Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 15, 2017

Би хэрхэн ажилладаг вэ? - Монос группийн ерөнхийлөгч, төрийн шагналт, академич, доктор, профессор Л.Хүрэлбаатар

Эрдэмтэн, бизнесмэн гэх тэс өөр хоёр ажил үүргийг нэгэн биед цогцлоож, аль алинаар нь өндөр амжилт гаргасан нэгэн хүндтэй хүнтэй бид ярилцлаа. Тэр бол 1990 онд Монголын анхны эм, гоо сайхны жижиг үйлдвэрийг “Монос” нэртэйгээр байгуулж, өнөөдөр 18 салбар компани, 1500 ажилтантай, Монголын хамгийн том групп компаниудын нэг болтол нь өргөжүүлж чадсан эм зүйн ухааны доктор, профессор, Монголын шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн Л.Хүрэлбаатар юм. Туйлын хөдөлмөрч, дэвшилтэт сэтгэлгээтэй түүний үүсгэн байгуулсан, МОНгол Оюун Санааг (Монос бол энэ 3 үгийг товчлол) дэлхийд таниулах эрхэм зорилготой тус групп монголчуудыг эрүүл жаргалтай амьдруулахад томоохон хувь нэмэр оруулж буйг бид мэднэ. Эрдэмтний хувиар тэрээр шинэ эм, гоо сайхны болон биологийн идэвхит 50 гаруй бэлдмэл зохион бүтээн патент авч, эрдэм шинжилгээний ном болон сурах бичиг 12, англи, орос, герман, монгол хэл дээр 200 шахам эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ. Тийм ч учраас Л.Хүрэлбаатар гуайг “Монголын Томас Эдисон” гэх нь бий.

Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Монос группийн ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Эм судлалын хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга
Сонгуульт: Монгол Инновацийн Холбооны ерөнхийлөгч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7
Хэрэглэдэг компьютер: iMac, Microsoft Surface
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Бүтээлч, шаргуу
Сошиал хуудсууд: @Khurelbaatar_L (твиттер) Khurelbaatar Luvsan (фэйсбүүк)

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

1990 онд эмийн жижиг үйлдвэр байгуулж болох тухай хууль гарч, Моносыг үүсгэн байгуулсан цагаас хойш би дандаа шинэ бүтээгдэхүүн гаргах гэж хичээж ирсэн. Тухайн үед "Булга", "Марал" зэрэг тос, "Читамон" бэлдмэлийг бүтээн эхэлж байлаа. Шинийг бүтээнэ гэдэг сониуч байна гэсэн үг. Эйнштэйн хэлэхдээ "Эрдэмтэн хүний хамгийн чухал чанар бол сониуч байх" гэж хэлсэн гэдэг. Өдгөө 50 гаруй патент эзэмшиж байгаа минь үүний илрэл байх. Олон шинэ гаргадаг ч тэр болгоныг бас патентжуулна гэж байхгүй. Байнга шинийг эрэлхийлж байсан учраас Монос олон зүйлд анхдагч болж байлаа. Тэгэхээр шинийг эрэлхийлж, бүтээлч байж, анхдагч байхыг эрмэлзэх нь миний арга барил гэж хэлж болно.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Гадаадын эм зүйн эрдэмтэд юу хийж бүтээж байгааг байнга мэдэх шаардлагатай тул эм зүйн сайтуудыг, аппуудыг өргөн ашигладаг. Ер нь гадаад харилцаа сайтай байхад их анхаардаг. Манай сургууль англи хэл дээр гардаг сэтгүүлтэй, гадаадын сайтуудтай холбоотой байдаг. 15-16 улсын судалгааны хүрээлэн, их сургуулиудтай хамтран ажилладаг. Монос олон шинэ эм гаргаж байгаагийн нэг шалтгаан бол гадаад харилцаа сайтайн, аутсорсинг их хийдгийнх юм. Сүүлийн үед гэхэд л дархлааны бэлдмэл гаргах асуудлаар японуудтой, үс ургуулах шампунь хийх асуудлаар хятадуудтай ажиллаж байна.

