Онцлох Бизнес

Онцлох бизнес: Globe Smart Learning - Англи хэл сурах цоо шинэ арга!

11 сарын 14, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


27856   6




Монголчууд бид хөгжихийн тулд англи хэлийг маш хурдан хугацаанд нийтээрээ сурах хэрэгтэй байгаа билээ. Улам бүр даяаршиж буй энэ дэлхийд мэдээллээс хоцрохгүй байя гэвэл, ажил дээрээ өсөж хөгжье гэвэл, бизнесээ өргөжүүлье гэвэл англи хэлийг өндөр түвшинд сурахаас өөр аргагүй. Гэвч бодит байдал дээр Монгол улс англи хэлний түвшингээрээ EF байгууллагын судалгаанд хамрагдсан 70 орноос 64 оронд жагсаж байна. Энэ байдлыг өөрчлөхөөр, англи хэлэнд "нэвтэрхий" үндэстэнг бий болгохоор англи хэлний сургалтын цоо шинэ аргачлалыг гаргаж ирсэн нэгэн сургуулийг өнөөдөр бид онцоллоо. Та энэ нийтлэлийг уншаад өөрийн эрхгүй "Нээрээ тийм шүү дээ" гэж бодох вий.

Бизнесийн нэр: Globe Smart Learning
Хаяг: Хүнсний 4-р дэлгүүрийн ард PC Mall-ийн 3-р давхарт
Үйл ажиллагааны чиглэл: Англи хэлний сургууль
Үүсгэн байгуулагдсан хугацаа: 2016 оны 10-р сар
Үүсгэн байгуулагч: Инвентив ХХК
Ажилтны тоо: 8
Вэбсайт: www.facebook.com/Globe.mn

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би өөрөө англи хэлийг гадаадад сурсан юм. Тэгээд 2013 онд Монголдоо буцаж ирээд Free Bird English сургалтын төвөө байгуулж, Монголд англи хэлийг заадаг аргачлалуудаар 2 жил ажиллуулсан. Гэвч энэ аргачлалууд үр дүнтэй биш болох нь энэ хугацаанд тодорхой мэдэгдсэн л дээ. 2015 онд EF байгууллагын судалгаагаар Монгол улс англи хэлний түвшингээрээ 70 орноос 64-т, Азийн 16 орноос 15-д орсон байсан нь Монголд англи хэлийг зааж буй аргачлалууд үр дүнгүй болохыг батлан харуулж байгаа хэрэг. Тэгэхээр нь бид яагаад ийм байна вэ гэж сайн судалгаа хийж үзээд гадаад хэл сурах бол яг л фитнест яваад булчингаа хөгжүүлэхтэй адил зүйл болохыг ойлгосон юм. Та 1 сар фитнест яваад ямар ч үр дүнгүй, хэсэг яваад хэсэг хаяад бас ямар ч нэмэргүй. Гадаад хэлийг байнга хэрэглэж байж л сурдаг гэдгийг судалгаа харуулсан.

Тэрхүү судалгаанд Скандинавийн хойгийн улсууд тэргүүлсэн байсан. Тэдгээр улсууд дунд сургуулийн системдээ сургалтыг үр дүнтэй оруулж өгсөн байдаг болохоор иргэд нь маш сайн англи хэлтэй болдог. Манайд гэтэл дунд сургуулийн англи хэлний сургалт хэдэн хувийн сургуулийг эс тооцвол тун тааруу. Тиймээс ч сургалтын төвүүдээр хүмүүс англи хэл үздэг. Гадаад хэл сурахад заалгах, хэрэглэх гэсэн 2 үндсэн хэсэг бий. Манай сургалтын төвүүдийн аргачлал болохоор заалгах буюу заах хэсэгт хамаг цагаа үрдгээс суралцагчдад сурсан зүйлээ хэрэглэх бололцоо тун бага гарч, үр дүнгүй тусдаг. Судалгаанаас үзэхэд, насанд хүрэгчид сургалтын төвд алдаг оног явсаар сүүлдээ бүр суралцах урам зориггүй болчихдог юм билээ. Ингэснээр 3-10 жил сурч байгаа ч олигтой түвшингээ ахиулдаггүй гэсэн үр дүн гарсан байсан. Гадаадад сурч байхад ч гэсэн хэлний сургуулийн сургалт надад маш удаан, заах хэсэг нь голчилсон санагдаж байсан. Тиймээс бид энэ аргачлалыг үндсээр нь өөрчлөхөөр шийдэж, багшийн ажлыг 80 хувь орлох програм хангамжийг боловсруулан, хүмүүст сурснаа хэрэглэх боломжийг түлхүү олгоход чиглэсэн ухаалаг аргачлалыг бий болгоод байна.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Манайх Ай Ти Зон ХХК-тай хамтарсан компани байгуулж бизнесээ цоо шинээр эхлүүлсэн. Тэд софтвэйрийг маань өндөр түвшинд хөгжүүлээд явах юм.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Софтвэйрээ бид iLesson гэж нэрлэсэн. Багшийн ажлыг 80 хувь орлоно. Багш харин суралцагсдын ойлгохгүй байгаа зүйл дээр туслалцаа үзүүлэх байдлаар ажиллах юм. Энэ багшийг бид Personal Trainer буюу Хувийн багш гэж нэрлэж байгаа. iLesson-ий 40 хувь нь ярианы хичээлтэй, яриа таних технологитой учраас компьютер/гар утастайгаа ярьж болно. Ингээд эхний шат буюу хичээлээ заалгасны (Training) дараа суралцагч гадаад багштай ярилцах Live Speaking хэсэгт шилжинэ. Судалгаанаас үзэхэд, шахуу хуваарьтай сургалтын төв сардаа 40 цагийн хичээл үздэгээс 8 цаг нь ярианы хичээл байдаг. Дунджаар 10 хүнтэй анги байдаг гэхээр нэг хүнд сард ердөө 48 минутын ярих дадлага хийх боломж л олддог юм билээ.

