Samsung шинэ загварын утсаа танилцууллаа

Баттерейны асуудлаас шалтгаалан зах зээл дээрх нэр хүнд, хэрэглэгчдийн итгэлээ алдаад байсан Samsung S8 загварын шинэ утаснуудаараа эргэн ирлээ. Нуман дэлгэцтэй, илүү нимгэн, илүү хурдтай, Home товчгүй болсон S8 болон S8+ загварын гар утаснуудаа тэд 750 долларын эхлэлийн үнэтэйгээр 4-р сарын 21-ээс зарна гэнэ. Хурууны хээнээс гадна нүүрээрээ түгжээгээ тайлах боломжийг олгосон S8-д Bixby нэртэй шинэ хувийн туслах дагалдана. Siri, Cortanta-тай адилхан зарчмаар ажиллах Bixby-д зориулан тэд шинэ товч хүртэл нэмж өгчээ. 12 мегапикселийн үндсэн камертай ч нүүрний хэсгийн камераа илүү их сурталчилж байгаа нь учиртай. 8 мегапикселийн хүчин чадалтай энэ камер нь автоматаар фокус тохируулдаг гэдгээрээ онцлогтой. Усанд тэсвэртэй, илүү сайн цэнэгээ барьдаг, 2 ТБ хүртэл багтаамж нэмэх боломжтой гэгдэж буй S8-ийн дагалдах хэрэгслүүдийг худалдан авч бүр ахисан түвшинд ч хэрэглэх боломжтой. Тухайлбал Samsung DeX нэртэй төхөөрөмжөөр дамжуулан та өөрийн утсаа дэлгэц, гар, хулганад холбон шууд компьютер болгон ашиглаж болно. Утасгүй цэнэглэгч, VR төхөөрөмжүүдтэй ч шууд хослон ажиллах ажээ.

CNET: S8-ийн талаар бидний мэдэх бүх зүйлс
BGR: Зөвхөн S8-д л агуулагдсан 10 нэмэлт

Технологийн ертөнцийн эргэн тойронд

Өөрийн Kickstarter-аар дамжуулан эхлүүлсэн төслөөрөө VR технологийн боломжийг олон нийтэд анхлан мэдүүлж, улмаар Facebook-т компаниа зарсан Палмер Лаки үүсгэн байгуулсан Oculus-аа орхиж байгаагаа зарлалаа. 24 настай Палмер Лаки сүүлийн үед ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр онлайн бүлэглэлийг санхүүжүүлсэн, бүтээгдэхүүнээ хөгжүүлэхдээ өөр бизнесээс оюуны өмчийн хулгай хийсэн хэмээн шүүхэд дуудагдаж ялагдсан гэх мэтээр барцад ихтэй байсан. Гэхдээ тэрээр 2 тэрбумаар компаниа зарсан Фэйсбүүктээ үлдэх бололтой. Xiaomi-ийн Х.Барра оны эхээр Oculus-ийн дэд ерөнхийлөгчөөр томилогдоод байгаа билээ. Байгууллагын их тоон өгөгдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Cloudera нээлттэй компани болохоор хүсэлтээ өглөө. 2008 оноос хойш бараг 1 тэрбум доллар босгосон тэд 2014 онд Интелээс 4.1 тэрбумын үнэлгээтэйгээр 740 сая долларын хөрөнгө оруулалт авч байсан юм. Cloudera 200 гаруй сая долларыг IPO-оосоо олохоор төлөвлөж байгаа гэнэ. Ямар ч шимтгэлгүй хувьцааны арилжаанд оролцох боломжийг олгож буй Robinhood 1.3 тэрбумын үнэлгээтэйгээр шинэ хөрөнгө оруулалт татсан байна. Фэйсбүүк, Твиттер, Групоны эхний хөрөнгө оруулагчдын нэг Оросын тэрбумтан Ю.Милнерийн DST 1 сая хэрэглэгчтэй болоод буй Robinhood-ийг дэмжжээ. Амазон 6 жилийн өмнө 545 сая доллараар худалдаж авч байсан, эгнээндээ Diapers.com, Soap.com зэрэг 6 худалдааны сайтыг багтаасан Quidsy-ийн үйл ажиллагааг зогсоож байгаагаа зарлалаа. Сонирхуулахад Quidsy-г үүсгэн байгуулсан М.Лоре Амазоноос гарсныхаа дараа Jet.com-ийг байгуулж, улмаар Walmart-д заран, өдгөө Aмазоны хамгийн том өрсөлдөгчдийн нэг болоод байгаа билээ. Твиттер энэ долоо хоногт хэд хэдэн шинэчлэл танилцуулж, тун завгүй байлаа. Зургаа оруулаагүй хэрэглэгчдийн аватарт байдаг өндөгний зургийг сольсон тэд мессеженд хариу өгсөн жиргээний харагдацыг өөрчилсөн нь огцом шилжилт байлаа. Мөн тэд хариу бичихэд @ хийж буй хэрэглэгчийн нэрийг 140 тэмдэгтэд тооцохгүй болгожээ.

Твиттер: Яагаад бид "өндгөө" сольсон бэ?
Techcrunch: Cloudera удаан хүлээлгэсний эцэст IPO-оо зарлалаа

Robinhood уламжлалт брокерийн фирмүүдийн өндөр шимтгэлийг "хулгай" гэж үзэж байна.

Элон Маск!

