Статистикийн ерөнхий хорооны тайланд дурдсанаар Монгол улс хүний нөөцийн зардалдаа жил бүр 1.4 их наяд төгрөг зарцуулдаг аж. Үүнээсээ 2.9% буюу 40 тэрбум төгрөгийг ажилчдын хөгжүүлэлт, сургалтанд зориулдаг гэнэ. Гэсэн ч 80 орчим хувь нь үр ашиггүй зарцуулагддаг талаар хүний нөөцийн хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг NPC&Mandal-ийн гаргасан судалгааны тайланд онцолжээ. Тус байгууллагын сүүлийн 3 жилийн хугацаанд 40 гаруй байгууллагын 1000 орчим ажилтан дээр хийсэн судалгааны үр дүнгээс хамгийн сонирхолтой баримтуудыг бид танилцуулж байна.
1. Хоёр ажилтны нэг нь дарга болохыг зорьдог
Байгууллагын зорилгын төлөө тухайн ажилтны хийх гол зүйл бол шинэ санаа, шинэ бүтээл гаргах явдал гэдэг. Байгууллагадаа өөрийн хувь нэмрийг оруулж, өөрийгөө чадавхжуулах нь ажилтны гол "даалгавар". Гэтэл энэ судалгаанд оролцогсдын ердөө 13 хувь нь л ийм бодлоор өөрийгөө цэнэглэж ажилладаг гэнэ. "Та ирэх 5 жилд байгууллагадаа ямар зүйлсийг хийж бүтээх вэ? Ямар төлөвлөгөөтэй байна вэ?" гэсэн асуултад 2 хүн тутмын нэг нь буюу 49 хувь нь удирдах ажилтан болох, салбартаа манлайлах гэсэн хариултыг өгсөн байна. Зорилготой, амбицтай байх нь зөв л дөө. Гэхдээ үүнээс өмнө өөрийгөө чадавхжуулж бэлдэх нь илүү чухал. Судалгаанд оролцогсдын 13 хувь нь гадаад хэлийг бүрэн эзэмших, 9 хувь нь зэрэг дээшлүүлж, олон улсад суралцаж, туршлага судлах тухай дурджээ. Ингэхэд та өөрөө ч гэсэн арай эрт "дарга" болохыг мөрөөдөөд байгаа юм биш биз?

Эх сурвалж: NPC&Mandal
2. Таван ажилтны нэг нь ажлын стрессээ тайлах гэж архи, тамхи хэрэглэдэг
Тухайн ажилтны бүтээмжтэй холбоотой хамгийн чухал асуултуудын нэг бол стрессээ хэрхэн давах вэ буюу энергиэ хэрхэн хуваарилдаг вэ тухай асуудал юм. Энергийн хуваарилалт байхгүй хамгийн бүтээмжтэй ажилтан ч богино хугацаанд бүтээмжгүй болох эрсдэлтэй. Тэгвэл "Таны стресс ямар байдлаар илэрдэг вэ?" гэсэн асуултад 22 хувь нь архи, тамхины хэрэглээ нэмэгддэг гэж хариулжээ. Энэ бол тийм ч зөв арга биш байх. Үүнээс гадна хамгийн их буюу 31 хувь нь идэвхгүй болж, сөрөг бодлууд төрж эхэлдэг гэжээ. Энэ нь гадагшаа чиглэсэн сөрөг үйлдлүүд хийх буюу бусдад уурлаж, бусдыг буруутгадаг гэж хариулсан 17 хувиас арай дээр мэт. Гэтэл ийм үед хэрэглэх ёстой хамгийн зөв арга буюу бусадтай ярилцах, гарц хайх гэх хариултыг ердөө 12 хувь нь сонгожээ. Стресст өртсөн үедээ ажилтнууд стрессээс гарах зөв арга замыг илэрхийлдэггүй ба үүнээс үүдэн энергийн алдагдалд ордог байна. Танай байгууллагад ч гэсэн иймэрхүү хандлага гаргаж, бүтээмжгүй ажиллаж буй ажилтнууд байгаа юм биш биз?

Эх сурвалж: NPC&Mandal
3. Ажилдаа хариуцлагагүй, хайнга ханддаг нь багийг бутаргадаг
Аливаа ажлыг багаар гүйцэтгэж, багаар амжилтанд хүрдэг. Гэвч баг бүрдүүлэн ажиллах үед тулгардаг хамгийн том бэрхшээл нь багийн бутрал юм. Бутрах эрсдэлийг нэмэгдүүлдэг үзүүлэлт нь багийн үр бүтээлгүй ажилтнуудын тоотой шууд хамааралтай байдаг. "Хамгийн муу багийн гишүүдийн тодорхойлолт" гэсэн асуултанд нийт оролцогсдын 55 хувь нь "ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддаг" хэмээн хариулжээ. Ердөө зургаахан хувь нь ур чадвар муутай гэж хариулснаас үзэхэд, ур чадвараас илүүтэй олны өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан ажилтан багт илүү хэрэгтэй байдаг гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Нийт ажилтнуудын 54 хувь нь багийнхаа уур амьсгалд сэтгэл дундуур байдаг гэсэн үр дүнг ч үүнтэй уялдуулан ойлгож болох. Та арай багийнхаа бүтээмжийг унагадаг, "муу" гишүүн нь болчихсон байгаа юм биш биз?

