Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   06 сарын 22, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Оном сангийн үүсгэн байгуулагч Д.Наранбаатар


Манай ярилцлагад урьд нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн хараахан орж амжаагүй байв. Тэгвэл өнөөдөр бид Монголын эрүүл мэндийн салбарын хамгийн тулгамдсан асуудал буюу элэгний өвчлөлийг бүх нийтийн анхааралд аваачиж, зоригтойгоор нүүр тулан ажиллаж байгаа нэгэн хүнийг зочноороо урилаа. Зочин маань гэхдээ эмч биш физикч, нийгмийн энтрепренер хүн. Алтай хотод арван жилээ, МУИС-ийн физикийн сургуулийг төгссөн тэрээр физикээр АНУ-ын Пюрдугийн их сургуульд 2001 онд магистр, 2005 онд докторын зэрэг хамгаалжээ. Ингээд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнд дөрвөн жил судлаачаар ажиллаад 2010-2013 оны хооронд АНУ-ын физикийн тэргүүлэх лабораториудын нэг Аргоны үндэсний лабораторид профессороор ажилласан байна. 2013-2014 онд Станфордын их сургуульд удирдлагын ухааны магистрын зэрэг хамгаалж, хэдийгээр АНУ-д эрдэмтний хувиар амжилттай ажиллаж байсан ч эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахаар 2014 онд Монголдоо буцан ирж, түүнээс хойш “Оном" сангийнхаа 50 гаруй хүнтэй багийг удирдан ажиллаж байна. Түүнийг Дашдоржийн Наранбаатар гэдэг. Тэр ингэж ажилладаг.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Оном сангийн ТУЗ-ийн дарга
Хэрэглэдэг гар утас: iPhone 6
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 17'
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Тууштай
Сошиал хуудсууд: @ndashdorj (твиттер), Naranbaatar Dashdorj (линкэдин), Naranbaatar Dashdorj (фэйсбүүк), Naranbaatar Dashdorj (Google Scholar)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Ажлыг сайн бодож л хийхийг хичээдэг. Ганцаараа суугаад төвлөрч бодох цаг гаргахгүй л бол манай нийгэм тийм боломж олгохгүй талдаа. Тиймдээ ч сууж хийх ажилтай бол өглөө гэрээсээ ажиллаж байгаад үдээс хойш ажил дээрээ ирдэг.

Удирдах ажилтны хувьд ажилтнууддаа зүг чигийг нь гаргаж өгнө үү гэхээс ажилд нь оролцоод байдаггүй, эрх чөлөө өгдөг. Өөрөө бие дааж ажиллах дуртай болохоор тэгдэг байх.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай ажлын хэрэгсэл, програм, аппликэйшнээсээ нэрлэнэ үү?

Mac-ийн оффис хэрэглээний програмууд болох Pages, Numbers, Keynote-үүдийг байнга ашиглана. Гар утаснаас NYT Now мэдээний аппийг өглөө оройдоо харна. Мөн нийгэмд чиглэсэн ажил хийж буй тул сошиал медиа аппуудыг ашигладаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Цагийн менежмент гэдэг зүйл сүүлийн үед хамгийн их боддог сэдэв болчихоод байна. Америкт бол хийх зүйлс нь тодорхой учраас ажлаа цагт нь хийгээд явж болоод байдаг байсан. Энд олон юм зэрэг хийх шаардлага байнга гарна, гэнэтийн нөхцөл байдлууд үүснэ. Тэгэхээр цагийн юмыг цагт нь хийх л чухал байх. Тухайн имэйлд хариулах ёстой л бол гялс хариу өгчихвөл дараа нь мартахгүй, удаахгүй амар. Бас зөвлөмөөр зүйл биш ч шөнө 2 цаг хавьцаа унтаж л өөртөө нэмэлт цаг гаргадаг болж.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр хөтөлдөг вэ?

Гар утасныхаа Notes дээр товчхон маягаар хөтөлдөг. Багийнхандаа зам гаргах, чиглүүлэх ажлыг хийхийг зорьж байгаа тул хэт их механик ажилтай зууралдахыг боддоггүй.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Олон талтай, олон хүчин зүйлстэй асуудлыг авч үзээд шийдвэр гаргахдаа муугүй болов уу.

Бас би өөртөө их шаардлага тавьдаг. Яагаад гэвэл явж явж дийлэнх асуудал хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг. Ах дүү, найз нөхөд тусалсангүй гээд яваад байх нь тийм ч зөв зүйтэй биш. Ер нь багаасаа л бие даасан хүүхэд байлаа. Харин хүнд тусалбал тусалсан шиг туслахыг боддог. Энэ санаа бодол маань ч одоогийн ажилд хөтөлсөн байх.

