Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   04 сарын 30, 2018

Онцлох бизнес: Beauty Secrets - Гоо сайхныг түгээх шидэт илгээмж

Гоо сайхны бүтээгдэхүүний худалдаанд хувьсал болон орж ирсэн шинэлэг үйлчилгээг өнөөдрийн нийтлэлээр танилцуулж байна. Beauty Secrets нь охид бүсгүйчүүдэд гоо сайхны урьдчилсан захиалгат үйлчилгээг санал болгож, таарах таарахгүй бүтээгдэхүүнд мөнгө цагаа үрэх эсрдэлийг багасгаж, төрөл бүрийн шинэ бүтээгдэхүүнийг турших боломжийг олгодог. Бид энэхүү шинэлэг бизнесийг үүсгэн байгуулагч Д.Энххорвоотой ярилцсанаа хүргэж байна 

Бизнесийн нэр: Beauty Secrets
Үйл ажиллагааны чиглэл: Гоо сайхны урьдчилсан захиалгат үйлчилгээ
Үүсгэн байгуулагдсан он: 2017
Үүсгэн байгуулагч: Д.Энххорвоо
Ажилтны тоо: 8
Сошиал хуудас: Beauty Secrets, www.beautysecrets.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Эмэгтэй хүн хорин таван нас хүртлээ төрөлхийн гоо сайхнаараа чимж явдаг ч гуч гараад ирэхээр арьс, гоо сайхны арчилгаа зайлшгүй шаардлагатай болдог. Иймд өөрт тулгарч буй гоо сайхны асуудлын талаар санал солилцож, мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах зорилгоор анх “Beauty Secrets” фэйсбүүк группийг нээж байлаа. Тус группээс арьс арчилгаа нь бүхий л насны эмэгтэйчүүдийн санааг зовоосон томоохон асуудал болохыг ойлгосон юм.

Анзаарахад бүсгүйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүн авах гэж гадаадаас онлайнаар захиaлдаг ч тэр болгон Монгол руу хүргэлт хийхгүй байхаас авхуулаад таньдаг хүндээ захих, эндээс дамласан үнээр гарал үүсэл нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн авах зэрэг олон асуудалтай тулгардаг болохыг олж мэдсэн. Энэхүү асуудлыг шийдвэрлэхийг хүсэж удаан бодсоны эцэст энэ бизнес санааг олсон доо.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бизнесээ бүр тэгээс эхэлж анхны #beautybox-ийн борлуулалтын орлогooроо эргүүлэн хөрөнгө оруулалт босгосон нь өнөөдрийг хүртэл өргөжин тэлж, олон брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирээд байна. Өнөөдөр манайх хамгийн их хандалттай буюу 46,000 гаруй хэрэглэгчтэй гоо сайхны платформ болж чадсан.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай “Beauty Secrets” Монголдоо энэ салбарт анхдагч, шинэлэг “ecommerce” буюу урьдчилсан захиалгат үйлчилгээг нэвтрүүлсэн. Бид зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн борлуулаад зогсохгүй, эмэгтэйчүүдэд гоо сайхны мэдлэг, зөвлөгөө өгч үлгэр дууриал болсон бүсгүйчүүдийн гоо сайхны болон карьерийн түүх, туршлагыг хуваалцаж урам зориг өгдөг. Нэг ёсондоо эмэгтэй хүний сайн найз, зөвлөгч болдог гэсэн үг юм.