Өнөө цагийн хамгийн "сонирхолтой" энтрепренерүүдийн нэг, Тесла, SpaceX-ийн үүсгэн байгуулагч Элон Маск хүн төрөлхтөнд огцом дэвшил авчрах боломжтой шинэ компаниа танилцууллаа. Энэ бол хүний тархинд суулгасан жижиг электрод төхөөрөмжийн тусламжтайгаар компьютертэй харьцах боломж олгох технологийг хөгжүүлэх зорилготой Neuralink юм. Өнгөрсөн 7-р сард байгуулсан компанидаа тэрээр Бостон, Калифорнийн их сургуулийн топ профессоруудыг аваад байгаа бөгөөд хүний бодол, дурсамж зэргийг шууд тархинаасаа төхөөрөмж рүү хуулах боломжийг эрэлхийлж байгаа гэнэ. Тэрээр хиймэл оюун ухааны хэт хөгжлөөс хүн төрөлхтнийг аврах цорын ганц боломж нь ямар нэгэн биет харилцаа үүсгэхгүйгээр шууд төхөөрөмж, роботуудыг удирдах гэж үздэг тухайгаа нэг бус удаа дурдаж байсан билээ. Элон Маскийн завгүй долоо хоног үүгээр дууссангүй. Түүний удирддаг SpaceX сансар судлалын түүхэнд анх удаа пуужинг дахин ашиглан хөөргөж, улмаар газардууллаа. Өнгөрсөн жилийн 4-р сард хамгийн анх ашиглаж байсан Falcon 9 пуужин Атлантын далайд байрлуулсан "Of Course, I Still Love You" нэртэй жижиг хөлөг онгоц дээр амжилттай газардсан байна. Энэ нь маш өндөр өртгөөр бүтдэг пуужингийн зардлыг огцом бууруулж, сансар судлалын салбарт том ахиц авчирсан үйл явдал боллоо хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тэгвэл Маскийн өөр нэг компани Тесла 5 хувьтай тэнцэх хувьцаагаа 1.8 тэрбум доллараар Хятадын Тенсент компанид зарлаа. Тенсент Хятадын №1 мессеж апп WeChat-ийг эзэмшдэгээс гадна Uber China-г худалдан авсан Didi Chuxing-ийн толгой компани билээ.

TNW: Маск тархи-компьютерийг холбохыг хүсэж байна
Recode: Маск пуужингаа ахин ашиглаж түүх бүтээлээ

Ангараг гарагийг эзлэх төлөвлөгөө ч Э.Маскад хангалтгүй санагдсан бололтой.

Улс төрийн ертөнцийн эргэн тойронд

Их Британи Европын холбооноос албан ёсоор гарах хүсэлтээ илгээсэн нь энэ долоо хоногт дэлхийн улс төрийн амьдралд өрнөсөн хамгийн онцлох үйл явдал байлаа. Өнгөрсөн жил бүх нийтийн дунд явуулсан санал асуулгаар Brexit гэж нэрлэгдсэн энэхүү үйл явдал явагдах нь тодорхой болсон ч албан ёсны хэлэлцээр эхлээгүй байсан юм. Их Британий ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооны ерөнхийлөгч Доналд Таскад хандан хүсэлтээ илгээснээр Лисбоны гэрээний дагуу 2 жилийн дотор 2 тал тохиролцоонд хүрэх шаардлагатай болж байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар гол хэлэлцээр 4-р сард болох Францын, 9-р сард дуусах Германы сонгуулийн дараа л эхлэх бололтой. Хэлэлцээрийн гол зорилго нь Британи одоо эдэлж байгаа гишүүний эрх үүргээ хадгалж үлдэж чадах эсэх асуудал болно. Тэд чөлөөт худалдааны хэлэлцээрээс гадна ажилчид чөлөөтэй солилцох давуу талуудаа хадгалж үлдэхийг хүсэж байгаа юм. Хэрвээ Европын холбооны бүх улсууд нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй бол Британийг "хөөж" гаргахаас өөр сонголт тэдэнд үлдэхгүй. Америкт Доналд Трамп болон түүний багийн Оростой холбоотой мэдээлэл солилцсон хэрэг ноцтой хэвээр л байна. Трампын экс зөвлөх Генерал М.Флинн сенатын өмнө асуулгад оролцохоосоо өмнө хууль сахиулагчдаас "дархлаа" хүссэн хэлэлцээр хийж байгаа нь олон нийтийн дундах хардлагыг улам нэмэгдүүллээ. Үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд удаагүй байгаа БНСУ-ын экс ерөнхийлөгч Пак Гын Хе албан ёсоор баривчлагдаж, Сөүлийн засан хүмүүжүүлэх төвд хоригдож эхэллээ. Түүний эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, авилгалтай холбоотой хэргийг шалгах хугацаанд тэр өдрийн 1.3 долларын үнэтэй хоол идэж, энгийн нөхцөлд ганцаараа байрших аж.

Politico: Британийн төлөөх дайн одоо л эхэлж байна
Vox: Brexit-ийг юу хүлээж байна вэ?

Их Британийг "аврах" нь Т.Мэйгийн гол даалгавар байх болно

Алдалгүй мэдвэл зохих бусад мэдээнүүд

Atlantic: Генерал Флинтэд хэлэх зүйл байна
CNN: Боб Дилан Нобелийн шагналаа гардан авлаа
The Verge: Snapchat хайлтын компани болох уу?
TNW: Хамгийн шилдэг инээдмийн баярын хууралтууд
CNN: Колумбад шавар нурж, 200 гаруй хүн амь насаа алдлаа
Gogo: Moody's Монгол улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээлээ
Eurosport: Швайнштейгер Америкийн лигт ирлээ
Google: Хүүхдүүд ирээдүйгээ ингэж төсөөлж байна