Бид энэ удаа боловсролын салбарт хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллаж, өөрчлөлт хийхийг хүсэж буй нэгэн бүсгүйн ажлын арга барилыг танилцуулж байна. Хүмүүнлэгийн их сургуулийг төгсөөд ажлын гараагаа Тайландад англи хэлний багшаар эхэлж, АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хоёр ч удаа хамрагдан, Нью Йорк мужийн их сургуульд англи хэлний заах арга зүйгээр мастерийн зэрэг хамгаалсан Х.Нинж-Эрдэнэ хоёр жилийн өмнө Монголдоо буцаж ирээд, Academia англи хэлний институтээ үүсгэн байгуулжээ. Олон улсын TESOL зэрэгтэй цөөхөн монгол багшийн нэг тэрбээр мөн Монголын англи хэлний багш нарын холбооны гүйцэтгэх захирлын албыг хашиж, багш нарыг чадавхжуулахад анхаарлаа хандуулан ажилладаг.
Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Academia англи хэлний институтийг үүсгэн байгуулагч, захирал; Монголын англи хэлний багш нарын холбооны гүйцэтгэх захирал,
Сонгуульт: Америкт төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн.
Хэрэглэдэг гар утас: Iphone 4S
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тууштай
Сошиал хаягууд: Ninj Khurel (ЛинкэдИн)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?
Зорьсон зорилгынхоо төлөө тууштай зүтгэдэг. Ер нь баргийн юмнаас шантардаггүй.
Мэргэжлийн хувьд, багш хүн гэдэг бусдыг үнэн, зөв, бодит, шаардлагатай мэдээллээр хангах, тухайн мэдээллийг боловсруулах, шүүн тунгаах арга барилыг олгох ёстой гэж боддог. Энэ бол миний заах аргын гол зарчим. Багш бүхнийг мэддэг гэх нэрийдлээр өөрийн үзэл бодлыг бусдад тулгах бол оюуны мухардал руу чирч байгаа нэг хэлбэр байх.
Таны хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүд?
Ер нь гар утсаа их ашигладаг. Facebook, LinkedIn, Skype, Youtube, TedTalks, Podcast зэрэг аппуудыг хэрэглэнэ. Weather гэсэн апп-ийг өглөө болгон харж, хувцсаа тааруулан өмсдөг.
Мэргэжлийн үүднээс англи хэл суралцагсдад зөвлөхөд, дунд түвшний англи хэлтэй хүмүүст Englishcentral.com гэдэг сайт их зүгээр. Харин сайн англи хэлтэй бол TedTalks-ийг санал болгомоор байна. Төрөл бүрийн сэдвээр сонирхолтой видеонууд үзсэнээр академик үгсийн сан сайн нэмэгдэнэ.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?


Энэ бол түүний хөрөнгө босгох нэгэн хүмүүнлэгийн марафонд (4 км) гүйгээд, тэргүүн байр эзлэн гардаж авсан цом аж.
Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Их юм сонсдог. Өглөө босоод л TedTalks юм уу ямар нэг подкаст тавьчихаад бусад зүйлсээ амжуулдаг юм. Ер нь бага байхаас надад суусан дадал л даа. 90-ээд оны дундуур англи хэлийг дөнгөж зааж эхлэх үед би сонирхож эхэлсэн юм. Аав маань биднийг хичээлдээ илүү цаг гарга хэмээн гэртээ зурагт авдаггүй байсан. Оюутан болтлоо зурагтгүй өссөн болохоор кассет, радио л их сонсдог байв. Тийм ч болохоор одоо зурагт нэг их үздэггүй, үзэхээр цаг үрээд байх шиг санагддаг. Энэ сонсох дадал минь гадаад хэлээ сайжруулж, энэ мэргэжлийг эзэмшихэд нөлөөлсөн байх. Мөн Монголд амьдарч байгаа учраас англи хэлний мэдлэгээ гацаанд оруулахгүй байх, дордуулахгүй байх ач холбогдолтой.


Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Гар утасны Notes дээрээ өдөр тутмынхаа ажлуудыг бүртгэж явдаг. Харин улирлын чанартай ажлуудаа компьютер дээрээ хөтөлнө. Мөн гараараа их бичдэг. Хурал уулзалтуудад том дэвтрээ дэлгээд л суудаг юм.
Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
Шүүмжлэлт сэтгэлгээгээр аливаад хандахдаа дажгүй сайн гэж боддог. Хүмүүсийн хийсэн ажилд, бичсэн зүйлд системтэй, чанартай үнэлэлт дүгнэлт (feedback) өгдөг. За тэгээд бүтээлч байхыг их эрмэлзэнэ. Толгой дотор асар олон санаа эргэлдэж байдаг даа.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
Би багшлаад 10-аад ажил болж байна. Хүмүүсийг чиглүүлж, мэдлэг чадвар, урам зориг өгч, амьдралыг нь өөрчилдөг энэ мэргэжилдээ хайртай. Сүүлийн хоёр жил үндсэндээ голчлон сургагч багшаар ажиллалаа. Өөрөөр хэлбэл багш нарыг сургаж байна. Зөвхөн англи хэлний төдийгүй боловсролын салбарын хөгжилд санаа тавьж явдаг. Хүмүүс англи хэлний багшийг бусад багш нараас тусад нь авч үзэх гээд байдаг тал бий. Адилхан л хүмүүсийг боловсрол, гэгээрэлд дуудаж буй хүмүүс.
Манай боловсролын салбарт үлгэр жишээ лидер хүн цөөхөн байгаа мэт санагддаг. Магадгүй мундаг сайн лидерүүд нь чимээгүй, хэт даруухан байгаад байж мэднэ. Мэргэжилдээ сайн, чадалтай багш нар, эрдэмтэд тэр болгон лидер байдаггүй. Мэдлэг чадвараар манлайлахаас гадна бусдыг хөгжүүлж, зорилгодоо хүрэхэд нь тусалдаг хүмүүсийг (empowering others) боловсролын салбарын лидер буюу educator leader гэх байх. Ийм л хүн байхыг эрмэлзэж, энэ тал руугаа улам сайн ажиллах зорилготой байгаа. Ер нь educator гэдэг үгэнд их дуртай шүү.
Хэцүү бэрхшээлтэй талууд гэвэл, төр засаг гэлтгүй жирийн иргэд маань хүртэл боловсролын салбарт анхаарал бага хандуулаад байна уу даа. Энэ салбарт сайн боловсон хүчинтэй байж гэмээнэ боловсрoлын системд чанартай шинэ эргэлтийг хийж чадна. Харамсалтай нь энэ салбарт зоригтой ажиллах хүсэл эрмэлзэл залуучуудад төрөхгүй байх шиг. Дунд сурдаг оюутнууд нь багш болдог гэсэн яриа гарсан ч байх шиг. Хүний урам зоригийг мохоодог салбар болчихсон юм болов уу гэж анзаарагддаг.
Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?
Аcademia институт маань академик англи хэлний (ахисан шатны) болон TOEFL, IELTS-д бэлтгэх сургалтууд, албан байгууллагуудад бизнесийн англи хэлний сургалтуудаа явуулж байгаа. Миний анзаарснаар Монголд өнөөдөр англи хэлний сургалтын төвүүдийн дийлэнх нь дунд түвшний мэдлэг давгүй олгочихдог хэрнээ ахисан түвшинд сайнгүй байна. Манай институт энэ тал дээр гойд анхаарч, англи хэлний сургалт үр дүнтэй байх гол хүчин зүйл болох сургалтын хөтөлбөрийг үнэн зөв, чанартай байлгахыг зорьдог. Сүүлийн үед институтийнхээ вэбсайтын контентуудыг бэлтгэж байна. Мөн институтийнхээ дэргэд албан ёсны орчуулгын товчоотой болсон.
Багш нарын холбооны хувьд хийх ажил их байгаа. Холбоо маань АНУ-д төвтэй TESOL International байгууллагын Монгол дахь салбар байгууллага. Сургалтын хөтөлбөр дээр ажиллаж, багш нарт сургалт явуулдаг. Англи, Америкт бол зөвхөн TESOL зэрэгтэй багш нар англи хэл заах эрхтэй байдаг бөгөөд Монголд буй 5000 гаруй багш нараас 10 гаруй хүн л ийм зэрэгтэй. Холбооны шугамаар олон улсын хурал конференцуудад оролцон, илтгэл тавьж явахад энэ байдлаас үүдэн монголчуудын англи хэлний дундаж түвшин Азийн орнуудаас доогуур байгаа нь мэдэгддэг.
Мөн англи хэлний хэлзүйн судалгаа Монголд маш дутмаг байдаг учраас судалгаа хийж, дотоод гадаадын хэвлэлүүдэд судалгааны ажил нийтлүүлэх зорилготой ажиллаж байна. Судалгааны ажилдаа шамдаж байгаад ойрын хугацаанд докторт суралцах бодолтой.

Та манай уншигчдад англи хэлээ сайжруулах ганцхан зөвлөгөө өгөөч?
