Өнөөдөр бид та бүхэнтэй Монголд үйлдвэрлэсэн, зуун хувь байгалийн гаралтай нэгэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчидтэй танилцуулж байна. Энэ бол Oyu Family Farm. Тайжийн жинс, бэр цэцэг болон хөвөн оройт цэцгээс хураасан зөгийн бал бол тэдний брэнд бүтээгдэхүүн. Лангуун дээрээс хамгийн энгийн хэрнээ сэтгэлд дотно, онцгой сэтгэгдэл төрүүлэхүйц баглаа боодлоороо ялгарах тэд таны эрүүл мэндийг нэгдүгээрт тавин чанарыг эрхэмлэсэн бүтээгдэхүүнээ санал болгож байна. Тус брэндийг үүсгэн байгуулагч хатагтай А.Оюунтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
Бизнесийн нэр: Oyu Family Farm
Байршил: Төв аймгийн Эрдэнэ сум
Үйл ажиллагааны чиглэл: зөгийн аж ахуй, зөгийн балны үйлдвэрлэл, худалдаа
Үүсгэн байгуулагдсан: 2014 он
Үүсгэн байгуулагч: А.Оюун
Ажилтны тоо: 5
Сошиал хаяг: Oyu Family Farm

Бизнесийн санаагаа анх хэрхэн олсон бэ?
Ээж аав маань олон жил хашаандаа мод тарьсан юм. Би ч янз бүрийн мод авчирч өгдөг, тэр нь ч жигтэйхэн сайхан ургадаг, сүүлдээ машин тавих ч зай байхгүй шигүү ургачихдаг болсон. Багануурынхан ч өнөөх мод тарьдаг хөгшид гээд мэддэг болчихсон, хүмүүс орж ирэхээрээ Оросын тосгонд ороод ирчих шиг боллоо гээд л дуу алддаг байлаа. Энэ үед л мод, ургамал тарих, ургуулж арчлах нь миний нэг төрлийн хобби болсон байх гэж боддог.
Би 10 гаруй жил олон улсын төслийн шугамаар жижиг дунд бизнес, хувийн хэвшлийг дэмжих тал дээр голчлон ажилласан юм. Олон бизнестэй танилцаж, олон хүмүүстэй уулзаж явахдаа өөрийн гэсэн бизнестэй болох талаар бодож, төлөвлөдөг байлаа.
Ингээд хоббигоо ажилтай холбож, жимсний мод ургуулж, аж ахуй эрхлэхээр шийдэж, судалгаагаа хийсэн, газраа ч авсан. Гэвч жимс ургуулна гэдэг өөрөө 3-4 жилийн дараа л анхны ургацаа өгдөг, нэлээн цаг хугацаа шаарддаг ажил байсан юм л даа. Энэ хооронд яаж өөр орлогын эх үүсвэртэй байж болох вэ гэж судлах үед зөгийн аж ахуй толгойд орж ирсэн. Тэгээд л зөгийн талаар судалж, сүүлдээ бүр донтож, одоо гол чиглэл маань зөгийн балны аж ахуй болчихсон байна даа.

Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
Цэвэр гэр бүлийн хуримтлал, хөрөнгөөс анхны санхүүжилтээ босгосон. Аж ахуй босгоно гэдэг их зардал өндөртэй, газар, байшин, тоног төхөөрөмжүүд гээд эхний суурь шаардлагууд ихтэй. Дараа нь банкнаас бус ББСБ-аас зээл аваад үйл ажиллагаагаа өргөжүүлээд явж байна.
Хамтрагчдаа хэрхэн сонгосон бэ?
Өөрийн хүүхдүүдтэйгээ хамтдаа бизнесээ хөгжүүлж байна. Oyu Family Farm гэдэг нэрийг брэнддээ өгсөн нь ч учиртай. Гацууртын Чинбат захирлын хэлсэн "Хүн үр хойчдоо өвлүүлэх л бизнес хийхгүй бол богино настай бизнес хийхийн хэргэ юу байна?" гэж хэлж байсан нь их тодоор санаанд байдаг юм. Тийм учраас гэр бүлийн бизнес хэмээн онцолж, энэ нэрээ өгсөн дөө.

