Имэйлийн үйлчилгээгээр тэргүүлэгч Gmail 2011 оноос хойш томоохон шинэчлэл хийгээгүй 7 жилийг үдсэний эцэст хүлээлт өндөртэй байсан шинэчлэлээ өнөөдөр зарлав. Шинэчлэл удахгүй хийгдэх тухай бид долоо хоногийн тоймдоо дурдаж байсан. Өнөөдрийн нийтлэлээр ямар өөрчлөлтүүд хийгдсэн талаар танилцуулъя.

Та үүнийг мэдэх үү?
Анх Google-ын дотоод харилцааны хэрэгсэл байсан Gmail 2004 онд анх олон нийтэд нээлттэй болсон юм. Ингэхдээ инээдмийн баярын өдрөөр буюу 4-р сарын 1-нд нээлтээ хийсэн учраас тухайн үед олон хүмүүсийг төөрөгдүүлсэн гэдэг.

Google Play-ээс Gmail-ийн апп нийтдээ нэг тэрбум гаруй удаа татагджээ. Gmail ашигладаг 1 тэрбум 200 сая хүн байдаг бөгөөд дэлхий дээр илгээгдэж буй нийт имэйлийн 20 хувь нь Gmail-ээр дамждаг гэнэ.

ОРЧИН ҮЕИЙН ДИЗАЙН

Шинэ загвараас хамгийн түрүүнд анзаарагдах зүйл бол яах аргагүй дизайн юм. Өмнөх дизайныг уг шинэ дизайнтай харьцуулбал бага зэрэг болхи байж гэж санагдах болно. Айконууд нь илүү минималист хэлбэртэй болж, имэйл бичих хэсэг нь илүү ойлгомжтой болсон гээд хэрэглэгчдийн хүсэл сонирхол, орчин үеийн дизайны чиг хандлагыг шингээж чаджээ. Хэрэв та Inbox by Gmail ашигладаг бол энэхүү шинэ дизайн, интерфэйс тун танил санагдах болно.

Цаг хэмнэж, бүтээмж өндөрсгөх функцууд

Мөн функцийн хувьд ч 2015 онд хэрэглээнд нэвтэрсэн Inbox by Gmail-тэй тун төстэй болж шинэчлэгджээ. Жишээлбэл имэйлд хавсаргасан файлуудыг харахын тулд заавал үндсэн имэйлийг нээх шаардлагагүй болсон бөгөөд чухал биш имэйлийг хүссэн хугацаагаараа "дуугүй" болгох Snooze, Gmail апп дээр байдаг шиг автоматаар хариу илгээх “Smart reply” зэрэг функцууд нэмэгдсэн байна.

Нэмэгдэх функцүүдээс хамгийн их хүлээлт үүсгэсэн нь “Confidential mode” байсан билээ. Уг функцийн тусламжтайгаар хэрэглэгч явуулж буй имэйлээ нууц үгээр хамгаалах, хүлээн авагч нь өөр хүн рүү илгээхийг (forward) хаах, тодорхой хугацааны дараа бүрмөсөн устдаг имэйл явуулах боломжтой хэмээж байсан. Гэвч энэ удаагийн шинэчлэлтэд тус функц багтсангүй.

Бусад аппуудтай хоршин ажиллах боломж

Өнөөдрийн сайжруулалтаас хүмүүст хамгийн ихээр таалагдсан нэмэлт бол гарцаагүй Gmail-ээ бусад үйлчилгээ, аппуудтай хоршуулж ашиглах боломж юм. Хэрвээ та Google Calendar дээр ажлаа төлөвлөж, Google Keep дээр тэмдэглэл хөтөлдөг бол энэ сайжруулалт таалагдах нь гарцаагүй. Дан ганц Google-ын үйлчилгээнүүд ч биш ажлын бүтээмж нэмэх бусад үйлчилгээг суулгах боломжтой. Үүнд одоогийн байдлаар Trello, Asana тэргүүтэй аппууд багтжээ. Ирээдүйд улам олон апп хөгжүүлэгчид Gmail-ийн хэрэглэгчдэд хүрэхийн тулд уг жагсаалтад өөрсдийн апп-ийг нэмэх нь тодорхой.

Утасны апп-д өөрчлөлт орсон уу?

Gmail апп-ийн хувьд сонордуулга тохируулах, хиймэл оюунд суурилсан туслахаас өөр зүйл нэмэгдээгүй юм. Хэрвээ та хавсаргасан файлуудыг үндсэн имэйлийг нээхгүйгээр харах, ач холбогдол багатай имэйлийг хүссэн хугацаагаа дуугүй болгох зэрэг дээр дурдагдсан функцуудыг гар утас дээрээ ашиглахыг хүсвэл Inbox by Gmail гэсэн апп-ийг татахыг зөвлөе.

Татах: iOS, Android

Шинэчлэгдсэн хувилбарыг хэрхэн ашиглах вэ?

Ашиглахын тулд Gmail хаяг руугаа нэвтрээд баруун дээд булан дээр байрлах тохиргооноос Try the New Gmail гэсэн хэсгийг сонгоорой.

Нийтлэлийг Д.Түшигт-Эрдэнэ