Unread-ийн 2015 оны шилдгүүдийн цуврал дундаас "кино" гэсэн сэдвийг бичих даалгавар авсан миний бие энэ удаад телевизийн цуврал кинонуудаас онцлохыг хүслээ. Бүрэн хэмжээний киноны хувьд олон сайт, сэтгүүлүүдээр төрөл бүрийн жагсаалтууд гарч байгаа ч энэ оны гол кинонуудад тооцогдож буй бүтээлүүдийг үзэж амжаагүй, манайд нээлтээ хийгээгүй, ядаж сайн бичлэгтэй нь гараагүй гэсэн асуудлууд байгаа тул энэ талаар зүгээр л хэн нэгний бичсэнийг орчуулаад оруулах нь нэг талаар утгагүй юм. Тийм учраас энэ жилийн турш өөрийн үзэж амжсан Америкийн телевизийн цувралуудаас шилдгүүдийг нь түүж бичлээ.
Mad Men /AMC/
Бизнесийн салбарт ажиллаж буй хүн бүрийн заавал үзвэл зохистой, сургамж авахуйц үйл явдал, санаа авах үйлдэл, үргэлж бодож явах эшлэлүүдээр дүүрэн Mad Men гайхалтай 6 улирлын дараагаар энэ жил дууслаа. Магадгүй Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн шилдэг цувралуудын нэгийг ч бид үдэн гаргасан байж болох. 16 удаагийн Эмми, 4 удаагийн Алтан бөмбөрцөг. Энэ бол таны энэ цувралыг үзэж амжаагүй байгаа бол яг одоо эхлэх шалтгаан!

The Knick /Cinemax/
Алдарт найруулагч Стивен Содербергийн бүтээж буй энэ цуврал анагаах ухаан, эмнэлэгтэй холбоотой таны өмнө үзэж байсан цувралуудаас огт өөр. 1900-аад оны үед ажиллаж байсан эмч нар, одоогийнх шиг дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж хийгээд мэдлэггүйгээр хэрхэн хүний амь аварч байсан бол? Аа бас болоогүй, тэр эмч нарт бас л хувь хүн бүрт тохиолддог асуудлууд тулгардаг учир түүнийгээ хэрхэн зохицуулдаг байсан бол? House, Grey's Anatomy, Nightshift-д дуртай, эсвэл уйдаж эхэлж буй, бүр гүйцээгээд дуусгачихсан бол санал болгох кино!

Hannibal /NBC/
Домогт доктор Ханнибал Лектер телевизийн дэлгэцнээ урд өмнө хэзээ ч байгаагүй харгис хэрцгий, гэхдээ тааварлашгүй хэвээр, мөн уран яруу, тансаг байдлаа дагуулан эргэн ирлээ. 3-р улирал өмнөхүүдтэйгээ харьцуулахад арай удаан, бас арай их харилцан яриатай болсон ч үйл явдлын өрнөл, жүжигчдийн тоглолт, хийц хэлбэрээрээ таныг хэзээ ч уйдаахгүй. Олон үйл явдлын учиг зөвхөн энд тайлагдаж, шинэ шинэ чухал дүрүүд гарч ирэн (Тао Окотомогийн бүтээсэн Лэйди Мурасакигийн дүрийг онцолъё), цуврал өөрийн оргил үедээ хүрч чадав. Үзэгчдийн тоо эрс буурч, NBC шинэ улирал гаргахгүйгээр шийдэн гэрээгээ цуцалсан ч тун удахгүй өөр телевизээр шинэ ангиудыг үзэж магадгүй.

Daredevil /Netflix/
Супер баатруудтай телевизийн цувралуудыг огтхон ч таашаадаггүй хэрнээ Daredevil-ийн өрнөл цаашлах тусмаа улам сонирхол татаж, таны мэддэг Marvel-ийн кинонууд, баатруудын талаарх огт өөр мэдрэмж, сэтгэгдлийг төрүүлэх болно. Netflix, Marvel-ийн хамтын ажиллагаа үүгээр дуусахгүй, Jessica Jones, Iron Fist гээд цааш үргэлжилнэ гэхээр киноны хорхойтнуудын хувьд аятайхан он гарч байгаа мэт сэтгэгдэл төрж байна шүү :)

House of Cards /Netflix/
"Хөзрөн байшин" улирал ахих бүр улам бүр чанаржсаар, улам бүр сонирхолтой болсоор. Кевин Спэйси жүжигчин гэдгээсээ илүү улс төрч шиг санагдах болж, бодит амьдрал дээрх улс төрийн тогоон доторх үйл явдлууд энэ цувралыг үзсэний дараа арай илүү ойлгомжтой ч болоод ирэх шиг. Илүү харгис, илүү хар, илүү ээдрээтэй шинэ цувралыг тэсэн ядан хүлээсээр.

