Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   03 сарын 30, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан

Монголын Эдийн Засгийн Форум эхэлж буй энэ өдөр бид тус форумын “Монгол мөрөөдөл” хэмээх салбар хуралдааныг даргалах эрхэмтэй хийсэн ярилцлагаа толилуулж байна. Тэр бол Монголын хамгийн том төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан юм. “Эрдэнэс Монгол” нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 100 хувь, "Оюутолгой" ХХК-ийн 34, "Шивээ Овоо" ХХК-ийг 90, "Багануур" ХК-ийн 75 хувийг эзэмшдэг, эдгээр стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах үүрэг хүлээж ажилладаг компани. Жорж Вашингтоны их сургуулийг дүүргэсэн тэрбээр Азийн Хөгжлийн Банкны Манила дахь оффист олон жил ажилллахдаа Төв Азийн эрчим хүчний томоохон төслүүд дээр ажиллаж байсан бөгөөд эх орондоо ирснийхээ дараа "Ньюком" группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан 50 МВт-ын Салхин цахилгаан станцыг бүтээн байгуулах ажлыг амжилттай удирдан гүйцэтгэсэн юм. Хамгийн сүүлд Б.Бямбасайхан захирал Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын төслийн санхүүжилтийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Эрчим хүч, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарт арвин туршлагатай түүнийг ДЭЗФ-аас 2014 онд Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулж байв.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Сонгуульт ажил: Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн, ӨАБНУ-ын Өргөмжит консул
Таны ажиллах арга барилыг ганц хоёр үгээр тодорхойлбол: Мэдээлэл, тооцоонд үндэслэж шийдвэр гаргах
Хэрэглэдэг гар утас: iPhone 6 (Blackberry-г өнгөрсөн жил хүртэл хэрэглэж байгаад Apple руу бүрэн шилжсэн)
Хэрэглэдэг компьютер: MacBook, iPad Pro (кийбордын хамт)
Сошиал аккоунтууд: Б.Бямбасайхан (Linkedin) B.Byambasaikhan (Twitter)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг дүр эсгэдэггүй гэж товчоор хэлье. Карьераа эхлүүлээд 20 гаруй жил болсны дараа "нэг хүн бүх зүйлийг төгс мэдэх, чадах боломжгүй юм байна" гэдгийг маш сайн ухаараад байна. Тийм учраас сайн менежер гэдэг бол сайн багтай, тухайн асуудлаа хамгийн сайн мэддэг мэргэжилтнүүдийг цуглуулсан хүнийг хэлэх юм байна гэж ойлгодог. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг царайлж, эцэст нь бөөн хор уршиг учруулах, эсвэл нэг аргаар олон дахин оролдоод, өөр үр дүнд хүрэх гээд үзээд байгааг "солиорол" гэж нэрлэж болно. Тийм учраас болохгүй бол шууд хаяж, шинэ аргыг зоригтойгоор туршиж, хэдий туршлага, мэдлэг дутлаа ч хамгийн сайн мэргэжилтнийг олж ажиллуулах боломжийг үргэлж эрэлхийлдэг. Олон улсын байгууллагуудад ажиллаж байх үедээ хамгийн сайн зөвлөх, мэргэжилтнүүдийг цуглуулах нь ажлыг хэрхэн урагшлуулж, үр дүнтэй байдгийг сайтар ойлгосон доо.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Миний ажил өглөө сэрээд утсаа авч, имэйлээ шалгахаас эхлэдэг. Ихэнх хүнээс илүү имэйл ашигладаг гэж боддог. Заавал утсаа солилцож, уулзалт товлож, уулзаж байснаас имэйлээр урьдчилан мэдээлэл солилцож, дараа нь шаардлагатай бол бэлтгэлтэйгээр уулзах нь аль аль талынхаа цагийг хэмнэж байгаа хэрэг болдог. Имэйл бол өдөр тутмын харилцааны гол хэрэгсэл гэдэг утгаар ажлынхандаа имэйл бичих соёл, дадлыг хэвшүүлэхээр анхаарч байгаа. Ажлын хэрэгсэл талаасаа самбарыг их ашигладаг.

