Би хэрхэн ажилладаг вэ?

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал Гаррет Вилсон

08 сарын 03, 2016


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan
@Undral


173185   25




Монголд ажилладаг гадаадын мэргэжилтнүүд олон. Тэд гадаадын болон Монголын компаниуд, байгууллагуудад тодорхой хугацаанд ажиллаад буцаад явдаг. Харин манай өнөөдрийн зочин бол Монгол улсад зүрх сэтгэлээ бүрэн өгсөн, хэзээ ч хаана ч ажилласан Монгол руу тэмүүлэх нэгэн. Тийм ч учраас монгол хэлийг төгс гэмээр түвшинд эзэмшиж, монгол бүсгүйтэй ханилан суужээ. Өдгөө дэлхийд нэртэй Land Rover, Ford машинуудыг борлуулдаг Вагнер Ази Автоматив ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг энэ эрхмийн нэрийг Гаррет Вилсон гэдэг. Бизнесийн хүн атлаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарал тавьдаг, өөрөө асар их сахилга баттай ажилладаг атлаа бусдад зөөлөн, энэрэнгүй хандахыг эрмэлздэг түүнээс суралцах зүйл манай уншигчдад цөөнгүй байгаа болов уу.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Вагнер Ази Автомотив ХХК-ийн гүйцэтгэх захирал
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Сайн дадал хэвшлээр
Хэрэглэдэг гар утас: Blackberry
Хэрэглэдэг компьютер: Lenovo Thinkpad
Сошиал хуудсууд: Garrett Wilson (Линкедин), Garrett Wilson (фэйсбүүк)

Таны ажлын хамгийн онцлох арга барил юу вэ?

Миний хувьд дадал гэдэг хамгийн чухал. Тухайн хувь хүнд ямар дадал давамгайлж байхаас амжилтанд хүрэх эсэх нь шууд хамаардаг гэдэгт итгэдэг. Тийм учир бүтээмж нэмэх, хувь хүний хөгжилд туслах дадлуудыг өөртөө болон хамт олондоо хэвшүүлдэг нь миний ажлын хамгийн онцлох арга барил.

Тухайлбал, манай ажлын нэг өдөр өглөө бүр бөөнөөрөө зааландаа дасгал хийхээс эхэлдэг. Дасгалынхаа дараа аюулгүй ажиллагааны зөвлөмжөө хуваалцдаг. Ажил олгогчийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангаж, юу чухал вэ гэдгийг өдөр тутам хоногшуулж, зарчмуудыг сургах нь ариун үүрэг гэж ойлгодог. Дараа нь хэрэглэгчидтэй хэрхэн харилцах вэ, харилцагчдад үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгнө. Дэлхийд алдартай Ford, Land Rover зэрэг брэндийг төлөөлж байгаа учир дэлхийн хэмжээний үйлчилгээ л үзүүлэх ёстой.

Мөн өглөө бүр "Words of Wisdom" буюу "Онч мэргэн үгс" гэсэн гарчигтай имэйл ажилтнууд руугаа явуулдаг. Бидний хийж байгаа зүйлсийн үнэт зүйлийг ойлгоход туслахад хийгээд хувь хүний хөгжил, бүтээмжийг нэмэхэд чиглэсэн онч мэргэн үгсийг агуулсан цахим шуудан гэсэн үг л дээ. Ингэхдээ дандаа англи хэл дээрх үгийг монгол хэл рүү орчуулж явуулдаг юм. Өнөөдрийн үг маань "Танд 2 сонголт бий: Нэг бол амь зууж л амьдрах, эсвэл өөрийнхөө амьдралыг зохиох". Цалин авах гэж л ажилдаа ирсэн үү, эсвэл ирээдүйгээ бүтээх гэж ирсэн үү гэдгийг асууж байгаа үг юм. Зүйр үгс надад үнэт зүйлсийг минь сануулдаг. Заавал адилхан байх албагүй, гэхдээ өөрийнхөө амьдрал дээр хүн бүр сайн дадлуудыг хөгжүүлээсэй гэж хүсдэг юм.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ хуваалцана уу?

