Хайх зүйлээ бичээд enter дарна уу

7 Хоногийн Тойм   04 сарын 15, 2018

7 хоногийн тойм: Ууртай-пуужинтай Трамп + Уучлалтай-учиртай Зукерберг + Улаантай-ногоонтой "Алим"

Ковер зургийн тайлбар: Зукерберг Вашингтонд ирсэн нь - "Хуурамч номыг зас!"

Дэлхий дахинд

АНУ тэргүүтэй холбоотны нисэх хүчин Сирийн засгийн газрын мэдлийн химийн зэвсэг хадгалах агуулахууд руу чиглэсэн пуужингийн цохилт өглөө. Энэ нь өнгөрсөн долоо хоногт Сирийн засгийн газар химийн зэвсэг ашиглан 90 гаруй хүний аминд хүрсэн халдлагатай холбоотой. Д.Трампын тушаалын дагуу илгээсэн 118 пуужин бүгд байндаа туссан хэмээн Пентагоноос мэдээлсэн юм. Их Британи, Францын зэвсэгт хүчин уг ажиллагаанд оролцжээ. Харин ОХУ-ын талаас үүнийг шинжээчдийн дүгнэлт гараагүй байхад яаран хийсэн болчимгүй үйлдэл, олон улсын харилцаанд сэв суулгасан "өдөөн хатгалга" хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, илгээсэн пуужингийн 70 хувийг нь устгасан гэж мэдэгджээ.

Vox: Дараа нь юу биднийг хүлээж байгаа бол?

Хятадын Боао хотноо 2008 оноос эхлэн явагдаж буй "Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт" өнгөрч буй долоо хоногт явагдлаа. "Илүү хөгжингүй дэлхийн төлөөх нээлттэй, инновацилаг Ази" уриатай явагдсан уг арга хэмжээнд НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, ОУВС-ийн тэргүүн К.Лагард, БНХАУ-ын дарга Ш.Жинпин болон Австри, Филиппин, Нидерланд, Сингапурын төрийн тэргүүд оролцсоны дотор Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх багтсан юм. Ерөнхий сайд үүнтэй зэрэгцүүлэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, цэвэрлэх байгууламжийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэг нийт 11 баримт бичгийг байгуулж, энэ үеэр явагдсан Монгол-Хятадын бизнес форумын хүрээнд 4.6 тэрбум доллартай тэнцэхүйц 36 гэрээг бизнес эрхлэгчид үзэглэжээ.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбаны тэргүүлдэг Fidesz нам парламентийн сонгуульд ялалт байгууллаа. Ингэснээр Орбан гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр улиран ажиллах боломжтой болж байгаа юм. Дүрвэгсэд болон цагаачдын эсрэг бодлогоо гол лоозонгоо болгосон түүний нам нийслэл Будапештэд ялагдал хүлээж, залуучуудаас олонхын санал авч чадаагүй ч нийт сонгогчдын 49.4 хувийн саналыг цуглуулж, 199 суудлын 134-ийг авснаар засгийн газраа дангаар байгуулах эрхтэй болжээ.

20-р зууны Монголын спортын ертөнцөд төрөн гарсан хамгийн агуу тамирчдын нэг Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат 4-р сарын 9-ний өдөр 77 насандаа таалал төгслөө. Тэрээр өдгөөгөөс яг 50 жилийн өмнө Мехико хотноо явагдсан зуны олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн нь Монгол улсын түүхэн дэх олимпийн анхны медаль байлаа. 1967 онд Делид явагдсан чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүртсэн хүрэл медаль ч энэ спортын түүхэнд шинэ үеийг авчирсан үйл явдал байсан юм. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд тасралтгүй 5, нийт зургаан удаа түрүүлсэн, цагийг эзэлсэн дархан аварга байсан билээ.

Дамаскийн тэнгэр "айдаст" автав. Холбоотнууд Б.Ассадыг химийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоохыг шаардаж байна.

Зукерберг vs ану

Хэрэглэгчдийн дата мэдээллийг алдсан хэрэгт буруутгагдаж буй Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг энэ долоо хоногт АНУ-ын конгресс болон сенатад мэдүүлэгч өгч, сонсголд оролцлоо. Нийт 2 өдөр дамнан 10 гаруй цаг үргэлжилсэн сонсгол нь зөвхөн Фэйсбүүкийн төдийгүй сошиал ертөнцийн ирээдүйд чухал нөлөө үзүүлэхүйц онцгой ач холбогдолтой үйл явдал байлаа.

