Хайх зүйлээ бичээд enter дарна уу

Би хэрхэн ажилладаг вэ?   02 сарын 10, 2016

"Би хэрхэн ажилладаг вэ?" - Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож буй энэ долоо хоногийн "Би Хэрхэн Ажилладаг вэ?" буландаа нэгэн сонирхолтой зочныг урилаа. Жавзандамба хутагт төвийн багш, гавж цолтой энэ эрхэм өөрийн төв хийгээд их сургуулиудаар хичээл зааж мэдлэг, боловсрол болон гэгээрлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэхийн сацуу Гандантэгчилэн хийдийн дэргэдэх "Лавайн эгшиг" радиод ажилладаг бөгөөд Өмнөд Энэтхэгт 10 гаруй жил суралцжээ. Та бүхэн хоосон чанар, төвлөрлөөс авахуулаад олон сонирхолтой сэдвээр яриа өрнүүлсэн Д.Нямсамбуу багшийн хэрхэн ажилладагтай танилцана уу.

Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Жавзандамба хутагт төвийн багш, гавж
Хэрэглэдэг гар утас: G-Mobile
Хэрэглэдэг компьютер: Sony Vaio
Сошиал хуудсууд: NyamsambuuD (твиттер хуудас)

Таны ажлын хамгийн онцлох арга барил?

Ажлын арга барил гэхээр өөр мэргэжлийн хүмүүстэй харьцуулахад учир дутагдалтай байх. Бусад лам нартай харьцуулахад би бурханы шашныг шууд л сайн гэж хэлэхээс илүүтэйгээр "Яагаад" гэж үргэлж асуудаг юм. Аливаа юманд шууд итгэх биш, зарчмын асуудлууд дээр шударга байхыг оролддог. Нэг зүйлд бүгд хошуурч, сайн гээд байдаг, гэтэл тэр нь муу ч байж болно. Муу зүйл ч сайн агуулгатай байж болно.

Мөн хичээл их заана. Хичээл заахдаа хүнд хэцүү ойлголтуудыг хуучны түвэгтэй үг ашиглалгүй, ойлгомжтой үгээр, сонирхолтой жишээнүүдээр ойлгуулахыг хичээдэг. Ойлгомжтой жишээнүүдийг бодож олох гэж их боддог. Анги лам Шагдар гуай гэж мундаг лам, эрдэмтэн байсан юм. Монголын бурханы шашны түүхэнд дэх сонин гайхамшиг болсон эрдэмтэн байсан юм. Ахлах ангиасаа эхлээд л багш болж, өдрийн олон цагийг хичээл зааж өнгөрөөдөг байсан тул дээд ангид үзэх ёстой Авидармын номыг төдийлөн сайн үзэж амжаагүй болов уу гэж хүмүүс боддог байж. Гэтэл гавжийн дамжаа барих үедээ Авидармын номондоо хүртэл гоц сайн байсан бөгөөд хожим нь " би хичээл зааж, бурханы ном тайлбарлаж байхдаа л хамгийн ихээр сурч боловсорсон” гэж хэлсэн байдаг. Бурханы номыг тайлбарлаж байхдаа гарч ирдэг эргэлзээ бүрт би өөрөө эргэлзэж, хариултыг нь номоос хайдаг.

Та хамгийн их ашигладаг, ашиглах дуртай програм, аппликэйшнүүдээсээ нэрлэнэ үү?

Фэйсбүүкийг бол сургалтын мэдээ мэдээлэл мэдээ түгээх зориулалтаар ашигладаг. Харин твиттерийг хувийн хэрэгцээндээ хэрэглэнэ. Богино хугацаанд гүйлгээд харчихад цаг үеийн мэдээлэл авчихдаг давуу талтай санагддаг.

Та ажлын өрөө, ажлын орчноо дүрсэлнэ үү?

