Онцлох Бизнес

Онцлох бизнес: Orchuulga24 - Мэргэжлийн орчуулгын цогц үйлчилгээ

09 сарын 19, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


64542   3




Албан ёсны найдвартай орчуулга хийлгэх хэрэгцээ албан байгууллагуудад тулгардаг. Энэ үед хандвал зохих нэгэн газрыг бид өнөөдөр онцоллоо. Салбар салбарын мэргэшсэн орчуулагчдын багтай, Монголын томоохон компаниудад орчуулгын үйлчилгээ үзүүлдэг Orchuulga24 товчоог үүсгэн байгуулсан Ц.Мандухайтай ярилцсаныг сонирхоно уу.

Бизнесийн нэр: Орчуулга24
Хаяг: ICC Tower, 13 давхар, Club Coworking
Үйл ажиллагааны чиглэл: Цахим орчуулгын үйлчилгээ
Үүсгэн байгуулсан огноо: 2014 оны 10-р сар
Үүсгэн байгуулагч: Ц.Мандухай
Орчуулагчдын тоо: 40 (гэрээт)
Вэбсайт: Орчуулга24 -Таны орчуулгын төв

БИЗНЕСИЙН САНААГАА АНХ ХААНААС ОЛСОН БЭ?

Би АНУ-д магистраа дүүргэчихээд 2013 онд Монголдоо буцан ирж ажил хайсан юм. Тухайн үед эдийн засгийн хямрал эхэлж байсан тул санаанд хүрсэн ажил олдохгүй байсан. Уг нь давгүй боловсрол эзэмшчихсэн хүн боломжийн ажил хийнэ гэж хүлээж байлаа. Тэгээд боломжийн ажилд орчих санаатай гэртээ байх зуураа найз нөхдийнхөө хариуцаж байсан том тендер, төслүүдийн орчуулга дээр редактороор ажиллаж үзсэн юм. Тэдний бусад орчуулгын товчоогоор хийлгэсэн орчуулгуудыг харахад жаахан тааруу санагдсан тул өөрөө мэргэжлийн орчуулгын товчоо эрхэлж болох юм байна гэж бодсон. Ээж маань сэтгүүлч, өвөө маань М.Ширчинсүрэн гэж зохиолч хүн байсан болохоор би багаасаа л бичгийн ажилд ойр, дуртай байсан. Ингэхдээ Монголд байхгүй шинэлэг орчуулгын төвийг хиймээр байсан тул аливаа байгууллагын үйл ажиллагааны амжилтын үндэс болсон орчин цагтай хамт алхах, цаг хугацаа хэмнэсэн онлайн хэлбэрээр ажилладаг, салбар салбарын техникийн үг хэллэгтэй орчуулгын үйлчилгээ үзүүлэхээр шийдсэн юм.

АНХНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН ШИЙДСЭН БЭ?

Би АНУ-д сурч байхдаа хувиараа бизнес хийж байсан. Тай ресторан худалдаж аваад сүши ресторан болгон хувиргаж 2 жил ажиллуулсан юм. Яагаад гэхээр сүшинд америкчууд их дуртай, тренд болсон хоол. Сүши рестораны үнэлэмж болон зах зээлийн үнэ нь их үнэтэй тул эхлээд Тай ресторан аваад өөрчилсөн хэрэг. Анхнаасаа сүши ресторан биш байсан болохоор үйлчлүүлэгч цөөтэй байсан тул eat24 гэдэг онлайн сайт дээр oнлайн хүргэлт хийнэ гэж тавьсан нь тэр хавийн америкчуудын санаанд ихэд нийцэж, амжилттай болсон. Эндээс бизнесийг онлайнаар хийхийн давуу талыг ойлгож байлаа. 2 жил ажиллуулаад энд бизнес эхлүүлэх хуримтлалтай болж чадсан. Тэнд бизнес хийх дөртэй болсон учраас магистрын ажлаа ч "АНУ-д хэрхэн бизнес эхлүүлэх вэ?" гэдэг сэдвээр бичсэн.

