Мэдүүштэй   08 сарын 25, 2016

Миний хэрэглэдэг мэдүүштэй вэбүүд: Ийгл Ньюс ТВ-ийн ерөнхий продюсер Ж.Хулан

Өнөөдрийн "Мэдүүштэй вэб" булангийн зочноороо бид Монголын хамгийн шилдэг мэдээллийн сувгуудын нэгийг удирдаж яваа, үүнийхээ хажуугаар их сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр багшилдаг нэгэн бүсгүйг урилаа. Ж.Хулангийн мэдээллээ хүлээж авдаг, зочлох дуртай сайтуудын жагсаалттай танилцаарай. 

Нэр: Жүгдэрийн Хулан
Ажилладаг салбар: Хэвлэл мэдээлэл
Сошиал хуудсууд: @khulanj (твиттер), @khulanj (инстаграм), khulanj.net (блог сайт)
Цагаа хамгийн их үрдэг "дэмий" зүйл чинь юу вэ?: Плэйлистээ шинэчлэх гэж кино, дуу хайх, инстаграмаа байн байн ачаалах

Цаг үеийн мэдээллийг байнга, шуурхай авахын тулд BBC, CNN, The Guardian, Reuters, Huffington Post, UB Inf гээд олон аппликейшн утсанд суулгачихсан. Тийм болохоор байнга л “notification” ирээд ер нь утаснаасаа холдох аргагүй болсон учраас хэрэгцээтэй онлайн эх сурвалжуудаа апп хэлбэрээр ашиглах болж. Гэхдээ тухтай суугаад, зорьж ордог вэбүүд одоо хүртэл бий. Тэднийхээ заримаас хуваалцъя.

CNN Press Room Blog

Манай телевиз CNN агентлагтай албан ёсны түнш учраас мэдээлэл солилцохоос гадна мэдээлэл бэлтгэх формат, ажлын арга хэлбэрийн хувьд CNN-ээс үлгэр авах нь их. Тийм учраас CNN-ий мэдээний өрөө, тэнд болж байгаа өөрчлөлт, хандлагыг блогоос нь хааяа харчихдаг юм. Шинэ төсөл эхлүүлэхдээ хэрхэн анхаарч, өмнөхөө хэрхэн дүгнэж, хөтөлбөрүүддээ анализ хийж, судалж байгааг нь мэдэж авахад энэ блог их тусалдаг.

Зочлох: Cnnpressroom.blogs.cnn.com

Poynter

Мэдээллийн баг удирдаж байгаагийн хувьд сэтгүүл зүйн хүрээнд гарч байгаа өөрчлөлт, хандлагаас хоцрохгүй байхыг хичээдэг. Энэ тал дээр би BBC Media Show подкастын фэн нь. Бас The Guardian л гэхэд “Media” гэсэн тусгай булантай, дэлхий дахинд медиа зах зээлд гарч байгаа өөрчлөлтүүдийг өдөр бүр мэдээлж байдаг. Үүнээс гадна олон сайт байдаг ч медиа гэсэн булан нь тэр бүр шинэчлэгддэггүй. Харин Poynter сэтгүүл зүйн мэргэжлийн институт учраас медиатай холбоотой бүх мэдээллийг нэгтгээд үзүүлчихдэг. Хууль эрх зүй, ёс зүй, технологи гээд бүх талын ангилал байдаг.

Зочлох: Poynter.org

Pew Research Center

Ямар нэг сэдвийн талаар ярих болоход нөхцөл байдлын тухай ямар ч мэдээлэлгүй үед судалгаа, мэдээлэл хайх хамгийн эхний эх сурвалж Pew Research Center болдог. Гол төлөв Америкийн нийгэм, хүн амд тулгуурласан судалгаа байдаг ч эрж байгаа сэдвийн хувьд ямар ч гэсэн ойлголтын “ханатай” болоод авах нь чухал. Миний хувьд сэтгүүл зүйн чиглэлээр давхар багшилдаг учраас судалгаа, дата мэдээлэл хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг.

Зочлох: Pewinternet.org

Taste of Cinema

Кино үзэх, гоё кино олж үзэх нь надад хамгийн чухал гэж болно. Оюутан байхдаа Монголын кино сонирхогчдын холбоо гэж онлайн нэгдэл үүсэх үед оролцож, театрт кино үзэж тойм бичдэг “ажилтай” болсон байлаа. Одоо бол заримдаа орой үзэх киногоо сонгох гэж хайж суусаар өдрийг барах нь холгүй болчихдог. Тийм үед эдний бэлэн жагсаалтаас харж байгаад сонирхож үздэг юм. Хэт арилжааны биш уран бүтээл хайж байвал Taste of Cinema руу ороход зүгээр.

Зочлох: Tasteofcinema.com

Wired

Бас нэг хобби маань технологи гэж болно. Гэхдээ хобби гэхээр хэт гүн юм болов уу, сонирхол гэсэн нь дээр байх. Энэ тал дээр Wired сэтгүүл зүг чиг маань болдог доо. Надад бол өдөр бүр технологийн цаг үеийн мэдээлэл авах шаардлагагүй, гэхдээ сонирхдог зүйлээсээ хоцрохгүйн тулд тойм маягтай уншаад, сонирхоод явахад болдог. Сэтгүүлийг нь бүхлээр нь уншихаас илүүтэй вэб руу нь ороод хэрэгтэйгээ нийтлэлээ уншчихдаг. Ялангуяа, технологийн хувьд зөвхөн техникийн талаас илүүтэй хөгжил дэвшил нь хүмүүс, нийгэмд хэрхэн нөлөөлж, өөрчлөлт авчирч байгаа талаар анализ хийсэн бичвэрүүд нь их гоё.

Зочлох: Wired.com

Buzzfeed

Ажил ихтэй үед хальт амсхийж орох хамгийн зөв вэб бол BuzzFeed. Өдөр тутмын бужигнасан үйл явдал, чухал мэдээллээс түр холдоод мэдээллийг хөнгөн, хөгжилтэй байдлаар авахад тусалдаг юм. Бас Quiz-үүд нь ч гэсэн марзан. Ач холбогдол нь ямар ч хэрэггүй юм шиг хэрнээ, зугаатай, өдөрт “сэргээш” болохуйц мэдээнүүд энд бий. Бас контент нь UGC (user-generated content) буюу онлайн орчинд хэрэглэгчдийн оруулсан зураг, текстийг ашигладаг учраас албаны, уйтгартай биш. Ер нь UGC төрлийн хуудсуудаас хамгийн амжилттай нь BuzzFeed бөгөөд Англид л гэхэд хандалтаараа эхний 10-т ордог юм билээ.

Зочлох: Buzzfeed.com

28768   0


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.