Fargo /FX/
1996 оны Оскараас шилдэг киноны шагнал авсан Fargo киноноос сэдэвлэн бүтээсэн энэ цуврал 2-р улирал дээрээ жинхэнэ "бут авав". Улирал бүрт үйл явдал, жүжигчдийн баг шинэчлэгддэг учир хаанаас нь ч үзэж болно. True Detective эхний улирлаас олж авсан нэр хүндээ хий дэмий хүлээлтийн уршгаар 2-р улиралдаа бүрэн алдаж, бүтэлгүйтсэн бол Fargo тэгсэнгүй, улам бүр гялалзчихав. Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн, аймшигт аллага, түүнийг тойрсон бөөн будлиантай нууцууд, бас хар гарагийнхан, дээрэмчдийн бүлэглэл гээд энэ бүгдийг триллер + инээдмийн төрөлтэй хослуулж чадсан энэ киног заавал үзээрэй.

Silicon Valley /HBO/
Яагаад ч юм би инээдмийн цуврал үзэх тийм дуртай биш. Анх үзсэн инээдмийн цуврал маань Friends байж таараад, тэр нь өөрөө асар өндөр стандартыг тогтоочихсон болохоор тийм ч байж магад. Гэхдээ Silicon Valley бол огт өөр төрлийн инээдмийн кино. Стартап, энтрепренершип сонирхож байгаа залууст тулгардаг бүх асуудлыг алиа, хошин байдлаар харуулсан энэ кино Цахиурын хөндийн бүх дүрүүдийг багтааж чадсанаараа онцлог. Pied Pipers-ийн "бүтэлгүй" хэрнээ чадварлаг залуус хэрхэн компаниа аврах бол?

Mr.Robot /USA/
Үзэгчдийн тоо хамгийн бага байдаг зуны улиралд нээлтээ хийсэн ч Mr.Robot өөрийн шинэлэг санаа, сонирхолтой хийцээрээ энэ жилийн хамгийн онцлох, ШИНЭ цувралд тооцогдож байна. Чадварлаг хакерууд vs дэлхийн хамгийн том корпораци. Компьютер, интернетийн хүч чадал, аюул заналыг бүрэн харуулсан энэ кино магадгүй олон хүнийг шоконд оруулсан байх.

How To Get Away With Murder /ABC/
"Аллагаас хэрхэн цэвэр мултрах вэ?" гэдэг хичээл хуулийн сургуульд орж байна гээд бод доо? Яг тийм, та буруу сонсоогүй. Хуулийнхантай холбоотой гарсан хамгийн шилдэг цуврал. Энэ жилийн Эммигээс шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж, ийм шагнал хүртсэн анхны өнгөт арьст жүжигчин болсон Вайола Дэвис болон түүний оюутнуудын ээдрээтэй, будлиантай үйлдлүүд энэ киног эхний минутаас нь эхлээд л сонирхолтой болгоно. Нуршуу биш хурдан өрнөл, заримдаа бүр уур хүрмээр таамаглахад бэрх холбоосууд. Энэ жилийн хувьд миний хамгийн "дурлаж" үзсэн цуврал байлаа.

Game of Thrones /HBO/
Аль хэдийнэ классик хэмжээнд хүрчихсэн "Хаан ширээний төлөөх тэмцэл"-тэй юу ярих вэ? Аль хэдийнэ шүүмжлэгчдээс баахан магтаал хүртэж, фенүүдээсээ баахан сэтгэгдэл сонсчихсон энэ цуврал дээр бичих зүйл ч байхгүй мэт. Зүгээр л СУПЕР! Маргаангүй, яг одоогийн хамгийн шилдэг цуврал! Номыг нь уншсан ч бай, уншаагүй ч бай, шинэ цувралыг бүгд тэсэн ядан хүлээж байгаа нь гарцаагүй. Өмнөхүүдтэйгээ л адил энэ улирлын төгсгөл бидэнд бөөн бөөн асуулт, гэхдээ бүр маш том нэг асуултыг тавьчихаад дуусчихсан. Жон Сноу амьд болов уу? Ок, энд хүрээд дуусъя. 4-р сар мөн ч хол байна даа, хол байна.

