Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   07 сарын 27, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Зураач С.Заяасайхан

Саяхан даа, наадмын үеэр фэйсбүүк маань хүмүүсийн нэгэн зураачийн үзэсгэлэнд очсоноо харуулсан зургуудаар дүүрсэн юм. Юу болов гээд харвал Японд ажиллаж амьдардаг С.Заяасайхан зураач Монголдоо 15 жилийн дараа үзэсгэлэнгээ гаргасан нь тэр юмсанжээ. Үнэхээр ч их хүн очиж сонирхсон нь илт харагдаж байв. Монгол хатдыг, монгол эмэгтэйчүүдийг бишгүүр хөгжимтэйгээр, тун сонирхолтой, тун өнгөлөг байдлаар зурдгаар нь хүмүүс түүнийг сайн мэддэг. Эртний нүүдэлчдийн амьдрал, түүх соёлоос сэдэвлэн, уламжлалт хийгээд контемпорари арга барилыг хослуулж, олон өнгийг гоёмсгоор зангидан, голдуу монгол эмэгтэйчүүдийн гоо сайхан, мөн чанар хийгээд хүн байгалийн харилцан шүтэлцээг дүрсэлдэг тэрээр 20 гаруй улсад үзэсгэлэнгээ гаргасан, дэлхийн тавцанд амжилттай яваа манай зураачдын нэгэн тод төлөөлөл билээ. Монголоо гадаадад гайхамшигтайгаар сурталчлан таниулж яваа С.Заяасайхан зураач ингэж ажилладаг.

Байршил: Япон
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Чөлөөт уран бүтээлч
Хэрэглэдэг гар утас: iPhone 6C
Хэрэглэдэг компьютер: iMac 20’, Macbook
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Чанартайгаар
Сошиал хуудсууд: www.artzaya.com (вэб), Art of Zaya (фэйсбүүк хуудас), @artzaya (инстаграм)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Зураачийн ажлын зарчим бусад хүнийхээс тэс өөр. Цагт баригдахгүй, дээрээ даргагүй. Төвлөрөхүйц тухтай орчин шаарддаг. Өөрийн хийх бүтээх хүслийг байнга төрүүлэх, хийж буй зүйлдээ шунан дурлах хэрэгтэй байдаг. Зураачид бүгд л дуртай зүйлээ хийдэг учир ажил гэж боддоггүй, ажил гэж хэлүүлэх ч тийм дуртай биш байх. Миний хувьд чимээгүй байдал, хөгжим хоёр ажлын маань салшгүй хэсэг.

Миний нэг өдөр өглөө кофе уухаас эхэлдэг. Өглөө 6-7 хооронд цайгаа уучихаад хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд 9 цаг гэхэд ажилдаа ордог юм. 13 цагийн үед нэг цаг амраад 17.30 цаг хүртэл ер нь суучихдаг шүү. Тэгээд оройн хоолоо иднэ. Орой хүүхдүүдээ унтсаны дараа 21-24 цагийн хооронд мөн бүтээл дээрээ ажиллана. Харин шөнөөр суух дургүй, байгалийн жамаар унтахыг л хичээнэ. Ажиллах цагтаа ажиллаад амрах цагтаа амрах хэрэгтэй гэсэн зарчим барьдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Ажлаа хийж буй үед компьютер, гар утас хэрэглэхгүй. Харин компьютероор хөгжим сонсож болно. Мөн олон цагаар их давтамжтай механик ажил хийх болбол Youtube дээр ярилцлага, баримтат кино мэтийг тавьчихдаг юм.

Фэйсбүүк, Инстаграм ашиглана. CNN, BCC-гээр мэдээ харна, Монголд болж буй зүйлсийг Ub.life, Ikon.mn-ээс тойм хэлбэрээр үзчихдэг. Хамгийн гол, нандин ажлын хэрэгсэл бол мэдээж бийр.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

Арт чиглэлийн хэдэн зуун ном бүхий номын сантай. Өөрийн дуртай уран зураг, гэрэл зургуудыг ханандаа өлгөсөн байдаг. Монголын түүхийн фото зураг цуглуулдаг. Япон их халуун учир том агааржуулагчтай. Зураачийн урлан орон зай шаарддаг тул 80 мкв орчин талбайтай.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өглөө эрт босох. Япончууд эрт унтаж эрт босдог. Босоод мөн өглөөний хоолоо сайн идэх хэрэгтэй. Энэ нь бүтээмжид эергээр нөлөөлж, цаг хэмнэнэ.

