Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Techworm   02 сарын 28, 2017

Миний хэрэглэдэг аппууд - Корнеллийн их сургуулийн магистрант Б.Тэлмүүн

Апп тойм булангийн зочноор бид Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байгаад Корнеллийн их сургуульд эдийн засаг, санхүүгийн чиглэлээр суралцахаар АНУ-г зорьсон Б.Тэлмүүнийг урилаа. Түүний хэрэглэдэг аппуудаас бид финтек буюу санхүүгийн салбар дахь хувьсгал ямархуу яваа, үүнийг хэрхэн ашиглаж болох тухай мэдэхээс гадна хэрэглээний зарим сонирхолтой апп-тай танилцах боломжтой. Эдийн засаг, санхүүгийн чиглэлийн мэдээлэл авах сонирхолтой бол, АНУ-д суралцахаар судалж байгаа бол түүний блогоор зочлохыг мөн зөвлөе.

Вэб: www.telmuun.net

1. Хөрөнгө оруулалт, хувийн санхүүгийн апп

Би санхүүгийн салбарт сүүлийн жилүүдэд хүчтэй өрнөж буй финтекийн хувьсгалын идэвхтэй хэрэглэгч байж хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцдог. Ингэхдээ брокер, дилерийн компани эсхүл өндөр хэмжээний шимтгэл, үлдэгдэл шаардагддаг уламжлалт цахим брокер сайт, программууд бус шимтгэл, барьцаагүй, хурдан шуурхай, хэрэглэхэд болон мэдээлэл авахад маш хялбар аппуудын талаар танилцуулъя. Гэм нь арилжаатай холбоотой бүртгэл, татвар, эрх зүйн стандартын зөрүүгээс шалтгаалж ихэнхдээ АНУ, Канад эсхүл Австрали, Их Британи зэрэг хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгддэгээрээ сул талтай.

Robinhood

Тухайлсан компаний хувьцаанд хөрөнгө оруулах сонирхолтой бол Robinhood тохиромжтой. Огт шимтгэлгүй хувьцааны арилжаа хийх боломжийг бидэнд олгох үүнээс өөр платформ бидэнд барагтай олдохгүй болов уу. Мөн бүртгүүлэхэд шаардагдах хөрөнгийн доод хэмжээ гэж үгүй тул хүссэн дүнгээрээ хүссэн хувьцаагаа арилжаалах боломжтой. $4 доллар одоо шилжүүлээд л Оюу Толгойн 1 ширхэг хувьцаа авсан ч болно. Сул тал нь заавал АНУ-ын social security number буюу нийгмийн даатгалын дугаартай, АНУ-д хууль ёсоор оршин суугч ашиглах эрхтэй. Түүнчлэн, зөвхөн АНУ-д бүртгэлтэй хувьцаа, үнэт цаасыг л арилжаалах боломжтой.

ТАТАХ

Loyal3

Жижиг хөрөнгө оруулагч, хувь хүмүүс томоохон биржүүдээр арилжаалагдах IPO-нд хөрөнгө оруулах бараг боломжгүй байдаг. Ихэнх IPO зах зээлийн үнээс хямдаар арилжаалагддаг тул том хөрөнгө оруулагч нар “алалцаад” дуусгадаг. Тэгвэл loyal3 хэмээх аппаар энгийн хувь хүмүүс IPO-нд хөрөнгө оруулах боломжтой болжээ. IPO худалдан авахын тулд багадаа $350-ын хөрөнгө байршуулсан байх шаардлагатай. Миний хувьд гэр ахуйн тавилга, барааны At Home компанийн IPO-ний нэгж хувьцааг 2016 оны 4 сард $15-оор авч 3 хоногийн дараа $15.73 болгон зарч байсан түүхтэй. 2013 онд байгуулагдсанаас хойш нийт 19 компанийн IPO-д loyal3 оролцсон гэнэ. Түүнчлэн, IPO-оос гадна Robinhood-ийн нэгэн адил томоохон 65 компанийн хувьцааны арилжаанд шимтгэлгүйгээр оролцох боломжтой байдаг.

ТАТАХ

iBillionaire

Уоррен Баффет, Карл Айкан, Уиллиам Экман зэрэг нэр алдраа дуурсгасан тэрбумтнуудын эсвэл Элон Маскийн компаниуд, технологи, эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, роботын чиглэлийн томоохон компаниудын хувьцааны багц, S&P500 индекс, алт зэрэгт хөрөнгө оруулах боломжийг iBillionaire бидэнд олгоно. Түүнчлэн, тэрбумтнуудын ямар хувьцааны багц эзэмшиж байгааг ч харах боломжтой. Mutual fund, exchange traded fund зэрэг багцийн хөрөнгө оруулалтууд нь онолын хувьд хувь компаний хувьцаанаас эрсдэл бага тул уг программыг би өргөнөөр ашигладаг. АНУ-ын зах зээлийн гол 500 компанийг багтаасан S&P500 индексд сүүлийн 3 сар хөрөнгө байршуулж 6 орчим хувийн өгөөж хүртээд байна. Харин энэ хугацаанд 3 центийн л менежментийн хураамж төлсөн байна.