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Бурханы шашинд цаг хэмнэх хамгийн сайн арга бол төвлөрөл гэж үздэг юм. Төвлөрөл хэдий чинээ өндөр байна, нэгж хугацаанд ноогдох ажлын бүтээмж төдий чинээ өндөр байна гэдэг. Үнэхээр л тухайн зүйлдээ гүнзгий төвлөрч чадвал өндөр амжилт үзүүлж чадна. Өнөө цагт хүмүүс өөрийгөө ч танихын аргагүй болчихсон юм шиг санагддаг. Яг л өрөөнд өчнөөн олон хүн орж гараад байвал зүс царайг нь анзаарч тогтоож чаддаггүйтэй адил нүүгэлтсэн үүл шиг олон төрлийн бодол санаа толгойнд нь эргэлдэж, энийг харсан бил үү, үгүй бил үү, үүнийг бодсон бил үү, үгүй бил үү гэх мэтээр ийш тийшээ үсчсэн байдал элбэг болжээ. Тийм учраас тэр бүгдийг цэгцэлж, төвлөрч байгаа нь өөрөө цаг хэмнэж байгаа хэрэг юм. Нэг зүйлдээ гүнзгий төвлөрч, түүнийгээ яс гүйцэтгэж, бодлоо чулуу мэт нягт байлгах нь их чухал.

Та хийх ажлын жагсаалтаа юун дээр, яаж хөтөлдөг вэ?

Арай залуу байхдаа бол бүх юмыг саначихад л болно гэж боддог байлаа. Гэтэл сүүлийн үед хүнд худал хэлж, ярьсан тохирсноо мартсан тохиолдол хэд хэд гарсан. Тийм болохоор нэг “инээдэмтэй” тэмдэглэлийн дэвтэр ашиглах болсон доо.

Та ямар зүйлсийг хийхдээ гаргууд вэ?

Буддын нотлохуйн ухаан буюу Чойрын номондоо илүү сайн гэж боддог. Буддын гүн ухаан гэж ойлгосон ч болно. Гандантэгчилэн хийдийн Буддын гүн ухааны дацан сургуулиуд дээр долоо хоног бүр, улирал бүр номын мэтгэлцээн зохион байгуулагддаг юм. Үүнд байнга оролцож, өөрийгөө хөгжүүлж байдаг. Би Чойрын номыг Монголд 4 жил, Өмнөд Энэтхэгт 10 жил үзсэн. Дараа нь англи хэл бие дааж сураад, Английн Сандерландын Их Сургуульд шашин судлалаар ч сурч байлаа.

Нийтлэг, ёс суртахуун талаасаа авч үзэх юм бол би алдаагаа аль болох өөрөөсөө харахыг хичээдэг. Буруу зүйл хийсэн бол өөрийнхөөрөө зүтгэж зөрүүдлэхээсээ өмнө нээрээ би алдчихсан бол яах вэ л гэж боддог. Бурханы шашинд ингэж л сургадаг, итгэхээсээ өмнө эргэлзэж, сайтар тунгаа гэдэг.

Таны хийж буй ажлын онцлог нь юу вэ? Эерэг сайн ба хэцүү бэрхшээлтэй талууд?

Миний хийж буй ажил бүхэлдээ л эерэг сайн гэж боддог. Хүндрэл бэрхшээл бол мэдээж бий. Гэхдээ тэр бол ажлыг бүтээхэд тохиож буй тусдаа садаа юм гэж ойлгодог. Миний хийх гэж хичээж буй зүйл бол олон нийтэд бурханы шашин гэдэг бол тусдаа ёс суртахуун юм, бурханы шашинтан мөн бол ёс суртахуунаа хичээх хэрэгтэй гэдгийг л түгээх, ойлгуулах явдал юм. Мөн бурханы шашин гэдэг бол монгол үндэсний мөн чанарын (national identity) нэг илэрхийлэл, нэг хэсэг юм аа, энэ бол монгол хүний бусдаас ялгардаг, өөр хоорондоо ижилсдэг чанар мөн юм шүү гэдгийг зөв талаас нь ойлгуулахыг хичээж байна. Заавал ийм байх албагүй л дээ, гэхдээ одоогийн нөхцөл байдал ийм л байна. Шашнаас биднийг салгаж ойлгох аргагүй. Гадаадын жуулчдад сонирхуулдаг зүйлсийн маань нэлээд нь Гандан, сүм хийдүүд байдгийг бүгд мэднэ. Монгол хүний бүтээсэн урлагийн бүтээлүүдийн 90 гаруй хувь нь бурхан урлал, шашинтай л холбогдож байх жишээтэй.

