Манай өнөөдрийн зочин бол харилцаа холбооны салбарын тэргүүлэх менежерүүдийн нэг. 1997 онд МУИС-ийн ЭЗС-ийг төгсөөд ажлын гараагаа MCS Electronics компанид борлуулалтын ажилтнаар эхэлсэн тэрээр 2000 онд Нидерланд улсад Мастрихтын их сургуулийн бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэсэн юм. 2004 оноос алдарт Интел компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг удирдах болсон бөгөөд хэдэн жилийн дараа гурвалсан үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн Юнивишн компанийг үүсгэн байгуулах төслийн багийг ахлан, IPTV-г монголчуудад танилцуулжээ. Наранбат захирал усанд сэлэлтийн улсын 11 удаагийн аварга, триатлоны анхны монгол тамирчин. Өөрөө тамирчин, спортын улаан хорхойтон болохоор ч тэр үү, 2013 оноос Монголын анхны спортын төрөлжсөн сүлжээ суваг SPS-ийг үүсгэн байгуулж, Английн Премьер Лиг, NBA зэрэг дэлхийн томоохон лигүүдийг Монголд албан ёсны эрхтэй гаргаж буй. Тэрээр энэ 12 сарын 1-нээс Microsoft-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын бизнес хөгжлийн албыг давхар удирдаж эхлээд байгаа юм.
Байршил: Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: SPS телевизийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Microsoft Mongolia-ийн бизнес хөгжлийн захирал, Монголын Триатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч
Хэрэглэдэг гар утас: iPhone 7 Plus
Хэрэглэдэг компьютер: Macbook 12', iMac 27'
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Өөриймсөг, сэтгэлээсээ хандах, багийн тоглолтыг эрхэмлэх

Таны ажлын онцлох арга барил?
Би ажлыг жижиг том гэлтгүй, үнэн сэтгэлээсээ хийхийг хичээдэг. Ажилдаа сэтгэлээсээ, өөриймсөг хандвал чанартай үр дүн гардаг. Одоо угаас аливааг өнгөцхөн, хуураад хийчихэж болдог үе өнгөрсөн шүү дээ. Залуусын үлгэр дууриал авдаг "мундаг хүмүүс" олон жижиг ажлыг чанартай сайн хийдэг хүнийг л хэлж байгаа хэрэг. Имэйлд хариу бичих, хүнтэй харилцах зэрэг жижиг зүйлсийн нэгдэл нь тухайн хүнийг мөн чанарыг бий болгодог.
Би ямар ч стартап, бизнес дээр зогсолтгүй эргэх системийг бий болгоход гол анхаарлаа хандуулдаг. Залууст боломж олгож, хийж чаддаг зүйлсийг нь хийлгэхийг хүсдэг. SPS-д яг энэ зарчим үйлчилдэг. Залуус маань имэйлээр бүх тайлангаа явуулж, өөрсдийн ажлаа хэнээр ч хэлүүлэлтгүй цагт нь гараасаа гаргадаг.
Бизнес хийнэ гэдэг багаар маш сайн ажиллахыг хэлдэг. Ямар ч багтай ажиллаж, баг бүрдүүлэхдээ гишүүдээ "коачинг" хийх буюу тухайн ажилтнаа сайжруулах, дасгалжуулахыг чухалчилж ажилладаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?
Ер нь бол гол ажлаа Microsoft Office-ийн програмуудаар нугалдаг. SPS дээрх ажлын маань 80 хувь нь гар утас, имэйлээр явдаг гэж хэлж болно. Тийм учраас имэйлээ удирддаг Outlook-ийг бол тогтмол хэрэглэдэг.
Downcast гэж подкаст тоглуулагч апп ашиглана. Бүх төхөөрөмжүүдтэй синк хийчихдэг, санал болгодог подкастууд нь их цаг хэмнэдэг. BBC Hardtalk-ийн үнэнч сонсогч. Гэртээ дасгал хийхдээ бол Netflix-ийг ёстой л "хашраадаг" даа. Bookmate гэж орос апп-ийг сайн хэрэглэнэ. Онлайн номын арвин сантай.