Би ухаалаг утсыг хүний их сатааруулж цагийг нь үрдэг хэрэгсэл гэж боддог. Дээрээс нь хуруу маань бандгар болохоор товчоо олж дарахад их хэцүү (инээв). Тийм учраас Blackberry дээрээсээ имэйлд хариу бичихэд арай амар байдаг. Гэхдээ ер нь байнга лаптоп дээрээ сууж байдаг тул утаснаасаа аль болох интернэтэд орохгүйг хичээнэ.

Надад хэрэглэх дуртай гар утасны аппликэйшн байсан бол тэр нь лавтайяа мэдээ уншдаг апп байх байсан. Би амьдарч буй орчин, эргэн тойрон, дэлхий ертөнцөд ямар үйл явдал болж байгаа талаар мэдээлэлтэй, ухамсартай байхыг хичээдэг. Тиймээс мэдээ их уншдаг. Аав маань өглөө бүр сонин уншдаг байсан болохоор багаасаа ийм дадалтай болсон байх. Харин голдуу цахим байдлаар мэдээний сайтуудаар их зочилно.

Сошиал медиагаас бол фэйсбүүк, твиттер ашигладаг. Ажлын шаардлагаар ЛинкедИн хэрэглэнэ. Тэмдэглэлийн дэвтэр, толь бичигтэй их зууралдана.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Үнэндээ би цаг хэмнэхдээ тааруу хүн. Товч ярьж болох юмыг нуршуулж, сунжруулсаар байгаад их цаг авчихдаг. Товч ярьж сурах хэрэгтэй л байгаа юм (инээв).

Гэхдээ анхаарлаа төвлөрүүлэх нь их чухал гэж боддог. Анхаарал сарниулж болох хүчин зүйлсийг арилгаж, өөр зүйлд сатааралгүй ажлаа хийхийг хичээдэг. Би цэцэг арчлах дуртай, зөвхөн ажлын өрөөнд л гэхэд 6 цэцэг бий. Өглөө ажилдаа ирэнгүүтээ цэцгээ усалдаг юм. Ингэх миний оюун санааг эерэг болгож, стресстэй байсан бол тайлж, ажилдаа төвлөрөхөд тусалдаг.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, хэрхэн хөтөлдөг вэ?

Хуучинсаг байж магад, гэхдээ хийх ажлын жагсаалтаа би цаасан дээр хөтөлдөг. 7 хоног бүр цаасан дээр хийх ажлуудаа бүртгэж, хөтлөөд амралтын өдөр үзэж хянаад, шинэ цаас гаргаж бичдэг. Надад олон газраас төрөл бүрийн хүсэлт, даалгавар ирдэг учир тэдгээрийг нэг газар нэгтгэх нь их чухал. Ажилтнууддаа ч to-do list гаргаж сурахыг их уриалдаг, тийм жагсаалт хөтөлдөггүй хүмүүс яаж ажиллаж болоод байдгийг ойлгодоггүй юм.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Би өөрийгөө бизнесийн болон хувийн ёс зүйтэй хүн гэж бардам хэлж чадна. Би шударга, үнэнч хүн. Харилцагчид маань, хамтрагчид маань, дарга нар маань надад итгэдэг. Тийм ч учраас би энэ ажлыг нэр төртэйгөөр эрхэлж байна. Америкт байгаа дарга нар маань намайг өөрсдийнх нь нүд, гар, чих бол гэж томилсон учир хувийн эрх ашгийг хойш тавин, ажилдаа сэтгэл гаргаж, үүргээ ухамсарлаж, бүх зүйлд нухацтай хандан ажиллаж байна.

Надад хэзээ ч амархан ажил гэж байгаагүй. Хэчнээн олон жил хийсэн, хэчнээн мундаг мэргэшсэн ч би бүх ажлыг хүнд, чухал гэж авч үзэн, бүх зүрх сэтгэлээ зориулан хийдэг. Би хэзээ ч ажлаасаа, хийж байгаа зүйлээсээ уйдаж байгаагүй. Хамгийн сүүлд энэ үгийг хэзээ хэлснээ ч санахгүй байна. "Уйдаж үхлээ" гэсэн постууд сошиал медиагаар зөндөө байхыг хараад би их гайхдаг. Тийм өнгөгүй, тийм зорилгогүй, сонирхолгүй амьдарч болдог гэж үү? Ядаж ном нээгээд юм уншаач гэж хэлмээр санагддаг. Амьдралыг хувь хүн өөрөө бүтээдэг, цогцлоодог шүү дээ.

