Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Онцлох Бизнес   05 сарын 08, 2017

Онцлох бизнес: Номын шуудан - Оюуны хүргэлт

Бид хагас сайн өдөр бүр шинэ юм уу мэдүүштэй номуудын тойм, хэсгээс оруулж, ном унших соёлыг дэмжихийг хичээдэг билээ. Энэ удаа тэгвэл бид зөвхөн номоор дагнасан хүргэлт үйлчилгээг онцолж байна. Та бүхний захиалсан номыг Монголын хаана ч, аль ч цэгт найдвартайгаар хүргэж чадах “номын шуудан”-тай танилцана уу.

Бизнесийн нэр: "Шинэ Ном" шуудан хүргэлт
Хаяг: МУИС, Бизнесийн сургуулийн урд талын 38-р байр
Үйл ажиллагааны чиглэл: Номын шуудан
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2017 оны 3-р сар
Үүсгэн байгуулагч: С.Одхүү
Ажилтны тоо: 5
Фэйсбүүк: Шинэ ном шуудан

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би өөрөө ном унших дуртай. Номын дэлгүүр нээнэ гэж боддог байлаа. Тэгээд нэг өдөр ном уншиж байгаад ер нь номын хүргэлт хийж үзье гэж бодсон. Эхлээд интернэтээр захиалга авч борлуулж үзье, дараа нь боломжтой үедээ номын дэлгүүр нээе гэж шийдсэн юм. Үүнд Zappos-ийн CEO Тони Шиэгийн "Delivering Happiness" номыг уншсан маань бас нөлөөлсөн. Нөхөр өөр хаана ч байхгүй хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлж нэрд гарсан хүн шүү дээ. Хүмүүс ном унших, бусдад бэлэглэх дуртай болохоор хүмүүсийн цаг, хөрөнгийг хэмнэсэн энэ үйлчилгээний хэрэгцээ манайд байгаа гэж харсан.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Өөрөөсөө л гаргасан даа. Дөнгөж эхлүүлж байгаа болохоор зардлууд бас нэлээд гарна аа.

ТАНАЙ ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД?

Яахав, ном хүргэдэг номын дэлгүүрүүд, хувь хүмүүс байх нь байдаг. Гэхдээ бид зөвхөн номын шуудан хүргэлт гэсэн үйлчилгээг цогцоор нь гаргаж ирж, шуудангийн үйлчилгээ үзүүлэх эрх авч, шуудангийн стандартаар номуудыг хүргэж байгаа. Хүргэлт нь хүмүүсийн гэрт очдог болохоор энэ нь аюулгүй байдал талаасаа, мөн бүтээгдэхүүнийг зориулалтын баглаа боодолтой хүргэдэг гэдгээрээ давуу талтай. Манай хот, хөдөө гээд Монголын хаана ч гэсэн ном хүргэнэ. Зарим ном хөдөө ч гэсэн үнэгүй хүргэгддэг. Хотод бол хүргэлтийн нэмэлт хөлс гэж байхгүй, ном дэлгүүрт зарагддаг тэр л үнээрээ очно доо. Хотод бол 1-2 цагийн дотор захиалсан номыг хүргэж өгнө. Захиалга өгөхийн тулд манайх руу утасдахад л болно.

Манай үйлчилгээний өөр нэг давуу тал бол бид дандаа шинэ юм уу эрэлт ихтэй номуудыг л сонгож хүргэдэг. Хэвлэлийн чанарын шаардлага хангаагүй, эсвэл хэн хаанаас гаргасан нь мэдэгдэхгүй, эсвэл зохиогчийн эрх аваагүй номуудыг сонгохоос татгалзаж байгаа. Сүүлийн үед эрэлт ихтэй зарим номыг хуурамчаар хэвлэж зарж байгаа тохиолдлууд нэлээд хэд гарсан. Бидний хувьд зохиогч нартай нь гэрээ хийж хүргэлт хийж байгаа учир хуурамч ном авахгүй гэсэн үг.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Хүргэлтээ улам боловсронгуй болгож захиалгын апп хийх төлөвлөгөөтэй байгаа. Фэйсбүүкээр хүмүүс захиалга өгөхдөө утсаа хамаагүй ил тавьдаг явдал элбэг байдаг. Энэ бол бас аюулгүй байдал талаасаа буруу зүйл юм байгаа юм.

Мөн бид яваандаа авьяастай хүмүүстэй хамтран ажиллаж, зохиол бүтээлээ дэлгэдэг, заавал хэвлүүлэхгүйгээр онлайнаар номоо гаргадаг вэб платформыг бий болгох төлөвлөгөөтэй.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЬ ЮУ ВЭ?

Зохиогчийн эрхийг дээдэлнэ. Хуурамч, албан ёсны эрхгүй номыг хүргэхгүй. Мөн шашны болон садар самууныг сурталчилсан ном, хов жив түгээдэг сэтгүүл түгээхгүй гэдэг бодлоготой.

ОДОО ТА БҮХЭН ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?

Бид зохиолч, орчуулагч нартай гэрээ байгуулж, хамтран ажиллагсдынхаа тоог нэмсээр л байна. Одоогоор зохиолч Б.Шүүдэрцэцэг, Л.Сарантуяа, А.Пүрэвмаа болон Сэлэнгэ Пресс, Арвис зэрэг паблишинг компаниудтай гэрээ байгуулаад байна.

Номын хүргэлт бол манай Шинэ ном шуудан хүргэлт фэйсбүүк хуудсаар явагдаж байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Номыг үндсэн үнээр нь, найдвартайгаар хүргэж байгаа маань өнөөгийн хурдан хэмнэлтэй, түгжрэлтэй хотод хүмүүсийн цагийг ихэд хэмнэх үйлчилгээ юм. Заримдаа хүмүүс дотны хүмүүстээ цэцэгтэй, дарстай хамт ном хүргүүлнэ. Жишээ нь эмнэлэгт байгаа хүнд ийм илгээмж очиход ямар их баярладаг гэж санана.

Ном гэдэг өөрөө хүний нэг гол "классик хэрэглээ". Хэчнээн технологи хөгжиж байгаа ч үнэ цэнээ алдаагүй, нэг хэсэгтээ л алдахгүй зүйл гэж боддог. Тиймээс энэ чиглэлээр бизнес хийхэд сэтгэл цаанаа л өег байдаг. Номын салбарын олон сайхан хүмүүстэй танилцаж байна.

Яахав хүндрэлтэй асуудлууд бий бий. Гэхдээ том асуудал биш. Хүмүүс удаан хүлээлгэнэ, утсаа авахгүй алга болох тохиолдлууд өдөр бүр л гарч байдаг. Цагтаа хүргэж өгөх гэж түгжрэл ихтэй үед бас амаргүй ээ.

ХҮМҮҮС ЯМАР ТӨРЛИЙН НОМ ИХ ЗАХИАЛДАГ ВЭ?

Уран зохиолын ном, тэр дундаа хатдын түүх их захиалдаг шүү. Ялангуяа өсвөр насны охид, мөн 40 давсан насны хүмүүс. Бидний үеийн залуус бол хувь хүний хөгжлийн номууд, тэр дундаа намтар унших сонирхолтой байх шиг байдаг.

23892   2


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.