Гэтэл шашин гэдэг нь зүгээр л ид шид, аврагч юм гэдэг ойлголт амь бөхтэй оршсоор л байна. Энэ ойлголтын эсрэг бид зүтгээд зүтгээд барахгүй л байна. Дурын “ид шидтэн” дээр очоод намайг засаж, амьдралыг минь сайхан болгооч хэмээн юуг ч хайрлалгүй цацдаг хэрнээ хүмүүст хандсан ийм зүйл, ийм ач холбогдолтой юм хийх гээд байна, дэмжээч гэж хандахад наашаа гэх нь их л ховор байдаг нь эмзэглүүштэй.

Та яг одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

Сүүлийн үед энд тэнд хоосон чанар гэдэг ойлголтын тухай их ярих болжээ. Энэ бол зүгээр нэг хий хоосныг, эсвэл гоё сайхныг хэлж буй үг биш. Үүний цаана маш нарийн, философийн бодрол, дүгнэлт оршиж байдаг. Хоосон чанарыг буддын гүн ухааны оргил нь гэж үздэг юм. Хоосон чанарын тухай өгүүлсэн бүтээлүүд дотроос Богд Зонхова ламын бүтээлүүдийг их сайн гэж үздэг. Богд лам хоосон чанарын тухай таван ном бүтээсний нэг нь болох “Сайн номлолын шим” гэдэг нэртэй номыг монгол хэл рүү орчуулж байна. Бурханы шашны номыг орчуулна гэдэг тийм амар биш. Энэ ном өөрөө буддын олон сургуулиудын үзэл баримтлалыг тайлбарласан учир холбогдох олон ном судрыг судлах хэрэгтэй болж байна.

Манай Жавзандамба хутагт төв дан сүсэгтнүүддээ хандсан, шашны боловсрол, ёс суртахууны хичээл, сургалтаар дагнадаг юм. Бүр анхан шатны ойлголтоос эхлээд олон нийтэд хичээл ордог. 2 сар тутамд нэг элсэлт авдаг. Өдөр бүр 13-21 цагийн хооронд сургалттай байдаг. Сургалтын маань агуулга, хөтөлбөрүүд их цэгцтэй болчихсон гэж хэлж болно.

Мөн би долоо хоног бүр хорих төвд очдог юм. Хорих төвд хоригдож буй хүмүүст ёс суртахууны хичээл орох нь их үр дүнтэй байдаг. Анх очиход нэг хүн босож ирээд “Та нар минь ямар удаж байж ирэв ээ? Бүтэн 6 жил зөвхөн Христийн номлогчид л бидэн дээр ирж байсан. Их л хүлээлээ” хэмээн хэлж байсан нь ихийг бодогдуулж билээ. Шоронд байгаа хүмүүст цаг хугацаа гэдэг өөрөө асар их зовлон, чөлөөт цаг нь тарчлаан болж хувирах нь бий. Элдэв бодол толгойд нь эргэлдэж, тэр нь өөрийг нь дотроос нь идэж байгаа хэрэг. Ийм хүмүүст өөрийгөө бодлоос чөлөөлөх, эерэг зүйл бодох бясалгах тухай зааж сургаж байна гэсэн үг. Үүнээс гадна манай төвөөс долоо хоногт 4 удаа хавдар судлалын үндэсний төв дээр очиж, хавдартай, хүнд өвчтөнүүдтэй уулзаж, сургалт ордог доо.

Та ажиллаж байх үедээ ямар хөгжим сонсдог вэ?

Ажиллаж байх үедээ бол хөгжим сонсдоггүй. Ер нь лам нар хөгжимд нэг их шимтдэггүй л дээ. Гэхдээ хувь хүнийхээ хувьд Radiohead, Coldplay, Keane зэрэг хамтлагуудыг сонсдог. Ер нь Британийн рок хөгжимд дуртай. Монголоос бол The Lemons бас их гоё.

Та яг одоо ямар ном/нийтлэл уншиж байна?

