Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   09 сарын 14, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг

Өнөөдрийн зочныг маань танихгүй хүн цөөн. Тэр бол нэгэн үе "Хасын” гэх нэрээр овоглогдож байснаа өдгөө “Ардын” гэгдэх болсон Чулууны Ганхуяг захирал юм. Биднийг өрөөнд нь ороход “Би ч энд тэнд олон ярилцлага өгсөн дөө. Надаас шинэ юм гарах болов уу” хэмээн даруухан угтсан түүнийг энэ ярилцлага манай уншигчдад шинээр нээн харуулна гэдэгт итгэж байна. Унгарт дээд боловсрол эзэмшээд Монголын Хөрөнгийн Биржээс ажлын гараагаа эхэлсэн Ч.Ганхуяг захирал өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хас банк, Тэнгэр Санхүүгийн Нэгдэл, Ард Санхүүгийн Нэгдэл зэрэг банк санхүүгийн томоохон байгууллагуудаас гадна Монголын Эдийн Засгийн Форум, CEO клуб, "Дуулиан 2020" ТББ, Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх "Улаанбаатар Глобал Шейперс Нийгэмлэг" зэрэг олон арван хэрэгцээт байгууллагыг санаачилж, олон зүйлд анхдагч болжээ. Мөн Монгол Улсын Сангийн Дэд Сайдаар ажиллаж байсныг монголчууд мэдэх билээ. Маш залуудаа ихийг бүтээсэн, Монголын урдаа барьдаг банкируудын нэг тэрээр өдгөө олны хүч оломгүй далай гэдгийг харуулахаар асар том зорилготой “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” ХК-ийг байгуулан ажиллаж байна.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо хийж буй ажил, албан тушаал: "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал, CEO клубийн үүсгэн байгуулагч, 2016 оны ерөнхийлөгч, Монгол Шуудан ХК-ийн удирдах зөвлөлийн гишүүн.
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Шинийг сэдэх, үр дүнг чухалчлах
Хэрэглэдэг гар утас: iPhone 6 Plus, Blackberry Passport
Хэрэглэдэг компьютер: Macbook Air 13’
Сошиал хуудсууд: Ganhuyag Chuluun Hutagt (фэйсбүүк хуудас), Ganhuyag (твиттер хуудас)

Таны ажлын онцлох арга барил юу вэ?

Ямар ч ажил байсан, эцсийн үр дүн гарч байх нь хамгийн чухал гэж үздэг. Хурдтай байхдаа юм уу яаж хийхдээ гол нь биш, үр дүнтэй байх нь л чухал. Би шинэ санаануудыг эрэлхийлж, шинийг санаачлах дуртай. Ямар нэг зүйлийг өөр бөгөөд зөв өнцгөөс харж, түүнийгээ хүмүүсийн сэтгэлд хүртэл гаргаж тавихыг, шулуухан хэлэхэд нийгмийг цочроохыг эрмэлздэг. Тэрхүү санал санаачилгаа өөрөө төсөөлж, багтаа ойлгуулаад, аль болох хурдан хэрэгжүүлэхийг хичээдэг.

Бүх зүйл өөрчлөгддөгийн адилаар миний амьдралын хэмнэл ч цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж байна. Өмнө нь би өглөө эрт босож, маш их ажилладаг байсан бол одоо гэр бүлдээ илүү их анхаарал хандуулж, тэнцвэртэй, тулхтай ажиллахыг хичээж байна. Ажлаа сайн төлөвлөж, баталгаатай араанд нь хийж байгаад хийх дуртай болж байна.

Нэгэнт би мөнх биш, бас ганцаараа амжилтанд хүрч чадахгүй тул олон тулгууртай, олон гишүүнтэй, гишүүд нь бүгд бие биенээ нөхөж чаддаг байхаар ажлаа зохион байгуулдаг. Миний дараа ч хийж буй зүйлс минь өв (legacy) болон үлдэх болохоор улам чанартай, шинэлэг зүйл хийхийг эрмэлзэж байна даа.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Сошиал медиаг идэвхтэй ашиглаж, бодож байгаа зүйлсээ, санал шүүмжлэлээ өөрийн хуудсуудаар түгээж байхыг эрмэлздэг. Фэйсбүүк, твиттер, инстаграмаа байнга шинэчилнэ. Эдгээрийг Монголоос хэрэглэсэн анхдагчдын нэг байх.