Суурь мэдлэгээ системтэй зөв тавиулах, дараа нь өөрийн арга барилыг олж бие дааж сурах гээд олон зүйлийг энд хэлж болно.
Гэхдээ ганц зөвлөгөө гэвэл, үгийг цээжлэхдээ дангаар нь бус хэлцээр нь, өгүүлбэрээр нь, хам сэдвээр нь цээжлэх хэрэгтэй. Миний ажигласнаар монголчуудын гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол үгийн буруу сонголт байдаг. Манайд ирж илтгэл тавьсан америк профессор ч гэсэн хятад оюутнуудын хамгийн түгээмэл алдаа хэмээж байна лээ. Тэгэхээр ер нь унаган англи хэлгүй хүмүүсийн гол бэрхшээл юм даа.
Энэ нь бас бага уншдагтай холбоотой. Манайхны унших чадвар бусад чадваруудаасаа хамгийн сул нь. 20 дээш насныхны хувьд эх хэл дээрээ сайн уншдаг бол англи хэл рүү хөрвөж уншихдаа дадамгай байдаг. Тэгэхээр төрөлх эх хэлний чадвар гадаад хэл сурахад их нөлөөтэй гэдгийг санууштай.
Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?
Ажил дээр анхаарал төвлөрөхгүй үед сонгодог хөгжим сонсоно. Моцарт, Вивалди зэрэг хөгжмийн зохиолчдын аялгуунуудыг сонсохоор анхаарал төвлөрдөг. Фитнест бол мэдээж өөр. Хурдан ритмтэй, Дэвид Гүэтта, Kюго гэх мэтийн DJ-нүүдийн аяыг сонсоно.
Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?
Сүүлийн үед үнэндээ ном унших зав гарахгүй л байна. Хамгийн сүүлд Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” номыг уншсан. Дуртай ном гэвэл Малколм Гладвэллийн “Outliers”. Амжилтыг их өөр өнцгөөс гоё тайлбарласан ном.
Мэргэжлийн сэтгүүлүүдээ бол байнга эргүүлнэ. AE American English гэх байгууллагаас гаргасан English Teaching Forum сэтгүүлийн дугаарууд ширээн дээр минь байж байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү?
Ажлын орчинд бол нээлттэй байдаг. Угаасаа англи хэл хүнийг extrovert байхыг шаарддаг юм. Харин хувь хүн талаасаа илүү дотогшоо. Гэртээ ганцаараа байх дуртай. Аль аль нь л хосолдог болов уу.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Сүүлийн хичээл маань орой 20.35 цагт дуусдаг юм. Тэгэхээр орой гэртээ харина, орой хоолоо иднэ. Унтах цаг ч 12.30-аас наашгүй болдог. Үүнээс хэтрүүлэлгүй унтахыг бодож, өглөө 8.30-9 цагийн хооронд босдог доо. Ер нь оюуны хөдөлмөр хийж байгаа учраас 8 цаг унтаж, тархиа сайн амраах хэрэгтэй гэж үздэг. Бага унтвал бүтээмж илт муудаад ирдэг юм.
Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?
Өвлийн цагт бол фитнест сайн явдаг. Утаатай, хүйтэн болохоор гэр, ажил, фитнес гурвын хооронд л гүйж байна. Дулаахан үед ууланд алхах дуртай. Ер нь их байгаль амьтай хүн. Мөн гүйлтээр сүүлийн 8 жил хичээллэж байна. Богино зайн буюу 5 – 8 км марафонд гүйдэг. Багадаа ер нь бие султай, биеийн тамирын хичээл дээр гуйж байж дүн тавиулдаг хүүхэд байлаа. Тэгээд спортоор хичээллэсээр нэлээн чийрэг болсон шүү.
Бас сэтгэлгээний хэвшмэл байдалд орохгүйн тулд орчин үеийн уран зургийн галлерейгаар хэсэх, зураачдын шинээр гаргасан үзэсгэлэнгийн нээлтэнд очих дуртай. Гадаад явахаараа музейнүүдээр их явдаг.
Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?
Шинэлэг сайхан зүйлсийн санаачлан хэрэгжүүлж буй мэргэжил нэгтнүүдээсээ, шилдэг сайн туршлагуудаас их урам зориг авна.
Кэн Робинсон хэмээх боловсролын зөвлөх, авторыг энд онцолъё. Тэрбээр орчин үеийн сургуулийн систем хүнийг хэрхэн хайрцагладгийг хүчтэй шүүмжилдэг, боловсрол гэж ер нь яг юу юм бэ гэдгийг сонирхолтойгоор тайлбарладаг. Finding Your Element номыг нь уншаарай гэж залууст санал болгож байна.