Одоо бол төв үзлийн тухай номуудыг тухайлан үзэж байна. Гавж болсон учир хийд дээрээ тарнийн ном уншиж байгаа юм. Өөрөөр хэлбэл дахин дахин хичээлд сууж байна гэсэн үг. Сүүлийн үед Япон, Хятадын уран зохиолыг бас их сонирхож уншиж байгаа.

Бурханы шашин, түүний үзэл баримтлалуудын талаар сонирхож байгаа хүмүүст “Дээдийн номын гуу сан” гэдэг нэртэй номыг санал болгомоор байна. Их хөлгөний уламжлалыг хадгалах төвөөс хэвлэн гаргасан их сайн ном. Сүүлд нэг хайхад олдохгүй байсан, дахиж хэвлэгдээсэй.

Таныг ажиллаагүй үед тань хаанаас олж болох вэ?

Ер нь бол миний нэг өдөр сургалтын төв, хийд дээр л өнгөрдөг. Мөн Гандантэгчилэн хийдийн дэргэдэх "Лавайн эгшиг" радиод ажилладаг. Бурхан шашны дээд сургуульд, бас Шинэ Монгол сургууль дээр хичээл заадаг.

Ноднин хавар бие өвдсөнөөс хойш өдөр бүр мөргөл хийдэг болсон. Сунаж мөргөх үед биед төвлөрөл үүсэж, бодож бясалгадаг учир их эерэг нөлөөтэй байдаг юм. Зундаа бол дугуй их унана. Өвөлдөө бол гэртээ суухыг илүүд үзэж байна даа.

Та илүү нээлттэй хүн үү, эсвэл дотогшоо хүн үү? Энэ нь таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Энэ шинжүүдийн аль аль нь дангаараа байх албагүй гэж боддог. Нагаржунайн “Ардыг тэжээх рашааны дусал” хэмээх шастирт “Зарим хэрэгт гал мэт дээш бадарваас зохих. Зарим хэрэгт өвс мэт доош дарагдваас зохих. Зарим хэрэгт уул мэт бат сууваас зохих” гэж өгүүлдэг юм. Үүнийг их санаж явдаг. Би их боддог бясалгадаг гээд хөшүүн хойрго хандаад хойш суугаад байх бус, би хөдөлгөөнтэй сэргэлэн гээд ийш тийшээ савчаад байх биш, ямар асуудал байна, түүнээсээ шалтгаалж үйлээ бодох нь зөв.

Та хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг вэ?

Би өөрөө их орой болтол сууж ажилладаг “дутагдалтай” юм. Энэтхэгт сурч байхаас л ингээд дадчихсан. Орой суувал бүтээмж өндөр байдаг болохоор тэр байх. Хичээлээ тараад гэртээ харихад цаг 21:30 болчихсон байдаг. Ер нь бол шөнө 01:00-02:00 цаг хүртэл бол сууж ажилладаг. 4, 5 цаг хүргэх нь ч бий. Өглөө бол яаралтай л ажилгүй бол 10:00 хүртэл унтчихдаг юм.

Та хэнээс, юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ?

Багш нараасаа, тэднийгээ бодохоор асар их урам зориг авдаг. Мөн номноос асар их эрч хүч авна. Жишээ нь, яг одоо гавж нартайгаа хамт судалж буй тарнийн номыг уншиж судлах тусам бахдаж үхмээр санагддаг гээд бод доо. Арав гаруй жил гүн ухааны ном үзчихээд нууц тарнийн ном руу орохоор “Ямар гайхамшигтай юм бэ”, “Өө за за”, “Одоо бүр үү” гэж бодогдоод л, төсөөлшгүй зүйлүүд гарч ирж, улам их татагддаг. Судрын ёс гэдэг бол одоо байгаа ухамсраа хөгжүүлсээр ариусах тухай ойлголт бол тарнийн ёс гэдэг нь үүнээс гадна биеэ бас хөгжүүлэх тухай сургадаг юм л даа. Биеийн ухамсар гэдэг зүгээр бүдүүн бие биш л дээ, машид нарийн ухамсар, зөнгийн ухамсрын тухай, хийн бясалгал, хий чөлөөлөх тухай их түвэгтэй, хэцүү ойлголт.