Сошиал медиад тийм ч идэвхтэй биш. Фэйсбүүкийг 200, 300-хан хүний хүрээлэлд хувийн хэрэгцээнд л ашигладаг. Твиттерийг аль 2007 онд нээж байсан, одоо бол дагадаг цөөн хүмүүсийнхээ санал болгосон холбоосуудыг л үзэх гэж орж байна. Харин ЛинкедИнийг бол сайн ашиглана шүү.
Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?




Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Цаг хэмнэх хамгийн сонгодог арга бол төлөвлөх гэдэгт итгэдэг. Интелд 14 жилийн турш ажиллах хугацаандаа "30-180-360"-ийн аргыг хэрэглэж дадсан. "Уг төсөл маань 30 хоногийн дараа гэхэд хаана хүрсэн байх ёстой вэ, 180 хоног буюу 6 сарын дараа ямар болчихсон байх хэрэгтэй вэ, дараа нь 360 хоног буюу жилийн дараа гэхэд ямар түвшинд байх ёстой вэ" гэдгийг тодорхойлдог аргачлал. Богино, дунд, урт хугацааны зорилтуудаа салгах нь ялангуяа стартапуудад их чухал байдаг. Ажлаа ялгаж салгах буюу хамгийн чухлыг нь тодорхойлох гэдэг ч үүнтэй уялдаад явчихдаг юм.
Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?
Outlook дээрээ хөтөлнө. Тэмдэглэлээ өөрийнх нь календарьтай уячихдаг. Бүх уулзалтууд, хуваариа бол алдалгүй оруулна. Харин уулзалтын тэмдэглэлийг бол жижиг тэмдэглэлийн дэвтэр дээр хөтөлдөг. Гараар бичих нь нөгөө хүний хэлж байгаа үгсийг илүү сайн тусгаж авахад хэрэг болохоос гадна сүүлд толгойд хурдан буудаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?
Би ямар ч ажлыг хийхдээ судалгааг илүүд үзэж, илүү олон өнцгөөс нь харж хийж чаддаг гэж боддог. Болж л таарна, арга учир нь олдоно доо, гайгүй дээ гэсэн хийсвэрээр аливаад ханддаг цаг өнгөрсөн. Тиймээс "судалгаа, судалгаа, судалгаа" гэсээр ажлаа урагшлуулдаг.
Нөгөө талаар намайг "спортын донтон" гэж хэлж болно. Би гүйж, харайх, дугуй унах, сэлэх, цанаар гулгах гээд бүх зүйлийг оролддог, олон спортоор хичээллэж байсан. Усанд сэлэлтээр 1993 онд Монголын анхны спортын мастер болж, нийтдээ 11 удаа улсад аваргалсан. Триатлоноор олон улсын тэмцээнд оролцсон анхны монгол тамирчдын нэг. 2006 онд Азийн наадамд оролцож байсан юм. Зундаа дугуйгаар, өвөлдөө бол цанаар байнга гулгана. Одоо бол 4 бандиа хүмүүжүүлэх гол хэрэгсэл маань спорт болчихоод байна.
Надад Монголын анхны спортын "бординг" сургууль байгуулах мөрөөдөл бий. Гэхдээ ийм сургуулийн гол зорилго нь олимпийн медальтан, алдартай тамирчин гаргахдаа гол нь биш. Гол мөн чанар нь спортоор дамжуулж хүүхдүүдийг төлөвшүүлэх юм л даа. Хүүхдүүдээ даваагаас баасан гараг хүртэл сургууль дээрээ байрлуулчихдаг, сайн тоноглол, хэрэглэлүүдээс гадна академик чадварлаг багш нартай сургууль байгуулах төслөө цаасан дээр буулгаад овоо удаж байна.

Таны хийж байгаа ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?