М.Зукерберг ээлж дараалан "хүнд" асуулт асуух төрийн түшээдийн өмнө маш сайн бэлтгэлтэй байсан нь эхнээсээ мэдэгдэж байв. Тэрээр Фэйсбүүкийн үнэт зүйл, алсын хараа, бизнес моделийн талаар саналаа хуваалцаж, болсон үйл явдлуудтай холбоотой юуг сайжруулж болох талаар голчлон ярьж байв. Зукерберг болсон үйл явдлыг урьдчилан харж сэргийлэх арга хэмжээ авч чадаагүйгээ хүлээн зөвшөөрч, алдаагаа засахын төлөө бүх боломжоо дайчлах болно хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр ихэнх экспертүүдийн таамаглаж байсанчлан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр үргэлжлүүлэн ажиллана гэдгээ ч зарлав. "Энэ бол том алдаа. Би Фэйсбүүкийг эхлүүлсэн. Би Фэйсбүүкийг удирдаж байгаа. Болсон явдалд би буруутай. Би хариуцлагыг хүлээх болно. Би алдаагаа засах болно" хэмээн тэрээр хэлсэн юм. Фэйсбүүкийн хувьцаа сонсголын дараагаар 5.1 хувиар өсжээ.

Бодлого боловсруулагчдын хувьд хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр илүү сайн шийдэл олохыг шаардаж, цаашид сошиал медиаг хэрхэн журамлах, ерөөс ямар нэгэн хууль, дүрэм хэрэгтэй эсэх тал дээр голчлон анхаарч байлаа. Фэйсбүүк монополь мөн эсэх талаар ч хэлэлцүүлэг өрнөөд амжжээ. 2 өдрийн турш нийт 600 асуулт, хариулт явагдсан байна.

Юутай ч Cambridge Analytica болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Фэйсбүүкийн скандал нэгэн том үе шатыг давлаа. Гишүүдийн технологийн мэдлэг тийм ч сайн биш байсан байж мэдэх ч тэд цаашид сошиал медиад ихээхэн анхаарал хандуулж, зохицуулалт хийх журам гаргах нь цаг хугацааны асуудал болсон байх магадлалтай талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

NYTimes: 2 өдөр, 10 цаг, 600 асуулт - Яг юу болов?
QZ: Зукербергийн сонсголоос бидний мэдсэн 5 зүйл

Зукерберг vs АНУ: Оны хамгийн шуугиант сонсгол!

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Хятадын SenseTime 600 сая долларын шинэ хөрөнгө оруулалтыг Alibaba, Сингапурын Temasek, Америкийн Qualcomm тэргүүтэй гигантуудаас татснаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хиймэл оюуны технологи хөгжүүлэгч компани боллоо. 2014 онд байгуулагдсан тус компанийн зах зээлийн үнэлгээ 4.5 тэрбум долларт хүрч байгаа нь энэ. SenseTime-ийн хамгийн том харилцагч нь Хятадын засгийн газар бөгөөд тэд улс орон даяарх 170 сая ширхэг хяналтын камерын системийг хөгжүүлж, цагдаагийн ажилтнуудын хэрэглэх болсон ухаалаг шилийг нийлүүлж байгаа билээ.

BBC: Хятадын цагдаа 60 мянган хүнээс гэмт хэрэгтний нүүрийг таньж баривчлав

Google хэрэглэгчдэд илгээсэн имэйлээ тодорхой хугацааны дараа устдаг байдлаар тохируулдаг нэмэлтийг туршиж байна. Ингэснээр дизайнаа шинэчилж байгаагаа зарласан Gmail-ийн хэрэглэгчид имэйл унших, хариу илгээх, цааш дамжуулах зэрэг үйлдлүүдийг хязгаарлаж, Protonmail-тэй төстэй өөрийгөө устгадаг имэйл илгээх боломжтой болж байгаа гэсэн үг аж.

BGR: Шинэ Gmail ямар харагдах вэ?

Хамгийн найдвартай, нууцлал сайтай чат апп-д тооцогддог Telegram-ийг Орос улс бүрэн хориглолоо. Оросын эрх баригчид тэднийг хэрэглэгчдийн датагаа өгөхийг шаардсаныг тэд хүлээн зөвшөөрөөгүйн үр дагавар энэ. Telegram-ийн үүсгэн байгуулагч Павел Дуров өөрийн өмнөх бизнес Vk-ээ төстэй байдлаар эрх баригчдад алдаж, улмаар эх нутгаа орхиж байсан билээ.