Мөн Билл Гэйтсийг ихэд хүндэлдэг, бичсэн зүйлсийг нь унших дуртай. Дэлхийн хамгийн баян энэ хүн боловсрол хамгийн чухал гэдгийг ухуулж, энэ салбарт хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд чихнээс нь байнга хонх уяж байдаг. Энэ салбарт асар их хөрөнгө оруулалт хийж, багш нарын талаар олон хэрэгтэй зүйлийг ярьдаг. Ер нь амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг уншиж судалж, эргээд хичээлдээ кэйс болгон ашиглаж, шавь нартаа урам зориг өгөхийг хүсдэг шүү.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?
Ээж маань их зүйр цэцэн үг хэлдэг хүн. Хэлдэг олон үг, зөвлөгөө дотроос нь “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн үгийг, гэсэн философийг багаасаа л амьдралдаа мөрдлөг болгосон. Хүн өөрөө хичээл зүтгэлтэй бол ажил үйлс нь аяндаа бүтдэг гэдэгт итгэдэг дээ.
Заримдаа өөртөө ажиллах мотивац өгөхийн тулд гоё урмын үгүүдийг хайна. Тэгж яваад нэг өдөр "Хэрвээ чи өөрийнхөө мөрөөдлийг л биелүүлэхгүй юм бол хэн нэгэн чамайг хөлслөөд өөрийнхөө мөрөөдөлд хүрэх болно" (If you don't build your dream, someone else will hire you to build them theirs) гэсэн үгийг хараад, өөрийн бизнесийг эхлүүлсэн дээ. Тэр хүртлээ бусдын мөрөөдлийг биелүүлэхэд туслаад л явж байсан байгаа юм (инээв).
Энэ булангийн дараа дараагийн зочноор хэнийг оруулж, ажлынх нь арга барилын талаар мэдмээр байна?
Өндөр боловсролтой, боловсролын салбарт санаа тавьдаг хэрнээ даруухан хүмүүс олон байдаг. Тэдний нэг болох АНУ-д цөмийн физикээр докторын зэрэг хамгаалсан, Америкт төгсөгчдийн холбооны тэргүүн А.Ундраа эгчийн ажлын арга барилтай танилцмаар байна. Монголын цорын ганц эмэгтэй цөмийн физикч хүн. Амжилтын түүх нь ч их сонирхолтой санагддаг юм.
Сэтгэгдэл бичих (24)


Г Ганбаатар Наранцэцэг 66.181.161.52
Сайн байна уу? Маш сайхан санагдлаа. Саяхан Нинж-Эрдэнэ багшийн лекценд суусан. Сайхан байсан. Их юм мэдэж авлаа. Баярлалаа. Монголын боловсролын төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсэе!
З Зочин 103.10.23.85
Ганцхан сар курсэд нь суухдаа англи хэл биш ер нь академик боловсрол гэдэг юу вэ гэдгийг зах зухаас нь ойлгож аливаа зүйлийг өөр өнцгөөс харахыг хичээдэг болсон. Мундаг эмэгтэй шүү.
Z Zochin 203.91.117.8
Tun dajgui yariltslaga bna. Ih buteelch emegtei shig sanagdlaa. Harin daraagiin dugaart sanal bolgoson hun ni taalagdsangui.
З Зочин 202.131.228.118
баярлалаа. сайхан ярилцлага болж. Ярилцлаганд оролцогч болон сайтын хамт олонд амжилт хүсье. Хор хутгаж, ёс бусаар гарж ирсэн бизнес, улс төрийхний оронд иймэрхүү хүнд шинэ санаа сэдэл өгөх хүмүүсийг оруулж сонирхолтой ярилцлага хийж байдагт та нарт баярладаг шүү.
E Enhzul
Uneheer mundag bagsh shuu Amjilt husey. Humuunlegiin Uhaani surguuliin shildeg buteelch bagsh narin maani neg.Hurdan hicheel ni oroosoi Yriag ni sonsohiinson Unoodor yamar goe sedveer yrih bol geed l Bas ih fashionable.
З Зочин
yriltslagiig unshaad argagui l amjilttai yavj bgaa hun shig olon talaas yumiig hardag sangdlaa eyreg sanagdlaa bayarlalaa
u uran
unshuushtai yriltslag boljee. Ih uram awlaa. Bayrlla site iin hamt olond. Surguuliin talaar medeellel oruulj tus boloooch
T Tuul
"Хэрвээ чи өөрийнхөө мөрөөдлийг л биелүүлэхгүй юм бол хэн нэгэн чамайг хөлслөөд өөрийнхөө мөрөөдөлд хүрэх болно" - saikhan ug baina
Д Долингор
Хүрэл инженерийн охин шиг байна. Аав ээж нь их боловсролтой хүмүүс шүү дээ. Эх нь хээр алга бол, унага нь шийр алга гэдэг мэргэн үг байдаг, үнэн шүү. Дүүдээ амжилт хүсье!
