн хийж байгаа зүйлсээ илүү хөгжүүлж, салбараа дараагийн шатанд нь аваачих зорилготой ажилладаг. Хүний гаргасан замаар алхах бус, замгүй газар зам тавина гэдэг их том сорилт болдог шүү. Стартап компаниудын хувьд аль болох хурдан ажиллахын тулд, мөн нөөц харьцангуй багатай учир байгаа юмсыг шууд ашиглаад явахыг илүүд үздэг юм билээ. Үүнийг 3 жил стартап компанид ажиллаж байхдаа анзаарсан.

Цахиурын хөндийн бусад технологийн компаниудтай харьцуулахад Apple их хаалттай, нууцлалыг нэгт тавьдаг газар. Маш олон жижиг, жижиг багтай. Ажлууд нь салангид явагддаг. Багууд өөрсдийн үүргээ л гүйцэтгэх нь гол байдаг. Миний хувьд iMessage-ийн арын албанд хэчнээн ажилласан ч урд фронт энд тал дээр буюу харагдах тал дээр ямар өөрчлөлт орж байгааг мэддэггүй байх жишээтэй. Бусад компаниуд шиг хийж байгаа ажлаа, төслөө эхэлж зарладаггүй нь ч үүнтэй холбоотой байх. Ажил дээрээ өөр сэдвийн талаар ярьсан ч бусад инженерүүд маань нууцлалын гэрээ хийсэн үү, ярих зөвшөөрөлтэй юу гэдгээ шалгаж байж ярилцдаг. Би барилгынхаа эхний 2 хаалгыг онгойлгож чадах ч 3 дахь хаалгыг нээж чадахгүй. Зочид уривал эхний хаалга л онгорхой болохоос 2 дахь нь хаалттай. Давхар бүр лүү тусгай зөвшөөрлөөр нэвтэрнэ. Яах гэж орж байгаа, ямар зорилготой байгаа зэргийг нь их асуудаг, нууцлал ихтэй, харьцангуй хаалттай байгууллага шүү.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Сүүлийн үед HomeKit буюу гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүдтэй холбогдож ажилладаг апп дээр анхааран ажиллаж байна. Apple-ийн бүх төхөөрөмжүүд дээр найдвартай, үр ашигтай харьцаж ажилладаг байх ёстой. Түрүүнд дурдсан нууцлалын асуудалтай холбоотойгоор хийж байгаа ажлаа нарийвчилж ярьж болохгүй л дээ (инээв).

Мөн ажлынхаа хажуугаар Америкт, технологийн компанид ажилд орохоор төлөвлөж байгаа залуустайгаа холбогдож, чадлаараа зөвлөгөө өгдөг. Би Apple-д ажилд орохынхоо өмнө хэд хэдэн удаа "бүтэлгүйтэж", татгалзсан хариу авч байсан учир залууст сургамжаасаа хуваалцаж, зөвлөхийг хүсдэг юм. Том компаниуд ажилд шалгаруулах гэж нэлээн юм болдог. Миний хувьд өмнө ажиллаж байсан Rocketfuel компани маань сайн инженерүүд бэлддэг, топ компаниуд ажилтан "урвуулдаг" газар байсан. Apple-аас 2015 оны эхээр холбогдож, бодлого бодож, утсаар ярилцлага өгсний дараа л анх инженерүүдтэй нь нүүр тулж уулзсан. 6 ч инженертэй уулзаж, өөр өөр төрлийн алгоритмын бодлого бодсоны дараа ур чадвараараа тэнцэж, менежерүүдтэй уулзах эрх авсан. Менежерүүдтэй хийсэн өдрийн хоолны уулзалтын үеэр хаана ажиллах вэ, ямар үүрэгтэй байх вэ, хэрхэн ажиллах вэ гэдгээ тохирсны дараа л сая ажлын санал авсан шүү. Тэгэхээр залууст бэлдэх цаг, мэдэх зүйл их хэрэгтэй.