Бидний онцлох #beautybox бүтээгдэхүүн бол хэрэглэгчид таарч тохирох эсэх нь мэдэгдэхгүй гоо сайхны бүтээгдэхүүн авах эрсдэлийг бууруулж, Монголын зах зээл дээр тренд болж буй гоо сайхны брэнд, бүтээгдэхүүний дээжийг хэрэглэж туршин, цаг хэмнэсэн үйлчилгээг үзүүлдэг. Туршилтын жижиг хэмжээтэй таван төрлийн бүтээгдэхүүнтэй “beauty” хайрцаг маань сар бүр хэрэглэгчийн хүссэн газарт хүргэгддэг. Мөн NY Barneys, ULTA, Peach and Lily зэрэг дэлхийд алдартай гоо сайхны дэлгүүрүүдэд борлуулагддаг брэндүүд beautysecrets.mn дээр албан ёсны эрхтэйгээр худалдаалагддаг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Манай гадаад найз хамтран ажиллах санал тавьснаар бид ер нь яагаад энэ бизнесээ Монголдоо төдийгүй, гадаадад өргөжүүлж болохгүй юм гэсэн бодол төрсөн. Одоогоор гадагшаа бизнесээ тэлэх үйл ажиллагаа маань судалгааны түвшинд явагдаж байна, ажил хэрэг болоход тун ойртсон байгаа гэж хэлж болно.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Манай явуулж буй үйлчилгээ бол маш хурдацтай хөгжиж буй гоо сайхан, мэдээлэл технологи гэсэн хоёр салбарт тулгуурласан бизнес. Бид ч тэр хэрээр “хурдтай” ажиллаж хөл нийлүүлэн алхахыг эрмэлздэг. Шинэлэг зүйлсийг байнга эрэлхийлж, туршихад нээлттэй байх зарчмыг баримталдаг. Бизнесийн алтан дүрэм л хойно шинэ зүйл туршсанаар алдаж онох үе зөндөө гарна. Гэвч бид алдаанаасаа айлгүй, алдаанаасаа суралцсаар өнөөдрийг хүртэл ажилласаар ирсэн.

Орчин үед эмэгтэйчүүдийн эдийн засаг болон нийгмийн харилцаан дахь байр суурь улам бүр бэхжиж байна. Тэр хэрээр эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийн тоо олширч байгаад байртай байна. Манай бизнесийн бас нэгэн том зорилго бол "women empowerment" буюу эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллах, тэдний нийгэм дэх оролцоог ихэсгэх явдал юм.

ТАНАЙХ ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Growth Hacking" буюу өсөлтийн соёлын зарчмаар манайх үйл ажиллагаагаа явуулж, хурдацтайгаар олон шинэ зүйл туршиж ажилладаг. Жишээ дурдахад, бид саяхан Монголын хамгийн анхны сүлжээ “Lemon 27” drugstore дэлгүүрт бүтээгдэхүүнээ нийлүүлж онлайнаар үйлчлүүлж чадахгүй ч манай бүтээгдэхүүнүүдийг авах хүсэлтэй хүмүүстэйгээ ойртсон.

Мөн тун удахгүй гаргах гэж буй “Beauty Secrets”-ийн аппликейшн дээрээ төвлөрч ажиллаж байна.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

E-commerce буюу онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх соёл нь Монгол улсад харьцангуй шинэ ойлголт тул төдийлөн сайн хөгжөөгүй байна. Урьдчилан захиалгат үйлчилгээг явуулахад олон бэрхшээл тулгарч байна. Бид үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ анхнаас нь онлайн захиалга хийх, банкны картаар үйлчлүүлэх зэрэг төрөл бүрийн онлайн худалдан авалтын соёлыг дэлгэрүүлж байна.

#Beautybox үйлчилгээг авах хүсэлтэй “subscribers” буюу урьдчилан захиалагчдад сар бүр худалдан авалт хийх, аль эсвэл олон сараар урьдчилан худалдан авалт хийх сонголт байдаг. Гаднын улсуудын жишгээр банкууд автоматаар сар бүр урьдчилан захиалагчийн данснаас үйлчилгээний төлбөрийг татаж авдаг. Харин Монголд энэ үйлчилгээ эрэлт багатай гэдэг шалтгааны улмаас хараахан нэвтрээгүй байна. Банк автоматаар сар бүр урьдчилан захиалагчийн данснаас төлбөрийг татах нь захиалагчдад цаг заваа хэмнэхэд тусалж, эргээд бизнес эрхэлж буй хүмүүст ч үнээ бууруулах боломжийг олгодог. Захиалагч нар тэртэй тэргүй сар бүр захиалах #beautybox-oo цаг гарздаж дахин дахин худалдан авахын оронд нэг дор олон сараар нь захиалбал хялбар болж байгаа гэсэн үг юм. Зөвхөн "beauty box" ч биш, жишээ нь тогны төлбөрөө би бөөнд нь нэг төлчихөөд мартчихсан явж байдаг. Хэрвээ сар бүр автоматаар картаас татаад авдаг байсан бол би мартаж тогоо таслуулж, нерв болон цагаа үрэхгүй байсан болов уу (инээв).