Би хувьдаа ч, байгууллагууд дээрээ ч технологийн дэвшлийг сайн ашиглахыг эрмэлздэг. Microsoft Surface ашиглаж, фэйсбүүк, твиттер, линкэдинийг хэрэглэдэг. Байгууллагын маань группууд Whatsapp дээр явдаг. Тэр дунд шинэ санаа бичдэг бүтээлч форум, захирлуудын гэх мэт олон групп бий.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Л.Хүрэлбаатар гуайн өрөөнд ороход ханан дахь уран зургууд нь хамгийн түрүүнд нүдэнд тусна. Ширээнийх нь ард Чингис хааны, жижиг ширээн дээр Д.Нацагдоржийн, хажуугийн хананд Р.Чойном, есөн өрлөгөөс ганцаараа ном судар "агссан" Шихихутаг нарын хөрөг зургууд байх аж. Бид л нас өндөр үеийнх нь дүр төрхөөр төсөөлдөг болохоос биш ертөнцийн талыг эзэлсэн хүн гал цогтой байсан байж таарна хэмээн Чингис хааны нүднийх нь харцыг залуужуулан, их хаад сахлаа олон салаалдаг байсан ёсоор сахлыг нь гурав салаалуулан, өөрийнхөөрөө зуруулсан нь тэр гэнэ.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Ажлаа зөв төлөвлөх, тэгээд хамгийн чухлыг нь хамгийн эхэнд хийх гэж хэлж болно. Судалгааны ажилдаа хамгийн их цаг зарахыг хичээдэг боловч олон нийтийн ажилд оролцох шаардлага их байдаг. Үндсэн ажлуудаас гадна олон төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байна. Мөн Шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, Анагаахын шинжлэх ухааны академийн эрдмийн зөвлөлийн гишүүн гээд хариуцаж хамаардаг алба олон байдаг. Дээр нь шөнө оройн цагаар уран бүтээлээ хийнэ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Outlook дээр жилийн төлөвлөгөөгөө гаргаад, түүнээсээ сарын төлөвлөгөөгөө хуулж тавиад, тэндээсээ 7 хоногийн төлөвлөгөө, цаашлаад өдрийн төлөвлөгөөгөө гаргана. Ингэж төлөвлөхөөр амар байдаг. Бодсон санасан юмаа гар утас, компьютераасаа нэмчихэж болно.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн шинийг эрэлхийлэх, шинийг сэтгэхдээ сайн. Энэ сониуч байдал маань ажлаас гадна олон зүйлийг хийж туршихад нөлөөлдөг. Залуудаа би сагс, воллейбол, шатар, ширээний теннис, хоккей зэрэг бүхий л спортоор хичээллэж байсан. Шатар, теннисээр зэрэгтэй болсон боловч олон юм зэрэг хөөгөөд аль нэгээр нь өндөр амжилт гаргаж байсангүй.

Мөн удирдах, зохион байгуулах ажилдаа муугүй байх. Манлайлагч хүний хувьд өөрийн биеэр үлгэрлэх, бусдадаа итгэл өгөх зарчмыг баримталж ажилладаг даа.

ТАНЫ ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Хүмүүсийн эрүүл мэнд төлөө явдаг ажил болохоор мэдээж буянтай сайхан ажил. Бас маш сонирхолтой ажил. Монголын уламжлалт анагаах ухаан олон зуун жилийн түүхтэй, санаа авах, судлах зүйлс арвин. Олон сайхан залуу эрдэмтэдтэй ажиллаж, тэднийг чиглүүлж явдагтаа баяртай байдаг. Тэдэнд маш ихийг бүтээх боломж бий.