Танай онцлог, давуу талууд?
Манай хамгийн гол онцлог бол ямар ургамлаас гаргаж авсан бал вэ гэдгээ тодотгож, түүний үзүүлэх нөлөө, үр ашгийг тайлбарлан бүтээгдэхүүнээ хүргэж байгаа нь гэж ойлгож байгаа. Зөгий ямар цэцэгнээс бал хурааж авч байгаагаас хамааран өнгө, амт, үнэр, хэрэглээ, үр ашиг нь гээд бүх зүйлс нь өөр өөр байдаг юм. Бидний хувьд хөвөн оройт болон бэр цэцгээс хураасан зөгийн балыг зах зээлд нийлүүлж байна.
Хөвөн оройт цэцгийн бал нь зөөлөн чанарын баланд тооцогддог. Шар өнгөтэй. Хүүхэд, настайчууд, хөхүүл хүүхэдтэй ээжүүдэд илүү тохиромжтой. Ходоодны шингэц сайжруулж, цус төлжүүлдэг үйлчилгээтэй. Ходоодны шархлааны үед энэ балыг хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Учир нь энэ бал амархан шингэдэг тул хөнгөн чанарын хүнс гэж үздэг юм. Ханиад томууны үед өвдөлт намдааж, тайвшруулна. Бэр цэцэг, тайжийн жинс цэцгийн балны хувьд бордуу өнгөтэй, зүрх судасны өвчинд сайн. Мэдрэлийн ядаргаа тайлдаг, биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчлэлтэй антиоксидант бодисоор баялаг гэдгээрээ онцлог. Даралт багасах үед хэрэглэснээр даралтыг хэвийн хэмжээнд байлгана.
Манай ферм Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг. 600 гаруй зөгийн бүлээс балаа хураадаг. Хэдий манай оронд аливаа цэцэг, ургамлын цэцэглэх хугацаа харьцангуй бага байдаг ч бэлчээр хангалттай, газраасаа шим авах чадвар нь өндөр байдаг юм билээ. Эрс тэс уур амьсгалд дасан зохицож, балт шүүсээ ялгаруулах чадвар өндөртэй болсон нь тэр. Тиймээс бүтээгдэхүүний чанар тэрийгээ дагаад өндөр түвшинд хадгалагдана.
Бид органик, эко гэдэг шинжээ бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодолд ч шингээхийг хүссэн. Тиймээс ч бор цаас ашигласан нь манай бас нэг ялгарах шинж болоод байна. Номин, Оргил худалдааны төвийн сүлжээгээр борлуулагдаж байгаа. Удахгүй И-Март-д тавигдана даа.
Сонирхуулахад, хөвөн оройт цэцэг өөрөө их сонирхолтой түүхтэй. Хаант Оросын үед "иван чай" гэх энэ цэцгээр хийсэн цай элит, баячуудын хэрэглээ болж, ихэд алдаршсан бүтээгдэхүүнд тооцогддог байсан гэдэг. Тухайн үед Бадмаев гэж нэртэй буриад хүн судалгааны багийг нь ахалж, буриад үндэстэн өвөрмөц жорыг нь эзэмшдэг байсан тухай баримт байдаг. Гэвч Англичууд цэйлон цайг түгээж, алдаршуулах явцдаа янз бүрийн цуу яриа, хар ПР тараасаар энэ цайг дарж авсан гэж яриа бий. Мөн 2-р дайны үед А.Гитлер цайны технологи хөгжүүлж байсан судалгааны институт, үйлдвэрийг нь зориуд устгах гэж бригади явуулж байсан тухай ч баримт байдаг юм. Асар хүйтэн цаг агаарт хөвөн оройт цэцгийн цай уусан орос цэргүүд хэчнээн өлөн зэлмүүн, хангамж багатай байсан ч эрүүл чийрэг, хөнгөн шингэн байдаг байсан гэдэг юм л даа. Бүтээгдэхүүнээ хөгжүүлэх үед иймэрхүү судалгааны сонирхолтой, сонин баримтуудтай их таардаг шүү

