Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох бизнес   04 сарын 23, 2018

Онцлох бүтээгдэхүүн: Шагайчин - Айлаас эрэхээр авдраа уудал

Шагай хэмээх монголчуудын уламжлалт сайхан тоглоом орчин цагт мартагдах шахаад буй. Хүүхэд багачууд зурагт, таблет, гар утсаар л гол төлөв гадны хүүхэлдэйн кино, видео тоглоомоор цаг нөхцөөх болсон өнөө үед хуучны энэ наадгайгаа сэргээн дэлгэрүүлэх нь нэн чухал болохыг ойлгосон залуу "Шагайчин" брэндийг үүсгэжээ. Эх орондоо үйлдвэрлэсэн шагайгаар 18 төрлийн наадгайг гэр бүл, найз нөхдөөрөө тоглох боломжийг бүрдүүлсэн, монгол контентийг баяжуулж буй тус брэндийн үүсгэн байгуулагч Э.Гүнбилэгттэй ярилцсанаа хүргэе.

Бизнесийн нэр: “Шагайчин” гэр бүлийн наадгай
Үйл ажиллагааны чиглэл: Монгол контент, бүтээгдэхүүн хөгжүүлэлт
Үүсгэн байгуулагдсан он: 2018
Үүсгэн байгуулагч: Э.Гүнбилэгт
Сошиал хуудас: Шагайчин
Борлуулалтын цэгүүд: Emart, УИД-н 6 давхарын Үндэсний бэлэг дурсгалын дэлгүүр, Toy Store дэлгүүр, Мабу Арал тоглоомын дэлгүүр, HobbyZone зэрэг дэлгүүрүүдээр

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би өмнө нь хэд хэдэн мэдээллийн технологийн стартап эхлүүлж, 2016 онд Хуйдан нэрийн аялал, амралтын зориулалт бүхий бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэн худалдаанд гаргаж байсан. Энэхүү нэршил маань зах зээлд танигдаж, зорилтот борлуулалтдаа тодорхой хэмжээнд хүрсэн ч улирлын чанартай, дээрээс нь зах зээл багатай байсан тул үргэлжлүүлээгүй. Тиймээс улирлын чанартай бус, хүн бүрт хэрэгцээт зүйл хийхийг хүсэж, нэлээн хэдэн санаа бодож байсны нэг нь "Шагайчин" бүтээгдэхүүн байсан юм.

Одоо цагт хүүхдүүд голдуу зурагт үзэж, таблет, гар утсаар олон цаг тоглодог болсон. Харин би хүүхдүүдээ аль болох Lego шиг "open-ended" буюу олон төрлөөр зохион тоглох боломжтой тоглоомоор тоглуулахыг хичээдэг. Энэ төрлийн тоглоомоор эцэг эх нь хүүхэдтэйгээ хамт тоглон, юу юуг хэрхэн бүтээж болохыг харуулах юм бол хүүхэд амтанд нь орж, өөрийн төсөөллөөрөө тоглох, бүтээх дуртай болдог. Шагайн наадгай нь энэ төрлийн, уламжлалт, онцгой наадгай юм.

Анзаарахад, шагайтай айл ховор, яаж тоглодгийг мэдэх хүүхэд ч ховор болсон мэт. Манай үеийнхэн багадаа тоглож өссөн болохоор шагайг сайн мэдэх ч орчин үед шагай цуглуулах, цэвэрлэх, будах цаг гарахгүй болж. Шагай амархан олддог юм шиг хэрнээ том зургаар харах юм бол мартагдаж буй өв соёлын нэг юм. Эртний ном сударт 200 орчим шагайн наадгайн төрөл байсан тэмдэглэсэн байдаг бол одоогоор мэдэгдэж буй нь 80 гаруй байна. Гэтэл бид одоо тоотой хэдийг нь л мэдэж байгаа шүү дээ.

Шагайг бүтээгдэхүүн болгоё гэхэд олдоц муутай, боловсруулах үйл явц нь удаан гэх зэрэг асуудал байсан учир хуванцар ашиглан үйлдвэрлэх санааг олж, эцсийн бүтээгдэхүүн гаргахад найман сарыг зарцуулсан. Бүтээгдэхүүндээ шагайгаар тоглодог, нааддаг хүн гэсэн утгаар шагайчин хэмээх нэрийг сонгож, бидний ирээдүй болсон хүүхэд бүр өв соёлоо мэддэг, өвлүүлэн үлдээдэг монгол хүмүүн байх болтугай хэмээн бэлэгшээсэн.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Бусад гарааны бизнесүүдийн адилаар бизнесийн зээл олдоход хэцүү байсан. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг шүү дээ. Анх тооцож байснаас зардал нэмэгдсэн ч өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулалтын асуудлаа шийдсэн.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Манай бүтээгдэхүүнд маш олон давуу тал бий. Бага насны хүүхдэд зориулж эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хамгийн сайн чанарын, хүнсний зориулалттай PP5 хуванцар материалыг сонгож хийснийг хамгийн түрүүнд дурдах ёстой. Энэ түүхий эд Монголд байдаггүй учир Солонгосоос захиалан шагайгаа бүтээсэн. Түүнчлэн уг хуванцар материалыг хүүхдийн угж, аяга халбага, тоглоом зэрэгт өргөн ашигладаг, хагарч цуурдаггүй, нугалсан ч хугардаггүй онцлогтой. Дахин боловсруулагддаг хуванцар учир байгальд ч хор хөнөөл багатай.