Нөгөө талаар би харилцааны тал дээр гайгүй сайн гэж боддог. Би өөрөө их өрөвч, энэрэнгүй хүн. Хүмүүс хааяа хэт зөөлөн гэж хэлдэг л юм. Гэхдээ би нөгөө хүний замаар явж үзээгүй учраас шууд уурлаж бухимдан, ширүүнээр шүүмжлэх дургүй. Аль болох нөхцөл байдлыг олон талаас нь харан, зовлонгоос нь хуваалцаж, ойлгох хүсэлтэй. Монголд дарга хүн захирангуй байх ёстой гэсэн нэг ойлголт яваад байдаг. Өндөр албан тушаалтай хүмүүс бүгд л тушаачих гээд, захирчих гээд байдгийг анзаарсан. Харин би тийм байхыг хүсдэггүй. Даалгавар өгөөд болж байвал үнэлээд, болохгүй бол яагаад болсонгүйг, шалтгааныг нь ухаж ярилцахыг хичээдэг. Хэнд ч шударга хандаж байх хэрэгтэй.

Монгол хэлийг ийм өндөр түвшинд эзэмшсэн нууцаасаа хуваалцана уу?

Хүмүүс намайг монгол эхнэртэй учир монгол хэлийг сайн эзэмшсэн гэж боддог байх. Гэхдээ бид гэртээ ихэвчлэн англиар ярьдаг юм. Хамгийн гол нь тасралтгүй суралцах гэж хэлмээр байна. 1998 онд сүмийн шугамаар сайн дурын англи хэлний багшаар Монголд анх ирэхдээ өдөр бүр 10-15 үг цээжилдэг байлаа. Тухайн үед жижигхэн тэмдэглэлийн дэвтэр халаасандаа хийгээд, хүмүүстэй харилцахад, сонин уншихад гарч ирсэн мэдэхгүй үгээ тэмдэглэж аваад, дараа нь толь бичгээс утгыг нь хараад цээжилдэг байсан. Ойлгоогүй үгээ ойлгосон юм шиг дүр эсгээд өнгөрөөж чаддаггүй юм. Юу гэж байгаа юм бол доо гэсэн бодол төрж, утгыг нь тайлах хүртлээ тайван амарч чаддаггүй.

Одоо ч энэ зуршил маань хэвээрээ. Ажлын ачааллаас болоод цээжилдэг үг маань 3 болж багассан. Өдөр бүр би 3 монгол үг цээжилдэг. Компьютер дээрээ эксель файл нээгээд цээжлэх үгүүдээ тэмдэглэдэг. Жишээ нь, бороо зүсрэх, бүлхтэй мах, ая тал засах, нялхрах гэдэг үгсийг саяхан тэмдэглэж авсан юм байна.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Эерэг сайн тал гэвэл олныг дурдаж болно. Бид хэрэглэгчдэд хамгийн өндөр сэтгэл ханамжийг өгөхийг эрмэлздэг. Хаалгаараа орж ирэхээс эхлээд л хамгийн сайнаараа үйлчлэх ёстой. Үүнд манай байгууллагын бүх ажилчдын хүчин зүтгэл их чухал. Ядаж л хогийн сав дүүрээгүй байх ёстой, үүднээсээ л таатай сайнаар харилцах ёстой гэх мэт нарийн деталиудад их анхаардаг. Харилцагчийн үйлчилгээгээрээ бид давуу талаа бүрдүүлэхээр хичээж байна.

