Би хэрхэн ажилладаг вэ?   05 сарын 10, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Сингапурын Ли Куан Югийн Нэрэмжит Их Сургуулийн профессор Нуно Деликадо

Өнөөдөр бид Улаанбаатарт энэ зургаадугаар сард ирж, хэлэлцээр хийх чадвар олгох хоёр өдрийн сургалт хийх алдарт Ли Куан Югийн Нэрэмжит Сингапурын Үндэсний Их Сургуулийн Нийтийн бодлогын сургуулийн багш, олон улсын зөвлөх Нуно Деликадотой ярилцсанаа хүргэж байна. Тэрээр дэлхийн топ бизнесийн сургуулиудын нэг INSEAD-ийг төгсөж, консалтинг салбарт дэлхийд тэргүүлэх Mckinsey & Co, Bain & Co компаниудад ажиллаж байгаад Pluris хэмээх өөрийн консалтинг компанийг үүсгэн байгуулсан юм. Тэрээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, хичээл заахын хажуугаар мөн өөрийн сонирхлоор спортоор дамжуулан хувь хүний хөгжлийг дэмжих SportImpact хэмээх нийгмийн зорилготой компанийг удирддаг аж. Ингээд Bain & Co фирмд ажилд орохдоо компаниас санал болгосон сарын цалинг 10 дахин өсгөх хэлэлцээг амжилттай хийж байсан энэ эрхмийн ажлын арга барилтай танилцана уу.

Байршил: Зүүн Тиморын нийслэл Дили (мөн Сингапур, бусад газрууд)
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Pluris-ийн үүсгэн байгуулагч, партнер; SportImpact-ийн захирал; Ли Куан Югийн Нэрэмжит Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Нийтийн Бодлогын Сургууль болон INSEAD сургуулийн багш
Таны ажилладаг арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Үр нөлөөнд төвлөрөх
Хэрэглэдэг гар утас: 11 жил хэрэглэж буй Nokia 1600. Үнэхээр гайхалтай шүү, ярих, мессеж бичихийг хийчихнэ, имэйл уншина гэж зүдэхгүй. Зайгаа 7 хоног барина, унагалаа ч эвдрэхгүй, хаягдсан ч эзнээ олоод л ирдэг. Ганц асуудал нь саяхан Сингапур 2G сүлжээг "тэтгэвэрт" гаргасан.
Хэрэглэдэг лаптоп: Баттерей сайтай, явдал дунд олон цагаар ажиллах боломж олгох Acer.
Сошиал хуудсууд: Nuno Delicado (LinkedIn)

ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ? 

Байршлаас хамаарах: Би өөр өөр төслүүд дээр ажилладаг болохоор яг тухайн байгаа газартай (хот, оффис) холбоотой ажилд төвлөрөх нь нэн тустайг туршлагаасаа олж мэдсэн. Би бас гэрээсээ, онгоцонд, онгоцны буудал дээр үр дүнтэй ажиллаж чадна.

Хөшүүрэг үүсгэх: Өөрөө өөрийнхөө дарга учраас, бас өөрийн мэргэжлийн чадвар, хариуцлагад итгэдэг учраас өөртөө эцэсцэг (deadline) тогтоох дуртай. Ингэснээр өөртөө тодорхой хэмжээний хариуцлага үүрүүлж, сорилт үүсгэж, уламаар илүү төвлөрч, илүү бүтээлч ажилладаг. Өмнө нь бэлдэж орох ёстой уулзалт товлох, шинээр боловсруулах ёстой семинар, хичээлийн тов гаргах гэх мэтээр.

Дараалсан даалгаврууд: Би олон юманд сонирхолтой болохоор өөр өөр ажлууд дээр дэс дараатайгаар ажиллахаар өдрөө төлөвлөх дуртай. Магагүй өглөө SportImpact дээр ажлаа эхэлж хамт ажиллагсадтайгаа өдрийн хоол идээд үйлчлүүлэгчийнхээ оффис дээр очиж зөвлөх үйлчилгээ үзүүлээд, өдрийн төгсгөлд хичээл, семинартаа бэлдэх жишээтэй.