Нөгөө талаас хүнд ажил. Зарим эмийг гаргах гэж 18 жил ноцолдоод гаргах дөхөж байхад зарим нь 4-5 жилийн дараа гарчих жишээтэй. Заримдаа олон жил судлаад болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрнэ. Өнгөрсөн жилийн Эмийн судлалын хүрээлэнгийн тайланд 1500-аад амьтныг туршилтад хэрэглэсэн гэж дурдсан байна лээ. Олон амьтныг амийг тасалж байгаадаа харамсавч тэр нь эргээд хэдэн зуу, мянга дахин олон хүний эрүүл мэнд, амь насыг аврах боломжтой шүү дээ гэж өөрийгөө тайвшруулна.

Бизнесийн орчин талаасаа зах зээлийн нийгэм дөнгөж л төлөвших гэж буй сонирхолтой, боломж ихтэй орчин. Нөгөө талаар зах зээл ч гэж хэлэхэд багадам жижиг зах зээл. Зарим сурах бичигт зах зээл гэж доод тал нь 10 сая хүнийг хэлнэ гэж байдаг. Тэгэхээр ийм жижиг зах зээл үйлдвэрлэлд зохьдоггүй. 30 мянга үйлдвэрлэх эм ч байна, 5 мянга үйлдвэрлэх эм ч байна. Өнөөг хүртэл бид эмийн судалгаанд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна лээ. Яг эмийн компани маань ашиг олоход хэцүү, бусад компаниудынхаа ашгийг нэмээд судалгаандаа зарцуулж явдаг.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Улс орон хийгээд компани маань өргөжихийн хэрээр олон улсын эмийн үйлдвэрлэлийн стандартыг шаардлага хангасан эмүүдийг дотооддоо үйлдвэрлэх, гадагшаа экспортлох хэрэгцээ шаардлага зайлшгүй үүссэн тул бид дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан GMP (Good Manufacturing Practice) стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт техник технологиор тоноглосон, смарт эмийн үйлдвэрийн иж бүрэн цогцолбор барих төслийг 2009 оноос эхлүүлж, 20 орчим тэрбум төгрөгийн зардлаар 2016 онд ашиглалтад орууллаа.

ОХУ-д байдаг GMP шаардлага хангасан үйлдвэрийг ашиглан тэнд үйлдвэрлэж, Оросын зах зээлд амжилттай борлуулагдаж байгаа "Нефрамон" эмээ бид одоо өөрсдөө, эх орондоо үйлдвэрлэх боломжтой болж байна гэсэн үг. Гэхдээ 2-3 жил бас дагалдах үйлдвэрүүдийг нь барих ёстой.

Өөр олон хийгдэж байгаа ажил байгаа ч "Энхийн шүүдэр" дуслын шингэн эмийн үйлдвэрийг онцолъё. Хэдэн жилийн өмнө дуслын шингэний үйлдвэр барих зорилготой, таван ч эмийн компани явж байсныг би урьж, энэ жижиг зах зээлд нэгдэж хамтарч ажилласан зүйтэй хэмээн уриалж, улмаар ажил хэрэг болгож чадсан. Монголчууд нэгдэж ажиллаж чаддагийн сайхан жишээ болсон энэ үйлдвэрийг Голомт банктай хамтран бүтээн байгуулсан нь импортыг орлох үйлдвэрлэл болж чадсанд бид баяртай байгаа.