Мэдээж имэйлээр багийнхантайгаа мэдээлэл солилцоно. Манай Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Young Global Leaders-ийнхэн Telegram ашиглаж, группууд үүсгэн харилцдаг юм. Тийм учраас бусад Viber, Whatsapp, Wechat, Blackberry Messenger зэрэг ашигладаг чат аппуудаасаа Telegram-ийг арай илүү хэрэглэдэг байх. Албан ажлаа орон зайгаас үл хамааран Skype-аар явуулах дуртай.

Гар утсаа хаана ч явсан бүрэн ашиглахыг эрмэлздэг. Шинэ орж ирсэн санаа, хийх зүйлсээ гялс гялс бичээд явахыг хичээдэг. Ноорог цаас, энгэрийн дэвтэр, тэмдэглэлийн дэвтэр гээд 2-3 дэвтэр бол байнга авч явдаг шүү.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

"Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн оффисын өвөрмөц, шинэлэг тохижилтын талаар асуухад импортын ширээ сандал мэтийг худалдаж авалгүй мод, төмөр гэсэн материалуудыг гол болгон монгол залуусаараа хийлгэсэн, бусад албан газрууд, бүр ресторан пабууд хүртэл биднээс санаа авснаа хэлж байна лээ хэмээн тэрээр ярив.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Ажлаа мэддэг хүмүүстэй хамтран ажиллах шиг зөвхөн цаг гэлтгүй, мөнгө, нерв хэмнэдэг зүйл байхгүй. Би сайн хүмүүстэй ажилладаг. Энэ нь нэг талаар мундаг сайн хүмүүстэй ажилладаг, нөгөө талаар тэр хүмүүстэйгээ сайн ажилладаг гэсэн утга илэрхийлж байгаа юм шүү. (инээв)

Надад хамааралтай өөр өөр чиглэлийн олон төсөл, олон баг бий. Хаа нэгтээ ажил гацаж, удааширч, бүтэлгүйтэж байвал тэр нь тухайн багийг, төслийг удирдаж байгаа хүнтэй нь холбоотой байж таардаг. Тийм учраас баг, компани удирдаж байгаа хүмүүс маань ажлаа маш сайн мэддэг байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Тэр хүн ажлаа хийж чадахгүй байвал надад л асуудал үүснэ шүү дээ.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Гар утсан дээрээ ч, дэвтэр дээрээ ч хөтөлдөг. Би 10 жилээ төгсөөд л тэмдэглэлийн дэвтэр ашигладаг болсон. Тэр үеэс хойших бүх дэвтэр маань хадгалаастай байдаг юм. Эргэж харах нь бага ч гэсэн олон тэмдэглэл, дурсамж тэнд бий.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Шинэ санаануудыг гаргаж ирэхдээ хамгийн сайн байх. Аливаа асуудал олон шийдэлтэй байдаг. Түүнийг саад бэрхшээл байна гэж хараад хөдлөхгүй, болгоомжлоод байж болно. Эсвэл шинэ боломж байна гэж хараад, шийдэл хайж үр дүн гаргаж болно. Би ямар ч хүндрэлтэй нөхцөл байдалд орсон байсан, хувьцаа эзэмшигчид болон хамтрагчдадаа хамгийн ашигтайгаар яаж эргүүлж болох вэ гэдгийг олж чаддаг. Хүн бүхэн эдийн засаг хүнд байна, бизнес хийж болохгүй байна гэж байгаа үед манай компани ашигтай ажилласан. Ийм үед ч ашиг хийж болно гэдгийг бид нийгэмд харуулж чадсан гэж боддог. Бид зөвхөн ашгаараа л "Монгол Шуудан" ХК-д хөрөнгө оруулалт хийсэн юм шүү дээ. Эдийн засгийн хүндрэл надад олон шинэ боломжийг олгож байна гэж харж байгаа.