Та Оном сангийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

Манай сан эрүүл мэнд, боловсролын салбарт нийгэмд хэрэгтэй зүйлсийг хийж хэрэгжүүлэх зорилготой. Сангаа би хоёр дүүгийн хамт 2008 онд үүсгэн байгуулаад, 2014 оны 9-р сараас үндсэн ажлаа болгоод явж байна. Эрүүл мэндийн салбарт “Элэг бүтэн Монгол 2020” уриатай "ЭРҮҮЛ ЭЛЭГ" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, боловсролын салбарт “Оном” дунд сургуулийг үүсгэн байгуулаад явж байна.

“Эрүүл элэг” хөтөлбөрийн хувьд 2020 он гэхэд Монгол улсад элэгний С вирүсийг бүрэн арилгах зорилготой, цаашдаа элэгний хорт хавдар, нас баралтыг 50 хувь бууруулах зорилготой бол дунд сургууль маань шилдэг сургалттай, хамгийн хямд хувийн сургууль болох зорилготой. Манай сурагчид шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр суралцаж, барууны, тэр дундаа Цахиурын хөндий орчмын нэр хүндтэй их сургуулиудад шууд элсээд суралцах чадвартай болох юм. Энэ жил 100 гаруй хүүхэд элсэж орсон.

Хийж байгаа ажлынхаа онцлогоос хуваалцана уу? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд нь юу вэ?

Эрүүл мэнд, боловсролын салбарт эмч, багш бэлтгэдэг сургалт хийгээд ажилдаа хандах хандлага алдагдсанаас болж бусад асуудлууд нь урган гарч байна. Анх биднийг ашгийн бус ажил хийдэг гэхэд хүмүүс их гайхаж хүлээж авдаг байсан. Шалтгаан нь монголчууд хэт материаллаг нийгмийг шүтдэг болчихжээ. Хүний төлөө хүн ажил хийж болдог юм аа гэхэд итгэдэггүй болчихсон байна. Заавал хэн нэгэн байгууллага, хүнтэй холбоотой гэж боддог.

Бидний хувьд элэгний өвчлөл гэдэг гамшгийн хэмжээнд очсон асуудлыг гарган тавьсан. Монголд элэгний вирүстэй 400 мянга гаруй хүн байна. Элэгний өвчнөөр Монголд өдөрт 7 хүн нас барж байна. Дэлхийд энэ үзүүлэлтээрээ бид “толгой цохиж” явна. Монголчууд хаа хаанаа энэ асуудлыг мэддэг хэрнээ бүр дөжирчихсөн, зоригтой далайцтай алхам ер хийхгүй байсан. Тиймээс бид энэ асуудлыг барьж авч “Эрүүл элэг" хөтөлбөрийг эхлүүлсэн. Нийгмийн том асуудал учраас төртэй хамтран ажиллахаас өөр аргагүй.

Төрөөс гадна эмнэлэг, өвчтөнүүд гэх мэт олон тал оролцсон нүсэр ажил учраас явц нь тийм ч хурдан биш. Талуудад асуудлыг ойлгуулж таниулахад цаг их орно. Олон янзын санаа бодолтой, ажлын гүйцэтгэлтэй хүмүүс таарна. Тиймээс бодит байдалтайгаа нийцүүлэн уян хатан байдлаар ажиллахаас өөр аргагүй болдог.

Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй зүйлс байгаа боловч эерэг сайн тал нь хавьгүй их байгаа нь ойлгомжтой. “Эрүүл элэг” хөтөлбөрийн үр нөлөө нь бусад ажилтай харьцуулшгүй их. ДЭМБ-ын судалгаагаар элэгний өвчлөлтэй тэмцэхгүй бол 2030 он гэхэд Монгол улс 1.5 тэрбум долларын алдагдал хүлээнэ гэж гарсан. Харин одоо энэ асуудалд 1 төгрөг зарцуулж гэмээнэ 2030 он гэхэд 22 дахин өсгөн эргүүлж авах тооцоо хийсэн байсан. 2020 он гэхэд элэгний өвчлөлийг арилгахад 160 тэрбум төгрөг л хэрэгтэй юм билээ. Энэ мөнгөөр 120 км зам тавих уу, 150 мянган хүний амь насыг аврах уу? Бид нэлээд хөөцөлдсөний хүчинд хоёр намын мөрийн хөтөлбөрт элэгний өвчлөлтэй тэмцэх зорилтыг оруулаад явж байна. Ийм буянтай ажил болохоор ажилдаа чин сэтгэлээсээ дуртай, ажлаа хийгээд л баймаар санагддаг даа.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна?