Төгсгөлд нь, энэ жагсаалт бол зөвхөн миний өөрийн энэ жил үзсэн кинонууд, миний өөрийн сэтгэгдлээс гарсан жагсаалт бөгөөд өөр олон олон гайхалтай кинонуудыг орхисноо хүлээн зөвшөөрөхөд таатай байна. Энэхүү жагсаалтанд хараахан багтаж чадаагүй Parks and Recreation, Vikings, Sense8, Wayward Pines мөн хараахан үзэж амжаагүй ч үзэх ёстой The Americans, Wolf Hall, Jane The Virgin, Orange is The New Black, Unreal, Review зэрэг кинонуудыг төгсгөлд нь дурдах нь зөв биз ээ.
Таны хувьд энэ жил үзсэн хамгийн шилдэг цуврал чинь юу байсан бэ? Бидэнтэй яагаад гэдгээ хуваалцаж, бусад уншигчидтайгаа хэлэлцүүлэг үүсгээрэй. Мөн та бүхэнтэй сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан сонирхсон асуулт, санаа бодолд тань идэвхтэй хариу бичнэ гэдгээ амлаж байна.
Сэтгэгдэл бичих (22)


h hjk 2016.08.14 150.129.142.141
Ghotam, sherlock holmes 2 bas flash zondoo bga shd ene hedees uzdegn got-l bna daa. Ghotam ih taalgadsan
t toto 2016.06.08 202.9.42.5
Saihan niitlel boljee. Minii huvid ihenhiig ni uzsen baigaa ter dundaa GOT odoo season 6 deer baigaa gj bodhoor duusah duhsun sanagdaad gol haralna gedeg bolj baigaa. Nomiig ni unshaad setgegdel tursun shu zohiolchiig ni ilgeesen burhand talarhah hurtlee fan ni bolson.
З Зөнч 2016.01.13
Марко Полог дурдах нь зүйтэй байсан болов уу. Нэтфликсийн бас нэгэн гайхалтай цуврал болсон, жаахан нуршуу ч Хубилай хааны түүх гэхээр бас их сонирхож үзсэн. Түүхийн эх сурвалжтай тулгаж, шүүмж бичиж нийтлэвэл их л гоё доо
2016.01.07
@Гэрэл Би бол эндээс үздэг. Одоо бол Нетфликсдээд суухад болно доо :) @OG Oh yeah! Fringe-ийнхэн хийсэн гэхээр нь хальт харсан, гэхдээ цуцлагдчихсан уу? @Davka Suits үзье гэж бодоод байгаа, гэхдээ How To Get Away With Murder одоохондоо хуулийн чиглэлээр хангалттай байна даа :)
Г Гэрэл 2016.01.04
Баярлалаа танай сайт үнэхээр гоё шүү их сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэл бэлтгэлэг. Цувралуудын хувьд эх хэл дээр нь үзэх нь хэлээ сайжруулах нэг сайн арга гэж бодож байна. Харин watchseries.ag нэг л болдоггүй ээ. Өөр сайт байдаг бол хэлээд өгөөрэй. Баярлалаа
O OG 2015.12.31
Humans их таалагдсан даа, хиймэл оюун ухаан +андроид гэх мэт сонирхолтой сэдэв хөдсөн бас тэр OST нь тасархай гэж
D Davka 2015.12.30
Suits бас гоё цуврал. 2 хуульч залуу бужигнаж өгнө шүү дээ. Гэхдээ энэ онд хамгийн гайхшруулсан цуврал бол Daredevil байсан. Супер баатарын талаар цувралыг яаж хийдгийг харуулж чадсан шүү.
2015.12.29
@Sanjaa Ёстой үзээгүй бас дуулаагүй цуврал байна, нэг сонирхож үзье. Баярлалаа! @hehe Супер баатрууд огт сонирхдоггүй ч биш л дээ, одоо бол HEROES REBORN үзээд л байж байна :) Үзээгүйгээ сонирхоно оо.
S Sanjaa 2015.12.29
Энэ жил онцлох бас нэг цуврал кино бол "Man in the High Castle". 1962 оны тухай өгүүлэх эн цувралд өнгөрсөн хоёдугаар дайны үр дүн бидний туулж өнгөрүүлснээс өөр байсан. бол амьдрал ахуй хэрхэх байсныг сонирхолтой өгүүлсэн байдаг. Phillip Dick-н бичсэн номнууд ерөнхийдөө дайны сэдэвтэй байдгийг сонирхож үзсэн хүмүүс мэдэх биз ээ. Ном нь бүүүүүүр гоё :)
H Hehe 2015.12.28
