Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 21, 2018

Онцлох бизнес : Creative Bamboo - Хүн болох багаасаа, бүтээлч болох Bamboo-аас

0-5 насанд хүний тархины 90 хувь нь хөгжиж бүрэлддэг учир хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, сониуч занг багаас нь хөгжүүлж, суурийг нь зөв тавих нь чухал байдаг. Энэ хэрэгцээг олж хараад, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудыг бүтээлч, өөртөө итгэлтэй, бусдыг ойлгодог хүн болж төлөвшүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахаар шийдсэн А.Уянгатай бид ярилцлаа. Түүний үүсгэн байгуулсан Creative Bamboo төв бага насны хүүхдийн хөгжил, хүмүүжилд зориулсан олон шинэлэг үйлчилгээгээрээ Монголдоо анхдагч болжээ.

Бизнесийн нэр: Creative Bamboo
Үйл ажиллагааны чиглэл: 0-12 насны хүүхдийн хөгжлийн бүтээлч төв
Үүсгэн байгуулагдсан он: 2017
Үүсгэн байлуулагч: А. Уянга
Ажилтны тоо: 8
Байршил: ICC tower баруун талд, Downtown зүүн талд, Choijin Suites барилгын 2 давхарт 203т
Сошиал хуудас: Creative Bamboo (фэйсбүүк), @creative_bamboo (инстаграм)

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би хоёр бага насны хүүхэдтэй эх хүн. Анхны хүүхдээ төрүүлээд бусад ээж нарын адил ээж болох, хүүхдээ асарч хүмүүжүүлэх тал дээр мэдлэг дутмаг байсан. Тухайн үед цаг л гарвал хүүхдийн хүмүүжлийн талаар төрөл бүрийн ном уншиж судалдаг байв. 0-5 насанд хүний тархины 90 хувь нь хөгжиж бүрэлддэг учир хүүхдийг багаас нь сайн анхаарах нь ирээдүйд сайн хүн болох, амжилттай явах суурь болдог гэдэг. Монголд бага насны хүүхдүүдэд зориулсан бүтээлч үйл ажиллагаа явуулдаг цогц үйлчилгээний газар ч дутмаг болохыг анзаарч байлаа.

Аав ээжүүд маань хүүхдээ 2 нас хүртэл нь ихэвчлэн гэртээ хараад 2 нас хүрэхэд нь цэцэрлэгт өгч, тэднийг хөгжүүлэх үүрэг хариуцлагыг цэцэрлэгт найдаад өгчихдөг. Энэ хандлагыг бага ч болов өөрчилж, эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цагийг хамт өнгөрөөж, тэдний төрөлхийн сониуч занг үргэлж дэмжиж хөгжүүлэх боломжийг олгох зорилгоор энэ төвөө нээхээр шийдсэн дээ.

Creative bamboo нэрийН утга?

“Creative Bamboo” нэр маань ихээхэн утга учиртай. Bamboo нь монголоор хулс мод гэсэн үг. Хулс мод бол бусад модыг бодвол их өөр л дөө. Газрын гүнд үндэс нь ургахдаа маш удаан хугацаанд том талбайг эзэлдэг. Харин газрын хөрснөөс иш нь ургаад ирэхээрээ маш хурдтай, өдөрт нэг метр ургадаг мод. Яг үүнтэй адил, эцэг эхчүүд маань хүүхдээ багаас нь буюу 0-5 насанд нь сайн анхаарч цаг зав гаргах юм бол, хулс мод хурдан ургадагтай адил хүүхэд хурдан хугацаанд өөртөө итгэлтэй, амжилттай, биеэ даасан хүн болно гэсэн санааг илэрхийлэхийг хүссэн. Харин “creative” гэдэг нэрийг хийж байгаа бүх ажилдаа бүтээлч байхыг зорьж өгсөн хэрэг.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Гэр бүлийнхээ хүний дэмжлэгтэйгээр, хамттай ярилцаж байгаад шийдсэн. Анхнаасаа чин сэтгэлээсээ хүсэж, зорилготойгоор эхлүүлсэн учир үйл ажиллагаагаа хамгийн чанартай, шинэлэг байлгаж, сайн баг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт багагүй зарцуулсан.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Монголд 5 наснаас дээш насныханд зориулсан янз бүрийн сургалтын төвүүд харьцангуй олон. Манай төв 0-12 насныханд зориулсан үйл ажиллагаа явуулж, тэр дундаа 5-аас доош насныхантай сайн тулж ажилладаг. Хүүхдийн урлагийн боловсролд зориулан бид Монголд анхдагч Bamboo хүүхдийн театртаа хүүхдийн оролцоот жүжиг тавьдаг. Үзэж байгаа хүүхэд жүжгийн зарим хэсэгт өөрийн биеэр оролцох боломжтой нь хүүхдийг өөртөө итгэлтэй, өөрийнгөө сайн илэрхийлдэг, мөн бусдыг ойлгож хүлээцтэй ханддаг болгон хөгжүүлдэг.

Одоогоор бид төв дээрээ бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх олон бүтээлч буланг байнга ажиллуулж байна. Эдгээр булангуудаас сүүлийн үед хүүхдүүд "slime"-ийг их сонирхон хийж байна. Бүтээлч булангууд маань тухай үед явуулж байгаа үйл ажиллагаанаас хамаарч үргэлж өөрчлөгдөж байдаг.