“Элэг бүтэн Монгол 2020” уриатай "ЭРҮҮЛ ЭЛЭГ" хөтөлбөр дээрээ л төвлөрч ажиллаж байна даа. Өнөөдөр гэхэд Станфордын их сургуулийн Хепатит, элэгний эдийн инжинерчлэлийн тѳвийн захирал, Станфордын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жэфри Глэн манай сангийн урилгаар хоёр дахь удаагаа Монголд ирээд байна. Мань хүн Д вирүсийн эсрэг шинэ эмчилгээ нээсэн дэлхийд нэртэй эрдэмтэн. Өнөөдөр буюу 6 сарын 22-нд 17.30 цагаас их сургуулийн дугуй зааланд “Элэгний Д вирүсийн эмчилгээнд анагаахын шинжлэх ухаанд гарч байгаа ололт амжилт, өнөөгийн байдал” сэдвээр олон нийтэд нээлттэй лекц унших бол маргааш манай сангийн байранд эмч нарт лекцээ тавина. Нэг ноцтой баримт хэлэхэд, гурван сая хүнтэй Монгол улсад элэгний хамгийн хүнд хэлбэрийн вирүс болох Д вирүсийн халдвартай 120 мянган хүн байхад 740 сая хүнтэй Европийн Холбоонд ийм халдвартай 120 мянган хүн байна!

“Эрүүл элэг” хөтөлбөр маань одоогоор хэд хэдэн үр дүнд хүрээд байгаа. Америкт асар өндөр үнээр зарагддаг, үр нөлөө өндөртэй эмүүдийг бид 100-200 дахин хямдруулан оруулж ирж байгаа. Жишээ нь С вирусын бүрэн устгадаг эмийг Монголдоо 100 дахин хямдруулан борлуулж байх жишээтэй. Алсдаа бид энэ эмүүдийг улам хямдруулж өвчтөнүүдийн эмийн зардлыг сарын 50 доллар л болгох зорилготой.

Гэхдээ хийж чадсан хамгийн чухал ажил маань эмийн үнэ хямдруулсан гэхээс илүүтэй элэгний өвчлөл ямар түвшинд байгааг төр засагт ойлгуулж, хөдөлгөж чадсан явдал юм. Өвчтөнүүдийг мөн нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эрхээ хамгаалах системтэй болгосноо маш чухал ажил гэж боддог. Хөдөөгүүр лекц тавиад ажлаа хийгээд явж байхад ийм хэрэгцээ ямар их байсан нь харагддаг. Хөгшин хүмүүс “Хүү минь чи буянтай ажил хийж байна” гээд бүр гараас адис авч байна. Иргэд тэгтлээ баярлаж хүлээж авч байгаа хэрэг.

Та ажиллаж байх үедээ хөгжим сонсдог уу? Ямар төрлийн хөгжимд дуртай вэ?

Ажиллаж байхдаа сонсоно. Сонгодог, хүнийг амраадаг хөгжим сонсох дуртай.

Таны одоо уншиж буй ном?

Миний хувьд номыг аудиогоор нь их сонсдог. Америкт байхдаа орой ажил дээрээ "Тунгалаг тамир" романыг тавьчихаад л суудаг байлаа. Монгол ахуйг нүдэнд харагдтал дүрсэлсэн гайхалтай бүтээл. Сүүлийн үед эдийн засгийн номууд уншиж байна. Яг үнэндээ манай улсын эдийн засаг мухардалд орчихоод байгаа. Уул уурхайд найдвар тавьж байтал сэргэхэд хэцүү байдал үүсээд байна. Тиймээс хүний тархинд түшиглэсэн мэдлэгийн эдийн засаг, эрчимжүүлсэн мал аж ахуйн салбаруудаа сайн додомдох ёстой гэж боддог.