Сошиал аккоунтуудаас бол Linkedin-ийг илүүтэй ашигладаг. Твиттер аккоунттай, гол эх сурвалжууд руу тогтмол зочилж, гадаад дотоодын мэдээг уншдаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Тэрбээр The Economist сэтгүүлийг унших дуртай гэнэ. Мөн их ажилласан, ядарсан үедээ хамрын тамхи татахад сэргэлэн болдог хэмээн ярив.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

30 минутын дотор хурлаа хийж дуусгах. Хамгийн зөв бөгөөд шуурхай шийдвэрүүд 3 хүнтэй ажлын хэсгээс, гэхдээ 2 хүн нь байхгүй үед л гардаг гэж ёгт үг байдаг юм. Зөвлөх шаардлагатай бол гялс тодруулаад, хурдан шийдвэр гаргаж, үр дүнтэй хуралдах нь цаг их хэмнэдэг. Заримдаа би өөрөө босож зогсож байгаад хурлаа хийчихдэг юм. Тэгэхээр бусад хуралд оролцогчид биеийн хэлэмжийг маань ойлгож, яаралтай, шуурхай ажиллах хэрэгтэйг мэдрэн, их үр дүнтэй хуралддаг.

Та хийх ажлын жагсалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Календарийг ихэвчлэн ашигладаг даа. Утас, таблет, лаптоп гээд бүх төхөөрөмж рүү sync хийчихдэг нь их амар байдаг. Бүх хуваарьт ажлууд дотроо тэмдэглэлүүд оруулчихдаг юм. Цаасан дээр гол гол зүйлсээ тэмдэглэх нь бий ч, дараа нь заавал төхөөрөмжүүд рүүгээ хуулж оруулдаг.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Хурдан хугацаанд оновчтой шийдвэр гаргах гэж хэлж болох байх. Миний ажлын гол даалгавар бол ерөөс шийдвэр гаргах. Буруу шийдвэр гаргах, алдах тохиолдол мэдээж байх ч түүнээсээ хурдан суралцаж, алдаагаа гялс засаад явах нь их чухал. Шийдвэр гаргахгүй удах, бүр огт гаргаж өгөхгүй байх нь өөрөө ажил гацааж, бизнест зардлын хувьд сөргөөр нөлөөлдөг. Тийм учир аль болох хурдтай ажиллахыг эрмэлздэг.

Ахуйн талаасаа бол сайн машин барьдаг гэж боддог шүү. Машинаа аваад, арчлаад, тоноглоод унах их кайфтай байдаг. Ажлын ачаалал, уулзалтын хуваариас шалтгаалаад, мөн зогсоолоос болоод өөрөө машин барих нь эрс багассан ч боломж олдвол өөрөө машинаа унах дуртай.

Таны хийж буй ажлын онцлог юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

"Эрдэнэс Монгол" компанийн зорилго өөрөө Монголын хамгийн үнэ цэнтэй баялгуудыг нэг дор нэгтгэж, санхүүгийн болон бизнесийн зөв сайн менежментээр удирдах юм. Бид бол дэлхийн зах зээлийн л нэг хэсэг учир зах зээлээс тусдаа, өөрөөр тоглолт хийнэ гэдэг өрөөсгөл, боломжгүй ойлголт. Тиймээс өнгөрсөн нэг жилийн хугацаанд төрийн өмчит компани гэхээр л толгойд буудаг нийтлэг "монгол" ойлголтыг дэлхийн стандарт руу шилжүүлэх, ахиц гаргахаар хичээн ажиллаж байна.

Хувь хүний болон мэргэжлийн хувьд яг өнөөдөр, ийм түвшинд, ийм байгууллагыг удирдаад ажиллаж байгаа минь маш том боломж, маш том аз гэж хардаг. Хүмүүс надад итгэж, ийм том реформ хийх эрхийг олгож байна гэдэг бол асар том хариуцлага. Өдөр тутам л шинэ зүйлсийг сурч, мэдэж авч байна. Бас өмнөх ажлуудаасаа олж авсан туршлага, мэдлэгээ шууд хэрэгжүүлэх боломжтой байгаадаа их олзуурхаж байгаа. Энэ бол зөвхөн Монголд л тохиох аз байх.

