Сүүлийн үед энергийн менежментийн (энерги = ажил хийх чадамж, хүч чадал) тухай их ярьдаг болсон нь учиртай. Нэг хэсэг хүмүүс цагийн менежментээ л сайн хийчихвэл үр бүтээмжтэй өндөртэй болж, амжилт гаргана гэж боддог байсан нь нэг талаар өрөөсгөл байж. Өдрийн цаг 24 гэсэн хязгаартай бол хүний энергид хязгаар байдаггүй. Цагийн менежментээр бол ажлын чанарыг хийсэн цагаар нь л тооцон гаргаж ирнэ. Харин үнэндээ их энергитэй байхдаа хийсэн ажил ядарсан үедээ хийсэн ажил хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг ажээ. Тэгэхээр энергиэ удирдахтай холбоотой гол ойлголтуудыг мэдчихвэл цагаа яаж удирдах вэ гэдэг тодорхой болоод ирнэ. Өнөөдөр бид энергиэ яаж зарцуулах, эргээд хэрхэн сэлбэх талаар зайлшгүй мэдэх ёстой зүйлсийг багцлан хүргэж байна. 

Өнгөрсөн жил би энергийн менежментийн талаар "The Power of Full Engagement" хэмээх гайхалтай номыг уншсан юм. Энэхүү бичвэртээ уг номын агуулгыг гол болгон, бусад сурвалжаас олж мэдсэн баримт, ойлголтуудыг хавсарган хүргэж байна.

Fully engaged байна гэдэг нь бүх л энерги, анхаарлаа тухайн зүйлдээ бүрэн зориулахыг хэлж байгаа ойлголт. Хүн ажилдаа, гэр бүлдээ, үерхэл нөхөрлөлдөө өөрийгөө бүрэн зориулж байж л амжилт гаргадаг билээ.

ЭНЕРГИЙН ТӨРЛҮҮД

Хүний бие эрч хүчтэй, сэтгэл санаагаар холбогдсон, тархи төвлөрсөн, оюун санаандаа зорилготой байж тухайн зүйлд өөрийгөө бүрэн зориулдаг гэнэ. Эндээс энергийн төрлүүд гарч ирнэ:

-Биеийн энерги (Physical energy)
-Сэтгэл санааны энерги (Emotional energy)
-Тархины энерги (Mental energy)
-Оюун санааны энерги (Spiritual energy)

Эдгээр энергүүд нь бүгд хоорондоо шүтэлцээтэй байдаг аж. Жишээ нь бие ядарсан байвал бид төвлөрч чадахгүй. Сэтгэл санааг өргөх, хөгжөөх ямарваа зүйл хийвэл биеийн энерги сэлбэгдэж байдаг гэх мэт.

ЯАЖ ИХ ЭНЕРГИТЭЙ БОЛОХ ВЭ?

Энергийн ажиллах зарчим маш сонирхолтой. Хэтрүүлэн зарцуулбал энерги буурах нь мэдээж. Харин тэгтэл дутуу бага ашиглавал энерги бас багасаж байдаг гэнэ шүү. Тиймээс энергийг системтэйгээр (хэмнэлтэйгээр) зарцуулж, түүнийгээ дор дор нь сэргээж сэлбэж явах учиртай гэнэ.
Хүч чадал (strength), endurance (тэсвэрлэх чадвар), flexibility (уян хатан байдал) зэрэг нь биеийн энергийн гол үзүүлэлтүүд бөгөөд бусад төрлийн энергиүд ч энэ л зүйлсээр тодорхойлогддогийг санууштай.

За тэгвэл, энергийн хэмжээгээ буюу өөрийн хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг бол гол асуулт. Яаж бүгдээрээ эрчтэй, хүчтэй болох вэ?

Хариултыг нь элит тамирчид яаж чадвараа ахиулдгаар жишээлбэл хамгийн ойлгомжтой юм. Тэд бэлтгэлдээ өөрсдийн ердийн хязгаарыг давсан энергийг зарцуулах буюу өөрсдийгөө маш их хүчлэн булчингаа ажиллуулдаг. Тухайн үед энерги нь бүрэн шавхагдах боловч 24-48 цаг амарсны дараа хөөсөн булчин нь эргэж агшихдаа урьдын хэмжээнээс илүү хөгжсөн, илүү томорсон түвшинд очоод зогсдог байна.

Хязгаараа давсан энерги зарцуулах => Амралт = > Илүү энерги

Өөрөөр хэлбэл та чадамжаа нэмэгдүүлэхийн тулд яг л элит тамирчдын адилаар урт хугацаанд үр дүн гаргахын тулд богино хугацаанд тухгүй байдлыг мэдрэх ёстой. Хүчин чадлаа, энергиэ нэмэх нь богино хугацаанд тодорхой хэмжээгээр "зовох" хүсэл зоригийг шаарддаг. Ницше хэлсэн юм гэнэ лээ, "Биднийг эгээ л алчихдаггүй бүхэн биднийг хүчирхэгжүүлж байдаг" гэж.

