#Random

Англи хэлийг хэдэн наснаас эхэлж сурвал төгс хэмжээнд очих вэ?

06 сарын 16, 2017


НИЙТЭЛСЭН:

Zack Batsaikhan
@batzaya


22814   2




Хэл сурах нь тухайн хүний нас болон сэтгэхүйн онцлогтой салшгүй холбоотой. Аливаа хэлийг хэдэн наснаас эхэлж сурахаас шалтгаалан ямар сэтгэхүйн онцлогууд илэрдэг тухай өнөөдрийн нийтлэлдээ танилцуулъя. Орчин үеийн заах аргын шинжлэх ухааны үндсэн онолууд Швейцарийн сэтгэл судлаач Жан Пиажэ (1936) болон Оросын сэтгэл судлаач Лев Вигоцки (1978) нарын хүний танин мэдэхүйн хөгжлийн онолууд дээр үндэслэсэн байдаг бөгөөд гадаад хэл сурахад эдгээрийг гол мөрдлөг болгодог. Ингээд танд хүн хэдэн наснаас гадаад хэл сурвал төрөлх хэл шигээ сурдаг болохыг онолын талаас нь тайлбарлая.

0-5 нас

Энэ насныхан аливааг шууд бодитоор хүлээж авдаг. Хийсвэр сэтгэлгээ арай хөгжиж амжаагүй байдаг нь хэл сурахад маш том давуу тал болдог. Авиа таних, ажиглах чадвар бусад насныхнаас 10 дахин өндөр байдаг тул хэл сурахдаа мастерууд гэж хэлж болно. Энэ насанд хүүхэд гадаад хэл сурвал төрөлх хэл шигээ сурч чаддаг. Тэдний тархи нь өөр өөр хэлний системүүдийг таних чадвартай байдаг бөгөөд хэлийг бүхлээр нь хүлээж авдаг, хооронд нь холих гэсэн ойлголт байдаггүй. Гадаад хэлийг төрөлх хэл шигээ сурах суурь энэ насанд тавигддаг. Хүүхэд алдаа гаргахаас огт айдаггүй, гаргасан алдааг засах чадвартай байдаг. Хамгийн чухал заах аргачлал бол хүүхэдтэй харилцах юм. Хэдийгээр өөрийгөө бүрэн сайн илэрхийлэх хэмжээнд хүрээгүй ч тэд томчуудтай харьцуулахад амны хайрцаг уншихдаа маш сайн байдаг.

6-9 нас

Хүүхдийн сэтгэхүй бодит сэтгэлгээнээс логик буюу хийсвэр сэтгэлгээ рүү шилжих эхний үе гэж үздэг. Энэ үед хүүхдүүдийн баруун тархи маш давамгай ажилладаг, төсөөлөн бодох чадвар маш сайн, аливаа хэлний системийг бүхлээр нь хүлээж авдаг. Энэ насан дээр англи хэлийг сурвал авиа зүй, дуудлага, сэтгэхүй зэргийн суурь сайн тавигддаг. Мөн энэ насныхан хамгийн их сониуч, "яагаад"-ын учрыг олохыг эрмэлздэг бөгөөд ийм үед хүүхдийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр аливааг маш олон талаас нь харж, сэтгэж, бодуулж сургах, улмаар таних мэдэхүйн суурь чадваруудыг нь хөгжүүлэх хэрэгтэй.

10-13 нас

Энэ насанд шилжилтийн үе эхэлдэг бөгөөд хүүхдүүд аль хэдийнэ хийсвэрээр сэтгэж эхэлсэн байдаг. Өөрийн гэсэн үзэл бодол тогтож, физиологийн өөрчлөлтүүд явагдана. Англи хэлийг төрөлх хэлтэйгээ харьцуулж эхэлдэг. Дуудлага, сонсгох чадвар бага насныхныг бодвол тогтонги байдал руу орж, хэлийг дүрэмчилсэн систем талаас нь илүү харах учраас англи хэл сурахад бага зэрэг түвэгтэй болж эхэлнэ гэсэн үг. Мөн сэтгэл зүйн хувьд эмзэг байдаг учраас өөртөө итгэх итгэлийг өгөх, бие дааж сурах чадвартай болгох нь маш чухал байдаг. Сэтгэхүйн хувьд зүүн тархи давамгай ажиллаж эхэлдэг учраас англи хэлийг төрөлх хэл шигээ сурах боломж нь багасаж эхэлдэг. Тиймээс бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох, авиа зүйн чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй.

