Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   10 сарын 17, 2015

"ТЭГ-ээс НЭГ рүү тэмүүлэх нь" номын хэсгээс: Хожуу хөдлөхийн хожил

2014 оны Амазон, Нью Йорк таймсын бестселлер, PayPal-ийн үүсгэн байгуулагч, Facebook-ийн анхны хөрөнгө оруулагч, тэрбумтан Питер Тиэл-ийн “ТЭГ-ээс НЭГ рүү тэмүүлэх нь” номыг iSquare Publishing албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ гаргасан билээ. Энэхүү номын хэсгээс зохиогчийн эрхтэйгээр цуврал болгон хүргэж байна.

"Хожуу хөдлөхийн хожил" бүлгээс:  Монополь бизнесийн мөн чанар

Их хэмжээний мөнгөн урсгал бүхий компанийн хэтийн ирээдүй ямар байх вэ? Монополь бизнес бүр өөрийн гэсэн давтагдашгүй, онцгой шинжийг өөртөө агуулдаг ч, дараах нийтлэг мөн чанартай байдаг. Үүнд: Өөрийн эзэмшлийн технологи, хүрээллийн нөлөө, өргөжилтийн өгөөж (economies of scale), брэндинг.
Энэ бол бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай жагсаалт ч биш, ер нь монополь бизнес рүү ойртуулах хялбар зам ч гэж байхгүй. Эдгээр мөн чанарыг задлан шинжилснээр, та компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх өөрийн гэсэн төсөөлөлтэй болно.

1. Технологи

Танай компани өөрийн гэсэн технологийг эзэмшиж байгаа цагт бусад компани танай бүтээгдэхүүнийг хуулбарлахад хэцүү эсвэл бүр боломжгүй тул хамгийн бодитой, барьцтай давуу тал болдог. Жишээ нь, Гүүглийн хайлтын систем бусад хайлтаас хамгийн сайн, тохиромжтой үр дүнг гаргаж ирдэг. Маш богино хугацаанд хайлтын үр дүнг гаргахаас гадна, хайж буй зүйлд хамгийн сайн тохирох хувилбаруудыг автоматаар (autocompletion) санал болгодог. Энэ л Гүүглийн хайлтыг нийтээр хүлээн зөвшөөрөх, найдвартай ажиллагааг илтгэх чанар нь болдог. 2000-аад оны эхээр Гүүгл хайлтын системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад компанийг шахан зайлуулахын тулд чухам юу хэрэгжүүлснийг л Гүүглдэж олоход хамгийн хэцүү байх болов уу.

Эрхий хурууны дүрмийн дагуу, монополь давуу талыг олгох технологи нь түүнийг орлохуйц бусад технологиос ядаж 10 дахин боловсронгуй байх ёстой. Энэ шалгуурыг хангахгүй бол өрсөлдөгчдийн тоо нь ханачихсэн аливаа зах зээлийн хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг зөвхөн сайжруулсан хувилбар гэж үзээд, худалдаж авахыг төдий л яарахгүй.

10 дахин боловсронгуй зүйлийг санал болгох төгс шийдэл нь цоо шинэ зүйлийг бүтээх. Урьд нь огт байгаагүй цоо шинэ үнэ цэнийг бүтээчих юм бол, онолын хувьд ирээдүйн үнэ цэнэ нь хязгааргүй рүү дөхнө. Жишээ нь, нойргүйдлийг арилгах, халзралтыг зогсоох, харш заалтгүй эмийг шинээр бүтээх нь монополь бизнесийг гартаа атгах хөшүүрэг болно.

Урьд байсан шийдлийг 10 дахин боловсронгуй болгох дараагийн хувилбар таныг өрсөлдөөнөөс хол зайд аваачиж байрлуулах гол түлхүүр юм. Жишээлвэл, Пэйпал гарч ирснээр иБэй сайтаар худалдах, худалдан авах үйл явц 10 дахин боловсронгуй болсон. Шуудангаар ирэх нэхэмжлэхийг хүлээн 7-10 хоног алдахын оронд, дуудлага худалдаа дуусмагц, төлбөрөө шилжүүлэх боломжийг ПэйПал худалдан авагч нарт олгосон юм. Харин худалдагч тал чек илгээхгүйгээр, төлбөрөө тэр дор нь хүлээн авах боломжтой болсон.

