Ямар ч хүн уншаад эрч хүч ормоор урмын үгс дүүрэн хана, зөөлөн буйдан тавьсан амралтын хэсэг, шинэхэн кофений үнэр ханхалсан гал тогоо. Энэ бол бидний өнөөдрийн онцолж буй бизнес болох CallPro-ийн үйлчилгээний оффисын ерөнхий дүр төрх. Бидний үлгэрлэн ярих, жишээлэн сонирхох дуртай Цахиурын хөндийн соёлыг бий болгох зорилготой хэмээн ярих Б.Идэр-Одын үүсгэн байгуулсан энэ компани, байгууллагын харилцааны хамгийн чухал хэсэг болох дуудлагын төвийн цогц шийдлийг 100 гаруй байгууллага, компанид нийлүүлж, хамтран ажиллаж байна. 

Бизнесийн нэр: CallPro ХХК
Хаяг: Сөүлийн гудамж, Брау Хаус төв, #307
Үйл ажиллагааны чиглэл: Байгууллагын харилцаа холбоо
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2009 он
Үүсгэн байгуулагч: Б.Идэр-Од, А.Золзаяа
Ажилтны тоо: 8 (хэрэглэгчийн үйлчилгээ ба борлуулалт) + 4 (технологи хөгжүүлэлт)
Томоохон харилцагчид: Номин Холдинг, Бодь Даатгал, Мандал, ХХБ, Ариг Банк ...
Вэб: www.callpro.mn, CallPro (фэйсбүүк хуудас)

Бизнесийн санаагаа анх хаанаас олсон бэ?

Хамтрагчид маань харилцаа холбооны салбарт ажиллаж байсан тул энэ төрлийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээг сайн мэддэг байсан. Анх бид зөвхөн банкууд дээр төвлөрч, тэдгээрийн call center буюу дуудлагын төвийн програм хангамж, шийдлийг боловсруулж, нийлүүлдэг байлаа. Энэ үеэс л жижиг том хамаагүй, бүх салбарын компаниуд ч гэсэн яагаад банкуудтай адил өндөр чадамжтай технологи ашиглаж болохгүй билээ гэж бодогдох болсон. Улмаар энэ боломжийг бүх компаниудад нээж өгөх зорилгоор бизнесээ хөгжүүлж эхэлсэн дээ.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?

Өөрсдийн хуримтлал дээр тулгуурлан бизнесээ эхлүүлсэн. Эхний жил хагасын хөрөнгө оруулалт 60 гаруй мянган доллар болж байсан.

Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?

Бид бүгд багын найзууд. Бүгдээрээ код бичдэг, технологийн салбарыг сонирхдог, бас бүгдээрээ инженерүүд. Хамтрагчид маань харилцаа холбооны салбарт олон жил ажилласан туршлагатай байсан нь ч нөлөөлсөн. Ер нь бол хувь хүн ба мэргэжлийн талаасаа төгс зохицол байсан гэж боддог.

Танайх ямар онцлог, давуу талуудтай вэ? 

Байгууллагад олон мянган хэрэглэглэгчээс ирэх дуудлага бүрийг алдалгүй хүлээн авч, бүх дуудлагынхаа тайлан статистикийг шууд харах боломжийг бид олгодог. Энэ үйлчилгээг хэдэн жилийн өмнө зөвхөн том групп компаниуд л ашигладаг гэсэн ойлголттой байсныг бид өөрчилж ямар ч хэмжээний компани орчин үеийн байгууллагын харилцаа холбооны, маш бага зардалтай шийдэл ашиглах боломжтой болж байгаа юм.

Удирдах ажилтнуудын хувьд манай үйлчилгээг ашигласнаар компанийнхаа зах зээлтэй харилцаж байгаа харилцааг бүхлээр нь том зургаар харж хянаж, илүү мэдрэмжтэй шийдвэр гаргаж, бизнесээ илүү сайн явуулахад дөхөм болно.

Танайх оффисын байрлалаа сольж, нүүж байсан ч байгууллагын тань харилцаа холбоонд ямар ч өөрчлөлт орохгүй, илүү зардал гарахгүй. Ажилчид нь оффисоосоо гадуур явж байсан ч дуудлага алдахгүй хариу өгдөг, хэрэглэгчдэдээ ээлтэй сайн үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болж байна гэсэн үг.

Бизнесийн алсын хараагаа юу гэж тодорхойлсон бэ?

Компаниудын хэрэглэгчидтэйгээ өрнүүлж буй харилцаа бол бизнесийн амжилтанд нөлөөлөгч маш чухал хүчин зүйл байдаг. Ялангуяа энэ харилцаан дээр анализ хийж, гол үзүүлэлт, метрикүүдээ хянан, цааш бизнесээ уг мэдээлэл дээр үндэслэн илүү хөгжүүлэх чадвар нэн чухал. Энэ боломжийг том жижиг гэлтгүй бүхий л компаниудад хүргэхийг бид зорьж байна.

Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?

Бид фокусаа хэзээ ч алдахгүй байж, түр зуурын тохиолддог өндөр ашигтай зүйл рүү орохгүй ажилладаг.

Танайх одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Байгууллагууд томроод ирэхээрээ нөөц, харилцагчийн мэдээллийн менежментийн ERP, CRM гэх мэт олон дотоод системүүд ашиглаж эхэлдэг. Бид ч энэ хэрэгцээ шаардлагыг ойлгож үйлчилгээгээ байгууллагын дотоод системүүдтэй холбож ажиллуулахын төлөө ажиллаж байна. Ингэж интеграц хийснээр тухай байгууллага руу байнгын хэрэглэгч нь залгахад CallPro систем дуудлага хүлээн авах ажилтны өмнө “Хэрэглэгч Aриунаа залгаж байна, хөнгөлөлтийн картных нь дугаар 2030, өчигдөр ажилтан Халиунаатай ярьж, ийм зүйл тэмдэглүүлсэн байна” гээд харуулдаг болчихож байгаа юм.

Ингэснээр байгууллагын бизнесийн хурд, соёл сайжирч, хэрэглэгчдэд илүү таатай үйлчилгээ үзүүлэх боломжтой болдог. Манай үйлчилгээг ашигладаг олон байгууллага хэрэглэгчтэйгээ илүү ухаалгаар харилцаж чаддаг болсонд баяртай байгаа. 

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Ихэнхдээ эерэг сайн талыг нь мэдэрдэг дээ. Хамтрагч байгууллагуудын маань үйлчилгээ нүдэн дээр сайжраад ирэхийг харах их гоё байдаг. Зөвхөн хувийн компаниуд гэлтгүй төрийн хэвшлийн байгууллагууд ч манай үйлчилгээг их дуртай хүлээж авдаг. Заримдаа ажил амжихгүй фитнесээ таслах л их хэцүү санагддаг. (инээв)

Учирч байсан хамгийн том бэрхшээл, сургамж тань юу вэ?

Ажилчдаа байнга өндөр мотивацтай байлгах нь их чухал. Ийм нөхцөлийг хангахад захирлын гоё сайхан зан, байнга хэлдэг урмын үгс хангалтгүй. Харин өөр хоёр хүчин зүйл их чухал юм байна гэдгийг ойлгож байгаа. Энэ нь байнгын дотоод сургалт, мөн ажлын үр дүнгээ тогтмол тайлагнаж, эргэж харах. Хүн урмын үг сонсохоос илүүтэй, хийсэн ажлынхаа үр дүнг тод томруун харахдаа илүү их урамшдаг. 

Гэрэл зургийг Б.Ганчөдөр