Бизнесийн алсын хараагаа хэрхэн, юу гэж тодорхойлсон бэ?
Анх бизнесээ эхлүүлэхдээ л экспортод гаргах бүтээгдэхүүн хийнэ гэж төлөвлөж байсан. Бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлоо ч тэгж төлөвлөж хөгжүүлсэн. Бид ойрын хугацаанд хөвөн оройтын балаа гадаад зах зээлд таниулж, гадны хэрэглэгчдэд хүргэх зорилготой байгаа. Яг л Азийн хэрэглэгчдийн сонирхож дурладаг үнэр, амт манай бүтээгдэхүүнд бий.
Дээхэн үед бол гадаад руу бүтээгдэхүүн гаргана гэдэг дааж давшгүй даваа мэт санагддаг байлаа. Гэхдээ одоо бол үнэхээр хийж чадаад, зөв таниулж чадвал боломж үнэхээр их байгааг онцолмоор байна. Гагцхүү зөв гарц, өнцгөө л олох нь чухал байх.
Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?
Бид байгалийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж байгаа гэдгээ өөрсдийн үнэт зүйл хэмээн ойлгож байгаа. Гадаадын ямар ч хүнээс Монгол орны тухай сэтгэгдлийг нь асуухад онгон байгаль, цэвэр агаар, өргөн уудам тал нутаг гээд байгалийн сайхнаар л төсөөлдөг. Яг л эдгээр шинжүүдийг бизнестээ, бүтээгдэхүүндээ шингээж, хадгалахыг хичээж байна.
Нөгөө талаар бид хэрэглэгчдийн боловсролд их ач холбогдол өгдөг. Зөгийн бал хэрэглэх нь ашиг тустай л гэж мэддэгээс биш яг яагаад, ямар байдлаар, яаж хэрэглэх вэ гэдэг тал дээр мэдлэг дутмаг байдаг юм шиг санагддаг. Жишээ нь лангуун дээрх зөгийн балыг хараад доороосоо сахар тунасан, талстжих явц эхэлчихсэн байхыг харахаараа хүмүүс тэрийг авахаа больчихдог. Уул нь бол жинхэнэ байгалийн гаралтай, цэвэр бал л тийм шинжийг үзүүлдэг юм л даа. Үйлдвэрийн аргаар хиймлээр боловсруулж буй бал бол шингэнээрээ л байдаг байх жишээтэй. Тиймээс бид хэрэглэгчдийн боловсрол, мэдлэгийг эрхэмлэн, ямагт мэдээлэл, мэдлэг өгөхийг эрмэлзэж ажилладаг.
Зөгийн балыг нэгээс доош насны хүүхдүүд хэрэглэж болохгүй, 60-аас дээш градусын халуун усанд хийж болдоггүй зэрэг энгийн мэдлэгүүдийг бүтээгдэхүүнүүдийн сурталчилгааны материалууддаа заавал багтааж гаргадаг.

Энэ бизнесийг эрхлэхийн эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд юу вэ?
Миний хувьд олон улсын төсөлд ажиллаж байхдаа олон төрлийн бизнестэй ажиллаж, өргөжин тэлэх, унах босох бүх л үйл явцыг нь гэрчилж байсан туршлагатай. Энэ бизнесийн гол онцлог бол тасралтгүй үргэлжилдэг бизнес. Нөгөө талаараа ногоон бизнес гэдгээрээ давуу талтай. Их эерэг бизнес гэж хардаг. Зөгийтэй ойрхон байхаар стресс тайлагдаж, тайвшраад ч байгаа юм шиг санагддаг юм. Фермээр маань зочилсон найзууд маань оройдоо буцах байснаа больж, хэд хоноод явахдаа ийм сайхан орчинд л амьдрах учиртай юм байна, аз жаргал гэж энд л байна даа гэж хэлдэг юм. Би хүүхдүүд, ач нараа ч илүү байгальд ойрхон, монгол орчинд байлгах боломжтой байгаагаараа олзуурхаж байгаа.
Зөвхөн манай ч гэлтгүй бусад бизнест ч гэсэн түгээмэл тулгамдаж буй хоёр асуудал байна гэж хардаг. Эхнийх нь банкны системийн асуудал. Банкууд маань жижиг бизнесүүдээ дэмжихдээ харьцангуй сул байна уу гэж боддог. Би зээлийн батлан даалтын сан гарахаас өмнө төслийнхөө шугамаар ирээдүйтэй, сайн бизнесүүдийг олж тогтоон, санхүүгийн дэмжлэг үзүүлж, банкны шаардсан барьцааны 95 хувийг бэлэн мөнгөөр байршуулж ажилладаг байсан юм. Тэр үед бидэнтэй хамтарсан олон бизнес амжилттай тэлж, өргөжин ажиллаж байна. Бид тэр үед шинэ бизнесүүдэд итгэл үнэмшлээрээ л сургаж, зөвлөн, итгэдэг байлаа. Гэтэл манай банкуудад тийм эр зориг байхгүй, хэт өндөр хүү тавьчихаад суугаад байдаг. Уул нь ирээдүйн хэрэглэгчид, ирээдүйн том бизнесийг авахын төлөө л өрсөлддөг баймаар. Бизнес таньдаг нүдтэй болмоор, сэтгэлгээний хоцрогдлоо арилгамаар байгаа юм шиг санагддаг.
Нөгөөх нь хүний нөөцийн асуудал. Бизнес эхлүүлж болно, байшингаа бариад, тоног төхөөрөмжөө аваад, бүтээгдэхүүнээ гаргаж болно. Тэгээд л ажиллах хүчин дээр таг зогсдог. Хөдөлмөрийн зах зээл дээр эзэн-боолын сэтгэлгээ их хүчтэй байгаа юм шиг. Бизнес эрхлэгчид бизнесийнхээ боол болж, цалин тавьдаг л хүн болж байгаа хандлага ажиглагдаж байна. Ажилчид нь ч сэтгэлгүй, цаг нөхцөөж, цалингаа авахыг л урьтал болгодог. Уул нь хэрхэн ажилдаа өөрийн хувь нэмэр оруулж сайжруулж болох вэ талаар боддог сэтгэлтэй, зөв хандлагатай ажилчид баймаар. Би лав гүйцэтгэсэн үүргээс гадна гараас нь юу гарч болох вэ, ямар ашиг тус байгууллагад авчирч чадахаар байна гэдгийг харж шинэ ажилтнуудаа сонгодог.