Анхны банк бус санхүүгийн байгууллага, анхны хадгаламж зээлийн хоршоо, банкуудын холбоо, ипотекийн корпораци, хувийн тэтгэврийн сан, Хөрөнгө Оруулагч Үндэстэн гээд л олон байгууллагыг үүсгэх санааг анх сэдэж, шийдлүүдийг арай өөр өнцгөөс харах гэж үзсээр л явна.

Ахуй амьдрал дээр бол би аливааг их сайн оролддог байж магадгүй. Бүх зүйлийг чадахаасаа чадахгүй хүртлээ оролдож үзэж байж л санаа амардаг. Оролдохгүйгээр хажуугаар нь орхиод гарсан зүйл бараг байхгүй. Хэчнээн их айсан ч, хэчнээн олон удаа бэртсэн ч хашралгүй оролдоод л байдаг.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Яг одоо бүх анхаарлаа хандуулчихаад байгаа "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн хувьд урьд гаргаж байсан алдаануудаа давталгүй залруулж, болж бүтэж байсан зүйлсээ илүү хурдтай, илүү үр дүнтэй хийх төгс төгөлдөр бүтээгдэхүүн болох учиртай гэж боддог. Богино хугацаанд зөв, нээлттэй бүтэцтэй, ард түмний оролцоотой хөгжих, хамгийн сайн банк санхүүгийн байгууллага болгохын төлөө ажиллаж байна. Би карьераа олон улсаас хөрөнгө оруулалт татаад, түүнийгээ өсгөж, зах зээлд жишиг болох санхүүгийн байгууллага байгуулах мөрөөдөлтэй эхлүүлж байлаа. Одоо бол монголчууд банкинд очиж мөнгөө шилжүүлж, хадгалж, зээлж, карт хэрэглэж аль хэдийн дадсан байна. Гэтэл тэр банкуудынх нь ард гучаадхан хүн л эзэн нь болоод суучихсан байдаг. Зарим нь гадаад хүмүүс. Өдөр тутмын хэрэглээ нь санхүү, банк болчихсон юм бол эдгээрийнхээ эзэд нь яагаад монголчууд байж болдоггүй юм бэ гэдэг санаагаар Ардыг эхлүүлсэн.

Товчхондоо бол тэтгэврийн сан нь ирээдүйн хэрэгцээг хангах баталгаа нь болж, даатгал нь одоогийн эрсдэлийг дааж, улс үндэстнээрээ мөнгө хуримтлуулж байгаад гадаадын зах зээл дээр хөрөнгө оруулагч болох хөрөнгө оруулагч үндэстний экосистемийг бүрдүүлж байна. Одоо миний гол зорилго бол карьераа дуусахаас өмнө нэг талдаа нийтээрээ хөрөнгө оруулдаг, хуримтлалтай, баян чинээлэг иргэдтэй улсыг бий болгох, нөгөө талд Монгол улс дэлхийд алдартай хөрөнгө оруулагч үндэстэн болсон байх явдал юм.

Бэрхшээл мэдээж их. Гэхдээ нэг зүйлийг л онцолъё. Нэг талаас би одоо залуужихгүй. Илүү сониуч, илүү хурдтай, илүү бүтээлч, илүү эрчтэй байж чадахгүй. Гэхдээ нөгөө талдаа нас ахихын хэрээр би өөртөө итгэлтэй, туршлагатай болж байна, хүмүүс ч илүү итгэж байна. Хийж буй бизнес маань итгэлцэл дээр тогтдог учир энэ нь сайн хэрэг.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

"Ард"-ынхаа хажуугаар Монголд шинэ хөрөнгө оруулалт татах, бизнес орчноо сайжруулах, шинэ засгийн газрыг том алдаа гаргуулчихгүй байх талаас нь нийгмийн идэвхтэй иргэний хувьд байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Өөрийн харьяалагддаг байгууллага, бүлгэмүүдээрээ дамжуулан зөв лобби хийж, бага дээр нь засаж залруулахын төлөө санаа зовнин ажиллаж байна.

