Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Апп Тойм   04 сарын 12, 2016

Таны утсанд байх ёстой англи толь бичгийн апп-ууд

"Хэлгүй бол хөлгүй" болсон, ялангуяа англи хэлний чадвар хамгийн чухал болсон энэ цагт бид таныг хэрэглэж буй толь бичгээ эргэн нэг сонжоосой гэсэндээ энэ удаа англи толь бичгийн апп-уудыг онцоллоо. Гэхдээ эдгээр апп-ууд бүгд таны утсанд байх ёстой гэсэн үг биш, туршиж үзээд таалагдсанаа хэрэглээрэй. 

The Free Dictionary

Хамгийн түгээмэл хэрэглэгддэг толь бичгийн апп байж магадгүй. Давуу тал нь төрөл бүрийн найдвартай толь бичгүүдээс үгийн утгыг харуулдаг. Тухайн үгийг ном зохиолд хэрхэн ашигласныг харуулах эшлэлүүдээр баялаг. Товчхондоо тайлбар сайтай. Гэхдээ үгийн сангаар Merriam-Webster-ийг гүйцэхгүй юм билээ. Би энэ апп-ийг ашигладаг. Олон нэмэлттэй хувилбар нь 1.99 доллар.

Татах: iOS, Android

Merriam-Webster

Merriam-Webster бол хамгийн нэр хүндтэй толь бичгүүдийн нэг. Үгийн сан арвин, тайлбарууд нь чанартай. Оффлайн ажиллагаатай. Таалагдсан үгсээ хадгалах боломжтой. Өдөр бүр нэг үгийг онцлон танилцуулдаг. Онлайн байгаа үед хайх үгээ бичиж цаг алдалгүй утсандаа уншиж өгөн хайлгах боломжтой. Мөн үгийн утга, зөв бурууг таадаг, нэрлэдэг тоглоомууд нь их сонирхолтой. Үнэтэй, илүү олон нэмэлттэй хувилбар мэдээж бий.

Татах: iOS, Android

Dictionary

Үгийн сан дажгүй баялаг. Хэрэглэхэд амаргүй, үзэмжтэй. Merriam-Webster-тэй адил өдөр бүр нэг онцлох үг танилцуулдаг. Мөн блог хэсэгт нь үгийн гарал угсаа, хооронд ялгаа зэргийн талаар сонирхолтой бичвэрүүд нийтлэгддэг юм билээ. Оффлайн ажиллана. Мөнгө төлөөд олон нэмэлттэй хувилбарыг нь ашиглаж болно.

Татах: iPhone, iPad, Android

Urban Dictionary

Ер нь гар утсанд олон толь бичгийн апп хэрэггүй. Хэд хэдийг туршиж үзээд өөрт таалагдсаныгаа үлдээхгүй бол энэ төрлийн апп их зай эзэлдэг. Дээр бичсэнчлэн толь бичгийн апп-ууд хоорондоо тийм сүрхий ялгаатай биш. Харин Urban Dictionary бол бусдаасаа тэс өөр. Энгийн үгс биш ярианы хэл, албан бус хэллэгт түгээмэл ашиглагддаг, сүүлийн үед моодонд орж буй хэлц үгсийг та магадгүй ганц эндээс олох байх. Учир нь Urban Dictionary-г хэрэглэгчид нь бүтээдэг. Тиймээс тайлбарууд нь ч албаны бус. Апп-ийн хувьд оффлайн ажилладаггүй бөгөөд янз бүрийн нэмэлт функц байхгүй.

Татах: iOS, Android

Mazaalai

Монгол тайлбартай толь бичиг хэрэглэхийг хүсвэл Mazaalai-г татаарай. Англиас монгол руу, монголоос англи руу хөрвүүлдэг. Оффлайн ажилладаг. Үг хадгалж, үг нэмэх боломжтой. Үгсийн тайлбар нь тун боломжийн.

Татах: iOS, Android

357784   6


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.