Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   11 сарын 29, 2016

Апп тойм: what3words - Гурван үгийн хувьсгал

Нэг их цастай өдөр хотын төвөөс нэлээн зайтай "хаягдсан" би буянтай нэгэн найзынхаа унаанд дайгдаж авахуулахаар боллоо. Гэтэл баахан "толгой эргүүлэм" тайлбарыг минь ойлгоогүй найз маань намайг олохгүй ухантаж 3,4 ч удаа утас цохьсон юм. Аргаа барахдаа өнөөдөр танилцуулж буй энэ апп-ыг ашиглан хаягаа явуулахад бараг хэдхэн минутын дотор, асар хурдан бие биенээ ололцсон минь намайг what3words-ийн хэрэглэгч болгосон билээ. Unread олон жилийн турш дэлхий нийтийн толгойны өвчин байсаар ирсэн хаягжилтийн асуудлыг "асар ухаалаг" байдлаар шийдсэн what3words-ийг онцолж байна. 

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Яагаад гэвэл энэ технологи өмнө онцолсончлон "асар ухаалаг". Бүх дэлхийг 3х3м-ын харьцаатай 57 триллион дөрвөлжинд хувааж, тэдгээрээ дахин давтагдаагүй гурван үгийн хослолоор ялган нэрлэсэн энэ технологи сүүлийн жилүүдэд Британиас төрөн гарсан хамгийн онцлох стартап-д тооцогдож байна. GPS, шуудангийн хаяг, гудамжны хаяг гээд "бие биенээ олох" олон төрлийн аргыг хүн төрөлхтөн "нээсэн ч" үүнээс илүү хялбар, үүнээс ухаантай арга олоогүй байгаа гээд хэлчихэд буруудахгүй.

Уг санааг 2013 онд хөгжмийн бизнест ажиллаж байсан Крис Шелдрик хэмээх эрхэм анх гаргажээ. Хөгжмийн концерт зохион байгуулдаг байсан тэрээр хүмүүс тоглолтын газрыг олох гэж асар бэрхшээлтэй замыг туулан, өөр өөрийн мэддэг чаддаг аргаар ирдэг байсныг анзаарсан гэнэ. Тэгээд математикч найзтайгаа нийлэн GPS-ийн урт бас төвөгтэй тооноос хялбар, гэхдээ "хөгжилтэй" үгсийн хослолыг хаяг олоход хэрэглэхээр шийджээ. Үүнээс хойш тэд НҮБ-ээс эхлүүлээд олон салбар, байгууллагын хаягжилт, хүргэлтийн асуудлыг шийдэж байна. Ташрамд дурьдахад, НҮБ-ийн тооцоогоор одоог хүртэл дэлхий даяар Монголыг оролцуулаад 4 тэрбум хүн тодорхой хаяггүй эсвэл муу хаягжилттай байдаг гэнэ шүү.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

Хамгийн гол давуу тал нь хэрэглэхэд тун хялбар. Та апп-ийг татаж аваад өөрийнхөө очмоор байгаа газраа, эсвэл байгаа газраа оруулахад гурван үгийн хослолыг танд харуулах болно. Харилцаж байгаа хүн тань энэ хаягийг тань аваад л таныг "яг" хаана байгааг тун хялбархан олж болно гэсэн үг. Сүхбаатарын талбайн баруун талд, наадмын асрын зүүн хойхноо, урд уулын энгэрт, зогсоолын урд талаасаа гурав дахь хаалгын баруун талд гэх мэт "баримжаалсан" зүг чигийг ердөө гурван үгээр л шийдчих нь гэсэн үг.

Хэлний ямар нэгэн асуудал гарахгүй. Монголчуудын хэрэглэх бас нэгэн шалтаг бол энэ апп зөвхөн монголчуудад зориулан тусдаа апп хөгжүүлж, монгол хэл дээр орчуулагдан бэлэн болсон нь юм. Аль хэдийн "Монгол Шуудан" ХК-тай хамтран ажиллаж, монголын шуудан хүргэлтийн түгээлтийн асуудлыг шийдэхээр зориг шулуудсан энэ хамт олон монгол үгсийн санг ашиглан хаягжилтийг нэрлэж байна. Жишээ нь, Unread-ийн оффисийн хаяг өрнөлт.эрдэнэс.цогтой гэдэг хаяг дээр оногдож байх юм. Та ч гэсэн өөрийнхөө хаягийг хайгаад үзээрэй.

Хаягаа хайхад заавал интернеттэй байх ч албагүй. Оффлайн байхад тань хүртэл энэ апп ажиллах бөгөөд танд хаягийг яг таг зааж өгнө. Догь байгаа биз? Зүгээр л санамсаргүй гурван дуртай үгээ оруулж, таныг хааш аваачихыг үзэж өөрийгөө баясгаж ч болно.

Ямар сул талтай вэ?

Энэ технологи хэрэглээнд бүрэн нэвтэрч чадах эсэх нь ерөөс бусад бизнес, салбаруудтай хэр дасан зохицож, хамтран ажиллахаас хамаарна. Харилцагч байгууллагууд, хэрэглэгчид одоогоор цөөхөн байгаа нь бидний ганц нэрлэх сул тал нь гэж харж байна. Гэхдээ тэдний төлөөлөгчийн газрын мэдээлснээр "Монгол шуудан"-аас гадна Mmarket, Pizza Hut, Minu.mn, Онцгой байдлын газар зэрэг байнга хаяг, байршлын асуудалтай тулгардаг бизнесүүд what3words-той хамтарч ажиллах болж байгаа гэнэ. Тэр ч бүү хэл "Манай хороо" хүртэл нэгдээд амжжээ. Фэйсбүүкээр нь ч холбогдож болно гэнэ.

Unread-ийн үнэлгээ

Дэндүү ухаалаг, бас дэлхий нийтийн өмнө тулгадмсан асар том асуудлыг шийдэх боломжтой-том зорилготой, гэхдээ энгийн хэрнээ хялбархан энэ апп-д бид 9 оноо өглөө. Орон зай, хол ойр хамаагүй "хаяггүй газар гэж үгүй" болжээ.

Татаж авах

30565   1


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.