Хэцүү бэрхшээлтэй талууд мэдээж бий. Хийж байгаа ажлууд минь хууль эрх зүйн олон хязгаарлалттай тулдаг. Бид ажлаа олон хуулийн хүрээнд явуулдаг ч тэдгээр нь өөр хоорондоо зөрчилддөг, үүнээс хамаараад их цаг зарцуулж, зардал их гаргах хэрэгтэй болдог. Өөрөөс чинь бус өрөөлөөс болж шийдвэр гаргалтууд гацаж байгаа нь үр ашиггүй зардал л их гарч байна гэсэн үг.

Б.Бямбасайхан захирал заримдаа standing desk буюу өндөр ширээ ашиглан босоогоороо ажлаа хийдэг аж. Энэ нь нуруу чилэхгүй байхад эерэг нөлөөтэйгээс гадна ажлаа хурдан хийхийг өөрт нь сануулж байдаг бололтой.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Яг одоо бид Багануур, Шивээ-Овоо, Эрдэнэс Тавантолгой зэрэг охин компаниудынхаа санхүүгийн үнэлгээ, аудитын тайлан дээр голчлон ажиллаж, түүнээсээ үндэслэн зах зээл дээрээс хөрөнгө босгох ажлаа төлөвлөж байна. Бид үйл ажиллагаагаа сайжруулах, томруулахын тулд мөнгөтэй байх хэрэгтэй ч яг одоо бол дотоодын зах зээл дээр мөнгө хомс байна. Тиймээс гадаадын зах зээл дээрээс илүү хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт татах ажилд төвлөрч байна даа.

Мөн Монголын Эдийн Засгийн Форумд 6 дахь жилдээ оролцох гэж байна. Энэ платформ бий болсон нь өөрөө их том ололт гэж би боддог. Олон талууд цуглаж, асуудлаа ярилцаж, шийдэл хайж, тэр нь бодлогын шийдвэрт тусаад явах нь эрүүл орчин үүсэх нөхцөл юм. Миний хувьд энэ жил Глобал Шэйпэрс нийгэмлэгийн зохион байгуулж буй "Монгол Мөрөөдөл" гэсэн салбар хэлэлцүүлэгт модератороор ажиллах болно.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ? Ямар төрлийн хөгжим таныг эрч хүчтэй болгодог вэ?

90-ээд онд өсвөр залуу насаа үдсэн учир үеийнхнийхээ адилаар хип хоп, R&B хөгжимд татагддаг. Tupac-д ихэд "дурлаж" сонсож явлаа. Нэг хэсэг iPod аваад, дуртай баахан дуунуудаа хийчихээд завтай үедээ сонсдог байсан ч хөдөө ажлаар явах үедээ гээчихсэн юм.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна вэ?

Яг одоо бол эхнэрийнхээ авч өгсөн Хенри Киссинжерийн "On China" гэдэг номыг уншиж байна. Гэвч яг цаг гаргаж, дуусгаж амжихгүй л яваад байна. Kobo-доо сонирхолтой санагдсан нэлээд хэдэн номыг татаад авсан, бас л уншиж амжаагүй байгаа. Хамгийн сүүлд Питер Хопкиркийн "The Great Game" гэдэг 19-р зууны үеийн Төв Азийн нөхцөл байдлын тухай сонирхолтой байдлаар бичсэн түүхэн номыг уншиж дуусгасан даа. Уран зохиолын ном бас чөлөө зав гарвал унших дуртай. Дэн Брауны зохиолуудыг бүгдийг нь уншиж байсан.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хувь хүний зан төлвийн тест болох Myers and Briggs-ийн тестийг саяхан хийж үзсэн. Ер нь бол илүү экстроверт талдаа гарсан байсан. Хийж буй ажилд маань харилцаа холбоо их чухал учраас ажлын шаардлагаар ч тэр, нээлттэй байх хэрэгтэй болдог. Хүмүүстэй харилцаж байж л амьдарч, хүмүүстэй харилцаж байж л ажлаа амжуулдаг шүү дээ, бид.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Ерөнхийдөө орой 12 гэж унтаад өглөө 7 цаг гэж сэрдэг. Гэхдээ өвөлдөө арай их унтаж, зундаа эрт сэрдэг гэхээр нар дагаж унтах хэвшил өөрчлөгддөг юм шиг санагддаг. Хийж буй ажлын онцлогтой уялдаад Нью Йорк, Сидней, Лондон гээд цагийн өөр өөр бүсүүдэд байгаа түншүүдтэйгээ холбогдох, цахим хурал хийх шаардлага гардаг учир шөнөөр ажиллах, ажил дээрээ хонох бол энгийн үзэгдэл.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Амралтаараа аль болох гэртээ байж, хүүхдүүддээ цаг гаргахыг хичээдэг. Хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр орох, гадуур явах дуртай. Долоо хоног бүр заал авч, сагсан бөмбөг тоглодог. Фитнест бол долоо хоногтоо 3 удаа очихыг эрмэлздэг.

