Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Номын тухай   02 сарын 20, 2016

"Монголчууд XVII-XX зууны эхэн үе" зурагт номын тойм

Энэ удаагийн танилцуулах ном бол түүхийн ном. Гэхдээ зүгээр ч нэг түүхийн ном бус зурагт ном юм. Түүхийн ном гэхээр л урт удаан, олон үйл явдлын дараалал байдаг хэв маягийг эвдсэн, урьд өмнө нь нийтлэгдэж байгаагүй шинэ тутам зургуудтай нэн сонирхолтой энэ номыг Монсудар компани цувралаар гаргаж байгаа ажээ.

Онцолж буй ном маань “Монголчууд” цувралын он дарааллын хувьд эхнийх буюу “Орос, Монгол, Манж” дэд гарчигтай, XVII-XX зууны эхэн үе хүртэлх Монголын түүхийг өгүүлсэн бүтээл юм. Энэ бол манай улсын түүхийн эмгэнэлтэй бөгөөд ээдрээтэй цаг үе билээ. Өмнөдийн Манж улс, умардын Орос улс их гүрэн болон томорч, урьд нь өөрсдөө эзлэн захирч асан тэдгээр улсуудын бодлого, үйл ажиллагаа монголчуудын хувь заяанд шууд нөлөөлж эхэлсэн байдаг. Монголчууд бид дэлхийн эзэнт гүрэн байгуулж явсан түүхээрээ хэзээд бахархан хэлэлцдэг ч бусдын эрхшээлд өнгөрүүлсэн төр улсгүй үеэ төдийлөн сайн мэддэггүйгээс гадна дурсан санах ч тийм дуртай биш. Гэвч чухам тэр цаг үед монголчууд ямар нөхцөл байдалд амьдарч, түүхийг хэрхэн бүтээж байсныг танин мэдэх нь бид чухам хэн бэ гэдгийг илүү сайн мэдэхэд улам тустайг өгүүлэх юун.

Энэ 300-аад жилийн хугацаанд монголчуудын дотоод амьдрал хэрхэн өөрчлөгдсөн, амьдралын хэв маяг ямар байдалтай болсныг жуулчдын тэмдэглэл, архивын баримт, гэрэл зургийн баялаг сангаас бодитой мэдэж авах боломжийг энэ ном олгожээ.

Гэрэл зургийн санг тус номын ерөнхий редактор, түүхч С.Чулууны хувийн архив, “Фотомон” агентлагийн цуглуулгаас бүрдүүлсэн бөгөөд техник технологийн боломж бий болсон 19-р зууны хоёрдугаар хагасаас 20-р зууны эхэн үе хүртэлх түүхийг гэрэл зургаар түлхүү харуулсан бол үүнээс өмнөх үеийн аж байдал, үйл явдлыг төрөл бүрийн ном шаштир, сан хөмрөгөөс татсан олон зуун уран зураг, газрын зураг, дүрст материалаар “амилуулсан” байна.

Хэлбэр дизайны хувьд эхэн хэсэгтээ он дарааллын товчооныг зурагтайгаар дэлгэрэнгүй оруулж, текстийн дунд “Дэлхий дахинд”, “Урьд”, “Хожуу”, “Түүхэн хүмүүсийн товч намтар” зэрэг булангуудыг шигтгэж өгсөн нь уншихад нэн сонирхолтой бөгөөд цэгцтэй болжээ.

Зарим сонирхолтой эшлэлүүд

Ойрад хэмээх нэрийн гарал нь тэдний ой тайгад нутаглаж байсантай холбоотой бөгөөд ойн ард гэсэн хоёр үг нийлж хэвшээд Ойрад болжээ. 41-р тал

17-р зуунд монголчууд тархай бутархай байсны уршгаар Манж ба Орост эзлэгдэн тусгаар байдлаа алдсан. Монгол улс гэсэн ойлголтой үгүй болж Монгол орон хэд хэдэн том эзэмшилд хуваагдан оршиж байв. Тэдгээр нь Өвөр Монгол, Ар Монгол, Хөхнуурын Монгол, Барга Монгол, Шинэ хязгаарын Монгол зэрэг болно. 107-р тал

19-р зууны дунд үе болоход Ар Монгол 940 гаруй, Өмнөд Монгол 1800 гаруй сүм хийд, хурал номын газар, 150,000 орчим ламтай болсон байв.

Монгол эрчүүдийг үнэлэх үнэлэмж ч өөрчлөгдөж урьд нь дайчин, эрэмгий эрчүүдийн үнэлэмж өндөр байсан бол энэ үеэс эхлэн тайван, цэгцтэй, эд хэрэглэл сайтай эрчүүд нийгэмд дээгүүр байр суурийг эзлэх болжээ. 220-р тал.

Монгол эмэгтэй хүний талаар гадаадын жуулчид бичихдээ: "Үнэнч шударга ба журмыг сахих талаар Монголын эмэгтэйчүүд бусад үндэстний эмэгтэйчүүдээс илүү байдаг" хэмээжээ. 222-р тал

18-р зууны үе хүртэл монголчууд их нас, соёолон, хязаалан гэсэн 3 нас морь уралдуулдаг байж. Харин 19-р зууны дунд үеэс жороо морь, шүдлэн морь, даага гэсэн 3 насны морь нэмж уралдуулах болсон байна. 235-р тал

Уг цувралын хоёрдугаарх нь “Монголчууд XX зууны эхэнд” хэмээх нэртэй бөгөөд ерөнхийдөө манжийн эрхшээлийн төгсгөл үе, өөрөөр хэлбэл дахин тусгаар улс болсон үеэс ардын хувьсгал хүртлэх үеийг өгүүлдэг байна. Харин гуравдугаар боть нь “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” нэртэйгээр 2016 оны 2-р сарын 24-ний 14 цагаас Интерномд нээлттэй хийх гэж байгааг энэ ташрамд дуулгая.

Нээлтийн үеэр: 1. Түүхэн гэрэл зураг ба түүний онцлог, гэрэл зургийг хэрхэн унших вэ?
2. Монголчууд 1924-1959 оны хооронд юу хийж бүтээв?
3. Нийгэм журам байгуулахад гүйцэтгэсэн урлаг соёлын нөлөө зэрэг сэдвүүдээр сонирхолтой ярилцлага, лекц зохион байгуулагдах аж. Тиймд уншигч та ч гэсэн очоод мэдлэгтээ хувь нэмэр оруулах бүрэн боломжтой.

54167   1


НИЙТЭЛСЭН:

Ganzorig Dolingor




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.