14-17 нас

Нас биенд хүрсэн том хүн шиг сэтгэж эхэлдэг. Бусдын нөлөөнд автамттгай, хайрцганд орж эхэлдэг нас. Авиа таних чадвар суларч, хэл сурах аргачлал хэт аналитик болж эхэлдэг. Бохир дуудлагатай болох эрсдэлтэй. Баригдмал сэтгэхүйг задлахын тулд ном унших, чөлөөт зохион бичлэг хийх, бусдад өөрийн уншсан, харсан зүйлсээ бусдад хуваалцах хэрэгтэй. Энэ насанд тухайн хүүхдийн сурах арга барил тогтож эхэлсэн байдаг учир зөв тал руу нь чиглүүлж өгөхгүй бол сурах дургүй хандлагатай болдог. Алдаа гаргахаас маш их эмээдэг үе бөгөөд бусад хүний шүүмжлэл маш хүнд тусдаг.

18-аас дээш

Хэт их аналитик болсноор хэлийг бүхлээр нь харах чадвар багасдаг. Зүүн тархи давамгайлсан байдлаас болж дүрмэнд суурилж англи хэл сурахыг оролдох, авиа таних чадвар сулрах, алдаа гаргахаас айх зэрэг нь сурах явцыг удаашруулдаг. Англи хэлийг төрөлх хэлтэйгээ байнга харьцуулдаг, анхдагч хэлний систем дээр хоёрдогч хэлний системийг бий болгох гэж оролддог. Авиа таних чадвар сул учраас сонсгол муу байдаг. Гадаад хэлийг бие дааж сураад ахиц гарахгүй байгаа бол сайн туршлагатай багшаар заалгаж арга барилаа олж авах хэрэгтэй. Олон багшийн гар дамжиж, тарxиндаа буруу мэдээлэл суулгах нь хүнийг зогсонги байдалд оруулах эрсдэлтэй байдаг.

Мэдвэл зохих мэдлэг

- Аливаа хэлийг маш сайн эзэмших нь сонсох чадвараас эхэлдэг бөгөөд аль болох бага наснаас эхлэх тусмаа хүн амжилттай сурч чаддаг.

- Сонсголоос гадна ажиглах, амны хайрцаг унших чадвар, амны булчингуудыг ажиллуулах нь чухал. Англи хэлээр ярихад хүний нүүрний 44 булчин ажилладаг байхад монгол хэлээр ярихад нүүрний гэхээсээ илүү хоолойн, төвөнх булчингууд илүү ашиглагддаг байна.

- Хэл сурах нь маш оюунлаг үйл ажиллагаа бөгөөд тархины баруун зүүн талууд зэрэг ажилладаг.

- Хэл сурах тархины уян хатан чанарыг ихэсгэдэг. Сэтгэн бодох чадвар сайн байх тусам аливааг хурдан сурдаг.

- 2-оос дээш хэлээр төгс ярьдаг хүмүүс Aлцхаймэр, мартах өвчин зэрэгт маш бага өртдөг болохыг судлаачид батлаад байгаа билээ.

Нийтлэлийг бичсэн Х.Нинж-Эрдэнэ

Жич: Уншигч танд англи хэл сурахтай холбоотой ямар мэдээлэл хэрэгтэй байгаагаа Academia Англи Хэлний Институтийн фэйсбүүк хуудас дээр бичиж үлдээгээрэй.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.