Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   01 сарын 07, 2016

Мэдүүштэй веб: Netflix - Нетфликсдээд налайж сууя

Лас Вегаст болж буй дэлхийн хамгийн том технологийн шоу CES-ийн үеэр зарлагдсан нэгэн онцлох мэдээ бол Netflix дэлхийн 130 оронд үйлчилгээгээ нэвтрүүлсэн явдал байлаа. Ингэснээр видео стриминг буюу төлбөрт видеоны үйлчилгээгээрээ дэлхийн тэргүүлэгч болоод буй Netflix-ийг Монголд үзэх боломжтой болж байгаа гэсэн үг юм. Unread өнөөдөр та бүхэнд Netflix-ийг танилцуулж байна.

Яагаад зочлох хэрэгтэй вэ?

Та гэртээ амарч суухдаа Univision, Skymedia-ийн кино багцаас сонголт хийж, өөрийн дуртай шоу, киногоо үзэх дуртай биз дээ? Тийм бол Netflix танд яг тохирсон үйлчилгээ гэсэн үг. Та одоо өөрийн компьютер, утас, таблет дээр дэлхийн шилдэг кино, телевизийн цувралуудыг нэгэн дороос үзэх боломжтой боллоо. Нэг ёсондоо сонголт нэмэгдэж байна гэсэн үг. Netflix-ийн хэрэглэгчид өдөрт 125 сая цаг видео үзэж, 2015 оны сүүлийн 3 сард л гэхэд 12 тэрбум цагийг зөвхөн эндээс кино, нэвтрүүлэг, шоу үзэхэд зарцуулсан байх юм. Хэрэглэгчдийн тоо нь ч жил бүр 2 дахин өсч буй энэ үйлчилгээ бол таны хаана ч, хэзээ ч хэрэглэж болох энтертэйнмент туслах тань гэсэн үг. Өнгөрсөн жил Оксфордын толь бичигт, америкийн залуусын дунд түгээмэл хэрэглээ болоод буй "Netflix and chill" гэдэг үг нэмэгдэж орсон нь санамсаргүй хэрэг биш шүү :)

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Оригинал контентууд. Зөвхөн Netflix-ээс үзэж болох цувралууд энд бий. House of Cards, Daredevil гэж манай сайтын өнгөрсөн жилийн шилдэг 10 телевизийн цувралын жагсаалтанд багтсан кинонуудыг эднийх бүтээдэг. Үүнээс илүү маш олон кино бий. Марко Поло, Master of None, Blacklist гээд Монголчуудын дуртай цувралууд энд бий. Өнгөрсөн жилээс тэд Marvel-тэй хамтарч супер баатруудаар цувралууд хийгээд эхэлсэн. Киноны сан бол ямар ч төрлийн жанр сонирхдог хүмүүст таалагдана.

Эдгээр кинонуудын нэг онцлог нь бүх анги нь нэгэн зэрэг цацагддагт оршино. Бусад кинонууд шиг долоо хоног өдрийн бодол, шөнийн зүүд болж хүлээх шаардлагагүй гэсэн үг. Тийм учраас өөрийн тааваар, өөрийн цаг завдаа тохируулан кинонуудаа үзэх боломжтой.

Маш сайн баримтат кинонууд. Төрөл бүрийн чиглэлийн баримтат кинонууд эдний урдаа барьдаг том контентуудад тооцогддог. Хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсч буй хэн бүрт англи сабтайтл буюу англи хадмалтай байдаг учир маш хэрэгтэй. Кино, шоугаа бүрэн ойлгоход хадмал хэн бүхэнд хэрэг болно. Удахгүй монгол хэл дээрх хадмал нь ч гарах байх.

Бүх төхөөрөмжүүд дээр ажиллана. Гэхдээ өндөр нягтралтай багцыг сонгосон бол дата их гүйж магадгүйг анхаараарай. Таксинд түгжирч явахдаа, орой гиюүрч хэвтэхдээ эсвэл хүн хүлээнгээ дуртай шоугаа үзээд байж болох нь.

Хүссэн үедээ өөрийн багцыг цуцлах боломжтой. Нэг ёсондоо залхах, үзэх юмгүй санагдвал ямар ч асуудалгүй мөнгөө төлөхөө больчихож болно.

Ямар сул талтай вэ?

Бусад олон олон "гайхалтай" үйлчилгээнүүдийн адилаар та төлбөр төлөх ёстой. Төлбөр нь "арай" үнэтэй байж магадгүй. 1 сарын 7.99 доллар буюу 16 мянга орчим төгрөгийг төлөөд та хүссэнээрээ хэрэглэх боломжтой. Гэхдээ нэг зөвлөгөө хэлэхэд, нэгэн зэрэг 4 төхөөрөмж дээр ажилладаг учир найзуудтайгаа нийлээд багцыг нь худалдаж аваад үзчихэд гэмгүй. Ultra HD буюу хэт өндөр чанартай кинонуудыг үзэх боломжтой, 4 дэлгэц дээр зэрэг ажилладаг багц нь 11.99 долларын үнэтэй.

Мөн таны үзэхийг хүссэн бүх кино, эсвэл шоу энд байхгүй гэдгийг мартаж болохгүй. Netflix өөрөө оригинал контентууд бэлтгэж, дэлхийн томоохон сувгуудтай өрсөлдөх болсон учир зарим сүлжээний цувралууд энд хэзээ ч гарахгүй гэсэн үг. Блокбастер кинонууд бол нэлээн хугацаа алдаж орно. Нэг ёсондоо бүх кино, бүх цуврал энд байхгүй.

Unread-ийн үнэлгээ

Өндөр төлбөртэй, сан төгс биш учир арай ч 10 оноо өгч болохгүй байх. Гэхдээ 9 оноо өгье. Эхний нэг сард нь үнэгүй ашиглаж болох учир заавал туршаад үзээрэй. Хэзээ ч харамсахгүй шүү.

Татаж авах

36406   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.