Өөдрөг: Би хийж байгаагаасаа ч илүү хийж чадна гэж бодох дуртай.

Даалгаврыг гүйцээх марафонууд: Заримдаа би ямар нэг ажлыг дуусгамаар байвал, ямар нэг зүйл хийх ажлын жагсаалтад удсаар байвал бүтэн өдрийг ч юм уу зориуд гаргаад (бүтээлч сэтгэлгээ шаардах ажил байвал гэртээ, голдуу тийм байдаг) дуустал нь олон цагаар хийдэг. Тэгээд ард нь гарснаа тэмдэглэж гүйдэг дээ.

Сэргэх дугхийлт:
Өдөртөө бид дор хаяж нэг удаа дугхийж, эрч хүч авах сонирхолтой (10 минут). Тэр нь голдуу өдрийн хоолны дараа байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Microsoft Office, ялангуяа Excel, PowerPoint-ийг сайн ашиглана. Түүнчлэн Google-ийн имэйл, календарь, Drive зэрэг програмууд, Skype-ийг дурдах ёстой. Гүйхдээ бол мэдээж зүрхний цохилт хэмждэг цагтай гүйдэг. Ингэснээр илүү хурдан, илүү зүтгэлтэй гүйдэг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Би олон газар ажилладаг. Замд буюу онгоцонд, онгоцны буудал дээр ажиллах тохиолдол олон гарна. Тэгэхээр ажлын нэг л орчин гэж үгүй. Би дээр дурдсан газруудад нэг нэг ажлын ширээтэй. Тэнд компьютер дээрээ, хажуудаа нэг сав ус тавьчихаад хэдэн цаастай хамт сууна даа.

Хэрвээ боломжтой бол ойрхон нэг цагаан самбартай байхыг илүүд үзнэ. Энэ нь бүтээлчээр ажиллах, санаа гаргах, загварчлах, багаар ажиллахад гайхалтай зэвсэг байдаг. Миний гаргасан олон чухал санаа самбар дээр төрсөн шүү. Мөн хануудаараа дүүрэн самбартай, янз янзын суудлуудтай танхимд хичээл зааж, оюутнуудаа идэвхжүүлэх дуртай.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Зүүн Тиморын Дилид амьдрах нь өөрөө цаг хэмнэдэг. Зам дээр түгжрэхгүй, хаашаа ч явсан ихдээ л 15 минут. Мөн энд хурд муутай интернэтээс болж цаг алдана гэж байдаггүй.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Ер нь би нэг их технологижоогүй, хуучинсаг стильтэй хүн байгаа биз. Би ойрын хугацаанд хийх зүйлсээ цаасан дээр жагсааж хийдэг (төслүүд тус бүр дээр). Мөн дараагийн 6 сард хийх уулзалтууд, бусад ажлуудыг цаасан календарь дээр тэмдэглэдэг. Давхар Google Calendar дээр сануулна.

Урт хугацаанд бол боломжтой болсон үедээ ажиллах санаануудаа .txt файл дээр тэмдэглэдэг (Гэхдээ нэлээд нь хэзээ ч хийгдэхгүй байх магадлалтай).

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Би дуртай зүйлс дээрээ ажиллахдаа үнэхээр эрч хүчтэй байдаг. Бас өөрөө юун дээр ажиллахаа сонгож байдгаараа азтай.
Харин хичээл заах үедээ өөрөө лекц тавиад байхаас илүүтэй эерэг энергийг бий болгож, чиглүүлэх тал дээр төвлөрөх нь хүмүүс өөрсдөө суралцахад тустай, илүү үр дүнтэй байдаг гэж итгэдэг.

Би ямар нэг зүйлийг үнэхээр хүсвэл түүнийгээ бүтээхийн тулд тууштайгаар гөжүүдлэн зүтгэж чаддаг. Энэ нь заримдаа бусдын араас уур хүрмээр хөөцөлдөнө гэсэн үг (тэгэхээр давуу тал биш ч байж мэднэ).