Эмийн тухайд, сүүлийн үед шинэ кальцийн бэлдмэл гаргахаар ажиллаж байна. Жонш боловсруулдаг уламжлалт монгол аргаар нано кальци гаргах санаатай. Бусад төрлийн кальциудын 15 орчим хувь нь л эсийн мембраныг нэвтэлж, биед шингэдэг бол нано хэлбэрт орчихоор биед сайн шингэж үр ашиг нь нэмэгдэх юм. Боломж бол харагдаад л байгаа.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Вивалдигийн "4 улирал", Бетховены "Сарны сонтет" гэх мэт зөөлөн, тайвршуулах хөгжим сонсох дуртай. Ядраад эрч хүч хэрэгтэй үед сүүлийн үед Робби Уиллиамсын Love my life гэх дууг гар утсандаа хийчихээд сонсож байна. Монгол хөгжмийн зохиолчдоос Сэр-Од, Ч.Сангидорж нарын хөгжимд дуртай. Хоёулантай нь хамтарч уран бүтээл хийж байсан шүү. Моносын сүлд дууг эм найруулагч мэргэжилтэй гээд Ч.Сангидорж маань зохиож байлаа.

ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?

Долоо хоногтоо нэг номыг уншихыг хичээдэг. Сүүлд англи хэлээр мэргэжлийн 10-аад ном захиалж авчраад нэг нэгээр нь хөнгөхөн уншиж байна. Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуульд хичээл ордог учраас маркетинг менежментийн ном ч нэлээд уншдаг. Сүүлийн үед Стэвэн Ковигийн 2 номыг уншиж байна. Өөрөө энэ сэдвээр "Атилла хааны хилэн хар азарга буюу амжилтанд хүрэх жор" хэмээх манлайлын тухай ном өнгөрсөн онд бичиж хэвлүүллээ. Залууст хэрэг болох байх.

Шүлэг зохиол бас их уншина. Сүүлд С.Начин гэх залуу яруу найрагчийн "Ай" гэдэг түүврийг уншлаа. 2 жилийн өмнөх Болорцомоос ирээдүйтэй залуу байна гэж харсан. Сайн ном байна лээ. Бас "Хувирал" гээд агуу зохиолыг дахиад уншсан. Достоевский, Марк Твэйн хоёрыг бол байнга уншдаг, уйддаггүй.

2014 онд би яруу найргийн "Шаргал навчис" номоо гаргасан. Харин энэ жил өгүүллэг, туужуудаа эмхэтгэж гаргах санаатай байгаа. Залуудаа нэлээд оролддог байж байгаад саяхан л зарим хүний ятгалгаар эхнээс нь хэвлүүлж үзтэл хүмүүсээс урмын үг их ирж байна. Сайхан л байдаг юм байна. Ер нь багаасаа л сэтгүүлч болохыг хүсдэг, шүлэг зохиолд дуртай хүүхэд байлаа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Хэтэрхий ч нээлттэй байж магад шүү. Хүнтэй амархан танилцдаг, илэн далангүй ярьж хөөрдөг хүн. Ихэнхдээ л ажилд сайнаар нөлөөлнө.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Орой 11-12 цагт унтахыг хичээж, өглөө 6-7 цагийн хооронд л босно доо. Нэг хэсэг бага унтдаг байсан, одоо залуу хүн биш тул цагаа сайн зохицуулах хэрэгтэй. Эхнэр маань сүүлийн үед ажлын цагаа багасга гэж нэлээд зэмлэдэг болоод байна (инээв).

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Зун бол ургамал ногоо хөөцөлдөөд хөдөө явах дуртай. Бүр "Ургамлын ангууч" гэдэг хочтой. Бас зуслан дээрээ хус, хуш, долоогоно, монос гэх мэт төрөл бүрийн ургамал тарьж арчилна.

Бусад үед бол ажил гэр хоёрын аль нэгээс л намайг олж болох байх. Оюуны хөдөлмөр их хийдэг учраас өглөө болгон 30 минут гүйж, эрч хүч авдаг. Бас хааяа нэг усанд сэлнэ. Орой унтахдаа тухайн өдөр болсон нэг сайхан юмыг бодоод, маргааш ямар гоё юм билээ гээд бяцхан бясалгал маягийн юм хийдэг.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ АВДАГ ВЭ?