Бид дөнгөж өнөөдөр "Монгол Шуудан" ХК-д эзэмшиж буй хувьцаагаа 13 хувиар нэмж, 31 хувийг нь эзэмших болсноо зарлалаа. Төр 66 хувьтай, хамгийн том хувьцаа эзэмшигч хэвээр байгаа. Дунд шатанд ажиллагсад нь яах гэж хувьчлал хийснээ мэдэхгүй, дээд шатны дарга нар нь ажил хийхээ биш мөнгөө урьтал болгочихсон үед ажил явуулах хэцүү гэдгийг ойлгож байна. Гэхдээ бид үүнийг мэдэж байсан. Тийм учраас бид илүү нээлттэй, сайн засаглалтай, шилдэг менежерүүдтэй, үлгэр жишээ төрийн оролцоотой, ард түмний өмчит компанийг бий болгохоор зүтгэж байгаа. Мэргэжлийн хэллэгээр бол бид "активист хөрөнгө оруулагчид". Тиймээс бид гол шийдвэрүүд дээр харилцан ойлголцож, хамтран ажиллана гэж найдаж байна.

"Хөрөнгө Оруулагч Үндэстэн" маань нээлттэй компани болж, хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах гэж байгаагаа бас энэ долоо хоногт зарлалаа. Энэ бол иргэдийн оролцоотой, сая сая төгрөг хийгээд дундын банктай болох зорилго агуулсан төсөл. Бид өнгөрсөн 7, 8 сарын хугацаанд иргэдээс цуглуулсан хөрөнгийг арвижуулж, үнэ цэнийг өсгөн, "Ард Санхүүгийн Нэгдэл"-ийн 10 орчим хувийг худалдаад авчихсан байгаа. Хөрөнгийн бирж дээр гарснаар бид шинэ хөрөнгө оруулагчдыг татах, зарим нь ашгаа аваад гарах боломжийг олгох том ажлын эхний алхам юм.

Та ямар жанрын хөгжим голдуу сонсдог вэ? Ямар хөгжим танд эрч хүч өгдөг вэ?

Машинд явж байхдаа бол хөгжим сонсдог. Би гэрээсээ ажил руугаа ирэхдээ, орой буцахдаа тус бүр 30-аад минутыг машинд өнгөрөөдөг юм. Хөгжмийг фитнесс хийхдээ, гүйх үедээ бас сонсдог. iTunes дээрх санал болгож плэйлистүүдийг сонсоод явчихдаг. Надад айхавтар дурладаг хөгжим, төрөл гэж байхгүй, гэхдээ дургүй хөгжим гэж бол бий. Би Панк рокд дуртай. Хуучны классикуудыг, The Beatles, Queen-ийг бол хэзээ ч сонссон уйдахгүй. Red Hot Chili Peppers, Daft Punk-аас эхлээд Робби Уиллиамс, Аделе гээд л явчихна.

