Монгол, Израйль улсуудад төстэй талууд байдаг. Хоёул хүн ам цөөтэй, газар нутгийн байршил таатай биш, иргэд нь оюуны чадвар сайтай гэгддэг гэх мэт. Тэгвэл 60 гаруйхан жилийн өмнө өөрсдийн гэсэн газар нутагтай болсон энэ улс өдгөө дэлхийн инноваци, энтрепренершипийн нэг төв хэмээгдсэн, үсрэнгүй хөгжилтэй улс болж чаджээ. Дайсагнагч улсуудаар хүрээлэгдсэн, өндөр цэрэгжсэн энэ улс хэрхэн ингэж хөгжиж чадав? Тэгвэл энэ асуултын хариултыг 2009 онд хэвлэгдсэн "Старт-ап үндэстэн" ном өгсөн юм. Үүнийг өмнө нь Израйльд суралцаж ажиллаж, АНУ-ын засгийн газарт гадаад бодлогын ахлах зөвлөхөөр ажиллаж асан, өдгөө Нью-Йоркод олон улсын хөрөнгө оруулалтын санг хамтран ажиллуулж буй Дэн Сенор, АНУ-д төрөөд одоо Йерусалемд амьдарч буй зохиогч, сэтгүүлч Сол Сингер нар бичжээ. Энэ ном манайд өмнө нь "Хэрмэл жүүдээс хүчирхэг Израйль" хэмээх нэрээр орчуулагдаж байсан бол энэ удаагийн орчуулгыг ШУТИС-ийн дэмжлэгтэйгээр, албан ёсны эрхтэйгээр, хөрвүүлгийн өндөр чанартайгаар гаргасан байна.

НОМЫН ХЭСГЭЭС

4-р бүлэг. Харвард, Принстон, Йел

Амьдралын арвин туршлагатай оюутан

Үндэстэн даяараа бүх нийтээр цэргийн алба хаадаг соёл Израйлийн эдийн засаг, нийгэмд ямар давуу тал болж байдаг талаар бидэнд израйль ч биш, америк ч биш бүр гуравдагч орны хүн тайлбарлаж өгөв. Жижгэвтэр, бахим чийрэг биетэй Гари Шайнбергийг харахад технологийн мастер гэхээсээ эгэл жирийн далайчин эрийг санагдуулах нь магадгүй түүний Британийн тэнгисийн флотод 18 жил алба хаасантай холбоотой байх. Одоо British Telecom-д технологи, инноваци хариуцсан дэд ерөнхийлөгчөөр ажилладаг тэрбээр бидэнтэй үдэш оройхон Тель-Авивын нэгэн бааранд уулзав. Тэрбээр Израйль руу олонтаа хийдэг бизнес аяллаараа ирээд байсан бөгөөд тэндээсээ Дубай руу явах аж.

“Израйлийн инновацийн “гений” тухайд зарим нэг үл тайлагдах зүйлс үнэхээр бий” гэсээр Шайнберг яриагаа эхлэв. Хэдий тийм ч, хэрэг дээрээ тэрбээр тэрхүү онолыг тайлахад ойрхон очоод байгаа ажээ. “Энэ бол үндсэндээ хүн насанд хүрч, боловсорч гүйцэх тухай ойлголттой холбоотой. Энэ дэлхий дээр технологийн инновацийн цөм болсон газар ажиллах хүмүүс үндэсний цэргийн алба хаах ёстой улс хаана ч байхгүй."

Израйльчууд 18 хүрээд наад зах нь хоёр, эсвэл гурван жилээр цэргийн алба хаахаар явдаг. Хэрэв тэд армид улирч үлддэггүй л юм бол алба хаасныхаа дараа гол төлөв их дээд сургуульд элсдэг. “Армиас шууд дээд сургуульд элсэгчдийн хувь өндөр байдгаараа Израйль дэлхийн ямар ч улсыг дагуулахгүй” гэж Шайнберг өгүүлнэ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) мэдээллээс үзвэл израйльчуудын 45 хувь нь дээд боловсрол эзэмшсэн байдгаараа дэлхийд дээгүүрт орно. Мөн IMD-ийн дэлхийн хөгжингүй 60 орны дунд хийсэн Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлангаар “их дээд сургуулийн боловсрол нь өрсөлдөх чадвартай эдийн засгийн хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх” гэдэг үзүүлэлтээр Израйль хоёрдугаарт оржээ.