Зорьсон ажлынхаа цаана гарах л хамгийн их урам зориг, эрч хүч өгдөг зүйл. Миний бүтээсэн эмийг хүн хэрэглээд эдгэсэн, бие нь сайжирсан гэхэд үнэхээр сайхан байдаг. Дээхнэ үед Монголд байдаг нэг орос хүн аптект орж ирээд тарваган шийр авъя гэсэн гэж байгаа юм. Эмийн санч нь Орост хийдэг тарваган шийр өгөх гэтэл "Биш ээ, монгол тарваган шийр" гэсэн гэдэг. Ухаан нь тарваган шийр дээр чихэр өвс нэмж хандалсан манай "Читамон"-ыг авъя гэсэн хэрэг. Саяхан Орост явж байхад оросууд бас тийм бэлдмэл хийсэн байна лээ. Би тухайн үед энэ эмээ патентлаагүй ч оросууд монгол хүний бүтээсэн зүйлийг дууриан хийснийг хараад сайхан санагдсан.

Нефрамон эмийг бүтээсний дараа эрүүл мэндийн гавьяат ажилтан, миний хуучин дарга Содномдаржаа гуай "Хүү минь чи эм зүйч болсныхоо хэргийг гаргаж дээ" гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.

Миний төрийн шагнал авсан бүтээл бол хэсэг газрын дархлаа сэргээх "Дентамон" бэлдмэл юм. Буйланд үрэвсэл үүсдэгээс үүдэн тэрхүү бэлдмэлээ бүтээсэн. Тэгтэл саяхан буйланд H17 хэмээх дархлааны эс байдгийг эрдэмтэд нээсэн гэх мэдээг олж хараад, хийсэн ажил маань шинжлэх ухаанаар бүрэн батлагдахад олзуурхаж л суулаа. Иймэрхүү тохиолдлууд ер нь олон шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Бага байхад өвөө минь нэг удаа илүү гэрээс гараад юм аваад ир гэж билээ. Би эрж байгаад ололгүй эргээд очлоо. Тэгтэл "Сэтгэл сохор бол нүд сохор" гэж зэмлэсэн юм. Юманд сэтгэлээсээ хандаж бай гэсэн үг хэлж байгаа нь тэр. Энэ үгийг чухлыг он жил өнгөрөх тусам л улам бүр мэдэрч байна.

Би монгол компаниудын "Гүйцэтгэх захирлуудын чуулган" дээр яриа хийхдээ "Удирдах ажилтнууд эхлээд хүмүүсийн хандлагыг харж ажилд ав. Сэтгэлтэй хүнийг ол. Мэдлэг чадварыг бол эзэмшиж болно. Хоёрдугаарт, ажилтнуудаа сэтгэлээсээ ажилладаг хандлагатай болго. Тэгвэл удирдах ажилтны ажил бүтлээ гэсэн үг" гэж ярьж байлаа.

ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

"Хөдөлмөр хүнийг бий болгосон" гэж үг байдаг. Энийг би, бичнээс хүн бий болоход хөдөлмөр тусалсан гэдгээр нь биш, хөдөлмөр айлын эрх, нялцгай хүүхдийг тэвчээртэй, шаргуу хүн болгодог гэх утгаар нь ойлгодог. Би хүнийг хэдэн оймс элээснээр нь биш, ямар ямар бэрхшээлийг даван туулж, хэр их хөдөлмөрлөснөөр нь үнэлдэг. Нэгэн цагт эмч нараас найдваргүй гэсэн үг дуулж байсан Стэпэн Хокинг гэх агуу эрдэмтэн өнгөрөгч сард 75 нас хүрлээ. "Хамгийн чухал нь хэзээ ч бууж өгөхгүй байх" гэж тэр нэгэнтээ хэлж байсан юм билээ. Тэгэхээр хөдөлмөр гэдэг бүхний эх.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

СEO клубт хамтран зүтгэдэг Петровисын Ж.Оюунгэрэл захирлыг санал болгоё. Гайхалтай лидер хүн шүү.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

102861   21


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.