4 жилийн өмнө бид SPS-ийг байгуулж, анх удаа төлбөрт сувгийн системийг танилцуулахад үзэгчдээс асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Спорт үзнэ гэдэг үнэгүй байснаа гэнэт үнэтэй болсонд хүмүүс цочирдсон хэрэг. Сар бүр яахаараа мөнгө төлөн байж хөлбөмбөг, сагсаа үздэг юм гээд нийгмийн ойлголт эхэндээ хэцүү байсан. Гэхдээ одоо бол хэрэглэгчид маань төлөвшиж, сайн ч муу ч монгол тайлбартайгаар дэлхийн хэмжээний шилдэг контентийг хэрэглэж дадаж байна. Бид бол 100 хувь монгол хөрөнгө оруулагчтай, монгол компани. Бид хийгээгүй бол хэн нэгэн ийм зүйл хийх л байсан. Зөвхөн өөрийн нутаг дэвсгэрт цацах эрхтэй Орос, Хятадын сувгуудийг хаасан нь зах зээлийн зөв гольдрол руу оруулж байгаа гэсэн үг шүү дээ.
SPS-ийг контентийн үнийг өсгөсөн, хөөргөдсөн гээд олон зүйл ярьдаг. Гэхдээ энэ бүхэн эдийн засаг массаараа хөөсөрч байсан үеэс л эхлэлтэй. Харин ч бид өөрсдөө төрөлжиж, хэрэглэгчдээ бэлдэж байгаа учир үнийг аль болох бууруулсаар л байна. Бид 2019-2020 он хүртэл топ контентуудаа гаргахаар гэрээгээ сунгасан байгаа.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
Яг одоо бол SPS-ийг алдагдалгүй цэг дээр хүргэх гээд ажиллаж байна. Бид 2013 онд анх төлөвлөснөөсөө давсан хэрэглэгчтэй болчихсон ч төгрөгийн ханшийн өөрчлөлтөөс болон санхүүгийн хувьд ахиж ажиллах шаардлагатай л байна. Тиймээс шинэ моделиуд ямар байж болох вэ гэдгийг туршиж, судлаад явж байна. Саяхнаас Скаймедиагийн багцад оруулчихсан. Шууд энгийн багцаараа SPS-ийн бүх сувгийг үзэж болно гэсэн үг. Энэ загварыг бусад операторуудад ч мөн адил нэвтрүүлэх гээд явж байна.
Энэ сарын эхнээс Microsoft-ийн албан ёсны төлөөлөгчийн газарт бизнес хөгжүүлэлтийг хариуцан ажиллахаар болж байна. Би өмнө нь 10 гаруй жил Intel Mongolia-ийн захирлаар ажиллаж, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах тал дээр төвлөрөн ажиллаж байсан. Харин дараагийн үе нь софтвэйр буюу хэрэглээ юм байна гэж үзсэний үндсэн дээр ийшээ ажиллах болж байна даа. Майкрософтын хувьд Засгийн газартай боловсрол болон эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллана.
Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?
Яг ажиллаж байх үедээ бол хөгжимд сатаараад байх шиг санагддаг тул сонсдоггүй. Сонгодог хөгжмөөр харин хөглөгддөг шүү. Бах, Вивальдиг сонсоод суух сайхан. Хааяа доргисон үедээ 70, 80-аад оны хитүүдийг сонсоно гэж байгаа.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?
Аав минь ном унших дуртай, цуглуулдаг байсан учир багаасаа төрөл бүрийн ном уншиж өссөн. Аавын номын санд 5000 гаруй ном байдаг юм. Яг одоо бол Into Thin Air гэж ном уншиж байна. Зурагтаар "Эверест" гэж кино үзээд, авирмаар санагдаад түүхийг нь ухаж уншиж байгаа юм л даа. Ер нь бол дурдатгал номууд унших дуртай.


Та илүү нээлттэй хүн үү, аль эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?
Би нээлттэй хүн. Угаас нээлттэй байж л өөрийнхөө санааг, хийх гэж байгаа зүйлээ хүмүүст ойлгуулж, мэдүүлж, ажлаа урагшлуулна гэж боддог.
Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?
Хүүхдүүдээ 21:00 гэхэд оронд нь оруулчихаад 22:30 гээд унтдаг. Өглөө бол 6 цагт яг босож, хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлдээд "албанд" нь хүргэж өгнө дөө.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?
