Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Мэдүүштэй   03 сарын 17, 2016

Ub.life сайтын CEO Ж.Тэгшжаргал: Миний хэрэглэдэг мэдүүштэй вэбүүд

Бид "Мэдүүштэй вэб" буландаа хоёр долоо хоног тутамд зочин урьж, хэрэглэдэг вэбүүдийг нь сонирхохоор шийдсэн юм. Ингээд хамгийн анхны зочноороо шинээр үүсгэн байгуулагдсан www.ub.life сайтын гүйцэтгэх захирал, Балдоржийн шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргалыг урилаа. 

Нэр: Жамъян-Очирын Тэгшжаргал
Ажилладаг салбар: Хэвлэл мэдээлэл
Сошиал медиа хаягууд: @tekism (medium), @tekistt (твиттер)
Цагаа хамгийн их үрдэг "дэмий" зүйл чинь юу вэ?
Buzzfeed-ийн таавруудыг (quiz) бөглөх. Big Bang Theory, Friends гэсэн 2 цувралтай холбоотой бүх тааврыг гүйцээсэн.

1. Мэдээлэлд

“Хэн надад үнэнийг хэлэх вэ?” Мэдээлэл авах эх сурвалжаа сонгохдоо энэ асуултыг өөртөө тавихыг зөвлөж байна. Амьдрал үргэлжилж, адал явдал тасрахгүйн дээр түүнийг танд хуваалцах гэсэн хэдэн сая веб бий. Мэдээж бүгдээр нь шагайх боломжгүй учраас эх сурвалжуудаа цөөлж, хэрэгцээгээр нь ангилаад үзээрэй.

Жишээ нь, би яг одоогоор www.ub.life сайт дээр ажиллаж байгаа учраас дотоодын мэдээллүүд дотор нь амьдарч байгаа. Харин гадаад мэдээллийн хувьд шуурхай үйл явдлыг www.cnn.com –оос (тэд хэзээ ч шуурхай үйл явдлыг алддаггүй) нэлээн шүүж, зөвхөн чухал, даацтай мэдээг харъя гэвэл www.newyorker.com, www.theatlantic.com, www.time.com, www.economist.com–оор (энэ гурав шуурхай мэдээлэх гэхээсээ илүү, үйл явдал болсны дараа учир шалтгааныг тайлбарласан байдгаас гадна хөнгөн, хуумгай үйл явдалд ач холбогдол өгдөггүй, зөвхөн чухлыг сонгодог сонголтоороо ялгарна. Анзаарвал эд цөм сэтгүүлийн вэбүүд. Сэтгүүл долоо хоногт, эсвэл сард нэг удаа хэвлэгддэг учраас чухлыг шүүж, чухал бишийг орхихдоо маш сайн) шагайдаг. Энэ дөрөв байхад надад мэдээлэл авахын тулд өөр сайтаар шагайх хэрэг гардаггүй.

2. Шилдэг нийтлэлүүд

Хэрэв та даацтай нийтлэлүүд уншихыг хүсдэг бол www.longreads.com, www.longform.org -ийг зөвлөж байна. Энд хэвлэл, мэдээллийн бүхий л алдартай вэб хуудсуудын онцлох, шилдэг нийтлэлүүдийг нь шүүгээд, товч тайлбарыг нь бичээд, линкийг нь тавиад өгчихсөн байдаг. Нэрнээсээ эхлээд ойлгомжтой, ер нь овоо урт нийтлэлүүд байх ч NewYork Times, New Yorker, Guardian, GQ, Vanity Fair гэхчлэн бүхий л “мундаг”-уудын цахим хуудаст нийтлэгдсэн шилдэг нийтлэлүүдийг нэг дороос уншина гэдэг хэчнээн сайхан. Дээрх хоёр вэбийн аль, алиных нь сонголт нь маш сайн.

Дээр нь тухайн сайтуудын өөрсдийн вэбдээ бүрэн эхээр нь тавьсан нийтлэлүүдийг сонгодог учраас та ямар нэгэн “гэмт хэрэг”-т холбогдохгүй. Дотроо улстөр, бизнес, гэмт хэрэг, соёл урлаг гэхчлэн ангилалуудтай.

3. Сонирхолтой цэснүүд

Мэдүүштэй вэбүүдээс гадна тэдэн дотор “сувд” шиг сайхан булангууд бий. Жишээ нь, www.theguardian.com–ийн documentary буланг онцломоор байна. Ердөө 5, 10 минутын видео түүхүүд нь маш сонирхолтой, хэдэн цаг үргэлжлэхгүй болохоор ажлынхаа дундуур өөрийгөө амраангаа үзчихэж боломжтой.

“Time” сэтгүүлийн шинэхэн автор Иан Бреммерийн нийтлэлүүдэд дуртай. Тиймээс зөвхөн түүний хуудсаар өдөрт нэг удаа заавал ордог. Яг одоо анхаарлын төвд байгаа халуун сэдвүүдийг барьж аваад, таван хэсэгт хуваагаад бүхий л гол мэдээлийг багцлаад биччихдэг нь амар байдаг. “Economist” сэтгүүлийн “Economist explains” цэсэнд яг одоо анхаарлын төвд буй чухал мэдээллийг товч мэдээлэл, инфографик тайлбарын хамт маш ойлгомжтойгоор хүргэдэг. Өдөрт нэг л удаа, нэг л сэдэв.

Үйл явдал дагаж, оргилж буцалмааргүй, энгүүн сайхан нийтлэлүүд уншъя гэвэл New York Times-ийн Magazine цэсийг зөвлөж байя. Цөөн тооны, сонирхолтой, интерактив нийтлэлүүд энд бий.

4. Нэмэлт

Дотоодын хоёр вэбийг санал болгож байна. Нэг нь www.artfilm.mn кино мэдээллийн сайт. Дэлхийд ид шуугиулж буй арт кинонуудын товч тайлбар, мэдээллүүд бий. Хамгийн чухал нь киноны бүх төрлийн жагсаалтуудыг нь онцолмоор байна. XXI зууны шилдэг 100 кино, Каннын дээд шагнал хүртэж байсан кинонууд, Бүх цаг үеийн шилдэг 1000 кино, Мартин Скорсезийн санал болгосон 39 кино гэхчлэн хөврөх жагсаалт, кино мэдээллүүд таныг ахисан түвшний үзэгч болоход их хэрэг болно.

Яг үүнтэй адил номоор дагнасан www.tagtaapublishing.mn сайт. Гадаад, дотоодын зохиолчдын ярилцлага, номын танилцуулга, уншсан номынхоо тухай уншигчдын сэтгэгдэл нийтлэлүүд бий. Энд зөвхөн номтой холбоотой л мэдээлэл бий ч мөр холбодог болгоныг зохиолч гэлгүй, үдсэн цаас болгоныг ном гэж тооцохгүй өөрийн гэсэн шүүлтүүр, “ёс зүйн код”-той бөгөөд эрхлэн гардаж ажиллуулдаг хүмүүсийнх нь сонголт өндөр түвшнийх нь байдаг учраас мэдэх хэрэгтэй, мэдвэл зохих номуудынхаа мэдээллээс хоцрохгүй.

34020   12


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.