Мөнх бусын тухай бодолд бас их татагддаг. “Мөр болгоноос зааны мөр хамгийн сайн, бясалгал болгоноос мөнх бусын бясалгал хамгийн сайн” гэж үг байдаг юм. Ойд төөрвөл зааны мөрийг хайж, түүнийгээ дага гэдэг юм. Зааны явсан газраас бүх араатан, хортой амьтад дайжчихдаг учраас хамгийн аюулгүй байдаг гэнэ л дээ. Харин мөнх бусыг бодох төдийд л шунал ёзоороороо ганхана гэдэг. Бид өөрсдийгөө мөнх юм шиг санаж, дээр доороо оролцож, өс санах үнэхээр хэрэгтэй гэж үү? Гэтэл хэдэн тэрбум жилийн настай дэлхий, уул толгодтой хийгээд далай тэнгис бий болж, тивүүд хоорондоо салж нийлж байх цаг хугацаатай харьцуулахад хүний амьдрал гэдэг ердөө өчүүхэн зүйл шүү дээ. Гэхдээ энэ бол хүмүүсийг айлгаад байгаа хэрэг огт биш. Үхлээс айх ёсгүй, энэ бол жам ёсны зүйл, ирэх л учраас мянга айгаад нэмэргүй. Харин зөв юм хийлгүй үхэхээс л айж бай гэж сургаж байгаа хэрэг. Юу ч хийлгүй, хийж амжилгүй, хийх ёстой зүйлээ ухааралгүй, ухаарсан ч түүнийгээ хийхгүй үхэхээс л айх хэрэгтэй гэсэн санаа.

Таны амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө?

Цэрмаа гавж гэж нэртэй миний залуу багш нэгэн удаа надаас “Там хүртэл хэр зайтай вэ?” гэж асуусан юм. Өөрийн мэдлэгт их л бахдаж явсан үе л дээ. Би ч "Бодь мөрийн зэрэг"-т там хүртэлх зайны талаар дурдсан байдгийг санаад хэрэндээ тоо бодож, дэлхийн цөм хавьцаа юм уу даа гэж хариулсан юм. Гэтэл багш минь толгой сэгсэрч, “Үгүй дээ, нэг амьсгаа авах зайтай л байдаг юм” гэж хэлж билээ. Үнэхээр ч үхэл гэдэг тийм л ойрхон байдаг хэрэг. Нэг амьсгаа аваад л үхчихэж болно. Нэг эгшний дараа ч би тамд оччихож болно. Хэзээ нэгэн цагт муу үйл хийсэн л байх юм бол там өөрөө тийм ч хол биш шүү гэсэн санаа.

Энэ ярилцлагыг уншиж буй залууст зориулж, хамгийн чухал нэг сургаалиа айлдаач гэвэл юу гэж хэлэх вэ?

2 зүйлийг хэлье. Эхнийх нь мэдлэгийг эрхэмлэ. Хоёр дахь нь айх юмтай бай. Гэхдээ тэр нь чөтгөр шулмаас ай гэсэн үг биш л дээ. Харин муу үйлээс ай гэсэн санаа. Юу ч хийсэн бай, буруу юм хийчих вий гэсэн болгоомжлолтой байж, алдаж яваа юм биш биз гэж өөрөөсөө асууж байх хэрэгтэй.

Энэ булангийн дараагийн зочноор хэнийг оруулж, ажлын арга барилтай нь танилцмаар байна вэ?

Urban Jeans брэндийг бий болгож, удирдаж яваа Д.Тунгалаг гэж бүсгүйг санал болгомоор байна. Англид сурч, ажиллаж байх цагаас нь тэдний гэр бүлтэй дотно нөхөрлөж, танилцаж байлаа. Их мундаг мэдлэгтэй, боловсролтой, хөдөлмөрч бүсгүй бий.

Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.

127626   28


НИЙТЭЛСЭН:

Undral Amarsaikhan




Сэтгэгдэл бичих

Та 100-с доошгүй тэмдэгт ашиглан санал сэтгэгдлээ бүтээлчээр үлдээгээрэй. Хамтдаа сэтгэгдэл бичих соёлыг Монголд бий болгоцгооё.


Unread Weekly цахим товхимолд бүртгүүлээрэй.