Эх сурвалж: NPC&Mandal
ЭнПиСи энд Мандал нь монгол ажилтны бүтээмжийн судалгааны дүгнэлтэнд үндэслэн “Байгууллагын сэтгэл зүйн удирдлага” технологийг хөгжүүлж байгаа ба одоогоор 1000 орчим ажилтан, удирдах ажилтнуудад хөгжүүлэлтийн хөтөлбөрийг амжилттай хүргэсэн байна. Судалгааны дэлгэрэнгүйг“Байгууллагын Сэтгэл Зүйн Удирдлага 2016” форумаар 2016 оны 10 сарын 22-нд танилцуулах ажээ.
Сэтгэгдэл бичих (10)


B Buyanaa 202.70.46.218
Mongold sain udirdagch heregtei bna gej yaridag shig sain ulgerlegch alham dutamd bwal ene setgehui uurchlugduul yawna.Uneheer hiij buteej bgaa humuusiig uramshuulah system baiguullaguudad dutagdaltai bdag ni nuuts bish yum.Sain yarisan ni l unelegdeed bdag niigem bolj.Gehdee itgej bna uneneer yawbal uher tergeer tuulai guitsene gedegt...
B Buyanaa 202.70.46.218
Dagaldagch bailaa gehed chi sain dagaldagch gedgiig ni medruuleh heregtei.Hench unelehgui bair suurin deer hun bhiig husehgui.hen negen bolj baij unelegdehiig huseh ni hunii aranshin.Manaid mergejil bolgon chuhal gedgiig tuluvshuuleegui bolohoor hun bolgon darga manager bolj uneluuldeg yum bna gesen setgehui ehneesee suusan bdag.Getel USA,China.d bdal uur bdag shude
М Мөнхбат 202.179.25.126
Судалгааны аргачлал болон судалгааг 1000 хүнээс аваад 40 тэрбум төгрөг зарцуулдаг гэдэг баримтууд эх сурвалж нь тодорхойгүй байна. Тэр байтугай цалингийн тоо баримт гаргаж чадахгүй байгаа улс бүр сургалт хөгжлийн төсвийг гаргачихсан гэдэгт итгэлгүй байна
З Зола 202.55.180.8
90-ээд оныхон ажил дээр ид гараад ирэхийн цагт энэ судалгаа бас л өөр үзүүлэлт гарна даа. ажил дээр хараад байхад 80-аад оныхон бүр 89 оных ч бай 90-ээд оны хүүхдүүдээс шал өөр шүү
z zochin 202.131.239.130
web huudsand medee oruulahdaa uuriinhuu uzel bodlyg het oruulj boldguin..zahiral bolno gej zutgene gdg chin medeej shine yum sanaachilj sain ajillana gsn ug shde..bolohgui yum yu bgan
B Buya Buya 202.55.183.173
Танай өмнө нь оруулсан дата хэрэглээтэй холбоотой нийтлэлийг уншсан өнөөдөр бас энийг уншлаа их таалагдлаа яг энийгээрээ дагнаад мэдээ гаргаад байвал сонирхолтой байна шүү гол нь хүмүүсийн мэдээгүй байгаа иймэрхүү мэдэлэлэ байвал их сонирхолтой байна баярлалаа
з зочин 150.129.141.100
Судалгааны аргачлалаа эргэж харах хэрэгтэй байна. Сонгох хариултуудын боловсруулалт дутуу байна. Ийм судалгааны дүнг олонд цацах нь ёс зүйтэй алхам мөн үү!!!
С Содоо 213.114.112.63
Бидэн дунд угаасаа сайн дагалдагч гэдэг ойлголт байхгүй болоод удаж байгаа удаж байгаа юм шиг санагддаг.
Б Батболд 202.179.31.68
Сайхан санал асуулга үнэхээр үнэн л дээ. Манайд ийм асуудал бий шүү дээ. Би ч энэ асуудлуудын хоёрт нь хамаарах л юм байна кккке.
З Зочин 203.91.114.170
манайхан угаасаа багийн тоглолт муу. Бүгд дарга болох, хүний дор орохгүй санаатай. Хүнээр удирдуулж сурах гдийг мэдэхгүй. Нөгөө дарга нь ч яаж удирдахаа мэдэхгүй. Дарамтлах гэдгийг удирдах гэж ойлгодог