Salesforce блокчэйн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн дээр ажиллаж байгааг компанийн үүсгэн байгуулагчид болох М.Бениофф болон П.Харрис нар баталлаа. Тэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Dreamforce чуулганыхаа үеэр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Хятадын такси дуудлагын үйлчилгээний тэргүүлэгч апп Didi Chuxing анх уаа үйл ажиллагаагаа олон улсын зах зээл рүү тэлж, Мексикийн зах зээлд нээлтээ хийх гэж байна. Uber-ийг Хятадын зах зээлээс шахаж гарган, Бразилын номер нэг дуудлагын апп-ийг худалдаж авсан тэд өнгөрсөн жилээс эхлэн апп-аа англи хэлний сонголттой болгон шинэчилсэн юм.

Инстаграм хэрэглэгчдийг илүү хурднаар дагагчаа нэмэх боломж олгох өөрийн нэрийн хуудас буюу Nametag нэртэй нэмэлтийг туршиж байна. Энэ нь Snapchat-ийн хамгийн алдартай хувилбаруудын нэгтэй төстэй гэсэн үг юм. Мөн тэд портрэйт зураг авах боломж олгох Focus нэртэй нэмэлтээ бүх хэрэглэгчдэд нээлттэй болгосон байна.

Шинэ Gmail илүү дэвшилтэт, хялбар, боловсронгуй болсон хэмээн Google амлаж байна.

Бизнесийн ертөнцийн эргэн тойронд

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани Apple 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг компани болсноо зарлалаа. Apple-ийн үйл ажиллагаа явуулдаг 43 улс дахь оффис, үйлдвэрүүд болон дэлгүүрүүд бүгд сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг болсон нь энэ. Тэд хамгийн анх 2015 онд энэ зорилгыг тавьсан юм.

Үүнээс гадна тэд энэ долоо хоногт iPhone 8 болон iPhone Plus-ийн "улаан" хувилбарыг танилцууллаа. Эдгээр утасны борлуулалтын тодорхой хувь нь ДОХ, хумхаа, сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн санд хандивлагдана гэдгээрээ онцлогтой. Apple 2006 оноос хойш тус санд 160 гаруй сая долларыг хандивлаад байгаа бөгөөд өнгөрсөн жилийн өдийд iPhone 7 утасны улаан өнгөтэй хувилбарыг гаргаж байсан юм.

PM: Apple-ийн амжилт юуг илэрхийлнэ вэ?

Uber цахилгаан дугуй түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Jump-ийг 200 сая доллараар худалдан авлаа. Бусад зах зээл дэх Uber-ийн өрсөлдөгчид болох Didi, Ola, Grab бүгд өөрсдийн дугуйн үйлчилгээг нэвтрүүлчихсэн байсан тул энэ наймаа гэнэтийн байсангүй. Сан Францискод анхлан нээлтээ хийсэн Jump-ийн нэг дугуй 4-5 км-ийн зайд өдөрт 6-7 удаа ашиглагддаг гэнэ.

Futurism: Uber тээврийн ирээдүйг ингэж төсөөлж байна

Жэк Магийн үүсгэн байгуулсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч стартап Ant Financial 9 тэрбум долларыг Temasek тэргүүтэй хөрөнгө оруулагчдаас босгосноор 150 тэрбум долларын зах зээлийн үнэлгээтэй боллоо. Ингэснээр тэд санхүүгийн зах зээлийн топ 15 тоглогчийн нэг болж, Goldman Sachs, Morgan Stanley зэрэг томчуудаас 2 дахин үнэ цэнтэй болж байгаа гэсэн үг юм.

Дэлхийн хамгийн том банкуудын нэг Deutsche Bank гүйцэтгэх захирал Жон Крайныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. 57 настай Крайн 2015 оноос тус банкийг удирдаж эхэлсэн ч 3 жил дараалан алдагдалтай ажилласны эцэст ийн ажлаа өглөө. Шинэ гүйцэтгэх захирлаар өмнө нь түүний орлогчийн албыг хашиж байсан Кристиан Сьюинг томилогджээ. Сьюинг тус банкинд сүүлийн 25 жил хүчин зүтгэж байгаа аж.

Өөр нэг герман компани гүйцэтгэх захирлаа солилоо. Энэ бол дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгчдийн нэг Volkswagen. 3 жилийн турш гүйцэтгэх захирлаар ажилласан Маттиас Моллерийг өмнө нь BMW-д ажиллаж байсан, брэнд эрхэлсэн захирал Х.Диесс орлох гэнэ. Мэргэжилтнүүд Моллерийг хий ялгаруулалтын тесттэй холбоотой скандалыг "хохирол багатай" давахад чухал үүрэг үзүүлсэн хэмээн үздэг юм.