Мөн сошиал медиаг ажлын үед хязгаарлах нь цаг хэмнэнэ. Ер нь фэйсбүүкийг голдуу бүтээлээ тавих, мэдээ оруулах журмаар ашигладаг. Хүмүүстэй харилцахад хэрэгтэй ч илүү амьдлаг, нүүр тулсан харилцааг илүүд үздэг.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Өрөөндөө календарь өлгөөд, чухал өдрүүдийг улаанаар тэмдэглэж, доор нь бичих юм байвал бичдэг. Өдөр тутмын зүйлсийг бол тэмдэглэдэггүй, дэвтэр хөтөлдөггүй. Дотроо санаад л явж байдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Уран бүтээлдээ хамгийн сайн нь байхыг хичээнэ. Одоогийн бүтээлүүдээ өмнөх бүтээлүүдтэйгээ харьцуулж, өөрийгөө сайжирч байгаа эсэхийг хардаг. Бусдынхтай бол харьцуулдаггүй.

Монгол хоолнуудаа дажгүй хийчихнэ. Ер нь хоолонд их ач холбогдол өгнө өө. Бас би их цэвэрч хүн. Урлангаа маш цэгцтэй байлгаж, цэвэрхэн суух дуртай. Ер нь өөрийн мэдэлгүй л юм цэвэрлэчихээд байдаг юм.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Зураач хүний жаргал гэдэг хэмжээлшгүй. Өөрөө өөртөө эзэн болж, бор гэртээ богд байна аа гэсэн үг. Хамгийн том жаргал нь эрх чөлөө. Бүтээлүүд нь хүмүүст үнэлэгдэж, хүрч байвал их баярлана.

Нөгөө талаас бүтээлийг нь үнэлэхгүй байх, ойлгохгүй байвал хэцүү байдаг. 6 сар зурсан зургийг маань хүн 3 секунд хараад ойлгохгүй өнгөрвөл харамсалтай. Мөн зураачид өөрсдөө л идэвхтэй байхгүй бол ажлын онцлогоос шалтгаалаад нийгмээс тусгаарлагдчих гээд байдаг талтай.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Саяхан наадмын үеэр, Монголд 15 жилийн дараа үзэсгэлэнгээ гаргалаа. Маршал Арт Галлерейд тавигдсан "Return Into Fantasy" нэртэй энэ үзэсгэлэг маань 2 өдөрт 1500 хүн үзэж сонирхсон. Ийм олон хүн бүтээлүүдийг маань сонирхсонд дотроо “Хөөх” гэж бодсон шүү. Их ч урам зориг авлаа. Уран бүтээлийн санаанууд ч ихээр төрлөө. Ер нь бүтээлийн 50 хувь нь бодол санаа байдаг гэж хэлж болно.

Монголд ирээд тархи амарч, өөрийгөө хөндлөнгөөс харах нөхцөл байдал үүсэж байна. Долоо хоногийн дараа Япон руу буцна. Би ер нь Монголд жилдээ нэг ирдэг, сүүлийн үед 2 ирдэг болчихоод байна. За ойрын зорилтууд гэвэл 10-р сард Японы шивээсний нэрт мастер Хорёоши 3-тай хамтран үзэсгэлэн гаргана. Мөн ирэх 1-р сард НҮБ-ын төв байранд 10 зургаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Та өөрийн уран бүтээлийн онцлогоос хуваалцахгүй юу? Таны бүтээлүүдийг ямар хүмүүс худалдаж авсан байдаг вэ?