Өөр нэг зүйлийг зориуд онцолъё. Манай борлуулж буй машинууд хүний амь насыг дааж чадах найдвартай технологитой гэдгийг би өөрийн хувийн туршлагаараа, биеэрээ мэдэрсэн. Хоёрхон сарын өмнө, Яармагийн замаар явж байгаад маш хүнд осолд орсон юм. Эсрэг урсгалд явж байсан согтуу жолооч асар өндөр хурдтайгаар хашлага давж орж ирээд, эгц өөдөөс маань мөргөсөн "аймшигтай" осол болсон. Аз болж, би ганцаараа явж байсан, бүсээ зүүсэн байсан, аюулгүй байдлын хамгийн өндөр тоноглол бүхий Land Rover Discovery-тэй явж байсан. Ослын үеэр бүх шаардлагатай хамгаалалтын хэрэгслүүд ажиллаж, гар маань л шалбарч, ганцхан хавирга гэмтэж, хөнгөн гэмтсэн. Хоёр талаас асар хурдтай, хүчтэй мөргөлдөөнөөс үүсэж байгаа тэр цохилтын хүчийг машины рам, төмөр шингээсэн хэрэг л дээ. Ийм өндөр технологийн, найдвартай машин борлуулж байгаагаараа би үнэхээр их бахархаж байгаа.

Мэдээж хэцүү бэрхшээлтэй талууд бий. Зах зээл маш жижиг гэж хэлж болно. ДНБ нь дэлхийд бүү хэл АНУ-даа ч төдийлөн дуулддаггүй Умард Доката мужийн нэгэн хотын ДНБ-тэй ойролцоо гэхээр өндөр зэрэглэлийн брэндүүдэд хүндрэлүүд их тохиолдоно. Гэхдээ Монгол улсад асар их нөөц бололцоо бий. Би Монголыг уул уурхайн улс гэж хэлэхэд арай эрт байна гэж боддог. Газрын баялаг гэхээсээ илүү хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт илүү потенциал байгаа юм шиг. Зөвхөн төмөр зам, хурдны замаар хязгаарлагдахгүйгээр дэд бүтцийн салбар цогцоороо хөгжөөд эхлэхэд томоохон давуу тал үүсэх боломжтой. Ирээдүй бол гэгээтэй байгаа гэж харж байгаа. Өрсөлдөгчид нэлээд бий. Гэхдээ чөлөөт зах зээлийн хамгийн чухал онцлог бол сонголт. Сонголттой байхад хэрэглэгч л хожно, жинхэнэ утгаараа хаан байж чадна.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Вагнер Ази Автомотив ХХК 8-р сарын 1-ээс эхлэн алдарт Jaguar Land Rover-ийн үйлдвэртэй шууд харьцдаг гэрээтэй болсон гэдгийг дуулгахад таатай байна. Өмнө нь JLR Вьетнам, Камбож, Монгол зэрэг хөгжиж буй орнуудтай шууд харьцдаггүй, үргэлж зуучлагчаар дамжиж ордог байсан юм. Одоо бол дундын зуучлагчийг алгасаадшууд үйлдвэртэй нь харьцаж, албан ёсны төлөөлөгч болж байна гэсэн үг.

Энэ ажлын хүрээнд Британийн бахархал болсон алдарт Jaguar брэнд Монголын зах зээлд орж ирж байгааг хэлэхдээ нэн таатай байна. Tata Motors 2008 онд тусдаа байсан Jaguar, Land Rover-ийг нэгтгэж, 2 өөр ангиллын брэндээр төгс хослол үүсгэсэн гэж мэргэжилтнүүд үздэг юм. Учир нь Jaguar бол өндөр зэрэглэлийн, жижиг, седан төрлийнх бол Land Rover өндөр зэрэглэлийн, том жийп машины брэнд. Бид хоёуланг нь Монголд төлөөлөх юм.

Энэ үйл явдал бол манай компанийн нэгэн шинэ эрин үеийн эхлэл гэж харж байгаа. Зүгээр сүртэй нээлт хийгээд, машинуудаа зараад байх биш дэлхийн стандарт, үйлчилгээний шаардлага, чанарын хяналт, нөү-хауг шууд монголд нутагшуулах боломжтой болж байна. Энэ бол ихээхэн цаг, далайцтай хөрөнгө оруулалт шаардсан шилжилт. Бидэнд суралцах зүйл их байна. Манай ажилчид Сингапур, Индонези руу явж сургалтанд сууж, мэдлэгээ дээшлүүлж байна. Ирээдүйдээ оруулж буй энэ хөрөнгө оруулалтаар олон улсын стандартыг төгс хэвшүүлэхээр төвлөрөн ажиллаж байна даа.