Би ер нь алвиаа юманд туйлшраад байдаггүй, автдаггүй онцлогтой. Бүх спортыг оролдож үздэг, ихэнхийг нь дунджаас илүү түвшинд тоглож чаддаг болоод хаячихдаг. Бусад шиг нэг юманд донтож, амьдралаа зориулдаггүй гэхээр амархан уйдамтгай ч гэмээр. Гэхдээ тийм биш. Цаг бол хомс, амьдрал бол богино, нэг л юмаа хийсээр насыг барчихвал харамсалтай гэж боддог. Төрөхөөс үхэх хүртэлх нэг шугамаар өрнөдөг амьдралыг уртасгах ганц л арга байдаг юм шиг. Авч байгаа мэдрэмж, кайф, сэтгэл хөдлөлөө аль болох олон болгож, тэр нэг шугамыг дээш доош нь сунган хэлбэлзүүлж амьдралаа уртасгаж болно гэж ойлгодог. Тиймээс спорт машинаас эхлээд мотоцикль унаж, дэлхийгээр аялж, марафонд гүйж, цанаар гулгаж, теннис, гольф, сагс, хөлбөмбөг тоглодог. Олон төрлийн санаачилга, төрийн бус байгууллагуудыг байгуулж, компаниудыг үүсгэн байгуулж, төслүүдийг зохион байгуулдаг. Хүмүүс намайг энергийн түвшин өөр хүн гэж хэлдэг л юм. Гэхдээ би бусадтай адилхан л хоол идэж, адилхан л агаар амьсгалж байгаа шүү дээ. Үүний гол нууц нь олон зүйлийг туршиж, мэдэрч үзэх миний энэ философи болов уу.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Хамгийн сүүлд Жорж Орвеллын алдарт "Амьтны ферм"-ийг дахин уншиж дуусгасан. Bitcoin-ий талаар бас нэг ном уншаад талд нь оруулчихсан байгаа. С.Хоукингийг уншиж байна. Орон зай, цаг хугацаа, тэдгээрийн харилцааны талаар түүний онолууд намайг их бодролд оруулдаг. Энэ хорвоо ертөнц ямар зорилгоор, яагаад оршин тогтнодог тухай, бид ямар зорилготой оршиж, амьдарч байгаа талаар эргэцүүлдэг. Хүн гэдэг зүгээр л нэг түүхийн гажуудал ч байж мэдэх, цаг хугацааны урсгалд өчүүхэн ч нөлөө үзүүлж чадахааргүй дэндүү жижигхэн. Гэхдээ ийм пессимист бодолд өөрийгөө уяад, тэртэй тэргүй нэмэргүй юм чинь гээд өөрсдийгөө өрөвдсөөр байгаад өнгөрөх үү, үгүй юү гэдэг нь бүр ч чухал асуулт байж мэднэ. Одоо байгаа энэ цаг мөчдөө аз жаргалтай байж, арай өөр сэтгэл зүйгээр хандах ёстой юм шиг байгаа юм.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Би нээлттэй хүн. Бүр дэндүү нээлттэй ч байж мэднэ. Гэхдээ үүнийгээ өөрчилж, "задгай" байдлаа засах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгж чадвал илүү үр нөлөөтэй лидер болж чадах байх.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Тухайн үеийн ачааллаасаа хамаараад янз бүр. Одоо бол хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөх, өөрөө ажлаасаа өмнө фитнесстээ явах гээд нэлээн эрт босож байна. 6-6:30-ийн хооронд босно. 7 цаг унтах нь миний хувьд ихдээ орох байх. Зарим ачаалалтай үед огт унтахгүй байх үе бий. 2, 3-хан цаг унтчихсан хэрнээ маргаашийн ажилд маань огт нөлөөлөхгүй байдагт зарим нөхөд маань гайхаж л байдаг юм.

Гэхдээ би яг одоогийнхоо бие махбод, сэтгэл зүй, оюун санааны эрүүл байдлаа хадгалж үлдэхийг хүсэж байгаа учраас аль болох эрт унтаж, сайн амрахыг эрмэлзэж байна. Нас ч явж байгаа учир зөв зохистой эрүүл амьдралыг илүү эрхэмлэдэг болж байна.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Зөвхөн гэртээ. Үгүй бол гэртээ харих замдаа (инээв).

