Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   02 сарын 11, 2016

Мэдүүштэй вэб: Quora - Мэдлэгийн их уурхай

Өнөөдөр бид “Ямар ч асуултад хамгийн сайн хариултыг” уриатай Quora.com-ийг онцолж байна. 2010 онд Фэйсбүүкийн хоёр инженерийн үүсгэн байгуулсан энэ сайтад асуулт хариулт маягаар асар их мэдлэг, асар олон хүний амьдралын туршлага хуримтлагддаг бөгөөд таны зарим сонирхож явдаг зүйлсийн хариулт энд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Та хариулт нь ямар байх бол гэж дотроо бодож зүйлсээ энд асууж болно. Бүх л сэдвээр юу ч асуусан хариулах хүмүүс энд бий. Мэддэг зүйлсийн тань талаар асуусан байвал та хариулж болно. Асуухгүй ч үгүй, хариулах ч үгүй, зүгээр л уншаад байсан ч уйдахгүй. Жишээ нь та "Калифорнид амьдрах хэр бол?”, “Марк Зукербергтэй цуг ажиллахад ямар байдаг вэ?”, “NBA-гийн тамирчид юу иддэг вэ?”, “Математикийн хамгийн хэцүү бодлого юу вэ?” гэх мэтээр юу ч асуусан болно.

Анх хэрэглэх гэж байгаа хүн бол Quora-гийн бүх цаг үеийн шилдэг хариултууд блогийг (Уг сайтад блог үүсгэх боломжтой байдаг) жаахан харахад энэ сайтын талаар нэлээн сайн ойлголтыг авах болно.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Ерөнхийдөө Quora-г асар том форум гэж ойлгож болно. Дээхнэ үед Асуулт самбарыг монгол залуучууд өргөн хэрэглэдэг байсан даа. Үүн дотор бүх төрлийн сэдвээр сонирхолтой яриа хэлэлцүүлэг өрнөдөг байсныг санаж байгаа байх. Тухай тухайн сэдэв, салбараа маш сайн мэддэг хүмүүсээс бусад нь ихийг сурдаг. Тэгвэл Quora-г асуулт, хариулт дээр үндэслэсэн дэлхийн хэмжээний асар том форум гэхэд буруудахгүй. Ингээд Quora-гийн давуу талыг 3 зүйлээр онцолъё.

Нэгт, хэрэглэгчдийн дунд салбар салбарын шилдэг мэргэжилтнүүд, өндөр боловсролтой, бичих чадвартай хүмүүс маш олон бий. Алдартай хүмүүс ч цөөнгүй харагддаг. Та жишээ нь хуульч бол шилдэг хуульчид энд бий. Стартап компани эхлүүлэх гэж байгаа бол Цахиурын хөндийд аль хэдийнэ олон компани байгуулсан, олон дахин алдаж явсаар эцэстээ маш амжилттай компанийг үүсгэн байгуулсан хүмүүс олон арваараа бий. Тэднийг та дагаж, ямар асуултуудад хариулж байгааг нь, бусдын ямар хариултыг таашааж байгааг нь (upvote) харж болно. Нэг жишээ хэлэхэд, Харвардын их сургуулийн хуулийн проффесор, 2017 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээр Ардчилсан намын сунгаанд орж байсан Лауренс Лессиг ийм асуултад ингэж хариулаад явж байх жишээтэй. Боловсролтой, ухаалаг хэрэглэгчид олон байдаг нь эргээд ийм хүмүүсийг олноор татах шалтгаан болдог.

Хоёрт, Quora moderating хийхдээ буюу хэрэглэгчдийн бичвэр, асуулт, хариултуудыг маш сайн эмхэлж цэгцэлж чаддаг. Та сайтад ороод сонирхдог сэдвүүд, хариултыг нь мэдмээр байгаа асуултуудаа дагаж болох бөгөөд тэр дунд хэрэггүй, дэмий, худлаа хариултууд зөндөө гарч ирж болно. Үүнийг Quora маш сайн ялгаж, хэрэггүйг нь устгаж, хэрэгтэй заримыг нь нэгтгэх гэх мэтээр шилдэг сайн контентыг үүсгэж байдаг. Тэгэхээр та энд хэрэггүй, дэмий зүйлсэд нэг их цагаа үрээд байхгүй.

Гуравт, хэрэглэгчид сэтгэгдэл бичих, нөгөө хэрэглэгч рүү мессеж бичих, сонирхсон хүмүүс, сэдвүүдээ дагах зэргээр сошиал хэрэгцээгээ хангадаг нь Quora-гийн мөн нэг давуу тал юм.

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн Шэйрил Сандбергийн талаар сониучирхан асуусан нэгэнд Шэйрил өөрөө хариулсан нь.

Ямар сул талтай вэ?

Уг сайт дээрх бүх контент зөвхөн англи хэл дээр байдгийг анхаарууштай. Гэхдээ таны англи тийм сайн биш байлаа ч өөрийн сонирхдог сэдвээр уншаад байвал хэлний мэдлэгт тань нэмэр болох нь гарцаагүй.

Бусад сошиал сайтууд шиг чатлах, хурдан хурдан хариу бичих зориулалтгүй болохоор нэлээд удаан темптэй гэж болно. Жишээ нь би Quora-г байнга шалгаддаггүй бөгөөд хааяа хааяа л орж хардаг юм. Үүнтэй холбогдуулан дэндүү олон сэдэв, асуулт дагачихвал Notification их ирдгийг сануулъя.

Мөн Quora дээр хариулт харахын тулд заавал Log in хийх шаардлагатай болдог нь жаахан тиймхэн.

Unread-ийн үнэлгээ

Таны мэдлэгийг тэлэхийн сацуу сошиал хэрэгцээг тань хангаж чадах энэ сайтад Unread 8 оноо өгч байна.

29579   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.