10000 цагийн зарчим гэж байдаг даа. Ямарваа зүйлийг 10000 цаг хийвэл түүндээ мэргэшдэг гэх энэ үзэлтэй би санал нийлдэг юм. Брюс Ли хүртэл "Би 10,000 техник мэддэг хүнээс айхгүй, харин 1 техникээ 10,000 удаа давтсан хүнээс айна" гэж хэлсэн байдаг шүү дээ. Тиймээс хэн ч гэсэн уран бүтээлч байх боломжтой гэж боддог. Солгой хоолойтой байсан ч магадгүй 10000 цаг дуулбал дуучин болж болно. Яагаад гэвэл зөвхөн солгой хоолойгоор дуулж болох дуунууд гэж байж болох шүү дээ. Миний хувьд хар зураг гаргахдаа тийм ч их авьяастай биш байх. Оюутан байхдаа ч би өөрийгөө голдог байсан. Харин надад өнгөний мэдрэмж байсан юм. Тиймээс би энэ давуу талаа ашиглан бүтээл туурвиж эхэлсэн. Өнгө гэдэг хүний сэтгэлд хамгийн түрүүнд хүрдэг, хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Өнгө нь алагласан хоол хүний юм идэх дуршлыг даруй төрүүлдэг шүү дээ. Би бүх өнгөнд дуртай, гагцхүү зураг зурахдаа өнгөнүүдийн зохицлыг олох нь маш чухал. Харин хар цагаан зургийн хувьд сэтгэл хөдөлгөхөөсөө илүүтэй хүнд юм бодогдуулдаг талтай.

Миний бүтээлүүдээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай, Хакухо, Харамафүжи их аваргууд нар авч байсан. Харамафүжи их аваргын хувьд өөрөө зурдаг, бид хамтдаа Японд үзэсгэлэн гаргаж байлаа. Мөн Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр, Гүүглийн Маркетингийн албаны дарга, Тайванийн толгой бизнесмэн гээд авч байсан хүмүүс бий. Энд нэг сонирхолтой жишээ дурдвал, нэг удаа би буриадуудын эмгэнэлт хувь заяаны тухай нэлээн "бараан" зураг зурсан юм. Тэгээд нэг их амархан зарагдахгүй байх гэж бодоод байж байтал интернэтэд тавиад 7 л хонож байхад Израйльд байдаг Оросын еврей сонирхсоор байгаад авчихаж билээ. Миний гаргасан санааг ойлгосон бололтой байсан.

Монгол зураач нар дэлхийд хэрхэн үнэлэгдэж байна вэ? Тэдний дэлхийн зах зээлд гарах боломжийн тухай?

Монгол зураач нарт нөөц бололцоо их бий ч сайн ашиглахгүй байна уу даа гэж хардаг. Бидэн шиг нүүдэлчин улсад давуу болон сул тал бий. Хүн төрөлхтөний дийлэнх нь иргэншээд байгалиасаа нэлээд тасарсан байна. Харин бид байгальтайгаа амьдлаг харилцаатай хэвээрээ. Тиймдээ ч бидний сэтгэлгээнээс гарч буй урлаг маш өвөрмөц байдаг. Энэ давтагдашгүй чанараа гол нь дэлхийн хэлээр гаргаж тавих ёстой. Өөрөөр хэлбэл арилжааны хэлбэр лүү оруулахын тулд контемпорари хэллэгээр ярих ёстой болно. Бидэнд хийж бүтээж буй зүйлээс бусдад ойлгуулах хэлбэр лүү хөрвүүлэх мэдлэг, мэдээлэл дутаж байна, дутуу ажиллаж байна гэж хардаг.

Мөн манай зах зээл дэндүү жижиг нь сул тал болдог. Зураг сонирхдог, худалдаж авдаг хэдхэн хүн бий. Зураачид тэр хүмүүст зориулаад зурж эхэлбэл өөрсдийгөө алдах аюултай. Тиймээс зураачид маань шууд дэлхийн зах зээлд чиглэсэн бүтээлүүд хийгээсэй. Бид Бээжин, Шанхайтай ойрхон. Тэнд очвол асар их боломж бий. Хятадууд зургийн зах зээлийн 30 хувийг нь эзэлдэг болсон. Интернэтээр өөрсдийгөө таниулж сурталчлах хэрэгтэй. Хуучны цагт зураачид галлерейнуудаар дамжуулж бүтээлээ борлуулдаг байсан бол өдгөө шимтгэлгүйгээр өөрөө шууд борлуулах боломж нь нээгдчихээд байгаа. Зураачид өөд болсныхоо дараа алдарших бус, амьддаа сайхан амьдрах боломж бүрдсэн. Ер нь бүтээлээ борлуулахын 50 хувь нь маркетинг, 50 хувь нь бүтээл нь өөрөө гэж хэлж болно. Ялангуяа залуу зураач нар арилжааны хувьд бие даахыг эрмэлзэх хэрэгтэй. Мундаг авьяастай ч арилжааны хувьд амжилт олоогүй, архи дарсанд орсон зураачдыг харах харамсалтай байдаг.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Классик рок, хүнд рок, транс электро хөгжимд дуртай. Металлика, U2, 5 Finger Death Punch, Nirvana, Linken Park, Green Day, Radiohead, Coldplay зэргийг сонсоно. 80, 90-ээд оны амьд, фанк хамтлагуудад дуртай юм шиг байгаа юм. Мөн дуусахгүй удаан үргэлжилдэг инструменталь хөгжимд дуртай. Mogwai, Японы Моно, Пинк Плойдын инструменталь хөгжмүүдийг дурдаж болно. Сүүлийн үед Pearl Jam, Three Days Grace-ийг нэлээд сонсож байна. Хоцрогдсон байж магадгүй ч Arctic Monkeys хамтлагт бас дуртай.

