Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   05 сарын 26, 2016

Мэдүүштэй вэб: Edx.org - Дэлхийн боловсролыг гэрээсээ + Зуны амралтаараа үзэх 5 хичээл

Технологийн хязгааргүй боломж боловсролын салбарыг дайрч, хэдхэн жилийн өмнө бүтэшгүй мэт санагдаж байсан саадыг нэвтлэн, шинэ үеийн суралцагчдад асар их бололцоог нээж өгч байна. Онлайнаар, хүссэн төхөөрөмжөө ашиглан, дэлхийн шилдэг их сургуулиудын хичээлийг гэрээсээ, ажил дээрээсээ үзэх, суралцах боломжийг олгосон Edx-ийг бид энэ удаад онцоллоо. Боловсролын ирээдүйгээр хамтдаа аялцгаая.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Дэлхийн шилдэг их сургуулиуд болох Харвард болон MIT-ийн хамтран үүсгэн байгуулсан энэхүү платформ нь ижил төсөөтэй онлайн сургалт санал болгодог үйлчилгээнүүдээс нээлттэй эх дээр ажилладаг, мөн ашгийн бус бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдгаараа ялгардаг. Одоогийн байдлаар энэхүү платформоор дамжуулан 70 гаруй их, дээд сургуулийн 1000 орчим хичээлийг 8 сая хэрэглэгч үзэж судалжээ.

Edx-ийн хичээлийг та хаанаас ч, хэзээ ч үнэ төлбөргүй үзэх боломжтой. Нэг хичээл нь дунджаар 5-7 долоо хоног үргэлжлэх бөгөөд 8-10 минутын урттай цуврал видео лекцүүдээс бүрддэг. Гэрийн даалгавар, долоо хоног бүрийн тест, эцсийн шалгалт зэрэг урьдчилан өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэсний дараагаар та хичээлийг дүүргэснийг илтгэх гэрчилгээ, сертификатыг авах боломжтой.

Одоогийн байдлаар энэ платформд MIT, Harvard, University of California, Boston University, Cornell зэрэг топ их сургуулиудаас гадна Microsoft, IMF, MongoDB, Amnesty International зэрэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани, байгууллагууд хичээлээ санал болгож байна.

Ямар давуу, онцлог талуудтай вэ?

Та хүссэн хичээлээ үнэ төлбөргүй сонгон, ямар ч цагт баригдалгүйгээр, гэхдээ ихэнх тохиолдолд тодорхой хугацаанд багтаан үзэх боломжтой. Дэлхийн шилдэг их сургуулиудын туршлагатай багш нарын лекцийг өөрт тохирсон хурдаар, өөрийн хүссэн хэрэгсэл дээрээ үзнэ гээд бод доо? Хадмалаар текстийг нь гаргаж, сүүлд нь слайдуудыг нь татаад авчихаж болдог учир давтаж, эргэн сэргээхэд ч дөхөмтэй. Хичээл дундуур үзсэн зүйлээ давтах жижиг тестүүд байдаг нь анхаарал шалгах маш оновчтой шийдэл болсон.

Хичээлийн төрлүүд нь ч сонголт арвинтай. Дундад зууны үеийн барууны соёлын түүхээс эхлүүлээд харь гараг судлал хүртэл, дата анализ, статистикаас эхлээд бүх түвшний програмчлалын хэлний хичээлүүд энд бий. Хувь хүний хөгжил, бизнес, маркетинг, хэлний хичээлүүд нь их алдартай. Ихэнх хичээлүүдэд долоо хоногт 10-15 цаг зарцуулахыг шаарддаг.

Цогц, хэрэглэхэд хялбархан. Та өөрийн сонгосон хичээлдээ бүртгүүлэх, үргэлжлүүлэх, дуусгах явц, ажиллах интерфэйс нь маш хялбар хийгдсэн. Гэрийн даалгавар хийх, шалгалт, тест өгөх зэрэг нь ойлгомжтой. Мөн хичээл, курстэй холбоотой унших материал, тэдгээрийн холбоосыг өгсөн байдаг нь их зүгээр.

Өөрийн тухайн хичээл дээрх процессийг хянах, дүнгээ шалгах зэргийг график дүрслэлээр харуулсан байдаг. Мөн хамт суралцаж байгаа оюутнуудтайгаа санал сэтгэгдлээ хуваалцах, асууж тодруулах зүйлээ лавлах, эсвэл багш нараасаа мэдэхгүй, ойлгоогүй зүйлээ тодруулах хэлэлцүүлэг үүсгэх боломжтой.