Гоо сайхны анхны урьдчилсан захиалгат үйлчилгээг явуулж байгаа тул бид эдгээр бэрхшээлүүдтэй тулгарч буй анхдагч хүмүүс болж байна. Монголдоо урьдчилан захиалгат үйлчилгээг дэлгэрүүлэх, цаашлаад "e-commerce"-ийн салбарт дэлхийн хэмжээнд хөл нийлүүлэн явахад хувь нэмрээ оруулж байгаа гэдэгт бид итгэдэг. Өнөөдөр бидэнд хүндрэлтэй байгаа боловч цаашид энэ төрлийн бизнес үйлчилгээ хөгжиж дэлгэрэх л болно.

Эерэг тал нь гэвэл гоо сайхныг түгээж байгаа учир маш их эeрэг энeрги авдаг. Гоо сайхан eртөнцийг аварна гэдэг шүү дээ. Эмэгтэйчүүд бид бие биеэ харилцан дэмжиж, хамтран ихийг бүтээж чадна гэдэг санааг бас дэлгэрүүлж байгаадаа баярладаг. Бизнесийнхээ хажуугаар бид хотынхоо хөгжилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулах санаачилгуудыг хэрэгжүүлж байгаа. Саяхан л гэхэд олон нийтийн газар биeэ зөв авч явахыг уриалсан #ШүлсээБүүХая аянг эхлүүлсэн.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Хэрэглэгчдэдээ хамгийн дээд зэргийн чанартай, эрүүл бүтээгдэхүүнийг хүргэхийг эрмэлздэг учир тэдний санал сэтгэгдэл бидэнд маш үнэтэй. Манай #beautybox-ийн уриа бол “аз жаргалыг түгээх” шүү дээ.

"Beauty box"-oo урьдчилан захиалаад мартчихсан байхад нь хаалгыг нь тогшин хүргэж өгөхөд хэрэглэгчид бэлэг авч байгаа юм шиг мэдрэмж авч баярладаг, мөн илгээмжээ аваад гарын үсэг зурах нь гадаадад байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг гэсэн сэтгэгдэл олон ирдэг. Аливаа бизнесийг төгс хийнэ гэдэг хэцүү, гомдол гаралгүй яахав. Гомдол гарахгүй бол харин бидэнд алдаанаасаа суралцаж сайжрах боломж гарахгүй шүү дээ.

ЗАЛУУ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Би Болгар улсад амьдарч байхдаа Софи хотод 8 салбар дэлгүүртэй болсон fast fashion төрлийн хувцасны брэндийг үүсгэн байгуулж, олон дистрибьютертэй хамтарч ажиллаж байсан. Болгар улс Eвропын Xолбоонд нэгдсэний дараа барууны бүх дэлгүүр л орж ирж, бизнесийн өрсөлдөөн ширүүн болж байсан. Загварын салбарын жинхэнэ акулуудтай өрсөлдөж ажиллаж байсан тул ихийг сурч авсан шүү (инээв).

Тухайн үед өнөөдрийнх шиг ийм их боломж, бололцоо байгаагүй. Одоо цагт нэг үеэ бодвoл бизнес эхлүүлэхэд хөрөнгө мөнгө их шаардахгүй болсон байна. Орчин үеийн дэвшилтэт техник технологийг бүтээлчээр ашиглаж, аливаа асуудлыг хялбархан шийдвэpлэж бизнес эрхлэх боломж тун их байгаа гэдгийг онцолмоор байна. Тиймээс зорилготой байж алдахаас бүү айгаарай гэж хэлье.

Та манай "Онцлох бизнес" буланд шинэлэг, онцлууштай бизнес, үйлчилгээний газар, бараа бүтээгдэхүүн санал болгохыг хүсвэл 99118236, 88104222 утсаар, эсвэл editor@unread.today имэйл хаягаар холбогдоорой.

41492   14


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.