Wall Street-ийн хамгийн сонирхолтой компаниудын нэг Tesla энэ жилийн 3-р улирлаас эхлэн орлого олж эхлэх төлөвлөгөөтэй байна. Энэ тухай компанийн үүсгэн байгуулагч Элон Маск жиргээгээр мэдэгдсэний дараагаар Tesla-ийн хувьцааны үнэлгээ хоёр хувиар өсжээ.

Энтертэйнмент ертөнцийн эргэн тойронд

Youtube-ийн түүхэн дэх хамгийн их үзэлттэй видео Despacito хакеруудын халдлагад өртөж устгагджээ. 5 тэрбум илүү үзэлттэй болоод байсан тус видео нь энэ долоо хоногийн эхээр Youtube-д халдсан хакеруудын золиос болсон бөгөөд тэднээс гадна Drake, Maroon 5, Adele, Kate Perry зэрэг одуудын видео устаж, нэр нь өөрчлөгдсөн зэргээр халдлагад өртсөн байна.

Домогт тагнуулч 007 буюу Жэймс Бондын цувралын 25 дахь кино ирэх оны сүүлээр гарахаар төлөвлөгдөж буй. Тэгвэл 2005 оноос хойш Бондын дүрийг 4 ангид бүтээгээд буй Даниел Крэйг шинэ ангид эргэн ирнэ гэдгээ баталлаа. Түүнийг ахин Бондын дүрд тоглохгүй байж магад гэсэн цуу өмнө нь гараад байсан билээ. Сонирхуулахад, шинэ ангийг Английн алдарт найруулагч Дэнни Бойл найруулах магадлал өндөр байгаа аж.

Дисней 5-р сарын 25-нд нээлтээ хийх “Оддын дайн” цувралын ээлжит бүлэг Solo: A Star Wars Story-ийн шинэ трэйлэрийг цацлаа. Тус кино нь оддын дайны үндсэн үйл явдлаас тусдаа өрнөх хэдий ч хамгийн алдартай дүрүүдийн нэг Хан Сологийн түүхийг нээн үзүүлнэ гэдгээрээ фенүүдийн дунд хүлээлт өндөртэй байгаа билээ.

Ирэх онд эцсийн бүлгээ үзэгчдийн хүртээл болгох Game of Thrones-ийн түүхэн дэх хамгийн урт, хамгийн өндөр зардалтай "тулааны" зураг авалт хийгдсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийт 55 өдрийн турш үргэлжилсэн, магадгүй цувралын хувь заяаг тодорхойлох учиртай уг тулааны зураг авалт Хойд Ирландад явагдсан гэнэ.

Америкийн реппер Cardi B-ийн анхны цомог Invasion of Privacy Apple Music-ийн хамгийн их сонссон цомгийн дээд амжилтыг эвдэв. Нийт 100 сая гаруй удаа тоглуулагдсан тоогоороо тэрээр бүх эмэгтэй уран бүтээлчдийг тэргүүлж байсан Т.Свифтийн Reputation-ий рекордыг эвдэж, бүх цаг үеийн түүхэнд тавд бичигдэх амжилтыг үзүүлээд байна. Сонирхуулахад, Apple Music 40 сая хэрэглэгчтэй болсноо зарлажээ.

алдалгүй унших арван мэдээ

Coindesk: Yahoo Токиогийн крипот биржид хөрөнгө оруулав
Konbini: "Toy Story 4" 2019 оны 6-р сарын 21-нд нээлтээ хийнэ!
Techcrunch: Zuora-ийн IPO амжилттай болж, эхний өдрөө 43 хувийн өсөлт үзүүллээ
VICE: ICO-оос 660 сая доллар босгосон Вьетнам компани "алга болжээ"
Variety: Каннын наадамд оролцогчид тодорлоо
UEFA: Аваргуудын лигийн хагас шигшээгийн сугалаа
QZ: Нетфликсийн 20 жилийн ойд
VOX: Яагаад Пол Райн ахин өрсөлдөхөөс татгалзав?
CNN: Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд ирээдүй бий юу?
BBC: Далайн тээврийн компаниуд байгаль орчны төлөө нэгдлээ

Долоо хоногийн тоймЫГ имэйлээсээ уншаарай

Та даваа гараг бүрийн өглөө долоо хоногийн тоймоо цахим шуудангаараа хүлээн авах боломжтой болсныг дуулсан уу? Яг одоо Unread Weekly-д бүртгүүлж бидэнтэй нэгдээрэй. Бид танд Unread-ийн уншсан хамгийн онцлох нийтлэлүүд, анзаарсан гол тоо баримтуудыг хамгийн шинэлэг, сонирхолтой контентуудын хамтаар хүргэх болно.

БҮРТГҮҮЛЭХ

20390   2


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.