Мөн хөгжмөөс гадна ток шоунууд үзэх дуртай. Америкийн Midnight шоунууд байна. Ховард Стерний ярилцлагыг сонсох дуртай шүү.

ТАНЫ СҮҮЛД УНШИЖ ДУУСГАСАН БОЛОН ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Арт чиглэлийн ном цуглуулах дуртай. Сүүлийн үед Японы дунд үеийн зураачдын номуудыг цуглуулж байна. Жишээ нь Сасаки гээд Японы дэлхийд танигдаагүй алдартай зураач байна. Хавтгай зургийг өрнөдийн алслалтай хослуулж олон туршилт хийж байсан зураач. Арт чиглэлийн нийтлэл, өгүүллүүдийг бол мэдээж их уншина.

Сүүлд Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”, Б.Цэнддоо гуайн “Соёлын довтолгоо” зэрэг номуудыг уншсан юм байна. Мөн Baabar.mn-ийн нийтлэлүүдийг харчихаад байдаг юм.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй, нийтэч талдаа хүн шүү. Олон хүнтэй харилцах дуртай. Гэхдээ хүмүүсээс хол байх тусам сайн бүтээлүүд гардаг болохоор өөртэйгөө зөрчилдөх үе гардаг. Зураачид гэхээрээ бүгд дотогшоо хүмүүс байдаггүй. Миний таньдаг нээлттэй, нийгмийн идэвхтэй зураачид зөндөө бий. Пикассо ч бас нийгмийн өндөр идэвхтэй хүн байсан. Тэр хэрээрээ уран бүтээл нь уйтгартай биш, байнга хувьсан өөрчлөгдөж байж.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ? 

Дунджаар 12-06 цагийн хооронд унтдаг. Шөнө 12 цагаас өмнө унтана гэж бараг байхгүй дээ. Орой бага юм идээд 6 цаг унтахад сайхан амардаг. Манайх оройн хоолоо 18 цагт идчихдэг юм.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Чөлөөт цагаа “тэнэж” өнгөрөөдөг. Кофе шопт сууж юм ярих дуртай. Амьд хөгжимтэй пабд суух дуртай. Ер нь би хөдөө өссөн хүн хэрнээ тэгж их хөдөө яваад байдаггүй, хотын амьдралд дуртай хүн юм шиг байгаа юм. Сонирхолтой интерьертэй байшин барилга, дэлгүүр хоршоо, соёл урлагийн арга хэмжээнүүдээр хэсэх дуртай. За тэгээд үүргэвчээ үүрээд камериа бариад аялчихна. Ер нь удлаа гэхэд 3 сар сайн ажиллаад нэг завсарлага авахгүй бол хийж байгаа юмандаа төөрөх, стресстэх магадлалтай. Ингэж завсарлага авч юу хийж байгаагаа мэдрэх хэрэгтэй байдаг. Завсарлага аваад буцаад ажилдаа ороход хаана яваагаа мэддэг, алдаагаа хардаг.