Харин манай Live Speaking хэсэгт шаардлагатай хичээлээ үзсэн 4 хүн л цагаа захиалаад, өөрөө хэлбэл хуваариа өөрөө зохиогоод хамрагдах юм. Ингэснээр сард 20 дахин их буюу 800 минут гадаад багштай ярианы дадлага хийх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл манайд анги гэж байхгүй, түвшин ойролцоо хүмүүс цагаа захиалаад л дадлагаа хийнэ. Ингэснээр бусдын хурдаар биш, өөрийн хурдаар суралцах боломжтойгоороо давуутай. Гадаад багш нарын үнэлэмж өндөр тул хамаг цагаа дүрмийн хичээл заалгалгүй цэвэр ярианы дадлага хийгээд явчих нь тун үр дүнтэй.

Мөн манай нэг гол давуу тал бол суралцагчид энд ирээд цагийн хязгааргүйгээр англи хэлээ бие даан үзэх боломжтой. Бид технологид суурилсан ухаалаг систем нэвтрүүлснээр суралцагчдадаа сонирхолтой зүйлсийг хийх, англи хэлийг хөгжилтэй байдлаар судлах цагийг гаргаж чадаж байгаа. Үндсэн хичээлийн зэрэгцээ social event, extra class-тай. Өнгөрсөн 7 хоногт л гэхэд бид Poker Night гэсэн арга хэмжээ зохион байгуулж, суралцагчдадаа Poker-ийн бүх хэллэгийг англиар заасны дараа англи хэл дээр тоглуулсан. Мөн саяхан Halloween-ий баярыг тэмдэглэсэн гэх мэт.

Сургалтын хөтөлбөр, багш нарынхаа тухай дэлгэрүүлж ярихгүй юу?

Хөтөлбөрийн хувьд манай сургууль англи хэлний 5 түвшинтэй. Тус бүр дотроо 4 шаттай гэхээр нийт 20 шатны сургалт бий. Хүмүүсийг шалгаж авахдаа англи хэлний түвшинг нарийн тодорхойлдог гэсэн үг. Та анхны шатных байлаа гэхэд 1 жилд 4 түвшин ахиж, англи хэлний дээд түвшний мэдлэг, ур чадвартай болох боломжийг бид санал болгож байгаа. Манай сургууль үйлчилгээ болон технологид суурилсан учраас суралцагч бүрийн ахицыг амархан хянаад явчихна.