Та хэрхэн Монголд ажиллах болсон түүхээсээ хуваалцана уу?

1998 онд 19 настай байхдаа анх Монголд ирсэн. 3 жил ажиллаад нутагтаа буцаж, их сургуульд суралцаж байхдаа ч монгол хэлийг сайн дураараа зааж байсан минь хэлээ мартахгүй, улам сайжруулах боломж олгосон байх. Тэр үедээ ч эхнэртэйгээ танилцсан. Гэмтлийн мэс засалч болно гэсэн зорилготой байсан залуу химийн хичээл дээрээ амьдралдаа анх удаа онцоос өөр дүн авчихаад бодлоо өөрчилж, бизнесийн удирдлагаар суралцах болсон. Үүнийхээ дараа хэд, хэдэн компанид мэргэжлээрээ ажиллаж, гэр бүлийнхээ компанийг ч удирдахаар болж, карьерын зам маань ерөнхийдөө тодорхой болчихсон байлаа. Гэтэл нэг өдөр "Над руу залга" гэсэн имэйл хүлээж авсан. Залгаад үзсэн Вагнерийн дэд ерөнхийлөгч Монголд ажиллах санал тавьсан юм. Элэг зүрхнээс уяатай гэдэг шиг Монгол ямар нэг зүйлээрээ намайг татсаар л байсан учир тэр саналыг зөвшөөрч Монголд ажиллах болсон доо.

Тухайн үед би үндсэн ажлынхаа хажуугаар сүмдээ хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар сайн дурын ажил хийж байсан юм. Тэгээд нэгэн зарын сайт дээр өөрийнхөө CV-г жишээ болгож тавиад, хүмүүст зааж сургаж байсныг тэр захирал санамсаргүй харж, намайг Монголд тогтвортой ажиллаж болох хүн гэж үзсэн байж л дээ. Ингээд 2011 онд 10 жилийн дараа Монголд дахиж ирээд, одоо Вагнер Ази группд 3 дахь албан тушаал дээрээ ажиллаж байна.

Та ямар төрлийн хөгжим сонсдог вэ? Ямар хөгжим танд эрч хүч өгдөг вэ?

Чив чимээгүй өрөөнд сууж чаддаггүй учир ажиллаж байх үедээ хөгжим сонсох дуртай. Soundcloud дээр дуу сонсоод суух дуртай. Гэхдээ зарим хөгжмийн хорхойтнууд шиг дуртай өөрийн сонсдог чиглэлийг гаргаж ирээгүй, ихэвчлэн алдартай, хит болж буй эсвэл классик дуунуудыг жанр ялгахгүй сонсдог.

Монгол хамтлагуудаас бол "Хурд" их гоё. Анх Монголд ирж байхад мандаж байсан Камертон, Дижитал, Номин талстыг сонсдог. Анх баахан CD-г нь цүнхлээд Америк руугаа буцаж байснаа санаж байна. Сүүлд бол NMN их таалагдаад байгаа. Монголын урлагийнхны гаргаж байгаа хөгжим, бүтээлүүд үнэхээр дундаршгүй, гайхалтай шүү.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Яг одоо бол гурван сарын өмнө нэг хүний бэлэглэсэн Вьетнамын дайны тухай түүхийн ном уншиж байна. Амралтаараа Вьетнам ороод ирсэн болохоор их сонирхолтой санагдаж байгаа.