Хүүхдүүд маань маш хурдан том болж байна. Нэг нь аль хэдийн 185 см өндөр болчихсон, хэдхэн жилийн дараа гэрээ орхиод явах гэж байна. Би банди нараа яг л хүүхдээрээ байгаа, гэртээ жаргалтай байгаа тэр цаг мөчийг нь өөртөө шингээж авахыг хүсэж байна. Сүүлд нь эргээд харамсмааргүй байгаа учир гэр лүүгээ л тэмүүлдэг. Хаашаа ч явсан 7 хоногоос илүү хэтрүүлж явах дургүй. Хийх ажилтай холбоотойгоор гадаад руу явдаг тоо маань ч багасаж, сардаа нэг л болоод байна. Харин гэр бүлээрээ жилдээ 1-2 удаа гадаад явж, аялж амрах дуртай.
Би гадна талдаа буюу олон нийтэд, бусдад яаж ч харагддаг байсан, ямар ч сэтгэгдэл төрүүлдэг бай, миний үнэт зүйл гэр бүл, эх орноос минь эхэлдэг.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Залуучуудад сэтгэл дутаад байх шиг анзаарагддаг. Хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж байгаа хүнийг олох ховор юм шиг. Сэтгэл дутах нь өөрөө хийж байгаа ажил нь урагшлахад садаа болдог, амжилтанд хүрэхгүй байх нөхцөл болдог, хувийн амьдралаа хүссэнээрээ зохиоход ч тээг болдог юм. Хүн ажлыг голохоос илүүтэй ажил хүнийг голдог гэдгийг ойлгоосой. Манайд ажил хүнээ голоод байгаа энэ үзэгдэл дэндүү их байна.

Хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, хийе бүтээе гэж зориглоод шийдийг эрэлхийлж эхэлбэл, санаа зөв бол заяа зөв гэдэг шиг ажил чинь ч бүтэж, эргэн тойрондоо ч нөлөөлөөд, эерэг өөрчлөлтийг авчирч, карьерынхаа үүд хаалгыг нээж чадна. Урсгал дагаж биш салхи зүсэж, мөс хагалж явах хандлага өөртөө суулгаарай.

Та хэнээс урам зориг, эрч хүч авдаг вэ?

Голдуу номноос авдаг. Би Монголынхоо, ялангуяа эзэнт гүрний үеийн түүхийг сонирхон унших дуртай. Голдуу барууны судлаачдын бичсэн номуудыг олж уншихыг эрмэлздэг. Тэндээсээ олон санаа сэдэл авч, урам зоригоор тэтгэгддэг. Сүүлийн үед алдартай, нэртэй хүмүүсийн намтрыг уншиж эхэлсэн. Өмнө нь нэг их сонирхож байгаагүй ч сүүлдээ яагаад ч юм уншдаг болчихдог юм байна. Стив Жобсын намтар бол үүний нэг жишээ. Мундаг амжилт гаргаж, өөрсдийгөө таниулж, нийгмээ давхар хөгжүүлж байгаа хүмүүсийн жишээ их эрч хүч өгнө. Тэдний үйлээс ямагт л урам зориг авч байдаг.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Амьдрал дээр бол ээж, эхнэр хоёр маань хамгийн сайн зөвлөгөөг өгсөн байж таардаг. Энэ ингэнэ шүү, тэр тэгдэг шүү гээд л. Хамгийн сэтгэлээсээ, хамгийн шударга үгийг би тэднээсээ хайдаг.

Бизнес дээр олон хүнээс олон үг сонсож байсан, гэхдээ нэгийг нь онцлохоос илүүтэй ажиллаж байх үедээ олж авсан сургамжаа хуваалцсан нь дээр байж мэднэ. Хамт ажиллах хүмүүсээ, баг болж ажиллах хүмүүсээ сайн таних хэрэгтэй юм билээ. Тэд чамайг чиний тэднийг бодож байгаа шиг бодож байна уу, үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Өнгө мөнгөнөөс болоод дагаад гүйгээд байна уу, чиний харж буй зүйлийг хараад чин сэтгэлээсээ дагаж байна уу гэдгийг өөрөө мэдэрч байж л ялгадаг болдог юм байна. Би сонгуульд оролцох шийдвэр гаргаж, хийж байсан ажлаа хамтрагчдадаа итгэн үлдээгээд явсан. Гэвч ялагдаад гараад ирэхэд тэдний үзүүлсэн хариу хандлага намайг яаж тэдэнд амь насаа даатгачихаагүй юм бэ гэж бодоход хүргэсэн шүү. Ялагдал хүнд их зүйлийг мэдүүлдэг юм билээ.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

"Монгол ТВ"-ийн захирал Ч.Номинг санал болгоё.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

163387   25


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.