Багшийн тухайд School manager-ээр мэргэжлийн гадаад багш ажиллаж, дотоод бүх үйл ажиллагааг хариуцахын зэрэгцээ Live Speaking дээр ажиллаж байгаа. Манай систем өөрөө олон багш бүтэн цагаар авч, давхардал, хийдэл гаргах шаардлагагүй болсон. Шаардлагатай бол гадаад, монгол багш нарыг цагаар ажиллуулна. Хичээл заадаг Personal trainor маань Англид багшийн мэргэжлээр сурсан монгол багш байгаа. Ер нь хичээлийг монгол багш орох нь илүү үр дүнтэй.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ХЭРХЭН, ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Манай эрхэм зорилго бол монголчууд англи хэл сурахын тулд гадагшаа олноороо явж, их мөнгө зарцуулдгийг багасгаж, Монголдоо жилийн дотор англи хэлний өндөр мэдлэгтэй, чадвартай болгох явдал. Гадагшаа явахад дунджаар жилийн 30 орчим сая төгрөг зарцуулдаг тооцоо бий. Бид энэ боломжийг бусад сургалтын төвүүдийн дундаж үнээс давахааргүй үнээр олгох болно.

Харин алсын зорилго бол энэ бизнес моделио гадаадын зах зээлд гаргах. Хаана ч гэсэн хэрэгцээ нь байдаг, хаана ч хийх боломжтой бизнес гэж үзэж байгаа. Гадагшаа гарах ажлаа 2019 оноос эхлэхээр төлөвлөөд байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Чанартай үйлчилгээ үзүүлэх л бидний гол эрмэлзэж байгаа зүйл. Гадаад хэл заах уламжлалт арга барил өөрчлөгдөх нь тодорхой байсан. Дэлхийд ч технологид суурилсан аргачлалууд руу шилжих хандлага явж байгаа. Үүнийг бид цаг алдалгүй нэвтрүүлэхийг хичээж байна. Бид суралцагсдынхаа тав тухыг бодож Live Speaking хэсгээ Улаанбаатарын өөр өөр байршлуудад хийх боломжийг ч гэсэн судалж байна.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Софтвэйрээ улам сайжруулахаар ажиллаж байна. Манайх Blended learning буюу холимог сургалтын системтэй сургууль. Дан онлайн сургалт үр дүнгээ өгдөггүй болохоор бид технологид суурилсан аргачлалыг нүүр тулсан сургалттай хослуулж суралцагчийг зөв цикл-д оруулдаг. Ер нь гадаад хэлийг зовохгүйгээр сурах ёстой гэж бид үздэг юм. (Effortless learning) Өөрийн мэдэлгүй л англи хэлээ хэрэглээд байдаг дадал хэвшилд хүмүүсийг оруулах талаас нь ажиллана. Тийм ч учраас софтвэйрээ илүү ухаалаг болгож, гар утасны аппаа гаргахаар ажиллаж байна. Мөн вэб extension гаргана. Бас бид програмаа дунд сургуулиуд ашиглуулах боломжийг судалж, нэг сургууль дээр туршилт эхлүүлчихсэн явж байгаа.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ХИЙХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Англи хэл сурах нь өнөө цагт маш олон боломжийн үүдийг нээж байгаа. Тэгэхээр маш сайхан бизнес байлгүй яахав. Ялангуяа манай Live Speaking хэсэгт суугаад гарахдаа хүмүүс үнэнхүү баяртай болчихдог. Ер нь ярих дадлага гадаад хэлний сургалтад нэн чухал. Ярихгүйгээр тестийн бэлтгэл курсуудэд суухыг тийм ч зөв гэж үздэггүй. Үндсэн чадваруудтай болсон байхад TOEFL, IELTS зэрэг тестүүдэд бэлдэх нь зарим техникт суралцах, жишээ тестүүдийг их бөглөх тухай л асуудал байдаг.

Хэцүү бэрхшээлтэй зүйл гэхээр юм байхгүй дээ. Яахав, сургалтын агуулгуудаа бэлдэх нь маш их цаг авсан, амаргүй ажил байдаг. Бид эхний удаа нээлттэй контентуудыг нэлээд ашигласан, яваандаа оригиналь агуулгуудыг сургалтдаа оруулж өгөх болно. Гадагшаа гарах зорилготой учраас технологийн хувьд өрсөлдөх чадвар сайтай байх ёстой. Тэрэн дээрээ машид анхаарч байна.

ТАНАЙ СУРГУУЛИЙГ СОНИРХОЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Бид сургалтаа 3-аас дээш сараар санал болгож байгаа. Нэг, хоёр сар үзээд сурчихдаг гадаад хэл гэж байхгүй. Түрүүнд хэлсэнчлэн та анхан шатны мэдлэгтэй бол нэг жил явахад дээд түвшний ур чадвартай болж чадна. Манай сургуулийн орчин нэг ороод үзээрэй гэж зөвлөх байна. 2017 оныг та англи хэл сурахдаа зарцуул. Гайхалтай өөрчлөлтийг мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.