ОРЧУУЛАГЧДАА ХЭРХЭН СОНГОСОН БЭ?

Би 10 жилээ Орос 3-р сургуульд, бакалавраа MIU-д, магистраа АНУ-д сурч төгссөн. Тиймээс найз нөхөд маань гадаад хэл сайтай, гадаад дотоод сурч ажилласан залуучууд байдаг. Орчуулгын товчоогоо эхлэхдээ найз нөхдийн хүрээллээсээ орчуулагчдаа бүрдүүлсэн. Гэхдээ манайх бүтэн цагийн орчуулагч байхгүй, 40 орчим гэрээт орчуулагчтай. Аль нэг салбарын орчуулгыг тухайн салбар чиглэлээр ажиллаж байсан туршлагатай орчуулагчдад өгдөг. Гэхдээ мэдээж гадаад хэлтэй гэхээрээ л, тухайн салбарт ажилласан байсан болохоор л орчуулга хийж чадна гэсэн үг биш. Сайн сууж сурсан, монгол хэл найруулга сайтай хүмүүс байх ёстой.

Орчуулагчдаа сонгохдоо би эхлээд анкет авч, туршлага болон ур чадварыг нь үнэлсэн асуулга авсаны дараа орчуулга хийлгэдэг. Үүний дараа нь өөртэй ярилцлага хийдэг.

ТАНАЙХ ЯМАР ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУДТАЙ ВЭ?

Онлайн цахим хэлбэрээр орчуулгын үйлчилгээ үзүүлдэг нь манай Орчуулга24-ийн гол онцлог, давуу тал болов уу. Мөн гадаадад салбар салбарын магистр, бакалаврын зэрэгтэй мэргэжил, мэргэжлээр мэргэшсэн орчуулагчдын багтайгаараа онцлог юм.

Ерөнхийдөө дандаа байгууллагын орчуулга хийдэг. Тиймээс харилцагч байгууллагуудтай сайн тулж ажиллаж чаддаг шүү. Ямар зорилгоор хийж байгаа орчуулга вэ? Гадаад хүн унших уу, монгол хүн унших уу? гэх мэтийг асууж орчуулгынхаа учир утгыг сайн ойлгоод, орчуулагчдадаа дамжуулж хэлдэг дээ.

БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРААГАА ЮУ ГЭЖ ТОДОРХОЙЛСОН БЭ?

Салбар бүрийн мэргэжлийн орчуулга хийхэд хэрэг болох мэдээлэл, контент монгол хэл дээр хомс байдаг. Тухайн салбарын нэгдсэн үгсийн сан байхгүй, шинжлэх ухаан хөгжөөд шинэ нэр томьёо бий болоход тэрийг монгол руу буулгасан зүйл байдаггүй. Тиймээс ирээдүйд салбар салбарын үгсээр мэдээллийн сан бүрдүүлнэ гэж боддог. Гэхдээ энэ нь нүсэр их ажил учраас орчуулагчид, орчуулгын товчоод хамтарч ажиллах хэрэгтэй гэж үздэг. Ирээдүйд бүхий л салбарын мэргэжлийн үгсийн сантай орчуулгын бие даасан институттэй болохыг мөрөөддөг.
Мөн зөвхөн орчуулга хийх бус, хэрэгцээтэй зүйлсийг орчуулсан бол тэрийгээ мэдээлэл, контент болгон хүргэхийг хүсдэг. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад л гэхэд Монголын талаарх мэдээлэл хомс байна.

БИЗНЕСИЙН ҮНЭТ ЗҮЙЛС, БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ ТАНЬ ЮУ ВЭ?

Ресторан ажиллуулж байсан болоод ч тэр үү үйлчилгээ гэдэг зүйлийг би дээдэлдэг. Орчуулгыг нь хийж өгсөн байгууллага руугаа заавал утасдаж болж байна уу, яаж байна гэж асуух жишээтэй. Мэдээж гомдол санал ирвэл орчуулгаа эргэж нягтална. Орчуулга өгч байгаа хүн нь өөрөө нэлээд мэдээлэлтэй байдаг тул тэр хүнтэй сайн ярилцаж, сэтгэлд нь нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхийг л зорьдог доо.

ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Өнөөдөр л гэхэд "Магнай Трейд"-ийн 3 гэрээний орчуулгын ажил орж ирсэн. Мөн орчуулгын товчооныхоо вэбсайтыг шинэчлэн хийх талаар төлөвлөж байна.

Энэ ташрамд орчуулга хийх хүсэлтэй, аль нэг салбараар мэргэшсэн хүмүүс манайтай холбогдоорой гэж урья. Орчуулга хийх нь хөлс мөнгөнөөс гадна тухайн салбарын талаар мэдлэг олгодгийг хүмүүс мэдэх байх.

ЭНЭ БИЗНЕСИЙГ ЭРХЛЭХИЙН ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Орчуулга гэдэг бол олон байгууллагад байнга тулгардаг чухал хэрэгцээтэй ажил. Энэ ажлыг нь дааж аваад байгууллагуудад зорилгодоо хүрэхэд нь туслах сайхан байдаг. Аль болох шинэлэг, хурдан шуурхай, үйлчилгээ сайтай орчуулгын товчоог бий болгох гэж хичээж байна.

Нөгөө талаас орчуулга гэдэг хэцүү ажил. Энэ бизнесийг эхлүүлээд явж байхад шантрах үе олон байсан. Ийм үед аав маань намайг зоригжуулж, миний охин чадна аа гэж байнга урмаар тэтгэдэг байсан. Хүмүүс орчуулгын хэцүүг тэр болгон ойлгодоггүй. Их орчуулга өгөөд маргааш нөгөөдөр нь авъя гэх нь олонтаа. Мөн үнэтэй байна гэдэг. Техникийн хэллэгтэй мэргэжлийн орчуулга бол хямдхан байх боломжгүй. Анзаараад байхад манай орчуулгын товчоод ямар ч төрлийн орчуулга байсан, шууд үгийн тоогоор орчуулгыг үнэлээд байдаг. Манайх бол орчуулгын төрлөөс хамаараад ялгавартай үнэ тогтоодог. Үнийн хувьд нэг нүүр нь 16-36 мянга байгаа.

УЧИРЧ БАЙСАН СУРГАМЖТАЙ ЯВДЛААСАА ХУВААЛЦАНА УУ?


Орчуулгын ажил дээр хариуцлага гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Би өөрөө хариуцлагатай, орчуулагч маань хариуцлагатай байх нь чухал. Маш чухал бичиг баримтууд богино хугацаанд орчуулагдаж бэлэн болсон байх ёстой байдаг.

Тэгэхээр орчуулах материалтайгаа эхлээд сайн танилцах, орчуулагч нартайгаа байнгын холбоотой байх хэрэгтэй. Орчуулагч нарт нэрэлхдэг, бүрэг даруу байдаг нийтлэг дутагдал байгаа нь анзаарагддаг тул сайн ярилцаж, асуудлуудаа хамтраад шийдээд явахыг боддог.

ХИЙЖ БАЙСАН ОРЧУУЛГУУДААСАА ЖИШЭЭ БОЛГОН НЭРЛЭНЭ ҮҮ?

Хамгийн анхны орчуулга маань "Мандал даатгал"-ын "Ялихгүй зүйлээс болж бүү бухимд" гэдэг номын орчуулга байсан. Тэднийх харилцагч нартаа шинэ жилийн бэлэг болгож энэ номыг орчуулуулсан юм. Хамгийн сүүлд хийсэн томоохон орчуулгуудаас гэвэл, Голомт банкны 2015-2016 оны тайлан, Монгол Бизнесийн Зөвлөлийн засгийн газрын өндөр албан тушаалтнуудад өргөн барих санал бичиг зэрэг байна. Мөн "Вагнер Ази Групп", Голомт, Капитрон, Чингис Хаан банкууд, Deloitte зэрэг байгууллагуудыг нэрлэж болно.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.