Мөн хүүхдүүдтэй хамт оройдоо ном уншина. Хүүхдүүдэд физикийн ойлголтуудыг энгийнээр тайлбарласан Why Physics гэдэг номыг уншаад явж байгаа. Залуучуудад Surely you’re joking Mr.Feynman! номыг санал болгоё. Шинжлэх ухааны ойлголтуудыг маш сонирхолтой байдлаар танилцуулсан ном байдаг.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл илүү дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Нээлттэй талдаа хүн. Бодож байгаа зүйлээ үнэн бодитой хэлэхийг хичээдэг. Тиймдээ ч жишээ нь "Эрүүл элэг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж ажилласан зарим улс төрчдөд намаас нь үл хамааран сошиал медиагаар талархлаа илэрхийлсэн. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, монголчууд нэг нэгийгээ шүүмжилж чаддаггүй. Хүн ам цөөхөн болохоор тэгдэг юм уу, буруу зүйл хийснийг нь мэдээд байгаа хэрнээ, хэдэн хүнтэй тойрч суухдаа жигтэйхэн ярьдаг мөртлөө нөгөө хүн нь сонсохоор ил тод хэлдэггүй. Буруу зүйлийг бодитоор шүүмжилж байж, зөв зүйлийг бодитоор сайшааж байж улс цаашаа хөгжинө гэж боддог.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Түрүүнд хэлсэнчлэн жаахан орой унтдаг дутагдалтай. Шөнө 2 цагаас өглөө 8 цагийн хооронд ихэвчлэн унтдаг. Заримдаа 3, 4 цаг хүртэл суух нь ч бий. Гэхдээ шөнийн 3 цагаас хойш унтвал бие амардаггүй юм билээ.

Таныг ажиллаагүй үед чинь хаанаас олж болох вэ?

Гэртээ л гол төлөв байна даа. Фитнест өдөртөө нэг цаг гаргахыг хичээдэг. Нэг хэсэг гүйх гэж үзээд, одоо боксын бэлтгэл сонирхож байна. Бокс нь богино хугацаанд асар их энерги шаарддаг, хөлс асгаруулдаг юм билээ. Монголын нийгэмд өвдөж л болохгүй. Тиймээс спортоор хичээллэж, эрүүл мэндээ анхаарч байх хэрэгтэй.

Өвдөж болохгүй гэснээс элэгний вирүсээс монголчууд сайн урьдчилан сэргийлэх хэрэгтэйг энэ далимд сайн захья. Элэгний өвчлөл усны чанар, архины хэрэглээ, өөх тостой хоолоос илүүтэй элэгний вирүсээс үүддэг. Элэгний вирус жишээ нь ДОХ-ын вирүсийг бодвол цусаар дамжих эрсдэл нь хэдэн арав дахин өндөр байдаг. Ахуйн ариун цэвэр бас сайн сахих хэрэгтэй.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч олж авдаг вэ?

Ажил дээр, өвчиндөө бууж өгөлгүй тэмцээд ялж байгаа хүмүүсээс их урам зориг авдаг. Манай сангийн байранд баасан гараг бүр өвчтөнүүд цуглаад эмчилгээний явц болон бусад зүйлсийг ярилцдаг юм. Одоо та бүхэнтэй ярилцсаны дараа хамтран ажилладаг нэг эгчтэй уулзана. Хагалгааны сувилагч тэр эгч эрүүл мэндийн салбарт ажилласныхаа төлөө вирүсийн халдвар аваад хохироод явж байгаа хүн. Ер нь эмч сувилагч нар халдвар авах магадлал энгийн хүнээс 3 дахин өндөр байдаг. Хүмүүсийг анагаах гэж яваад амьдралаараа хохирно гэдэг дэндүү харамсалтай хэрэг. Өвчинтэйгээ тэмцэж буй эдгээр хүмүүсийн үг яриа, хийж буй үйлдлийг хараад "би зөв зүйл хийж байгаа юм байна шүү" хэмээн бодож, улам цаашаа сайн ажиллах урам зориг авдаг даа.

Мөн суут хүмүүсийн намтар унших дуртай. Фэйнман, Ван Гог, Фитжералд, Кант гэх мэт хүмүүсийн амьдралыг уншихад гайхалтай байдаг. Жишээ нь Кант цагийг хамгийн зөв зохистой зарцуулдаг хүн байсан юм билээ. Түүнтэй уулзаад салахдаа нөгөө хүмүүс нь цагаа тааруулдаг байсан (тухайн үед цагны чанар сайн биш байж) гэж байгаа юм.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө

Аав минь “Тэвчээрийн доор алт тунана” гэж байнга захьдаг. Бас “Ухаарч амьдрах сайхан” гэж хэлэх дуртай. Энэ үгсийг л байнга санаж явдаг даа.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлынх нь арга барилтай танилцмаар байна?

Зохиолч Чинагийн Галсан гуайг санал болгоё. Өндөр сахилга баттай, нөр хөдөлмөрч хүн.

Гэрэл зургийг Б.Батзаяа

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

48379   9


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.