Дугуй унаад Японоор аялна гээд дугуй авсан ч чадахгүй л байна. Спортоос гэвэл K1 буюу холимог тулааны урлаг болон бокс үзэх дуртай. 2 хүү маань бэйсболоор хичээллэдэг. Тэдэнтэйгээ гадаа гарч хааяа бөмбөг шиднэ.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Туурвисан бүтээлүүд маань дараа дараагийнхыгаа хийх урмыг өгдөг. Ер нь бүх юмны сэдэл нь чи өөрөө байх ёстой гэж боддог. Хэн нэгнээс болоод сайн юм уу муу байж болохгүй. Гэр бүлээсээ урам зориг авна. Яаж ч бүтэлгүйтсэн хүүхдүүдээ унтаж байхыг хараад сэтгэл дүүрээд явчихдаг. Байгалийн сайхнаас мэдээж урам зориг авна. Бусдын гоё сайхан бүтээлүүдээс урам зориг авна.

Мөн би өөрөөсөө илүү гэж бодсон хүмүүстэй харилцаж, урам зориг, эрч хүч олж авахыг боддог. Тэд ямар зарчмаар ажиллаж байна, ажилдаа яаж хандаж байна вэ гэдгийг мэдэхийг хичээдэг. Жишээ нь миний уран бүтээлийн найз 65 настай Сорияами Хажимэ гэж зураач бий. Star Wars киноны зарим хувцасны дизайныг гаргаж байсан, Sony группийн зураач хүн. Тэр хүний ямар богинохон хугацаанд олон бүтээл гаргаж байгаа нь, бүтээл бүр лүүгээ сэтгэлээсээ гүн орж чаддаг нь үнэхээр гайхмаар. Хэдэн 7 хоног болоод очиход л миний хийснээс хэд дахин илүүг хийчихсэн байдаг. Гаксан Азума гээд боди арт хийдэг зураач байна. Тэр хүнтэй уулзах бүртээ би хийж байгаа зүйлсийг нь харж “амбаардуулна” шүү дээ. Түрүүнд дурдсан Хориёоши 3 байна. 70 нас хүрч байгаа, нуруундаа 2-3 хагалгаа хийлгэсэн хүн гэхэд маш хөдөлмөрч, өдөрт 6 цаг ажилладаг, мөрөөдөлтэй, эрч хүчтэй амьдардаг хүн.

Мөн зурганд нь дуртай биш ч маркетинг сайн хийж, зургаа хүмүүст хүргэж чаддаг хүмүүсээс ч гэсэн суралцахыг хичээдэг.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Нэг япон хүн надад “Жижиг зүйлийг хийж чадахгүй бол том зүйлийг хийж чадахгүй. Жижиг зүйл дээр итгэл алдвал дараа нь том зүйл дээр хэн ч чамд итгэж найдахгүй” гэж хэлж байсан. Энэ үгийг байнга санаж явдаг. Аливаа зүйлийг жижиг гэж хойш тавилгүй яс хийгээд л явах хэрэгтэй гэсэн санаа юм даа.

Та залуу зураачдад ямар зөвлөгөө хэлэх вэ?

Өөрийгөө ол. Би ч гэсэн өөрийгөө олох гээд явж байна. Өөрийгөө олно гэдэг нь өөрийгөө бүтээх гэсэн үг. Өөрийн хамгийн дуртай зүйлийг олж хийх гэсэн үг. Дуртай зүйлээ олсон бол тултал нь хий. Уран бүтээлийн хувьд хэзээ ч сэтгэл бүү хана. Өөртөө шүүмжлэгч бай. Өөрийнхөө бүтээлийг бусдынхтай биш, өөрийнхөө хуучин бүтээлүүдтэй харьцуул. Бусадтай харьцуулбал өөрийгөө алдаж эхэлнэ. Яагаад гэвэл зураачийн амин сүнс нь өөрийнх нь дахин давтагдашгүй чанар (unique). Өөрийгөө бусадтай харьцуулбал энэ чанараа алдана. Солонгосын гоо сайхны мэс засалд орсон бүсгүйчүүд бол гоо сайхан ойлголтыг бусдынхаар сэтгэж, өөрийн дахин давтагдашгүй чанарыг үгүйсгэсэн хүмүүс. Тэд яг л үйлдвэрийн нэг ижил бүтээгдэхүүнүүд болчихдог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

Unlimited Media Group-ийн захирал Х.Эрдэнэбаярыг санал болгоё.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

60423   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.