Гэрээс гэж хэлж болно. Би тун ч гэрсэг хүн. Гэрийнхээ оффисоос их ажил амжуулдаг. Гэрийнхээ бэлтгэлийн өрөөнд өдөрт 3 цаг дасгал хийнэ.
Зун бол дугуйн дээрээс салахгүй. Зайсангийн эндээс Био комбинат ороод ирэхэд 70 км болдог юм. Тэгээд Скай Ресорт орчихвол 110 км. Өвөлдөө бол хүүгээ дагуулаад Манзушираас Богд уулаа даваад гүйгээд ороод ирэхэд 16 км болдог.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?
Хамгийн эхэнд гэр бүлээсээ гэж хэлнэ. Ээж ааваасаа урам зориг авна. Ээж аавыгаа л баярлуулж явахыг боддог. Бизнесийн урам зоригоо урлагийн хүмүүсийн түүхээс авдаг. 25-р зууныхан бидний үеийг ярихдаа 20, 21-р зууны гайхалтай уран бүтээлчдийн талаар л гайхашран ярихаас бизнес, технологийн талаар ярихгүй л болов уу. Бид ч 16, 17-р зууныхны технологийг нэг их анзаарахгүй байгаа биз?
Би өөртөө шинэ сорилт, шинэ зорилго тавин, түүнээсээ эрч хүч авах дуртай. Түүндээ хүрэх гэж өөрийгөө дайчлан, улам хурцлагдан илүү сайн болж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Жингээ тогтмол хэмжээнд барих зорилгоор сонирхож эхлэсэн триатлоны спорттойгоо тамирчин, дасгалжуулагчийн замналаар холбогдсоор байна. Одоо бол Iron Man буюу 4 км сэлж, 180 км дугуй унан, 42 км-ийн марафон зайд гүйдэг төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байгаа.
Үүнээс гадна Rowing буюу урт сэлүүрт завины төрлөөр 2020 оны олимпод оролцох нууцхан зорилго тавьчихсан байгаа шүү. Сүүлийн 4, 5 жил хичээллэж байгаа. Сая Риод 40 гарсан хэд хэдэн тамирчид өрсөлдсөн, нас харгалздаггүй спорт учир боломж байгаа ч юм шиг. Хүмүүс итгэхгүй л байгаа юм. Үзээд алдана даа (инээв).

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?
Аав минь "өөрөө өөртөө итгэ, тулсан үед хэн ч тус болохгүй шүү гэдгийн санаж яв" гэж хэлдэг байсан. Өөрөөрөө байж, өөртөө итгэх үзэл бодлыг аав минь багаас л сургаж байсан хэрэг.
Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?
Би залуустай ажиллах дуртай. Эрч хүч нь багтаж яваа залуусаас л шинэлэг санаанууд гардаг. Цаг үеийн байдал тодорхойгүй, ороо бусгаа байгаа энэ үеийг залуус маань сэтгэлийн хаттайгаар, элдэв буруу, бүтэхгүй зүйлд орооцолдолгүй даван туулаасай гэж зөвлөмөөр байна. Эд хөрөнгө, эрх мэдэл, шунал бол түр зуурынх шүү. Ёс зүйтэй ажиллах нь урт хугацаанд үргэлжлэх карьерын үндэс болдог. Нэр хугарахаар яс хугар гэдгийг санаарай гэж хэлье дээ.

Та энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?
Юнителийн Р.Ганболд, PC Mall-ийн Т.Ганбат, IT Zone-ий Н.Баттулга захирлуудыг санал болгоё. Шинэ үеийн чадварлаг лидерүүд, мундаг бизнесменүүдээс сурах зүйл залууст их бий.