Орчин үеийн шинэлэг техник технологийг урлагтай хослуулсан Монголын хамгийн анхны хүүхдийн интерактив дижитал тоглоом болох Sketch Town-ийг манай төв оруулж ирсэн. Sketch Town нь хүссэн өнгө будгаараа цаанаас өгөгдсөн хотын сэдэвтэй зургуудаас сонгон будаж, зурж, бичиж түүнийгээ сканердан виртуал ертөнц рүү оруулж, өөрсдийн зурсан зургийг 3D байдлаар харах боломжтой. Хүүхдүүд маань өөрсдийн босгосон виртуал хотоо хамгаалах гэж луутай байлдах зэргээр төрөл бүрийн интерактив тоглоомыг тоглож болдог.

Манай төвийн бас нэгэн зорилго бол эрүүл гэр бүлийг бойжуулах явдал юм. Манайх зөвхөн бага насны хүүхдүүд гэлтгүй эцэг эх нарт зориулсан төрөл бүрийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг. Бага насны хүүхдийг насны онцлогт нь тохируулан өсгөж хүмүүжүүлэх цуврал сургалтыг эцэг эхчүүдэд зориулан хийдэг. Түүнчлэн Art therapy буюу маш үр дүнтэй урлагийн сэтгэл заслын хөтөлбөрийг Монголын Мэргэжлийн Урлагийн Сэтгэл Засалчдын Холбоотой хамтран эцэг эх нарт явуулж үзсэн. Цаашдаа цогц хөтөлбөр байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ? 

Манайхаар үйлчлүүлсэн гэр бүлүүд, хүүхдүүд баяр баясалтай дурсамжийг бүтээхэд, хүүхдийг өөртөө итгэлтэй нэгэн болж төлөвшихөд туслах нь манай төвийн зорилго.

Одоогийн бизнес моделоо төгөлдөржүүлсний дараагаар бусад хот, газруудад салбараа нээн, магадгүй гадагшаа ч франчайзинг үйл ажиллагаа явуулахад болохгүй зүйл байхгүй мэт санагддаг шүү. (инээв)

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бид манай ажилтан ч бай, хамтарч ажиллаж байгаа байгууллага, хувь хүн ч бай, хамгийн түрүүнд тухайн хүн хийж байгаа ажилдаа хэр passionate буюу дурлаж сэтгэлээсээ хийж байгааг анзаардаг. Хүн бага цалинтай байсан ч өөрийн хийж буй ажилдаа туйлаас дуртай байвал тэр хүнээс хичээл зүтгэл цаанаасаа ундарч, тэр хэрээрээ илүү аз жаргалыг мэдэрдэг гэж боддог.

Хийж байгаа ажил бүр дээрээ үйлчлүүлэгч нараасаа тогтмол санал хүсэлтийг нь хүлээн авч байнга сайжруулахыг зорьдог. Тэдний хэрэгцээ, сэтгэл ханамжаас хамааран хайрцганд баригдалгүй шинэлэг, бүтээлч, чанартай үйлчилгээ үзүүлэхийг бид хичээдэг.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Одоогоор бид үйл ажиллагаагаа жигдлэн, төлөвлөсөн шинэ үйлчилгээнүүдээ боловсруулах тал дээр төвлөрч ажиллаж байна. 9-р сард шинээр бага насны хүүхдүүдэд зориулсан аав ээжтэйгээ явж болох олон төрлийн сургалт дугуйланг хөтөлбөртөө тусгах гэж байна. Үүнд 2-5 настай хүүхдүүдийн драмын, тогоочийн, иогийн, мөн технологитой холбоотой програмчлал, роботчлолын сургалтууд багтана. Мөн 9 сараас гишүүнчлэлийн системтэй болно.

Ойрын хугацаанд гэвэл, хүүхдийн баярыг тохиолдуулан “Урлагийн өдөр”, мөн орчин үеийн хүүхэлдэйн кинонуудын дуу бүхий мюзикл үзэх зэрэг шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах гэж байна.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Үйлчлүүлж буй хүүхэд бүрийн царайд баяр хөөр тодорч байгааг харах нь бидэнд юунаас ч илүү үнэтэй санагддаг. Манай жүжгийг үзээд өөртөө итгэлтэй болоод дуу шуу орсон хүүхдүүдийг харахаар өөрийн эрхгүй хийж байгаа юмандаа баярладаг.

Бид хэдий шинээр үйл ажиллагаа явуулж байгаа ч нийгмийн хариуцлагын хүрээнд амьдралын боломж муутай хүүхдүүдийг үргэлж баярлуулахыг хүсдэг. Жишээ нь, "Өнөр бүл" асрамжийн газрын хүүхдүүдийг төвдөө авчран, тэдний аз жаргалтай мөч, дурсамжийг хамт бүтээсэндээ их урамшиж байлаа.

Та манай "Онцлох бизнес" буланд шинэлэг, онцлууштай бизнес, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн санал болгохыг хүсвэл 99118236, 88104222 утсаар, эсвэл editor@unread.today имэйл хаягаар холбогдоорой.

32274   3


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х. Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.