Зүйтэй. Хэрвээ та СУПЕР баатар сонирхдог бол The Flash , Arrow 2танд маргаангүй таалагдах байсан юмда :) Super Hero ч гэлтгүй ер нь Teen Wolf , Into The Badlands, Gotham , Banshee , Ash vs Evil Dead гэх цувралууд миний үзсэнээр энэ оны хамгийн шилдэгүүд нь.....
2015.12.26
@Temur The Walking Dead-ийг үзэлгүй яахав, гэхдээ энэ жил үзсэн кинонуудаас хамгийн урам хугармаар нь байсан шүү. Дэндүү нуршуу /Гленн үхэхээ шахсныг эс тооцвол :P/, хэт философилог болоод л байгаа юм шиг санагдсан. Гэхдээ л үргэлжлэлийг нь бол хүлээж л байгаа. Ханнибал бол бас адилхан нуршуу байсан ч Хопкинсийн тоглосон бүрэн хэмжээний киноны зохиолтой холбогдох холбоосууд гарч ирээд байсан болохоор бас их сонирхол татам байсан учраас оруулсан юм :)
T Temur 2015.12.26
Vikings бол бас их сонирхолтой, энэ дунд харин The Walking Dead яагаад ороогүйг гайхлаа. Ундрал эсвэл энэ сериалыг сонирхоогүй юу. The Last man on earth бол нэлээд хөгжилтэй богинохон дажгүй сериал байсан. Hannibal-ын хувьд өмнөх 2 улирлаа гүйцэхгүй, нэлээд уйтгартай болсон шиг санагдсан, гэхдээ яг үнэндээ би уйдчихсан болхоор 3-р улирлыг дурлаж үзээгүй лдээ хэ хэ
2015.12.26
@Oyuka Би бол ихэнхдээ watchseries.ag-ээс үзчихдэг. Бичлэгийн чанар нь янз бүрийн, ихэнх нь дороо хадмалтай. @Иргэн санал нийлж байна, олон хүнд их хэрэг болдог байх. @Зочин Лав л урмыг маань хугалахгүй байх аа :)
o oyuka 2015.12.25
yr n tsubruuluudig hanas uzvel tohiromjtoi be.. bi ch kino ehluulbel maraphon ehluuldeg hun dee. naidvartai goy sait baibal heled uguch
З Зочин 2015.12.25
John Snow chin amid gedeg ni todorhoi bolson hamgiin gol ni zohiol ni her bol gedeg l baina umnuh zohioluud ni bol duuschihsan shuu dee uuruur bol busdiig ni medehgui yum baina
И Иргэн 2015.12.25
Мэдрэмжтэй оруулах юм аа яг хэрэгтэй мэдээлэл байна. Баяраллаа. Хэлээ сонирхолтой байдлаар дээшлүүлэх арга гэж бодож байгаа.
2015.12.25
@Зочин Нээрээ тийм гэсэн, үзэж амжаагүй л явна, дараа нь үзнэ ээ, өөр кино байвал санал болгоорой. @Mendee Nathan For You заавал үзнэ ээ, гэхдээ энэ TV Series-д тооцогдох болов уу?
m mendee/wascalledpwnd 2015.12.25
Миний онцлох drama: Fargo "This is a 'true' story". comedy: Nathan for You, NYTimes: "the television series with the most incisive take on the 21st-century economy". anime: One Punch Man, IGN: "If you're looking for the next big thing in anime, this is it".
З Зочин 2015.12.25
The Last Man on Earth их хөгжилтэй кино шүү. Дэлхий дээр нэгхэн эрэгтэй, эмэгтэй хүн үлдвэл яах бол гээд л...
2015.12.25
@Gumball Удахгүй аль нэг ТВ нь гаргаад эхэлчих байх аа :) Fargo бол маш сайн баг хийж байгаа болохоор ёстой чанартай болсон байна лээ. @Зочин Баярлалаа, ойлголоо, энийг анхааръя :)
G Gumball 2015.12.25
Fargo-г эхлүүлье дээ. Дээрх кинонуудаас The Knick их сонирхолтой санагдлаа, Монгол HD гаргавал хааяа нэг үзэхэд давгүй юм байна :D @Зочин TV Series буюу телевизийн цуврал гэдэг нь холбоо үг болохоор ингэж бичигдэх байх.
З Зочин 2015.12.25
аль нэг гадаад эх сурвалжуудаас орчуулаагүй байдгаараа unread бас ялгагддаг шүү. Гэхдээ телевизийн шилдэг цувралууд гэж нь зөв санагдах юм. Би монгол хэлний мэргэжилтэн биш л дээ, гэхдээ л ....