Гольф их тоглодог байсан. Филиппинд Азийн Хөгжлийн Банкинд ажиллаж байхдаа гольфын талбайд очиж өглөө бүр 300 бөмбөг цохичихоод ажилдаа явдаг байлаа. Тэр үед цохиур гарт ороод, амжилтаа ахиулахын тулд хичээж, түүнээсээ кайф авдаг байсан. Одоо харин тоглох маань эрс багасаж, муу тоглолтоосоо "дарамт" авах нь ихэсчихээд байна (инээв).

Залуу мэргэжилтнүүдэд хандаж, хамгийн чухал НЭГ зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ?

Өөрийгөө төгс илэрхийлж сур. Чи ямар ч ажил хийж байж болно, гэхдээ өөрийнхөө хийж буй ажлыг, санааг нөгөө хүндээ сайн илэрхийлж чадахгүй бол амжилтанд хүрэхэд хол байна гэсэн үг. Өөрийгөө сайн илэрхийлж чадвал ажил хэрэг чинь амархан урагшилж, аль аль талынхаа цагийг хэмнэж, үр ашиг нэмэгдэж, зардал хэмнэнэ шүү дээ.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Гэр бүлээсээ үргэлж эерэг энерги авч байдаг. Юунд ч санаа зовохгүй, стрессгүй, амар амгалан орчин гэрт л байдаг. Бас хөдөө гараад эзгүй хээр талд машинтайгаа давхих сайхан. Эргэн тойрон ямар ч машин, зам, барилга байшин байхгүй эзгүй хээр талд орчноо 360 градусаар нь мэдрээд явахад стресс тайлагдаж, амарч чаддаг. Монгол хүний гадныхнаас ялгарах давуу тал нь энэ эрх чөлөөт орон зайн мэдрэмж байдаг байх гэж хааяа бодогддог. Бизнест, уулзалт хэлэлцээрүүдэд ч гэсэн энэ мэдрэмж маань эергээр нөлөөлж, элдэв юманд баригдалгүй, тайван байхад тусалдаг гэж боддог шүү.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Бага байхад аавын минь хэлж байсан зөвлөгөөнүүд намайг төлөвшүүлж, хүн болоход минь ихээр нөлөөлсөн. Байнга сургаад байдаггүй ч нэг хэлэхээрээ тодорхой, даацтай үг унагадаг хүн. "Хүнийг зөв таних хэрэгтэй" гэж олонтаа хэлдэг байсан нь миний толгойд хоногшиж үлдсэн, үргэлж санаж явдаг зөвлөгөө. Олон хүн, олон талтай харилцаж байгаа энэ үед хүнийг сайн таних нь нээрээ л их чухал юм гэдгийг ойлгож байна даа.

Та манай энэ буланд хэнийг санал болгож, ажлын арга барилтай нь танилцахыг хүсэж байна вэ?

Өмнө нь "Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Камерон Мкрайг санал болгомоор байна. Ид залуугаасаа өдийг хүртэл 30 гаруй жил уул уурхайн салбарт хуримтлуулсан арвин мэдлэг, туршлагаас нь би их зүйлийг сурдаг. Цагийг хэрхэн зөв ашиглаж байна, асуудалд хэрхэн хандаж байна, хэрхэн хувийн бэлтгэлээ хангаж байна гэдгээс нь залуус суралцах хэрэгтэй гэж боддог. Түүнээс бизнест, ялангуяа гэрээ хэлэлцээр хийж байх үед гэрийн даалгавраа сайн хийх нь ямар чухал болохыг мэдэрсэн.

Гэрэл зургийг Д.Ганзул


Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

75915   20


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.