Зарим сэдвээр мэргэшихэд зориулан багц хичээлийг санал болгодог. Энэ нь та хэд хэдэн холбоотой хичээлийг дараалж үзэн, тухайн сэдвийнхээ мэргэшсэн сертификатыг эзэмших боломжтой гэсэн үг. Зарим тохиолдолд их сургуулийн кредитээ ч тооцуулах боломжтой байдаг юм байна лээ.

Та багахан төлбөр (ихэнхдээ 25 доллар) төлөөд албан ёсоор баталгаажсан сертификат, гэрчилгээ авч болдог. Энэ нь таны CV-н дээр тухайн сэдвээр мэргэшсэн, албан ёсоор топ сургуулиас хичээл үзсэн гэдгийг гэрчлэх баримт бичиг болдог. Linkedin дээр судалсан хичээлүүдийнхээ холбоосыг шууд оруулах бололцоотой болсон нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа билээ.

Ямар сул талтай вэ?

Монголчуудад хэлний бэрхшээл нэлээн тулгардаг. Гэхдээ татаж аваад, текстийг нь тусад нь уншиж, орчуулах, мөн видео лекцийнхээ хурдыг удаашруулан үзэх боломжтой нь энэ асуудлыг шийдэж болно. Зарим мэргэшсэн хичээлүүд нь төлбөртэй байдаг. Гэхдээ боловсролдоо мөнгө зарцуулахаас өөр ухаалаг хөрөнгө оруулалт тийм ч олон байхгүй байх, үгүй гэж үү?

Unread-ийн үнэлгээ

MOOC-ийг шинэ түвшинд авчирч, дэлхий нийтэд үнэгүй-чанартай боловсролыг түгээж буй EDX-д бид 9 оноо өгч байна.

Бонус: Удахгүй эхлэх сонирхолтой хичээлүүд

Зуны зугаатай өдрүүд эхлэх гэж буй энэ өдрүүдэд Unread танд цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, шинэ мэдлэг, шинэ чадвар олж авахад тань туслах хичээлүүдийг санал болгож байна. Та мөнгө төлөх, аппликэйшн бөглөх хэрэггүй. Зүгээр л цагаа зарцуулж, хичээхэд л хангалттай. Амжилт хүсье.

Төслийн менежментийн үндэс - Аделайдын их сургууль, 6-р сарын 12-оос

Бүх төрлийн төслийг эхлүүлэх, удирдах, хянахад шаардагдах анхан шатны мэдлэг олгох сургалт. Долоо хоногт ердөө 2-3 цагийг энэ хичээлд зарцуулан, 6 долоо хоногийн дотор төслийн менежментийн талаарх анхан шатны мэдлэгтэй болоорой.


TOEFL-ийн бэлтгэл - ETS, 6-р сарын 13

Дэлхийн хамгийн алдартай шалгалтуудын нэг, таны гадаадад суралцах баталгаа болсон TOEFL-ийн шалтгалтанд бэлтгэх нууцыг эндээс сураарай. Уг шалгалтыг авдаг ETS байгууллагаас албан ёсоор шалгалтын бэлтгэлийг олон нийтэд анх удаа нээлттэйгээр санал болгож байна.


Нарны аймгийн одон орон - Аризона Мужийн Их сургууль, 6-р сарын 6

Сонирхогчдод зориулсан одон орны хичээл. Бидний оршин буй нарны аймаг, түүнтэй холбоотой сансар судлалын нууцууд, ололт амжилт хийгээд хүлээгдэж буй үр дүн. Одон орны гайхамшигтай ертөнцөөр хамтдаа аялцгаая.

Маркетингийн шинжилгээ: Хэмжих хэрэгслүүд - UC Berkeley - 6-р сарын 7

Маркетингийн кампанит ажил, хөтөлбөрүүдийн үр дүнг та хэрхэн хэмждэг вэ? Хамгийн түгээмэл арга хэрэгслүүд болон орчин үеийн аргачлал, шинжилгээний талаар эндээс сурах боломжтой.

Пайтон ашиглан програмчлах нь: Компьютер шинжлэлийн үндэс - MIT, 6-р сарын 6

Бидний өдөр тутмын амьдралд өрнөн буй төрөл бүрийн асуудлыг компьютерийн тооцооллыг ашиглан хэрхэн шийдвэрлэж болох вэ? Програмчлалын хамгийн түгээмэл хэлүүдийн нэг Python-ийг эндээс сураарай.

68966   9


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.