ТАТАХ

Acorns

Өөрийн эрсдэлийн түвшинг сонгох замаар багцийн хөрөнгө оруулалт хийх боломжтой өөр нэгэн хувилбар нь Acorns юм. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж өндөр ашиг сонирхолтой бол aggressive, эрсдэл багатай тогтвортой бол conservative гэх зэргээр эрсдэл хүлээх түвшинтэй уялдуулан хөрөнгө оруулалтын багцаа сонгоно. Тухайлбал, aggressive багцийг сонгоод сар бүр $100 хийвэл 37 насандаа $19,039-тай, conservative багцаар $15,423 болох хандлагатай хэмээн санал болгоно. Түүнчлэн, банкны картаа холбосноор худалдан авалт тутмын задгай центийн хариулт бүрээ багц руугаа шилжүүлэх боломжтой. Жишээлбэл, $9.4-ийн хоол авахад л 60 цент нь данс руу автоматаар шилжих тул өөрт дарамтгүйгээр бага багаар мөнгөө хуримтлуулах давуу талтай. Миний хувьд 6 сарын турш задгай хариултаа цуглуулсаар $200 гаруй долларын хариултаа хуримтлуулаад байна. Сул тал нь 5000$-оос доош данстай бол сард 1$-ийн хураамж төлнө.

ТАТАХ

Бусад

Interactive Brokers

Монголоос ашиглах боломжтой апп гэвэл Interactive brokers гэж байдаг. Гэвч энэ нь данс нээлгэхэд хамгийн багадаа $3,000 орчим дансандаа байршуулах бөгөөд олон төрлийн гүйлгээний шимтгэлүүдтэй. Давуу тал нь опцион, фьючэрс гэх зэрэг үүсмэл хэрэгсэл ашиглан ахисан түвшний арилжаа хийж эрсдэлээ тархаан байршуулах боломжтой. Техникийн шинжилгээ хийхэд шаардагдах мэдээллүүдийг олгодог. Миний хувьд хэсэг туршилтын журмаар ашиглаж байгаа.

Venmo
АНУ-д ирснээс хойш Venmo-ийн ачаар бэлэн мөнгө авч явах шаардлагагүй болсон. Хувь хүмүүс хоорондоо дэндүү хялбар, залхуу аргаар ямар ч шимтгэлгүй мөнгө шилжүүлэх боломж олгодог. Байр, хоол, утасны төлбөр, хоол унд, аялал зугаалга гээд бүхий л зүйлсэд өдөр тутам ашигладаг. Мөнгө шилжүүлэх, эсвэл мөнгө нэхэх хүний нэр, дүн, утгаа бичихэд л хангалттай маш хэрэгцээтэй апп.

Squeeze

Хувийн санхүүгээ хөтлөхөд маш их тусалдаг апп. Нэгэнт бэлэн мөнгө авч явдаггүй тул бүхий л хэрэглээ банкны картаар дамждаг. Иймд бүх картаа бүртгүүлснээр хувийн хэрэглээний бүх тооцоог маш дэлгэрэнгүй, эмх цэгцтэй харуулж чаддаг.

Татах

2. Хэрэглээний бусад аппууд

Quora

Мэдэхгүй чадахгүй зүйл гарахад хамгийн түрүүнд ханддаг нэвтэрхий толь маань Quora юм. Google, Wikipedia-аас илүүтэй сонирхсон асуултын хариуг яг тухайн мэргэжлийн эсхүл туршлага бүхий хүмүүс орж ирж хариулт өгдөг. Өөрөөр хэлбэл, асуулт хариултын маш том мэдээллийн бааз юм. Тухайлбал, Уолл стритийн хөрөнгө оруулалтын банкны ажилчдын цалин хэд вэ гэхэд яг тэнд ажилладаг хүмүүс орж ирж хариулт өгөх жишээний. Түүнчлэн, нэртэй алдартай хүмүүс өөрсдөө орж ирж хүмүүсийн сонирхсон асуултанд шууд хариулт өгдөг. Жишээлбэл, сонгуулийн үеэр Хиллари Клинтон үе үе орж ирж асуултанд хариулж байсан.

ТАТАХ

The Economist Espresso

Сүүлийн 5 жилийн турш шимтэн уншиж буй хамгийн дуртай мэдээллийн эх сурвалж маань The Economist сэтгүүл юм. Үүний хялбаршуулсан хувилбар болох The Economist Espresso-г өглөө бүр хамгийн түрүүнд сонирхон уншдаг. Тухайн өдөр болсон хамгийн сонирхолтой, гол мэдээллийг түүвэрлэн товч тодорхой хүргэдэг.

ТАТАХ

Hotel Tonight

Зочид буудлын өрөөг хямдхан олох боломжтой маш хэрэгтэй апп. Хатуу нөхцөлтэй өрөө захиалчихаад очиж чадахгүй хүмүүс мөнгөө шатаахын оронд энэ аппаар дамжуулан өрөөгөө хямдруулан зардаг юм. Олон хоногоор, олуулаа бол өрөө олоход хүндрэлтэй боловч эгзэг нь таарвал тансаг буудалд маш хямдхан буух бололцоо олддог. Иймд аяллын өмнө шагайгаад үзэхэд гэмгүй. Зарим тохиолдолд Airbnb-ээс хямд байрлах ч тохиолдол бий.

84712   3


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.