Амазоны хувьд 10 дахин боловсронгуй шийдлээ бүхэнд ил тод зарлаж байлаа. Тэд ямар ч номын дэлгүүрээс дор хаяж 10 дахин олон номыг худалдан авагчид санал болгосон. 1995 онд анх гарч ирсэн даруйдаа, Амазон “Дэлхийн хамгийн том номын дэлгүүр” гэж өөрийгөө нэрлэв. Хэрэглэгч захиалга хийсэн дор нь, Амазон нийлүүлэгч компани руу номын нэрийг явуулах тул, уламжлалт номын дэлгүүр шиг 100 мянган төрлийн ном хадгалах агуулахын шаардлага тэдэнд байсангүй. Амазон олон нийтэд хувьцаагаа санал болгохоос 3 хоногийн өмнө, тэдний онцгой амжилтад ихээр цухалдсан, Барнс энд Нобл шүүхэд зарга үүсгэв. Үндэслэл нь Амазон “номын зуучлагч” байтлаа өөрсдийгөө “номын дэлгүүр“ гэж хэрэглэгчдийг төөрөгдүүлдэг гэжээ.

10 дахин боловсронгуй шийдлийг гойд онцгой дизайнаар дамжуулан хэрэгжүүлж болно. 2010 оны хүртэл таблэтийн зах зээл маш хязгаарлагдмал хүрээг хамарч байв. 2002 онд “Майкрософт Виндөүс ИксПи Таблэт ПиСи Эдишн” анх зах зээлд гарсны дараа, 2005 онд Нокиа “Интэрнэт Таблэт”-аа танилцуулсан ч, аль аль нь хэрэглэхэд туйлын хүндрэлтэй, нэг үгээр “шүдний өвчин” байсан. Харин энэ бүхний дараа Эппл айПэдийг гаргасан юм. Дизайны боловсронгуй байдлыг үнэндээ хэмжихэд хэцүү боловч, хэрэглэгчийн захиалгын тооноос тэд ямархуу зүйлийг олон нийтэд танилцуулсан нь илт тодорхой байв. Үүнээс хойш таблэтийн зах зээл огт сонирхолгүй байснаа, олон нийтийн хэрэглээ болж хувирсан.

2. Нөлөөллийн хүрээ

Тухайн бүтээгдэхүүнийг олон хүн хэрэглэх тусам, хэрэгцээ нь өсөх байдлаар нөлөөллийн хүрээ хэрэгждэг. Жишээ нь, найз нар чинь бүгд Фэйсбүүк ашигладаг бол, та ч гэсэн Фэйсбүүкийн хэрэглэгч болох нь зүй ёсны хэрэг юм. Түүний оронд огт өөр нийгмийн сүлжээг сонговол, зөвхөн гөжүүд, зожиг хүн шиг харагдана.

Гэвч аливаа бүтээгдэхүүн өөртөө үнэ цэнийг агуулаагүй цагт, нөлөөллийн хүрээний хүчийг ашиглах тухай бодоод ч хэрэггүй. Эхний бүлэг хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үнэ цэнэтэй, хэрэгтэй зүйл шиг санагдаж байж сая хүрээлэл өргөжиж тэлэх юм. 1960 онд үл гүйцэлдэх зорилготой Занаду гэх компани Интэрнэтийн сүлжээний үр хөврөл болсон санааг сэдэж, түүнийгээ гүйцэлдүүлэх зорилгыг өмнөө тавьсан ажээ. Ажиллах зарчим нь давхар урсгалд суурилсан сүлжээгээр дамжуулан бүх компьютерийг хооронд нь холбох байв. 30-аад жилийн турш үргэлжилсэн үр дүнгүй хичээл зүтгэлийн дараа, түүнийг орлох Интэрнэт сүлжээ аль хэдийнэ хүчээ авах үед, Занаду бууж өгсөн юм. Тэдний технологи тодорхой хүрээг хамарч чадах ч, удалгүй зогсонги байдалд орох нь эхнээсээ тодорхой байсан. Бүх компьютер сүлжээнд холбогдож байж, хэрэгжих боломжтой (үнэн хэрэгтээ тийм боломж байхгүй) энэ технологи үнэндээ үл гүйцэлдэх, оргүй хоосон мөрөөдөл байлаа.