Энэ зарчим нь биеийн энергид төдийгүй энергийн бусад төрлүүдэд ч адил үйлчилдэг байна.

ХЭМНЭЛ, БИЕИЙН ЦАГИЙН ЧУХЛЫГ ОЙЛГОХ НЬ

Энергиэ зарцуулах, энергиэ сэлбэх хоёрын балансыг олох нь энергийн менежментийн гол зорилго.

1950-аад онд эрдэмтэд хүний нойр 90-120 минутын үечлэлтэй байдгийг олж мэджээ. Өөрөөр хэлбэл 90-120 мин гүн нойронд автаад, 90-120 минут илүү сэргэг нойрсох гэх мэтээр нойрны түвшин ээлжилдэг. Харин 1970-аад оны үед энэ судалгааг лавшруулан энэ үечлэл нь ерөөс 24 цагийн турш үргэлжилдэг болохыг олж нээжээ. Бидний бие сэрүүн байхдаа ч 90-120 минут идэвхтэй ажиллаад, дараагийн 90-120 минутанд амралтын байдалд шилжиж байдаг гэсэн үг юм. Зүрхний цохилт, дааврын түвшин, булчингийн зангирал, тархины үелзэх идэвх бүгд л ийм горимоор ажилладаг байна.

Товчхондоо, бидний бие хэмнэлийг хүсэж байдаг. Гэтэл бид зогсолтгүй, шулуун давхих гэж зүтгэхийг яана гээ. Кофе, Red Bull их уух нь энэ хэмнэлийг эвддэг.

Би саяхан "Hurry Slowly" подкастын хөтлөгч Жослин Глейгийн "Reset" хэмээн онлайн курсэд суусан юм. Тэрээр мөн хэмнэл буюу "биеийн цаг"-ийн чухлыг сануулж байв. Эрт, орой босдогоос нь шалтгаалан хүмүүсийг 3 хувааж болох ба ихэнх хүмүүс ердийн шувуунд (regular bird)-д тооцогдоно. Өглөө ойролцоогоор 7-8 цагийн үед босдог эдгээр хүмүүсийн энергийн түвшин 10-12 цагийн үед хамгийн өндөр болж ирдэг. Өдрийн хоолны дараа 14-15 цагийн үед бие суларч нозоордог үечлэлтэй. Ингээд 16-18 цагийн үед энерги эргээд өндөр болж ирдэг байна. Улмаар түүнээс хойш буурсаар унтах цагтай золгоно. Харин эртэч шувууд, оройтогч шувуудын хувьд энэ цаг мэдээж хэрэг шилжиж таарна. Сонирхолтой нь 17-19 цагийн үед хүний биеийн энерги хамгийн өндөр болж ирдэг тул энэ үед спортоор хичээллэвэл, биеийн хүчний ажил хийвэл үр дүн өндөртэй байдаг аж.

Энерги өндөр байх энэ үеүдээ бид ашиглаж чаддаг уу? Өглөө 10-12 цагийн үед имэйлээ шалгаад суучихдаг бол, уулзалт хийх дуртай бол танд асуудал байна л гэсэн үг. Анхаарал их шаардсан, төвлөрч хийх ажлуудаа энэ үед хийвэл илүү үр дүнтэй. Харин энерги буурсан үед хөнгөн ажлуудаа хийгээд явж болох шүү дээ.

АМРААХ, СЭРГЭЭХ ДАДЛУУД БОЛ САЙН АЖИЛЛАХЫН ҮНДЭС

Нийтлэлээ ямар санаагаар дуусгах вэ гэж нэлээн бодлоо. Маш чухал, маш том сэдэв учраас нэг л нийтлэлээр дуусгах нь хангалтгүй санагдаж, үргэлжлэлийг нь дараа гаргая гэж шийдлээ. Эхний энэ нийтлэлээс та энергийн менежментттэй холбоотой гол ойлголтуудыг олж мэднэ. Харин удаах нийтлэлдээ энергийн бүх л төрөл дээр даруй хийж хэрэгжүүлэх ёстой үйлдэл, дадлуудыг дэлгэрэнгүй оруулж өгье.

Одоо харин бидний хамгийн их орхигдуулдаг нэг зүйлийг сануулаад нийтлэлээ өндөрлөе.

Амралт!

Орчин цагийн энэ их стрессийн гол шалтгаан бол бид их ажиллахыг амжилтад тооцдог болсных юм. Их ажиллах нь шинэ норм болсон. Технологи бидний амьдралыг хөнгөвчилж үр бүтээмжийг нэмж байгаа ч, тэгэх тусам нь хүмүүс улам их ажилладаг болох хандлага ажиглагдаж байна. Харин бид амралтыг шөнө орой ТВ, Нетфликс үзэх, эсвэл сошиал медиагаар сэлгүүцэхтэй холбож ойлгодог болоод удав. Бид үнэндээ энергиэ бүрэн сэлбэж чадахаа больсон мэт.