U Uuganaa
Sain uu, saitiin xamt olond ajliin amjilt xusey. Sanaandgui angiinxaa naiziin yariltslagiig unshlaa. Naizdaa ulam ix amjilt xusey. Oyutan baixaasaa ix idevxi, zutgeltei mundag xuuxed bsan ter zan ni ulam nemegdej, amjiltaar duuren yavaad ni bayar xurgey.
E Erhem
tanai surgalt haana bdag ve. йн байна уу? юуны өмнө танай сайтын хамт олонд талархал илэрхийлье.. өдөр бүр шинэ мэдээлэл өгч, ажиллах урам зоригыг өгдөг. өнөөдрийн зочиндоо бас цаашдын ажлын амжилт хүсье.
E Erhem
have you got boyfriend. and what gem do you play. Dooguur bichsen setgegdliig unshihad arai bolovsroltoi, uhamsartai humuus iimerhuu niitleliig unshdag bololtoi busad shar medeelluud door buun heruul haraal haragddag
З Зочин
anh haraad neg ih ontsiin hun oruulaagui bna daa gej bodoj blaa. getel ih goy yariltslaga boljee. shine sanaa avahaar zuiluud ih bna! bayarlalaa!
З Зочин
Dooguur bichsen setgegdliig unshihad arai bolovsroltoi, uhamsartai humuus iimerhuu niitleliig unshdag bololtoi busad shar medeelluud door buun heruul haraal haragddag
s soloo
сайн байна уу? юуны өмнө танай сайтын хамт олонд талархал илэрхийлье.. өдөр бүр шинэ мэдээлэл өгч, ажиллах урам зоригыг өгдөг. өнөөдрийн зочиндоо бас цаашдын ажлын амжилт хүсье.
A Almas
"If you don't build your dream, someone else will hire you to build them theirs" маш гоё үг байна :)
З Зочин
Мундаг багш шүү. Зүгээр л шалгалт өгөхийн тулд, гадаад явахын тулд биш чин сэтгэлээсээ сурах хүслээрээ англи хэл сур гэдгийг ойлгуулж өгдөг. Хичээлээ зааж байгаа арга барил, бас ашиглаж байгаа материалууд хүнд жинхэнэ мэдлэг болох зүйлс байдаг. Олон хүмүүс шавь нь болж англи хэлийг сайн сураасай гэж хүсэж байна. Амжилт багшаа.
М Миний бодол...
Саяхан би 'Англи хэлгүй хүмүүс яаж амьд явж байнаа' гэсэн үгийн нэг хүний илтгэлээс сонссон. Үнэндээ хэл гэдэг энгийн хэрэглээ болсон байна. Заримдаа яг л хэлгүй дүлий хүн байдлыг мэдэрдэг. Үүний эсрэг тэмцэх итгэл, бас урам зоригийг энэ ярилцлагаас оллоо та бүхэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье
c crystal
manai surguuliig tugssun ohin bna, ugaasaa aygui mundag hicheeldee sain ohin bsan, ajild ni amjilt husye
З Зочин
Outliers uneheer unshuushtai nom shuuu Mongol hel deer orchuulagdaasai gej ih husdeg saihan yariltslaga baina daraagiin dugaartaa Oyun gishuuniig oruulasai gej husch baina
S Suvdaa.
Uneheer sn bagsh shuu. Angli heliig suruul ingej l surah heregtein bn gj boddog bolson. Baharhdag shuu. Ajild ni amjilt husey.
С Сүхээ
Mundag emegtei bn, zovlogoog n unshlaa. Angli heldee l niiteeree saijirchuul hogjil oirhon bgaa ymshdee ug n. Sain anhaarahgui bga gdg n unen unen
В ВУАУ
..орчин үеийн сургуулийн систем хүнийг хэрхэн хайрцагладаг вэ гэдэг нь ч үнэн шүү... Гайхалтай! Сайхан ярилцлага болжээ :D
J Jagaa
Mash ih taalagdlaa. Zochindoo bolon tanai hamt olond ajliin amjiltiig husie. 3 dahi udur bolgon ene medeelliig tani uzeh gej tanai siteg ergedeg bolson bna shu :)