Хачирхалтай гэж болохоор зүйл нь нөлөөллийн хүрээгээр дамжиж хэрэгжих бизнесийг жижиг зах зээлд эхэлж туршиж үзэх нь зүйтэй. Марк Зукэрбэрг анхандаа дэлхий нийтэд биш ангийнхаа бүх хүүхдийг хамруулж чадах бүтээгдэхүүнийг сэдсэн нь Харвардын оюутнуудад зориулсан бүтээл байсан юм. Сүлжээний бизнесийн зах зээл эхэндээ маш бага цар хүрээг хамардаг нь бизнесийн боломж мэт үзэгддэггүй тул, бизнесийн чиглэлээр сургууль төгссөн хүмүүс энэ төрлийн бизнесийг эхлүүлэх нь ховор байдаг аж.


3. Өргөжилтийн өгөөж 

Монополь бизнес өсөж томрох тусмаа улам хүчтэй болдог нь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээ өсөхийн хэрээр тогтмол зардал (инженерчлэл, менежмент, түрээс) буурдагтай холбоотой. Программ хангамжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаний хувьд өргөжилтийн үр өгөөж бүр ч их байдаг. Учир нь программ хангамжийн бүтээгдэхүүнийг нэмж хувилах тусам ахиуц зардал тэг рүү тасралтгүй тэмүүлдэг.

Дийлэнх бизнес үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн хэрээр давуу талаа гээдэг. Үйлчилгээний бизнесийг монополь болгох маш хэцүү. Жишээ нь, иогийн клубээр үйлчлүүлэх хүний тоо хязгаартай. Багш дасгалжуулагчийн тоог нэмж, салбар байршлыг олшрууллаа ч гэсэн, ахиуц орлого бага түвшиндээ эргэлдсээр байх бөгөөд, программ хангамжийн инженерүүд шиг үнэ цэнэтэй зүйлийг нэг газраас олон үйлчлүүлэгчид хүргэж чадах тэр цэгт хэзээ ч очиж чадахгүй.

Тэгэхээр сайн стартап бизнес эхнээсээ л өргөжин тэлэх бодит боломжийг өөртөө агуулах ёстой. Твиттэр хэрэглэгчийн тоо өнөөдөр 250 саяыг аль хэдийнэ давсан. Хэрэглэгчийн тоог өсгөхийн тулд, Твиттэр нэмэлт олон боломжийг ч нэвтрүүлэх шаардлагагүйн адилаар, цаашид үргэлжлэх хэрэглэгчийн хэлбэрэлтгүй өсөлтийн шалтгааныг тодорхойлох нь илүүц хэрэг юм.

4. Брэндинг

Монополь бизнес гэдэг нь өөрөө брэнд бүрдүүлж буй хэрэг боловч, хүчтэй брэндийг бий болгох нь өөрийнхөө монополь байдлыг олон нийтэд зарлан тунхаглах боломжийг нээдэг. Өнөөгийн хамгийн хүчирхэг технологийн брэнд Эппл компани айФон, МакБүкийг бүтээхдээ сорчлон ашигласан түүхий эд, материал, анхаарал татахуйц төрх, Эппл дэлгүүрийн минималист, гял цал дизайн, хэрэглэгчид таатай хэрэглээг бий болгох ойр дөт харилцаа, хяналтын систем, сэтгэлд хоногшсон сурталчилгааны кампанит ажил, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн, тохирсон үнийн бодлого, Стив Жобсын бусдыг өөртөө татах увидас зэрэг нь бүгд нийлээд, Эппл өөрийн гэсэн хөдөлшгүй орон зайг бий болгосныг хэлүүлэлтгүй нотолно.

