Апп Тойм

Апп тойм: Evernote - Таны цахим санах ой

05 сарын 17, 2016


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor
@Ganzorig


11764   3




Evernote-ийг тун идтэй цахим тэмдэглэлийн дэвтэр, цахим санах ой гэж хэлж болно. Хэрвээ та компьютер дээр олон цагийг өнгөрүүлдэг бол, эсвэл ухаалаг гар утастай бол Evernote дээр бодсон санасан, үзсэн дуулсан, хийхээр төлөвлөсөн бүхий л зүйлсээ марталгүй нэг дор тэмдэглээд явах боломжтой. Evernote бол компьютерийн програм ч мөн, гар утасны апп ч мөн. Ингээд таны хамгийн сайн цахим туслах болох өндөр магадлалтай Evernote-ийг тоймлон танилцуулж байна.

Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Хүн ямар ч мэргэжилтэй, ямар ч ажил эрхэлдэг байлаа гэсэн ямар нэг тэмдэглэлийн дэвтэртэй байдаг шүү дээ. Тэгэхээр Evernote бол ямар ч төрлийн хүнд хэрэгтэй "зэвсэг" юм. Дээр нь өдөр тутмын хийх жагсаалтаа тэмдэглэхээс эхлээд хурлын тэмдэглэл, эссэний санаа, сайтууд дээрх өөрийн нууц үгүүд гээд юуг ч энд тэмдэглэж болно. Evernote-ийг ашиглаж эхэлбэл эмх цэгцтэй, зохион байгуулалт сайтай болно гэдэгтээ та эргэлзэх хэрэггүй.

Ямар онцлог, давуу талуудтай вэ?

-Тэмдэглэлдээ фото зураг аваад оруулж болно.
-Тэмдэглэл дотроо жагсаалт үүсгэхэд хялбар. Жишээ нь хийх ажлын жагсаалт гаргаад, тус бүрийнх нь урд талын дөрвөлжинг “хийсэн” гэж чагтлаад явахад урамтай байдаг.
-Дуу хураагуурыг нь ажиллуулж аудио файл хадгалж болно.
-Гар утсан дээрээ зураг зурах буюу өөрийн гараар бичиж болно.
-Тэмдэглэл дотроо сануулах сэрүүлэг тавьж болдог. Тухайн тэмдэглэлийг эргэн харах цаг болоход гар утас, компьютерт тань notification ирнэ.
-Тэмдэглэлүүдээ түлхүүр үгээр (tags) ангилан хадгалах боломжтой
-Тэмдэглэлээ share-лж, бусдад харуулж болно.
-Хайлт нь хүчирхэг. Тэмдэглүүд болон дотор нь хавсаргасан төрөл бүрийн өргөтгөлтэй файлуудаас хайлт хийдэг.
-Evernote-тэй найзууд, ажлынхантайгаа чаталж болно.
-Олон гуравдагч аппуудтай нэгдэж ажилладаг.
-Гар утас, компьютер, таблет зэрэг бүх л төхөөрөмж дээр ажилладаг. Evernote-дөө та хаана ч, хэзээ ч нэвтрэх боломжтой.
-Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой.

Миний хувьд компьютер дээрээ апп байдлаар суулгасны дараа Microsoft Word-ийг ашиглах нь эрс багассан шүү. Яагаад гэвэл текстийг янзлах гол гол функцууд нь бүгд байдаг. Интернэттэй л байвал дээр нь бичсэн зүйлс автоматаар хадгалагддаг. Интернэтгүй үед оруулсан тэмдэглэлүүд ч компьютерээ унтраахгүй л бол интернэтэд холбогдмогц хадгалагдаад явдаг.

Ямар сул талтай вэ?

Сул тал гэчихээр зүйл үнэхээр байхгүй шахам. Миний хувьд үнэгүй хувилбар нь хангалттай сайн. Мэдээж жилийн 24.99, 49.99 долларын багцуудыг нь авбал бүр л хязгааргүй, гайхалтай боломжуудаар хангагдах болно. Нэг жишээ хэлэхэд, та төлбөртэй хувилбарыг сонгосон бол тэмдэглэлээ шууд презентац болгон харуулах боломжтой байдаг.

Unread-ийн үнэлгээ

Орчин цагийн олон зүйлд сатаарсан ярвигтай амьдралыг хялбарчилж чадах Evernote-д бид 9 оноо өглөө.

Хариу бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.