Оюутнууд дээд сургуулиа төгсөх үедээ 25-26 хүрсэн байх бөгөөд зарим нь магистрантураа дүүргэчихсэн, олонх нь гэрлэсэн байдаг. “Энэ бүхэн хувь хүний оюуны чадавхыг өөрчилдөг. Тэд амьдралын ихээхэн туршлагатай болж, илүү их ухаажиж төлөвшсөн байдаг. Инноваци гэдэг бол бүхэлдээ ямар нэг цоо шинэ санаа олох тухай ойлголт."

Аливаа юмыг өөр өнцгөөс харах буюу өөр халиацтай байхаас инноваци ихээхэн хамаардаг. Хүний үзэл халиац туршлагаас үүдэж бий болдог. Жинхэнэ туршлага гэдэг голдуу тухайн хүний нас, төлөвшлөөс үүдэлтэй. Харин, Израйльд туршлага, үзэл халиац, төлөвшил гээд бүгдийг хар залуугаасаа олж авна. Учир нь тэднийг дунд сургуулиа төгсөв үү, үгүй юү нийгэм нь өөрчлөгч чанар бүхий өчнөөн олон туршлагаар “булж” өгдөг. Дээд сургуульд элсэх үеэр америкийн үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад тэдний оюун бодол огт өөр түвшинд очсон байдаг.

“Тэдний амьдралыг үзэх үзэл тэр чигээрээ өөр болсон байдаг. Би үүнийг хожуу авдаг боловсрол, эрт гэрлэлт, цэргийн туршлагатай нь холбож ойлгодог. Британийн усан цэрэгт 18 жил алба хаасны хувьд би тэр хавийн юмыг нэг гадарлаад байгаа юм” хэмээн Шайнберг үргэлжлүүлэв. “Цэрэгт татагдсан хүн өөрөө бие даан бодох, шийдэх ёстой тийм л орчинд хүчээр ордог. Үхэх үү, сэхэх үү гэдгээ шийдэх мөчтэй тулна. Сахилга бат гэж юу болохтой суралцана. Өөрийн тархи оюуныг бүтээлч байлгаж чаддаг болно. Ялангуяа, фронтын шугам дээр тулалдах, эсвэл ямар нэг операцын үйл ажиллагааг удирдах үеэр иймэр шаардлагатай зайлшгүй тулгарна. Энэ бүхэн бизнесийн ертөнцөд хамгаас чухал, хэрэгтэй зүйлс юм."

Тэрхүү ухаажиж төлөвшсөн байдал хүүхдийнх гэмээр тэвчээргүй зантай холилдохоороо тэднийг бүр ч илүү хүчирхэг болгодог байна.

Төрт улсаа байгуулж эхлэх тэр үеэс авхуулаад израйльчууд өөрсдийн ойрын болоод алсын ирээдүйгээ ямагт асуултын тэмдэг дагуулж буй гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг байв. Цаг мөч бүхэн стратегийн хувьд чухал байв. Израйлийн хэд хэдэн старт-апд хөрөнгө оруулсан Америкийн энтрепренер Марк Герсон энэ тухайд “Израйль эр хүн хэн нэг бүсгүйтэй болзохоор шийдсэн бол тэр оройдоо л уулзъя гэж ятгана. Израйлийн энтрепренер шинэ бизнесийн төсөөлөл олсон бол тэр долоо хоногтоо л эхлүүлнэ. Хэн нэгэн шинэ венчер эхлүүлэхийн өмнө тодорхой амжилтад хүрсэн байх ёстой гэх маягийн ойлголт огт байхгүй. Энэ бол бизнест сайн нөлөөтэй зүйл. Хэтэрхий удаан хугацаа зарцуулах нь ямар зүйл хувьсган өөрчлөгч байж болохыг биш, ямар зүйлс буруу байж болохыг ойлгоход л тусалдаг” гэж өгүүлэв.

85-87 дугаар тал