Миний хувьд яг одоо өөрийгөө төрөл бүрийн чиглэлээр сорьж, янз бүрийн орчинд ажиллаж, өөр өөр салбарууд сонирхож буй туршилтын үедээ яваа "төөрсөн бадарчин" гэж зүйрлэж болно. Монголдоо ч ажиллаж үзлээ, Америкт стартапд ч ажиллаж үзлээ, одоо топ компанид ажиллаж байна. Компьютерийн шинжлэх ухаан өөрөө олон чиглэлтэй. Хиймэл оюун ухаан, дата аналитик, machine learning зэрэг тренд болж буй чиглэлүүдийг сурч мэдэхийг хүсэж байна. Ирэх 10 жилийн дотор өөрийнхөө хамгийн сонирхсон чиглэлийг олж, барьж аваад мэргэших төлөвлөгөөтэй.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ? 

Оюутан байхдаа бодлого бодохоо хөгжим сонсдог байсан. Гэхдээ сүүлийн үед ажиглаад байхад яг шийдэл олох гэж толгойгоо гашилгаад суухдаа чимээгүй орчинд байхыг илүүд үздэг болсон байна лээ. Гэхдээ яг гүйцэтгэл хийж байхдаа буюу код бичихдээ бол хөгжим сонсдог. Яг нарийн төрөл жанр ялгаж сонсохгүй, тухайн үедээ ямар хөгжим таалагдаж байна, түүнийгээ дахин дахин давтаж сонсдог байх. Транс хөгжим голчилж сонсдог юм байна.

Таг яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Сүүлийн жил гаруй хугацаанд санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийг нэлээд сонирхож байгаа. Яг одоо бол Бенжамин Грамын "The Intelligent Investor"-ийг 3 дахиа дахин уншиж байна. Үе үеийн хөрөнгө оруулагчдын ширээний ном болсон энэхүү сонгодог бүтээлийг унших бүртээ шинэ санаа авч байгаа шүү. Дараа нь Security Analysis гэдэг номыг нь унших гээд төлөвлөсөн байгаа.

Манай мэргэжилд аливаа хэл, програмууд асар хурдан хөгжиж, шинэчлэгддэг учир ажилтай холбоотой асуудлуудаа ном худалдаж авалгүй, интернэтээр уншиж судалдаг. Java-тай холбоотой ном уншаад дуусаагүй байтал шинэ хувилбар нь гараад бүх зүйл нь өөрчлөгдчихөж мэднэ. Тэгэхээр өөрийн сонирхолтой холбоотой номуудыг л худалдаж авдаг юм. Өглөө бүр Hacker News-ээс салбартаа болж байгаа мэдээ, мэдээллийг уншиж сонирхдог.

Алгоритм, дата бүтцийн талаар сонирхож байгаа залууст яг одоо нэлээн эрэлттэй байгаа нэг ном санал болгоё. А.Лаакссонен гээд зохиогч залуутай нь 2013 онд танилцаж байсан юм. Энэ 6-р сард эхний драфтаа онлайнд нээлттэй болгосныг уншаад үзэхэд илүүдэхгүй.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би их нээлттэй хүн. Хүмүүстэй ярилцаж, тэдний түүхийг сонсох дуртай. Өөрийнхөө туршлагыг ч гэсэн хуваалцах дуртай. Би Швейцарьт хэсэг суралцаж байгаад Монголд дунд ангиасаа ирж байсан юм. Дараа нь Америкт их сургуулиа төгсчихөөд очсон. Тэр бүрт хэлний бэрхшээл багагүй гардаг байсан ч нээлттэй байсныхаа ачаар овоо сайжирч, хүмүүстэй нөхөрлөж, дасан зохицож байсан гэж боддог.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ? 

Тогтмол 7 цагийн нойр авахыг боддог. Өглөө 7 гэж босоод 9 гээд ирдэг юм. Тэр хооронд мэдээ уншиж, имэйл бичих зэрэг ажлуудаа амжуулдаг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Би долоо хоногт 3 удаа фитнесст явж, дасгал тогтмол хийдэг. Ажил дээрээ 4-6 цагийн хооронд тархиа сэргээх гэж фитнес хийдэг юм. Жаахан төмөр өргөж байгаад суухаар өдөр ахиад л шинээр эхэлж байгаа юм шиг санагдаж, илүү бүтээмжтэй болдог. Сүүлийн үед бас гадаа гүйж байгаа.