Би амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар түүхийг унших дуртай. Миний төрөлх Солт Лэйкийн суут бизнесмен, NBA-ийн Юта Жазз багийн эзэн Ларри Миллер агсны намтар номыг саяхан уншсан. Надтай л адил автомашины дилерээс бизнесээ эхлүүлсэн болохоор их уншууртай байлаа. Мөн алдарт Мериотт зочид буудлын сүлжээг үндэслэгч Билл Мериоттын намтрыг дуусгасан юм байна.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Ямар хүнтэй ямар нөхцөлд, мөн ямар хэлээр харьцаж байгаагаас л хамаарна. Яагаад ч юм, монгол хэлээр яривал би их нээлттэй болчихдог юм. Хэлтэй бол хөлтэй гэдэг дээ? Хэлний бэрхшээл байхгүй болчихоор урам аваад яриад л баймаар санагддаг.

Ер нь бол хувь хүнийхээ хувьд дотогшоо тал руугаа. Америкчуудын дунд орохоороо, гэртээ ирэхээрээ тийм яриа биш. Эхнэр маань сайн мэднэ дээ.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Надад 7 цаг унтахгүй л бол хангалттай амарсан юм шиг санагддаггүй юм. Харамсалтай нь 7 цаг унтсан шөнө их л ховорхон санаанд орж байна. Хангалттай унтчихвал нүдний доод хэсэг толигор болоод л, илт сэргээд явчихдаг юм (инээв). Өглөө бол 6:30-д босдог. Өглөө сэрэнгүүтээ гар дээрээ суниадаг. 14 настайгаасаа хойш 23 жилийн турш ийм дадлыг хэвшүүлээд байна. Өнөөдөр л гэхэд 80 удаа суниасан шүү. Оройдоо хүүхдүүдээ унтуулсныхаа дараа компьютер дээрээ жаахан сууж ажиллаж байгаад 00 цаг гэхэд унтахыг хичээдэг.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Би 4 хүүхдийн эцэг. Тийм болохоор "чөлөөт цаг" гардаггүй (инээв). Би эцэг хүний үүргийг хамгийн ариун, хамгийн эрхэм ажил гэж ойлгодог. Миний насан туршдаа хийх ажил учраас аавынхаа үүргийг хэзээ ч цалгардуулж болохгүй, хүүхдүүддээ яаж ч байсан цаг гаргах ёстой гэсэн зарчимтай.

Ажлын онцлогоор оройн цагаар төрөл бүрийн арга хэмжээ, уулзалт, хуралд оролцох шаардлагатай болдог. Гэхдээ л хэчнээн ч оройтсон, хүүхдүүдээ унтахаас нь өмнө хариад, духан дээр нь үнсээд унтуулдаг.

Чөлөөт цагаараа фитнесс хийх дуртай. Зав болохгүй бол гэрийн нөхцөлд дасгал хийнэ. Залуу байхдаа америк хөлбөмбөг, бэйсбол, чөлөөт бөхөөр хичээллэдэг байлаа. Одоо бол үздэг л болж. Гадаа гоё байвал зугаалгаар явах, алхах дуртай. Өвөлдөө бол гэрийнхэнтэйгээ кинотеатр орж, боулинг тоглодог. Харин Америкт бол гэр бүлийнхээ моторт завиар зугаалж, морь унаж явах дуртай.

Бүтэн сайн өдөр бүр сүмийнхээ цуглаанд оролцдог. Сүмдээ сайн дурын ажилтнаар ажилладаг. Энэ бол манай гэр бүлийн үе үеийн турш дагаж буй уламжлал.

Залуу мэргэжилтнүүдэд хандан хамгийн чухал нэг зөвлөгөө өгөөч гэвэл юу гэх вэ?

Хоёр зүйлийг хэлье. Эхнийх нь боловсролтой бол. Боломжоороо хамгийн сайн боловсролыг эзэмш. Бидний үеийн бакалаврын зэрэг, одоогийн үеийн мастертай дүйцэж байх шиг байна. Гэхдээ боловсрол гэдэг диплом, цаасаар хэмжигддэг эд биш. Хийж байгаа зүйлдээ мэргэшихийн нэр юм шүү. Үргэлж өөрийгөө боловсруулж байх хэрэгтэй.