Илүү сайн ажиллана гэдэг нь илүү их ажиллахын нэр биш юм. Аль болох бага хугацаанд өөрийгөө бүрэн зориулж ажиллаад, чанартай сайн амралт авч чадвал харин тэр амжилт болно. Амарна гээд алхайж хэвтэх биш, яг л ажил шигээ цаг гарган төлөвлөж, тэр үеэр бусад зүйлсэд үгүй гэж хэлж, машид чухалчилж авч үзэх зүйл юм.

Станфордын профессор, Restful Company-ийг үүсгэн байгуулагч Алекс Сүжанг-Ким Панг "Амралт" хэмээх номдоо түүхэнд үлдсэн олон алдартны ажил амьдралын хэв маягийг судалжээ. Зохиолч Чарльз Дикенс, математикч, физикч Хенри Пуанкарэ, кино найруулагч Ингмар Бергман нар бүгд ажилдаа чинхүү дуртай, амжилтад хүрэх амбицтай, төвлөрөх ер бусын гэмээр чадамжтай байжээ гэж бодогддог. Харин амьдрал руу нь гүн өнгийвөл тэд өдөрт хэдхэн цагийг л гол ажилдаа зориулдаг байж. Амжилтад хүрсэн маш олон хүнийг судлахад, анхаарал төвлөрөл болоод мэдлэг чадвар шаардсан чухал ажилдаа зориулдаг дундаж цаг нь 4 цаг байдаг байна. Харин бусад үед нь тэд амарч, унтаж, ууланд авирч, найз нөхөдтэйгээ уулзаж, хоббигоо хөөж, алхаж, эсвэл зүгээр л бодож, юм уншдаг байж. Тэдний амжилт бидний боддогчлон хэт их ажилласнаас үүдээгүй юмсанж. Тэд ажил, амралт хоёроо маш сайн зохицуулж, балансалдаг байжээ. Тэд өөрийн гэсэн амьдралын хэмнэлийг бий болгож, тодорхой цагт маш сайн төвлөрөн, өөрийгөө бүрэн зориулж ажилладаг, харин бусад үед нь эрч хүчээ сэлбэдэг тодорхой дадлуудтай байжээ.

Гэхдээ энд хоёр зүйлийг санууштай. Нэгдүгээрт, 4 цаг гэдэг бол тун ч өндөр амжилтад хүрсэн хүмүүсийн дундаж. Менежментийн эцэг Питер Дракер өдөрт гол ажилдаа юунд ч сатааралгүй 90 минут төвлөрөн ажиллахын чухлыг ихэд онцолдог байв. Бичих, орчуулга ажил хийдэг миний хувьд, өдөрт 90 минутыг л энэ ажилдаа бүрэн зориулж чадвал нэг их юм хийчихсэн хүн шиг, бүтээмжтэй өдрийг өнгөрүүлсэн мэт сэтгэгдэл төрөөд байдаг нь санаандгүй хэрэг биш аж. Тэгэхээр хүндэвтэр, чухал ажилдаа төвлөрөх хугацаа тань багадаа 90 минут, бүр болж өгвөл 4 цаг (энэ тохиолдолд мэдээж дунд нь завсарлах хэрэгтэй) гэж тооцон энергиэ хуваарилаарай. Хоёрдугаарт, бидэнд цаана нь арай хөнгөн, анхаарал бага шаарддаг, механик ажлууд олон байдаг. Чухал ажлаа төвд нь тавьж, түүнийгээ хөнгөн ажлуудаар тойруулан амьдралаа төлөвлөхийн чухлыг өндөр бүтээмжтэй түүхэн хүмүүсийг судалсан Алекс Сүжанг-Ким Панг онцолсон байна билээ.

Бичиглэл маань дадал хэвшил, цагийн дэглэмтэй холбогдож ирээд дуусах гэж буй тул ихэд таашаасан нэгэн эшлэлээр цэг тавья:

"Ухаалаг хүн цагийн дэглэмтэй байна гэдэг амбицтайн шинж."
Америкийн яруу найрагч В.Н.Ауден


Нийтлэлийг өглөө яг 10-13 цагийн хооронд бичиж, энергийн менежментийн жишээг биеэр үлгэрлэсэн Ганзо

Холбоотой нийтлэлүүд:

Цагийн менежментийн 20 чухал зөвлөгөө - Энергийн менежментийг цагийн менежменттэй сайн хослуулбал та ч дийлдэхгүй байх шүү :)

Unread Guide: Бичих чадвараа хэрхэн ахиулах вэ?
Unread Guide: Шинэ жилийн зорилтыг хэрхэн үр дүнтэй тавих вэ?