Гэрэл зургийг Б.Ганчөдөр
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
Сэтгэгдэл бичих (15)


s soyolmaa 150.129.143.205
Нийгэмд зөв үлгэр дууриал болсон мундаг хүн байна. Дараа дараагийн дугаарыг тэсэн ядан хүлээдэг шүү Thank you UNREAD.
b b 202.21.101.226
MCS-ийн Оджаргал захирлыг нэг бариад аваач хө. Монголын хамгийн амжилттай яваа бизнесмэнийг оруулвал мөн сонирхолтой байх байхдаа
U Ulzii 122.201.25.154
UNREAD-dee bayarlalaa,.erch huchee geratamin bish tanaihaas l avdag daa :)) Mundag agaa bnoo uur yu geh ve,. :)
t tuya 211.199.185.176
gadaadad surj bolovsrood butsah geher mgl bga nz nuhud ah duu nar irj yahiin shal demii gj yarihiig ih olon sonsson, tiim zubluguu l ugdug. Niigmiin bdal togtborgvi tsalin huls unemlemj muutai unenii ortoi ch aliin bolgon bultaj , bodoj tsag aldaj, teengelzej suuh be dee, ted nar u gj bsan ch bi ochihoor shiidsen- iim mundag zaluus bhad hamtdaa uur uursdiin salbart hiij buteej chadalgvi yahv dee. Hun udur udurt jahn ch gsn ur buteeltei, bgaa gazartaa hamgiin sainaa hiibel boloh um shuu dee. Bayarlalaa unread-ih erch huch ugdug shuu mundag zaluus
З Зоригбат 139.5.218.111
Гайхалтай сайхан санагдлаа залуус ийм байхад улс хөгжих л болно. Их бүтээлчээр ажиллаж, амьдарч иржээ. Аав нь спортлог хүн болохоор хүүхэд нь сайн тамирчин болоод зогсохгүй мундаг ажилсаг бүтээлч болжээ. баярлалаа.
U Uugan 202.21.106.162
Эрч хүчтэй хүн юм. Ийм хүмүүс л ажлыг амжуулж явдаг байхдаа. Хамтарч ажиллах тохиол гарвал шуудхан л зүүгдээд авмаар юм
З Зочин 182.160.40.14
Уг нь мундаг хүн. Гэхдээ бизнест болон аливаад ёс зүй (ethic) маш чухал. Спорт сонирхогчдод сонголтгүй болзол тулгаж, хэт ашиг хөөн монопол тогтоох гэсэн SPS төсөл хүртэх ёстойгоо л хүртсэн дээ. SPS -ээс хойш хөлбөмбөг үзэхээ больсон гэхэд болно.
S Shinebat.Kh 202.179.29.153
Ирээдүйн бүх ажилд нь маш их амжилтуудыг хүсье. Өөрийн бодож сэтгэж явсан зарим зүйлүүдээ цэгцэлж чадах шиг боллоо энэ буланг уншсандаа их баяртай байна баярлалаа.
Z Zolboo 202.131.225.197
Мундаг.Урт хугацааны хамтын ажиллагаа,итгэл даах түншлэл,ёс зүйг манайхан мартчихаад байдаг юм. Амжилт хүсье
H Haliun 1.230.123.84
saihan yariltslaga boljee Mundag hun yumaa. Oroltsoj baigaa humuusiihee sanal bolgoson humuusiig yur ni oruuldgiimuu?
Х Халиунбат.М 211.38.165.1
Миний анхны менежер. Надаас анх чиний зорилго юу вэ гэж асуусан хүн. Өшөө олон залууст зөв чигээ олоход нь туслаасай гэж хүсэх байна даа.
B Bayarlala 202.9.41.72
Zaluu hun gehed uneher mundag hudulmurch erch huchtei hun yuma, unshad zunduu ih sanaa avlaa amjilt husye
T Tnx 213.113.148.7
Bi eh ornoosoo hol surdag yum.Yariltslagiig unshaad mash tom motivation avlaa.Bi chadnaa!!!!!!!!!!!!
E Ebo 66.181.185.235
Shildeg mundag gedeg ug bagadax zun yumaa .. ene niitleliig bichsen xun neg jijeg aldaa gargaj macbook air 12' gej baidguim ene xunii xereglej bgaa laptop n zurgan deerxees n xarxad zugeer l macbook gold zagvar n .
А Анти Бодь 112.72.8.142
Сонин содон хүн байна. Сайхан санагдлаа. Баярлалаа Анрийд. "Өөрөө өөртөө итгэ, тулсан үед хэн ч тус болохгүй шүү гэдгийн санаж яв"