Одоо та бүхэн юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Бид яг одоо брэндийнхээ сурталчилгаа, маркетингийн ажилд анхаарахаас гадна экспортын гарцаа эрэлхийлэн, эхний алхамуудаа хийн явж байна. Гадны зах зээлд амжилттай бүтээгдэхүүнээ гаргасан туршлагатай хамт олонтой хамтран ажиллах болсондоо их баяртай байгаа. Тэдний олж авсан туршлага, мэдсэн зүйлсээс бид суралцаж, илүү хурдан, үр ашигтай байдлаар гадны хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэх боломжтой болж байгаа юм. Одоогийн залуус хамтран ажиллах, хамтдаа нэг зүйл босгох тал дээр их нээлттэй болсонд баяртай байгаа шүү.
Үүнээс гадна бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэх, хэмжээг олон болгох тал дээр ажиллаж байна. Яваандаа өөр өөр онцлогтой хэрэглэгчдэд зориулсан брэндүүдийг хөгжүүлэх болно.

Хэрэглэгчдээс хамгийн түгээмэл ирдэг санал, сэтгэгдлээс хуваалцана уу?
Хэрэглэгчдийн санал сэтгэгдэл их эерэг байгаад баяртай байна. Манай балны амтаас салж чадахгүй байна, өөр бал авсан дасахгүй байна, амтанд нь орчихлоо гэж хэлэх хүмүүс их бий. Хэрэгцээнд таарсан бүтээгдэхүүн гаргахын төлөө л ажиллаж байгаа бидэнд үүнээс илүү сэтгэгдэл гэж байхгүй.
ЗАлуу бизнес эрхлэгчдэд хандан зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?
Тууштай, зоригтой байгаарай гэж хэлмээр байна. Угаас алдаа оноо замд зөндөө тохиолдоно. Гэхдээ тэр бүрийг давж л байж, жаргал зовлонг нь ойлгож байж л амжилтанд хүрнэ гэж хэлмээр байна.
Мөн дээхэн үед нэг хурал дээр нэг эгчийн хэлсэн үг одоо болтол санаанаас гардаггүй юм. "Ерөөсөө томоор л мөрөөдөцгөөе. Зоригтойгоор том мөрөөд" гэж уриалсан тэр үг гуч гаруйхан настай залуухан надад их нөлөөлсөн. Би мөрөөдлөөрөө хөглөгдөж, урагшаа явдаг. Зарим үед хамт ажилладаг хүмүүс маань хэтэрхий их зүйл санаачлаад байна, хэт их зүйл төлөвлөж байна гэж л байдаг юм. Гэхдээ боломж байх л юм бол ашиглах л хэрэгтэй гэж боддог шүү. /инээв/

Гэрэл зургийг Ц.Нармандах
Сэтгэгдэл бичих (2)


П Павел 176.50.43.43
Занимаюсь производством рапсового масла в Алтайском крае и владею пасеками в Алтайском крае и Республике Алтай. Предлагаю сотрудничество. Подскажите пожалуйста, возможно ли сотрудничество между нашими компаниями? Контактные данные: 8-913-007-84-44; suhovpavel.96@mail.ru
B Baljka Batsuuri 202.9.42.188
Untah huselgui boltol sergeeh niitlel bhiimaa. Eruul mendiin salbaraas heregtei medeeleluudig oruulj ogohiig husii.