Менежментийн зөвлөх үйлчилгээний Mckinsey & Co, Bain & Co компаниудад өнгөрүүлсэн жилүүд минь Excel, PowerPoint дээр сайн ажиллаж сургасан ба энэ чадварууд надад олон жил үнэхээр их хэрэг болж байна. Эхнэр маань намайг “слайдаар сэтгэдэг” гэдэг гээч. Магтаал ч юм шиг, үгүй ч юм шиг (инээв).

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Надад "ажил" гэж байхгүй, өөрийн хийх дуртай зүйлс л гэж бий. Би 2008 онд менежментийн зөвлөх компаниас "тэтгэвэртээ" гарч, зөвхөн өөрийн санаа тавьдаг, илүү утга учиртай зүйлсэд төвлөрөн ажиллах болсон. Заримдаа тэр нь мөнгө олохгүй ч бай дуртайяа ажилладаг.

Эерэг тал: Би өөрийн сонголтод хариуцлагаа бүрэн үүрч, ямар нэг зүйлийн талаар гомдоллодоггүй. Би ажлынхаа үр нөлөөг илүү сайн харж, үүнийг нэмэгдүүлэхдээ санаачилгатай байж чаддаг. Ажлаа төлөвлөхдөө бас илүү уян хатан.

Сул тал: Хэн ч зүгээр байхад надад ажил өгөхгүй. Би өөртөө боломжийг үүсгэх ёстой. Би бизнестэй хутгалдах тийм ч дуртай биш, илүүтэй гүйцэтгэх сонирхолтой тул энэ нь заримдаа асуудал болох нь бий. Мөн олон зүйлд дуртай болохоор олон төсөлтэй холбогдож, заримдаа сунаж унах гэж байгаа юм шиг санагддаг (гэхдээ би зөвхөн өөртөө л гомдоллоно). Хэн ч миний амралтын, тэтгэврийн, даатгалын мөнгийг төлөхгүй. Би өөрөө л энэ бүгдийг төлөвлөх ёстой.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Хэлэлцээр, түүнийг амьдралд хэрэгжүүлэх, сошиал энтрепренершип сэдвэр сургалтанд хамрагсад болон оюутнуудддаа зориулан суралцах үйл явцыг хамгийн сайн, үр дүнтэй болгох нэг шинэ зүйлийг сэдэн хөгжүүлж байна.

Мөн SportImpact-ийн Sport for Life санааг дэлхий даяар дэлгэрүүлэхээр стандартчилж, загварчилж байна. Спортоор дамжуулан хувь хүний хөгжлийг дэмжих энэ санааг хамгийн үр дүнтэй аргаар түгээх аргыг эрэлхийлж байна.

Харин ойрын хугацаанд төлөвлөж байгаа зүйл бол. Pluris-ийн хэлэлцээр хийх зөвлөгөө, сургалтыг хэрхэн дэлхийн хэмжээнд хамгийн их үр нөлөөтэй болгох талаар бодох, шийдэл олох.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Би бичих, унших үедээ чимээгүй орчныг илүүд үздэг. Харин механик ажил хийх бол хурдан хэмнэлтэй хард, панк рок сонсож, эрч хүчтэй байхыг эрмэлздэг.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Би унших дуртай ч уран зохиол уншаагүй удаж байна. Дэлхийг өөрчлөхөд туслах, бусдад дэлхийг өөрчлөхөд нь туслах баримтат номуудыг унших сонирхолтой. Сүүлийн үед хэлэлцээний сэдвээр Дипак Малхотрагийн Negotiating the Impossible, нийгмийн энтрепренершип, системийн сэтгэлгээний талаар Донелла Мидовсийн Thinking in Systems: A Primer гэх сонгодог бүтээлийг уншиж байна. Thiagi-гаас гаргасан бүх л зүйлсийг унших дуртай.