Амралтын өдрүүдээр бол лаптопоосоо холдож, толгойгоо амраангаа найзуудтайгаа уулзах, шинэ газруудаар аялах сонирхолтой. Хуучин компанидаа өдөрт 14-15 цаг ажиллаад л супер бүтээмжтэй байна гэж боддог байсан. Гэвч сүүлийн үед аль болох ажил, амьдралаа тэнцвэржүүлж явбал хамаагүй бүтээмжтэй байдаг юм байна гэж бодох болсон шүү.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ? 

Би ер нь нэг их сэтгэл хөдлөлд автдаггүй учир эрч хүчээ алддаггүй, гаднаас урам зориг хайдаггүй байж мэднэ. Ийм нэг зорилгод хүрэх ёстой л гэж үзсэн бол тууштай байдаг. Мэдээж зарим үед урам хугарах, сэтгэлээр унах тохиолдол бий. Тэр үедээ гадуур жаахан алхаад, эсвэл далайн эрэг дээр очиж хэсэг суугаад л тайвширдаг.

Хүн болгонд өөр өөрийн гэсэн давуу тал, зан чанар байдаг учир тухайн тохиолдол бүр дээр хүмүүсээс суралцаад явахыг боддог. Амьдрал дээр төгс хүн гэж байхгүй учир олон хүнээс суралцаж, үлгэр дууриал авч, сайн талыг нь олж харахыг хичээдэг дээ.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Анх Америкт очоод удаагүй байхад таарсан нэг залуугийн хэлсэн үг санаанд орж байна. Их сургуулиа төгсөөд гайгүй ажилд ороод, машин, байртай болно хэмээн "уламжлалт" байдлаар сэтгэж байсан надад тэр "том сэтгэж, том мөрөөд" гэсэн утгатай зүйл хэлсэн юм. "Урсгал дагах биш урсгал сөрж, өөрийнхөө замыг бүтээж, өөрийнхөө мөрөөдлөөр амьдар" гэснээрээ тэр хүн миний сэтгэлгээг өөрчилж, харж байсан зүйлсийнхээ хүрээг өргөсгөхөд тусалсан шүү.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ? 

Монголд байхдаа миний гаргасан алдааг л бусад залуус битгий давтаасай гэж хүсэж байна. Мэдээллээс хол байх, бага мэдээлэлтэй байх нь алдаа. Өнөө үед хамгийн чухал зүйл бол сайн мэдээлэл олж авах, мэдээллээс хоцрохгүй байх. Хангалттай мэдээлэл олж авчихаад, түүнийг ашиглахад өөртөө хэрхэн давуу тал үүсгэх, тэгэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ тодорхойлдог байх хэрэгтэй. Тэгээд тууштай зүтгэж чадвал урагшилна.

Манай залууст асар их боломж байна. Гэвч тэр боломжийг хэрхэн ашиглах, хэрхэн шүүрч авахаа сайн мэдэхгүй байж магадгүй. Зөв хүмүүс, зөв мэдээллийн сувгуудыг олж дагах хэрэгтэй. Дэлхий дахинд програм хангамжийн салбарт хүний нөөцийн хэрэгцээ асар их байдаг. Манай залуусын чадвар гологдохгүй. Тэгээд ч ямар ч чадварыг нөхөж, гүйцэж болдог юм. Тиймээс мэдээлэл сайтай байх нь л гол.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсэж байна вэ? 

МУИС-д суралцаж байх үеэсээ л нэг баг болон зүтгэж яваа Э.Хонгорыг санал болгоё. Одоо Фэйсбүүкт ажиллаж байгаа. Мөн үеийн залуучуудынхаа төлөөлөл болгон Lyft-д ажиллаж байгаа Б.Зулсар, Google-ийн Б.Батхуяг нар танай ярилцлагад орвол сонирхолтой байх болов уу.

Гэрэл зургийг Д.Ганзул

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

150333   13


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.