Шагайг үйлдвэрлэсэн гэхээр хүмүүс гайхаж, хэлбэр, хэмжээ, жингийнх нь талаар сонирхож асуудаг. Удаан хугацаанд сууж гаргасан шагайн гурван хэмжээст загвар маань яг л бодит мэт хэлбэртэй, цул бүтэцтэй бөгөөд жин, хэмжээний хувьд ч ясан шагайтай адил. Малын баруун, зүүн хөлийнх шиг буюу эр, эм 2 өөр чиглэлтэй хийгдсэн. Бүр харшуулахад дугарах чимээ нь хүртэл адилхан байдаг. Иймд хаяж няслахад ясан шагайнаас ялгарах зүйлгүй.

Яаж ингэж тод өнгөөр будсан бэ гэсэн асуулт цөөнгүй ирдэг. Түүхий эд маань цаанаасаа өөрийн өнгөтэй байдаг тул тод өнгөтөй байхаас гадна будаг гардаггүй. Түүнчлэн, ясан шагайг хил гаалиар гаргадаггүй байсан бол энэхүү хуванцраар хийсэн шагайг гадагшаа авч явах, улмаар олон улсад бүтээгдэхүүнээ таниулах бүрэн боломжтой болсон.

Монголчууд бид хүүхдийнхээ хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн уламжлалтай. Ардын тоглоом наадгай нь оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Бүтээгдэхүүнд дагалдаж ирэх гарын авлагад шагайн наадгайн 18 төрлөөр тоглох заавар, алаг мэлхий өрөх хөлөг, шагайгаа хадгалах даавуун уут, шоо зэрэг бүрдэл хэсгүүд багтдаг аж.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Шагайн наадгай бол Монголын уламжлалт, биет бус соёлын өв яахын аргагүй мөн. Жишээлбэл, Шинэ Монгол сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн шалгалтын нэг даалгавар нь шагай тоглох байсан ба тус сургуулийн захирал нь өөрийн сошиал хуудаснаа “шагай тоглож үзээгүй хүүхэд цөөнгүй байсан нь харамсалтай” гэж бичсэн байсан.

Тиймээс бага багаар мартагдаж буй энэхүү өв соёлоо "Шагайчин" бүтээгдэхүүнээр дамжуулан сэргээн, хөгжүүлэх, өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулах зорилготой байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Бүтээгдэхүүнээ Хятадад үйлдвэрлэвэл илүү хямдхан тусах юм биш үү гэсэн сэтгэгдэл бишгүй ирдэг. Гэвч аль болох Монголдоо үйлдвэрлэж гадагшаа гарах мөнгөний урсгалыг дотооддоо барих зорилготой ажиллаж байна. Ерөнхийдөө Монгол үндэстний уламжлал болсон энэ бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, ёс заншлаа хүүхэд залуучууд болон хойд үедээ таниулж, өвлүүлэн үлдээхээр зорьж байна.

ТАНАЙХ ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Саяхнаас худалдаанд гарч эхэлсэн бүтээгдэхүүнээ таниулах, сурталчлах дээр төвлөрч байна. Түүнчлэн шагайн наадгайн загвар төрлүүдийг нэмэгдүүлж шинэлэг байдлаар тоглох аргыг боловсруулах болон шагай ашиглан өөр бусад тоглоом хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид "Naad" нүүдэлчдийн тоглоом наадгайн брэндтэй хамтран ажиллахаар ярилцаж байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Шинээр үйлдвэрлэл хийж байгаа болохоор бэрхшээлтэй зүйлс цөөнгүй гарна. Манай зах зээлд монгол контент их дутагдалтай байгаа нь контентын бизнес эрхэлж буй хүний хувьд бэрхшээл гэхээс илүүтэй сэтгэл өвтгөж байна. Хүмүүс хүүхдүүддээ зориулан гадаадын тоглоом наадгайд мөнгө зарцуулж байснаас монголын үндэсний уламжлал бүхий тоглоомуудаа хүүхдүүддээ санал болгож цаашид өвлүүлээсэй гэж хувьдаа хүсдэг.

Эерэг сайн тал гэвэл мэдээж манай бүтээгдэхүүн хүүхдэд зориулсан, өв соёлоо дэмжсэн, ач холбогдол өндөртэй бизнес. Тэр ч утгаараа олон хувь хүн, компанийн дэмжлэгээр бүтээгдэхүүний хөгжүүлэлт, үйлдвэрлэл маань явагдаж байгаа. Шагайчин бүтээгдэхүүний дагалдах зүйлсийг бүгд өөр өөр газарт үйлдвэрлэдэг. Энэ дашрамд дэмжин ажиллаж буй тэрхүү газрууд, хувь хүмүүстээ талархлаа илэрхийлье. Манай бүтээгдэхүүн үр хойч маань монгол хүн болж төлөвшихөд төдийгүй гадаад хүмүүс нүүдэлчдийн соёл уламжлалтай танилцахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ТАНАЙХААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС ХУВААЛЦАНА УУ?

Шагайг үйлдвэрлэсэн гэхээр хүмүүс тун гайхдаг гэж түрүүнд дурдсан. Тоглож үзсэний дараа харин бүгд л сэтгэгдэл өндөр, гэр бүлийнхэнтэйгээ суун хамтдаа тоглох боломжтой сонирхолтой тоглоом гарч ирсэнд баярлаж байсан. Мартагдах шахсан үндэсний наадгайгаа бүх л хүмүүс нааштайгаар хүлээн авч байна лээ.

202788   13


НИЙТЭЛСЭН:

Khaliunaa Naranbayar

Гэрэл зургийг:

Х.Хантүшиг




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.