Арга барилын хувьд би гол санаануудыг нь түүхээр түргэн гүйлгэж уншдаг. Энгийн үед би олон ном зэрэг уншдаг, гэхдээ бүгдийг нь тэр болгон дуусгадаггүй. Ямар ч гэсэн ажилдаа, хичээлдээ ашиглах шинэ зүйлсийг сурч авдаг.

Дэлхийн ертөнцийг мэдээллийг The Economist сэтгүүлээс авдаг даа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Би их дотогшоо хүн. Бусадтай ажиллах үедээ эрч хүчтэй байдаг ч "цэнэг" авахын тулд ганцаараа байх ёстой байдаг. Би гүйж, аялж "цэнэг" авдаг. Урт нислэгийн турш чимээгүй суух ч сайхан шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Өглөө эрт босно оо. Аялаагүй үед орой 10-11 гэж унтаад өглөө 6-д босож гүйдэг. Харин хийх ёстой ажил байвал өглөөний сэргэг оюуны ажилдаа ашиглана.

Би мөн өдрийн турш болж өгвөл ганц хоёр дугхийх дуртай. Заримдаа гурван ч удаа дуг хийнэ гээч. Дунджаар өдөрт нэг удаа, таксинд юм уу өдрийн хоолны дараа дугхийчихдэг. 10 минут болоод л сэрэхэд тархи цэнэглэгдэж, илүү хурц болж, бүтээмж нэмэгддэг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Би ажилдаа дуртай учраас их ажилладаг. Чөлөөт цагаараа ганцаараа байх дуртай.
Би спортод, тэр дундаа гүйлтийн спортод хайртай. Аялж явах үед хамгийн амар спорт. Тэгэхээр намайг нар мандах үед Дилигийн далайн эргээр, Сингапурын Ботаникийн цэцэрлэгт гүйж яваатай таарч мэднэ.

Би Португальд аав ээж дээрээ жилдээ цөөн долоо хоног очиж, тэндээс хэсэг ажилладаг.

Жилдээ нэг удаа 2 долоо хоног хэвийн амьдралаас тас хөндийрч шинэ газар, шинэ соёл үзэж, шинэ хүмүүстэй танилцаж, гар утас, комьютерээ салгадаг. Би саяхан Непалд Аннапурна орчимд ууланд авирч, Читван Үндэсний Паркад хирс харж, Буддагийн төрсөн газарт зочилж, Буддийн сүмд хүрд эргүүлж, цагийг сайхан өнгөрүүлж байгаад ирсэн шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Би гайхалтай хүмүүстэй хамт ажилладагтаа баярладаг. Ялангуяа SportImpact-ийн хамт олноо дурдах хэрэгтэй. Тимор хамтрагчид маань дуусашгүй эрч хүчтэй. Бид цагийг хамт өнгөрүүлж, өөрсдийн тусгай аргаар мэндлэх зэргээр бие биедээ эрч хүч өгдөг.

Бусад хүмүүст үзүүлж буй үр нөлөө маань намайг хурцалж, хүнд хэцүү үед даван гарах хүчийг өгдөг. Би бусдын төсөл, яриа, эшлэлүүдээс урам зоригийг олж авдаг. Ялангуяа нийгмийн энтрепренер хүмүүсээс бүр ч илүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?


Ээж маань амьдралын чухал сонголтын (өмнөх ажлаа орхих) үед “Хэрвээ наадах чинь чамайг жаргалтай л болгож байгаа юм бол тэгээд хий л дээ” гэсэн мэргэн үгийг хэлж байлаа.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

Grameen Bank-ний үүсгэн байгуулагч, Нобелийн шагналт Мухаммад Юүнэсийг санал болгомоор байна.

Олон улсын зөвлөх багш Нуно Деликадог Боловсролын Санаачлагууд ТББ (Educated Initiatives) урин авчирч байгаа бөгөөд "Хэлэлцээр хийх урлаг" сэдэвт сургалтыг 6 сард хоёр өдөр зохион байгуулах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

30026   4


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.