Эпплийн амжилтаас суралцах гэсэн олон компани зар сурталчилгаа, брэндийн дэлгүүр, тансаг орц, материал, сонирхолтой илтгэл танилцуулга, өндөр үнэ, бүр цаашлаад минималист дизайныг нь хүртэл хуулбарлан дуурайх юм. Гэвч хэн бүхний нүдэнд үл харагдах мөн чанар, агуулгад анхаарахгүйгээр, зөвхөн гадна төрхийг зүлгээд амжилт олохгүй. Эппл нарийн бүтэцтэй, нийлмэл технологи болох техник (жишээ нь, дээд зэргийн мэдрэгч дэлгэц) болон программ хангамжийн (тусгай материалд зориулан бүтээсэн дэлгэцний интэрфэйс) хослолыг өөртөө эзэмшиж буйн дээр, өндөр үнэтэй түүхий эдийн үнийг хянаж чадахуйц их хэмжээний бүтээгдэхүүн үйдвэрлэж, давуу байдлаа хадгалж байна. Мөн Эпплийн олон сая хэрэглэгчид зориулж, хөгжүүлэгч нар хэдэн мянгаар тоологдох программ бичиж байгаа тул, хэрэглэгч нар ч Эпплийн үүсгэсэн талбарт (platform) үлдэх сонирхол нь хэвээр байгаа юм. Эппл ингэж контентийн экосистемд анхаарах замаар нөлөөллийг хүрээний хүчээ хадгалж, улмаар цаашид хэлбэрэлтгүй тэлж байна. Сая дурдсан монополь давуу талууд Эпплийн брэндингтэй харьцуулахад нүднээс далд байгаа боловч, монополь байдлыг нь хүчирхэгжүүлж буй брэндингийн тулгын чулуунууд нь юм.

Мөн чанар, агуулгыг цогцлоохгүйгээр, брэндээр хөөцөлдөх нь аюултай. 2012 оны дундуур “Яхүү!”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Марисса Мэер, нэгэнтээ интэрнэтийн босоо аварга асан компанийг эргүүлэн сэргээх зорилготой байв. Мэерийн ар араасаа авч хэрэгжүүлсэн арга хэмжээг твиттэрийн нэг өгүүлбэрээр “Эхлээд ажилтан, дараа нь бүтээгдэхүүн, дараа нь хэрэглэгчийн тоо, дараа нь орлого” гэж хурааж болохоор байлаа. Хүмүүсийн сонирхлыг шинэлэг зүйл татна гэж үзсэн Яхүү! дизайндаа анхаарсны илрэл болгож, логогоо бүрэн шинэчилсэн бөгөөд, залуу шинэ, эрч хүчийг бэлгэдэж буйгаа илэрхийлэн Тамблрыг худалдан авснаар барахгүй, Мэерийн олны танил байдал хэсэгтээ л бүхний анхаарлыг татсан юм. Гэтэл энэ бүхний эцэст нэг том асуулт урган гарсан нь Яхүү! чухамдаа ямар бүтээгдэхүүн гаргах вэ? гэдэг байв. Стив Жобсын хувьд Эппл-д эргэж ирэнгүүтээ, ажлын байрыг тав тухтай орчин болгоход анхаарахаас илүүтэй, 10 дахин боловсронгуй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шугамыг байгуулах боломжийг эрэлхийлж, бүх анхаарлаа үүнд төвлөрүүлж ажилласан. Зөвхөн брэндээр компанийг босгох нь, нэг хөлтэй ширээ хийсэнтэй адил зүйл билээ.

40022   6


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.