Нөгөөх нь гамтай бай. Олсон мөнгөө үрж биш хадгалж сур. Мөнгө олохоос хадгалах нь хэцүү. Хуримтлал үүсгэж, хадгаламжиндаа хий, эсвэл хөрөнгө оруулалт хий. Урт хугацаагаа бодож, хувийн санхүүдээ эртхэнээс анхаарч байх хэрэгтэй шүү гэж захимаар байна.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Сэтгэл түгшээсэн, санаа зовоосон олон зүйл тохиолдож байдаг ч хорвоо дэлхийг би муу муухай нь давамгайлсан газар гэж бодох дургүй. Аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг үргэлж хичээдэг. Бусад улсуудтай харьцуулахад харьцангуй тайван нийгэмд, сайхан хүмүүсийн дунд эрх чөлөөтэй амьдарч байгаадаа би үргэлж талархалтай явдаг.

Мөн ихэнх хүмүүсийг сайн хүмүүс гэж итгэдэг. Мэдээж хүн бүрт сул тал байдаг ч аль болох сайныг нь харахыг эрмэлздэг. Хүн бүр л надаас ямар нэг зүйлээрээ давуу, миний мэдэхгүй ямар нэг зүйлийг мэдэж байдаг. Тийм учраас таарсан хүн бүрээсээ суралцаж, тэднээс сайныг нь олж харж, өөрийгөө эрч хүчээр цэнэглэж байдаг даа.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Олныг дурдаж болно. Бүгдээрээ л ямар нэг байдлаар надад нөлөөлсөн, хэрэг болсон. Гэхдээ аавынхаа бүр багаас минь надад суулгасан нэг зарчмыг хуваалцмаар байна. Энэ бол нэр төрөө эрхэмлэх, хамгаалах тухай ойлголт юм. Сүүлийн үед залуус сошиал медиа дээр "Бусад хүмүүсийн намайг юу гэж бодох нь надад огт хамаагүй" гэх мэт бичлэгүүд оруулах болсонд их харамсаж явдаг. Нэр төр гэдэг ялангуяа бизнесийн секторт ажиллаж байгаа хүмүүст их чухал. Хүмүүс чиний нэр төрийг үнэлдэг, чамд итгэдэг байх шиг үнэтэй зүйл гэж байхгүй. Нэр төрөө үргэлж дээр авч явахын тулд ёс зүйг эрхэмлэж, хүмүүстэй үргэлж шударгаар харилцаж, биеэ зөв авч явах хэрэгтэй гэж аав минь бага байхаас л сургадаг байсан. Би өөрийн хүүхдүүддээ ч үүнийг зааж өгөхийг хүсдэг. Ер нь 5 хүүхэдтэй айлын ганц хүү нь учир, мөн удирдлаганд нь 6 жил ажиллаж байсан учир аавтайгаа илүү дотно, түүний хүмүүжил миний хувийн амьдралд болон мэргэжлийн карьерт их нөлөөлсөн.

Санаж явдаг үгсээс "Happiness is a choice" буюу "Аз жаргалтай байх нь сонголт" гэсэн үгийг онцолмоор байна. Аз жаргалтай байна гэдэг тухайн хүний нөхцөл байдлаас шууд хамаарна гэсэн тогтсон томьёо байхгүй. Аз жаргалтай байх нь чиний баян ядуу байх, мөнгөтэй юм уу сайн ажилтай байхаас 100 хувь хамаарахгүй. Хандлагаас л бүх зүйл хамаардаг. Аз жаргалтай баймаар бол яг одоо аз жаргалтай болъё гэж шийд. Аз жаргалтай байх эсэх бол бодол санаа, хандлагаас чинь л шалтгаална гэсэн санаа.

Дараагийн удаа энэ буланд хэнийг оруулж, ажлынх нь арга барилтай танилцмаар байна вэ?

Энтрепренерүүд бол шинийг сэтгэж, ажлын байрыг бий болгодог жинхэнэ баатрууд гэж ойлгодог. Тийм учраас энэ чиглэлийн хүмүүстэй ярилцаасай гэж хүсэж байна. Мөн Монгол шиг хөгжиж буй орнуудад төрийн бус байгууллагуудын хувь нэмэр, нөлөөлөл их чухал. Азийн сангийн Монгол дахь төлөөлөгч Мелони Линдбергийг санал болгоё.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.